Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

 

 

 

 

 

  2023         01         12                                        2023/ШЦТ/73

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,  

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч У.Д., түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт У.гийн Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0891 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга архитектур мэргэжилтэй, Хан-Уул И-март салбарт менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Т. овогт У.гийн Д..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Д. нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй караокены гадна хохирогч Ц.С.ыг “үл хүндэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Д. мэдүүлэхдээ: “Ц.С. гаднаас нэлээн өндөр дуугаар орилж орж ирсэн. Улмаар эхнэрээ гараас нь угзчиж, чирээд явсан. Ер нь эхнэрээ зодох шинжтэй байсан. Тэгээд би цуг дагаж гараад, гадаа бид хоёр заамдалцаад, нэг нэгнээ түлхэлцсэн. Тэгээд манай ажлынхан салгасан процесс болсон. Салгах явцад Ц.С. өөрөө хэд хэдэн удаа унасан байна лээ. Мөн Ц.С. тэр өдөр согтуу байсныг Ц.Эрдэнэцэцэг болон тухайн өдрийн үйл ажиллагааг зохицуулж байсан менежерүүд бүгд гэрчилж байгаа. Ц.С. мэдүүлгээ анхнаасаа буруу өгсөн байна лээ. Өөрийгөө эрүүл байсан гэж мэдүүлсэн байдаг. Бид хоёрын хооронд тийм зодоон цохион болсон зүйл байхгүй. Би эхнэрийнх нь удирдах албаны хүний хувьд Ц.С. нь эхнэртээ урьд өмнө нь гар хүрч байсныг нь мэднэ. Тэгээд эхнэрээ зодох үндэслэл болох вий гэдэг байдлаас сэргийлээд ийм хэрэгт орчихоод байгаа.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ц.Сайнбарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” гэх караокед манай эхнэрийн ажлын газрынхан хамт олноороо байсан, бүгдээрээ архи уусан байсан. Манай эхнэр над руу залгаад “яг тасарлаа, болохоо байлаа” гэж хэлсэн. Удирдах албан тушаалтай У.Д. гэх ах байсан. Тэгээд би эхнэрээ аваад гарах гэж байхад хажуунаас олон юм яриад дагаад яваад байсан. Тэгээд би “гадаа гаръя” гээд гарсан. Тэгсэн чинь намайг замынхаа урагшаа явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийшээ явахгүй гээд эхнэрээ аваад машин руугаа явсан. Миний ардаас гүйж ирээд, намайг барьж аваад мөргөсөн. Тэгээд намайг “чи намайг үл тоосон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гэр бүлийн асуудал танд хамаагүй” гэж хэлсэн. Намайг үл хүндэлсэн гээд намайг мөргөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний зүүн нүд хөхөрсөн, өөр гэмтэл байхгүй. Хамар яс хавдаад, янгинаад, өвдөөд байна. Би “Асралт” медийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Шинжээч эмчээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-6, 48/,

- Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: “Тухайн үед Ц.С.ын зүүн нүд, дээд, доод зовхи хэсэг нь улаагаад хавдсан байсан бөгөөд би тухайн үед гар утсаараа зургийг нь авсан. Тэгээд маргааш өглөө нь хамт ажилладаг эхнэр нь болох Э.Нандинцэцэгт Ц.Сайнбарын хавдсан нүдний зургийг үзүүлэхэд Э.Нандинцэцэг “чи наад зургаа устгачих аа” гэхээр нь устгасан юм. Зураг нь одоо надад байхгүй. Ц.С. нь гэнэт хаалга маш хүчтэй түлхэж орж ирсэн. Тэгснээ шууд “У.Д. пизда хаана байна, би тэрийг ална” гэж орилсон. Тэгэхээр нь би яг хаалганы хажууд байж байгаад өрөө рүү оруулахгүйгээр шууд Ц.С.ыг түлхээд, улмаар Э.Нандинцэцэг дээр очъё гэж хэлээд аваад гарсан. Тэр үед Ц.С.ын нүд нь хавдсан байдалтай байхыг анзаарч харсан. Ц.С. бид хоёр Э.Нандинцэцэг дээр очсон чинь Ц.С. нь “би У.Д.г ална, сая намайг цохисон, хаана байгаа талаар нь хэл” гэж ярьж байсан. Эхнэр Э.Нандинцэцэг рүү хэл амаар доромжилж, “чи намайг харсаар байгаад зодуулчихлаа шүү дээ” гэж хэлж, уурлаад байсан юм. Караокены өрөөнд Ц.С. нь орж ирээд, би буцаагаад авч гараад Э.Нандинцэцэг дээр очсоны дараа би өөрийн Айфон 13 про макс маркийн гар утсаар Ц.С.ын нүүр хэсгийнх нь зургийг дарж байсан юм. Харин маргааш нь ажил дээрээ ирээд Э.Нандинцэцэг нь “муухай харагдаж байна, наад зургаа устгачих аа” гэж хэлэхээр нь би устгасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 103/,

- Гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” караокед би Хан-Уул И-Мартын салбарын ажлын газрынхантайгаа дуу дуулаад, жаахан юм уугаад сууж байсан. Тэр гарсан хоёр караокены коридорт маргалдаад байх шиг байсан ба тэр хоёрын араас У.Д. гараад явсан. У.Д.н араас би гарч очиход У.Д. үл таних эрэгтэй хоёр хоорондоо маргалдаж, коридорт орилолдоод байсан тул У.Д. тэр хоёр гарахаар болсон. Тэр хоёр караоке дотор маргалдаж байгаад гадаа гарсан. Тухайн үед надтай хамт хэд хэдэн залуучууд У.Д. болон үл таних эрэгтэй хоёрын араас гарсан. Караокеноос гарч У.Д. болон үл таних эрэгтэйг харахад гадаа бас хэрэлдээд, заамдалцаад, бие биенээ түлхэлцэж байсан. Тэр хоёр гадаа их удсан. Миний харснаар У.Д. болон үл таних эрэгтэй хоёр барьцалдаж аваад, заамдалцаад, бие биенийгээ түлхээд байсан тул тэр хоёрыг би хамт гарсан ажлын залуучуудтай нийлж байгаад салгасан. Тэр хоёр салаад, нөгөө үл таних эрэгтэй хүн яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа У.Д.г нөгөө эрэгтэй нь хайчихсан, эргээд караоке ороод ирсэн. Эргээд караокед орж ирэхэд тэр эрэгтэй хамар орчим газар нь цус болчихсон харагдсан. Тэр үл таних эрэгтэй манай байгууллагын үйл ажиллагаан дээр эхнэр гэх хүнээ л авах гэж ирсэн. Миний мэдэхээр намайг харж байхад тэр эрэгтэй ямар нэгэн байдлаар унаж бэртээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/,

- Гэрч Э.Нандинцэцэгийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын менежерүүдийн дунд сургалт зохион байгуулагдсан. “Мичид” гэх нэртэй караокед манай байгууллагын ажилчид орж, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэцгээсэн. Тухайн үед би согтуу болсон ба тээврийн хэрэгсэлтэй явж байсан учир нөхөр Ц.С.ыг дуудсан. Тэгээд 22:00 цагийн үед манай нөхөр Ц.С. миний байгаа газар ирээд намайг караокеноос дагуулаад гарсан. Би тухайн үед согтуу байсан учраас болсон үйл явдлыг бүгдийг нь сайн санахгүй байна. Гэхдээ би караокены гадаа үүд хэсэгт зогсож байхад У.Д. болон Ц.С. хоёр заамдалцаад байж байсныг санаад байна. Би тухайн үед тэр хоёрыг “болиоч, яагаад байгаа юм” гэж хэлж байсан ба Ц.С.ыг салгаж аваад, зам гараад тээврийн хэрэгсэлдээ суух гээд явж байсан байх. Зам гараад Ц.С.тай тээврийн хэрэгслийнхээ хажууд буюу байрны дунд байдаг гаражны урд талд байж байхад У.Д. араас дахиж ирээд Ц.С.тай заамдалцаад байсан. Нэг мэдэхэд Ц.С. доошоо хараад, нүүрээ бариад “У.Д. намайг мөргөчихлөө” гэсэн. Тэгээд дараа нь нэг мэдэхэд Ц.С.тай хамт өөрсдийнхөө тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдөлж байсан ба Ц.С.ын хамраас нь цус гарчихсан, баруун нүд нь хавдчихсан харагдсан. Өөр зүйл мэдэхгүй. Манай нөхөр Ц.С. архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэдэггүй. Тухайн үед Ц.С. эрүүл ирээд намайг аваад явсан. Ц.С. намайг анх ирж авахдаа зүв зүгээр байсан. Нүд ам нь хавдаж, гэмтсэн зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/,

- Шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн: “Ц.С.ын биед учирсан хамар, зүүн дээд, доод зовхинд үүссэн цус хуралт нь уналтын үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 108/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3426 тоот: “Ц.С.ын биед хамар, зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 12-14/,

- У.Д.н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3517 тоот дүгнэлт /хх-ийн 18-19/,

- Шинжээч Б.Ариунзулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 23/,

- У.Д.н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 31/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 742 тоот дүгнэлт /хх-ийн 111-112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Д. нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй караокены гадна хохирогч Ц.С.ыг “үл хүндэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Сайнбарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...У.Д. нь гүйж ирээд, намайг барьж аваад мөргөсөн. Тэгээд намайг “чи намайг үл тоосон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гэр бүлийн асуудал танд хамаагүй” гэж хэлсэн. Миний зүүн нүд хөхөрсөн, хамар яс хавдаад, янгинаад, өвдөөд байна.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: “Тухайн үед Ц.С.ын зүүн нүд, дээд, доод зовхи хэсэг нь улаагаад хавдсан байсан бөгөөд би тухайн үед гар утсаараа зургийг нь авсан. Тэгээд маргааш өглөө нь хамт ажилладаг эхнэр нь болох Э.Нандинцэцэгт Ц.Сайнбарын хавдсан нүдний зургийг үзүүлэхэд Э.Нандинцэцэг “чи наад зургаа устгачих аа” гэхээр нь устгасан юм. Ц.С. нь гэнэт хаалга маш хүчтэй түлхэж орж ирсэн. Тэгснээ шууд “У.Д. пизда хаана байна, би тэрийг ална” гэж орилсон. Эхнэр Э.Нандинцэцэг рүү хэл амаар доромжилж, “чи намайг харсаар байгаад зодуулчихлаа шүү дээ” гэж хэлж, уурлаад байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн: “...Тэр хоёр караоке дотор маргалдаж байгаад гадаа гарсан. Тухайн үед надтай хамт хэд хэдэн залуучууд У.Д. болон үл таних эрэгтэй хоёрын араас гарсан. Караокеноос гарч У.Д. болон үл таних эрэгтэйг харахад гадаа бас хэрэлдээд, заамдалцаад, бие биенээ түлхэлцэж байсан. Тэр хоёр гадаа их удсан. Миний харснаар У.Д. болон үл таних эрэгтэй хоёр барьцалдаж аваад, заамдалцаад, бие биенийгээ түлхээд байсан тул тэр хоёрыг би хамт гарсан ажлын залуучуудтай нийлж байгаад салгасан. Тэр хоёр салаад, нөгөө үл таних эрэгтэй хүн яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа У.Д.г нөгөө эрэгтэй нь хайчихсан, эргээд караоке ороод ирсэн. Эргээд караокед орж ирэхэд тэр эрэгтэй хамар орчим газар нь цус болчихсон харагдсан. Тэр үл таних эрэгтэй манай байгууллагын үйл ажиллагаан дээр эхнэр гэх хүнээ л авах гэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/,

- Гэрч Э.Нандинцэцэгийн өгсөн: “...би караокены гадаа үүд хэсэгт зогсож байхад У.Д. болон Ц.С. хоёр заамдалцаад байж байсныг санаад байна. Би тухайн үед тэр хоёрыг “болиоч, яагаад байгаа юм” гэж хэлж байсан ба Ц.С.ыг салгаж аваад, зам гараад тээврийн хэрэгсэлдээ суух гээд явж байсан байх. Зам гараад Ц.С.тай тээврийн хэрэгслийнхээ хажууд буюу байрны дунд байдаг гаражны урд талд байж байхад У.Д. араас дахиж ирээд Ц.С.тай заамдалцаад байсан. Нэг мэдэхэд Ц.С. доошоо хараад, нүүрээ бариад “У.Д. намайг мөргөчихлөө” гэсэн. Тэгээд дараа нь нэг мэдэхэд Ц.С.тай хамт өөрсдийнхөө тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдөлж байсан ба Ц.С.ын хамраас нь цус гарчихсан, баруун нүд нь хавдчихсан харагдсан. Өөр зүйл мэдэхгүй. Манай нөхөр Ц.С. архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэдэггүй. Тухайн үед Ц.С. эрүүл ирээд намайг аваад явсан. Ц.С. намайг анх ирж авахдаа зүв зүгээр байсан. Нүд ам нь хавдаж, гэмтсэн зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3426 тоот: “Ц.С.ын биед хамар, зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У.Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогч Ц.С. нь согтуу байсан ба Ц.Д. нь хохирогчийг мөргөснийг харсан хөндлөнгийн гэрч байдаггүй, заамдалцах явцад үүссэн санаандгүй, болгоомжгүй гэмтэл байх тул гэмт хэрэгт тооцохгүй, хамар ясанд хуучин гэмтэлтэй гэсэн байдаг...” гэж тайлбарлан маргаж байна.

            Нэг этгээд бусдын эрүүл мэндэд халдаж байгааг өөр бусад этгээд хараагүй нь гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин гэрч нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө гэм буруутай этгээд, хохирогч нарын хооронд ямар харилцаа үүссэн, тухайн харилцааны өрнөл болон гэмт хэрэг үйлдэгдсэний дараах үр дагаврыг харсан, гэм буруутай гэх этгээдээс өөр бусад этгээд хохирогчийн биед халдсан талаар нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа, хохирогчийн мэдүүлэг гэрч нарын мэдүүлэгтэй цаг хугацаа, үйл явдлын тухайд тохирч байгаа тохиолдолд гэм буруутай этгээдийн хууль бус үйл ажиллагаа нотлогдсон гэж үзнэ.

            Түүнчлэн, шинжээч эмч Б.Ариунзул 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ц.С.ын биед учирсан хамар, зүүн дээд, доод зовхинд үүссэн цус хуралт нь уналтын үед үүсэх боломжгүй.” гэж тодорхойлсон байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримт буюу шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны шинж байдал зэргээс үзвэл “...хохирогч согтуу байсан ба өөрөө газар унаад байсан...” гэх утга агуулга бүхий шүүгдэгчийн тайлбар, “...хохирогчид учирсан гэмтэл нь заамдалцах явцад үүссэн санаандгүй гэмтэл.” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар хэргийн бодит байдалд нийцээгүй, үгүйсгэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

            Нөгөөтээгүүр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3426 тоот дүгнэлтэд Ц.С.ын биед хамар, зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо гэж тодорхойлсон тул хохирогчийн хамрын яс хуучин хугаралтай эсэх нь хэрэгт хамааралгүй байна.

            Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүйг харгалзан цаашид гарч болзошгүй эмчилгээ, түүнд холбогдох зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч У.Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч У.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Хэрэгт 1 ширхэг СиДи хавсарган ирүүлсэн ба эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. овогт У.гийн Д.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д.д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар У.Д.д оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Д. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Хохирогч Ц.С. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД