Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01102

 

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03039 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2178 дугаар магадлалтай,

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

41,460,060 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дэнсмаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХЗХ нь ******* хамтран хариуцагч ******* нарт 2018.08.15-ны өдөр 79 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгчтэй Зээлийн барьцааны 79 тоот гэрээ байгуулж ГД-000041543, Ү-2204000747 дугаартай, 30 м.кв талбайтай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13-р хороолол, 6-р байр 227 тоот 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж, 17-р байр зоорийн давхрын 110 тоот 24 м.кв авто зогсоолыг барьцаалж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн 79 тоот гэрээний хугацаа 2018.11.15-ны өдөр, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр дуусгавар болох байсан боловч хамтран зээлдэгч нь байр зарж төлбөрөө төлнө гэж хугацаа алдаж гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, зугтааж, утсаа авахгүй зээлдүүлэгчид хүндрэл учруулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 12,129,800 төгрөг, үндсэн хүүнээс 9,650,200 төгрөг, нийт 21,780,000 төгрөг төлсөн болно. Иймээс ******* ХЗХ нь *******, ******* нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн нийт дүнг 2019.11.30-ны өдрөөр тооцож үзэхэд үндсэн зээл 32,870,200 төгрөг, үндсэн хүү 6,165,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,424,060 төгрөг, нийт 41,460,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн зээлийн барьцаанд байгаа 30 м.кв талбайтай 2 өөрөө орон сууц, 24 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нар нь ******* ХЗХ-ны гишүүд бөгөөд 2018.08.15-ны өдөр 79 тоот зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож зээл авсан ба зээлийн барьцаанд ГД-000041543, Ү-2204000747 дугаартай 30 м.кв талбайтай, Баянзүрх дүүрэг 15-р хороо, 13-р хороолол, 6 байр, 227 тоот 2 өрөө орон сууц, Хан-уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма ганди гудамж, 17-р байрны зоорийн давхрын 110 тоот 24 м.кв авто зогсоолыг барьцаалж, Улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч ******* ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн нийт дүнг 2019.11.30-ны өдрөөр тооцон үндсэн зээл 32,870,200 төгрөг, үндсэн хүү 6,165,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,424,060 төгрөг нийт 41,460,060 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүй цаг дээр тооцож бодож гаргаж ирсэн нь үндэслэлгүй байна. Гэтэл бидний зүгээс 2018.08.15-ны өдрийн 79 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийтдээ 21,780,000 төгрөгийг төлж барагдуулаад байгаа билээ. Бидний нийт төлсөн эргэн төлөлтийг үндсэн төлбөрт тооцоогүй зээлийн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байна. 2018 оны зээлийн гэрээний 1.1.3-т зааснаар энэ гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн зээлийн үндсэн өр, хүү, бусад төлбөрийг энэ гэрээнд заасны дагуу төлж дуустал хучин төгөлдөр байхаар зохицуулсан байхад гэрээний заалтыг зээлдэгчийн зүгээс мөрдөлгүй зээлийн төлбөрт төлсөн 21,780,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцоогүй нь үндэслэлгүй байна. Миний бие нь ******* ХЗХ-д гишүүнээр элсэн орж тодорхой хэмжээний төлбөр төлж, хоршооны үйл ажиллагаанд оролцож ирсэн 2018.08.15-ны 79 тоот зээлийн гэрээний хувьд бизнесийн үйл ажиллагаа түр саатсаны улмаас зээл ялимгүй хожимдож төлсөн боловч төлж барагдуулахаа илэрхийлсээр ирсэн. Хариуцагч миний бие ******* нь Дэд бүтэц инженеринг ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тухайн үед манай компани нь Телематик удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа болон бусад зүйлд зээлийн хөрөнгийг зарцуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг ялимгүй хоцроосон нь хариуцлага алдсан боловч манай компанийн гол үйл ажиллагаа явуулах эрх болох лицензийг Стандартчилал хэмжил зүйн газраас шалгаж байгаа нэрийдлээр үйл ажиллагааг зогсоосноос болж ямар ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдалд хүргэснээр ийм байдалд ороод байна. Түүнчлэн уг эрх /лиценз/ түдгэлзүүлснээс хойш ажилчдынхаа эдийн засаг болон нийгмийн байдал болох цалин хангамжийг өгч чадалгүй алдагдалд орж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газраас 124,791,400 төгрөгийг, Алтан давалгаа ХЗХ-оос 59,726,500 төгрөгийг тус тус нэхэмжлээд байгаа билээ. Тиймээс зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйл, Үүрэг гүйцэтгэх дарааллыг хуулиар тогтоосон бөгөөд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж холбогдох хуульд зохицуулсны дагуу нэн тэргүүнд зээлийн гэрээний дагуу төлсөн 21,780,000 төгрөгийг үндсэн төлбөрт шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нарын зүгээс 2018.08.15-ны өдрийн 79 тоот гэрээний дагуу дагуу 2019.11.30-ны өдрөөр тооцон үндсэн зээл 32,870,200 төгрөг, үндсэн хүү 6,165,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,424,060 төгрөг, нийт 41,460,060 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03039 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, Ж.Баатарчулуун нараас 38,590,027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,870,033 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204000747 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6 дугаар байрны 227 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206047172 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж 17 дугаар байр зоорийн давхарын 110 тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,450.30 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Ж.Баатарчулуун нараас 421,100.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2178 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 2178 дугаар магадлалыг миний бие дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан талаар маргаагүй тул зээлдүүлэгч нь бусдад зээл олгох журмыг зохицуулсан дээрх хуулийн зохицуулалт нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм гэж тайлбарлажээ. Гэтэл хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх бус зээлийн гэрээний үүрэгт нийт төлсөн төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлэх тухай гомдол гаргасан. Түүнчлэн хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 32,870,200 төгрөг, зээлийн хүүнд 4,569,370 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,150,457 төгрөг, нийт 38,590,027 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нар нь ******* ХЗХ-той 2018.08.15-ны өдрийн 79 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш нийтдээ 21,780,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлсөн байдаг. 2018.08.15-ын өдрийн 79 тоот зээлийн гэрээний нэг Нийтлэг үндэслэл 1.3-т Энэ гэрээ нь байгуулсан өдрөөсөө эхлэн зээлийн үндсэн өр, хүү, бусад төлбөрийг энэ гэрээнд заасны дагуу төлж дуустал хүчин төгөлдөр байхаар зохицуулсан ба уг зээлийн гэрээний заалтын утга нь эхний ээлжинд үндсэн төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон заалт болох нь илэрхий байна. Иймд 2018.08.15-ны өдрийн 79 тоот зээлийн гэрээний 1.3-т зааснаар энэ гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн зээлийн үндсэн өр, хүү, бусад төлбөрийг энэ гэрээнд заасны дагуу төлж дуустап хүчин төгөлдөр байхаар зохицуулсан байхад гэрээний заалтыг зээлдэгчийн зүгээс мөрдөлгүй зээлийн төлбөрт төлсөн 21,780,000 төгрөгийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүн болох 41,460,060 төгрөгөөс хасч тооцоогүй нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан тус хуулийн зохицуулалтын зорилго нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх дарааллыг тогтоох бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох агуулгаар зохицуулагдсан гэжээ. Гэтэл Иргэний хуулийн тайлбарт хэд хэдэн үүргийн үед Иргэний хуулийн 216.1-216.3 дахь хэсгээр зохицуулна. Хэрэв үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол Иргэний хуулийн 216.4 дэх хэсгээр тогтоосон дарааллыг баримтална. Зардал гэдэгт шүүхийн зардал, банкны төлбөр, хураамж болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд гарсан бусад зардлыг ойлгоно. Үүрэг гүйцэтгүүлэгчийн нөхөн төлүүлэхийг шаардаж буй зардал нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлтэй байх ёстой хэмээн тайлбарласан. Тиймээс уг заалт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд хэрэглэгдэх хуулийн заалт мөн бөгөөд шүүхийн тайлбарлаж байгаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох нь тусдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагддаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 2178 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХЗХ нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,460,060 төгрөг гаргуулах, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч *******, Ж.Баатарчулуун /*******гийн нэрийг Ж.Баатарчулуун гэж буруу бичсэн/ нараас 38,590,027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 2,870,033 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хэргийн баримтаас үзэхэд ******* ХЗХ нь *******, ******* нартай 2018.08.15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийг, 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, барьцаанд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6 дугаар байрны 227 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж 17 дугаар байр зоорийн давхрын 110 тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 32,870,200 төгрөг, үндсэн хүү 6,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,424,060 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй боловч нийт 21,780,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин хуульд үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар төлсөн 21,780,000 төгрөгийг үндсэн төлбөрт шилжүүлэх ёстой байтал хүүнд тооцсон нь үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ...зээлийн гэрээний хугацааны үндсэн хүү 2,715,000 төгрөг, харин хэтэрсэн хугацааны хүүг 32,870,200 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаа дууссан 2018.11.15-ны өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн өдрийг хүртэл тооцоход 11 сар 20 хоногийн хүү 11,504,570 төгрөг, нийт 14,219,570 төгрөгийн хүү төлөхөөс төлсөн 9,650,200 төгрөгийг хасч, 4,569,370 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй, ...нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч гэрээний хугацаа 2018.11.15-ны өдөр дууссан боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байх бөгөөд ...нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж, хариуцагчаас 1,150,457 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд гаргуулж,... гэж дүгнэн, хариуцагчаас нийт 38,590,027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

Нэхэмжлэгч нь ******* ХЗХ гэсэн боловч хэрэгт Моноссан ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэргийн 5 дахь талд авагдсан, хариуцагч нарыг хоршооны гишүүн мөн эсэхийг тодорхойлсон баримтгүй, нэхэмжлэгч нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны талаарх баримтгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.

Хариуцагч нар нийт 21,780,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн талаар талууд маргаагүй боловч зээлийн эргэн төлөлтийн тооцоолол хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 32,870,200 төгрөг, үндсэн хүү 6,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,424,060 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойгүй гэж үзнэ.

Түүнчлэн ...Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 12,129,800 төгрөг, үндсэн хүүнээс 9,650,200 төгрөг, нийт 21,780,000 төгрөг төлсөн болно гэж нэхэмжлэлд дурдсан боловч энэ төлбөр нь гэрээний хугацаанд эсхүл хугацаа дууссанаас хойш төлөгдсөн эсэх нь ойлгомжгүй, зээлийн буцаан төлөлтийн хугацааг тодорхойлох баримтгүй байна.

Давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2178 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 352,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД