| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
2023 01 12 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Я.Амарзаяа,
хохирогч Ц.О.,
шүүгдэгч Т.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт Т.ийн Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3514 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Гашуун сухайт” хилийн боомтод жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, О. овогт Т.ийн Д..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д. нь 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цагаан давааны автобусны эцсийн буудлын орчим иргэн Ц.О.тай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д. мэдүүлэхдээ: “Манайх Цагаан даваанд байдаг. Дорнодоос тараг аваад гэр лүүгээ явж байсан чинь энэ залуу гар өргөөд зогсч байсан. Манай тэр хавьд ерөөсөө такси олддоггүй юм. Тэгээд би “хаа хүрэх юм?” гэсэн чинь “чи миний хаа хүрэхийг мэдэхгүй бол би хаачдаг юм?” гэхээр нь за за, согтуу юм байна даа гээд хөдлөөд явсан чинь араас машин өшиглөсөн. Тэгээд бууж очоод “яаж байгаа юм бэ чи?” гэтэл өөдөөс цохиод авахаар нь түлхээд унагаасан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О. мэдүүлэхдээ: “Би машиных нь хойд хонгон дээр зүгээр гараараа хүрчихсэн юм. Тэгсэн чинь бууж ирээд намайг хавсарч унагаагаад, цохиод авсан. Би уг нь эхнэрээ дуудчихсан байсан юм. Тэгээд эхнэр ирэхгүй удаад байхаар нь такси барьчихъя гэж бодсон. Тэгээд намайг унагаагаад зодож байхад манай эхнэр ирж салгасан. Үүнээс болж миний нэг шүд хугарсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ц.О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “53-90 УБА улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч “хаашаа явах уу” гэж асуухаар нь би “хойшоо Салхит руу явъя” гэхэд “тийшээ явахгүй” гээд хөдөлсөн. Тэгэхээр нь би машиныг нь гараараа хойд хэсэгт нь цохисон. Тэгэхэд жолооч нь “чи машин руу цохилоо” гэж бууж ирээд, намайг барьж аваад, хавсарч унагаагаад зодсон. Тухайн үед миний дээд нэг үүдэн шүд ёзоороор хугарсан, уруул язарсан шарх учирсан. Миний нүүр хэсэгт 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14041 тоот: “Ц.О.ийн биед нэг шүдний хугарал, дээд уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг гарах цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Д. нь 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цагаан давааны автобусны эцсийн буудлын орчим иргэн Ц.О.тай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ц.О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “53-90 УБА улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч “хаашаа явах уу” гэж асуухаар нь би “хойшоо Салхит руу явъя” гэхэд “тийшээ явахгүй” гээд хөдөлсөн. Тэгэхээр нь би машиныг нь гараараа хойд хэсэгт нь цохисон. Тэгэхэд жолооч нь “чи машин руу цохилоо” гэж бууж ирээд, намайг барьж аваад, хавсарч унагаагаад зодсон. Тухайн үед миний дээд нэг үүдэн шүд ёзоороор хугарсан, уруул язарсан шарх учирсан. Миний нүүр хэсэгт 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14041 тоот: “Ц.О.ийн биед нэг шүдний хугарал, дээд уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг гарах цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.О. нь баримтаар 1.138.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгч нь төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос цаашид имплант шүд хийлгэх шаардлагатай гэж тайлбарласан тул нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Т.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр нэмж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдгээрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О. овогт Т.ийн Д.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Т.Д.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тэмдэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хохирогч Ц.О. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д.д хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД