| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 221/2024/0045/З |
| Дугаар | 221/ШШ2024/0036 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/ШШ2024/0036
Г.Г***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү,
Иргэдийн төлөөлөгч: Д.Н***,
Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Г.Г***,
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Г.Г***од ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” МТ/2024/25 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, Т.О***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа,
Хэргийн индекс: 221/2024/0045/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г*** нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Г.Г***од ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” МТ/2024/25 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Г.Г***од ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” МТ/2024/25 дугаартай тогтоолоор:
1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.9, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлйн 10.1, 18 дугаар зүйлийн 18.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн болохыг тогтоож,
2. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2 дахь хэсэгт заасан ёс зүйнн “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар түдгэлзүүлэх” хариуцлага хүлээлгэж” шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн МТ/2024/25 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, маргаж байна. Үүнд:
3.1. “...Миний бие “Б***” ХХК, түүнийг төлөөлж Ё.Д***тэй хуулийн этгээд болон иргэний хувьд нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Харамсалтай нь өмгөөлөгч миний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах үед Ё.Д*** нас барсан. Түүнийг нас барсны дараа хүүхдүүд нь өөрсдөө холбогдож, биечлэн ирж уулзсан ба улмаар хууль зүйн туслалцаа авахаар харилцан тохиролцоод явсан. Гэтэл хүүхдүүдийн ээж Б.С*** нь намайг дарамталсан, үг хэлээр доромжилсон гэх мэтээр илтэд үндэслэлгүй гомдол гаргаж, түүнийг Мэргэжлийн хариуцлагын хорооноос үйл баримтыг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүй, нотлох баримтад үндэслэлгүй хийсвэр шийдвэр гаргасан. Маргаан бүхий тогтоолын хууль зүйн үндэслэлүүд нь нотлох баримтаар нотлогдоогүй, тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3.2. Талийгаач Ё.Д***тэй 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 02, 03, 04 дугаартай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг”-г байгуулж, гэрээний дагуу хийвэл зохих ажлыг бүрэн хийж дуусгасан. Гэвч үйлчлүүлэгчийн зүгээс гэрээний төлбөрийг төлөөгүй гэрээний зөрчил үүссэн. Иймд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-д заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ё.Д***ийн хууль ёсны өвлөгч Д.Б***гаас гэрээний төлбөр 16,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
3.3. Өмгөөлөгч надтай гэрээ байгуулах үед Н.С*** гэдэг хүнээр дамжуулан анх холбогдож, гэрээ байгуулсан, мөн түүний төрсөн эгч Ё.О*** хамт байсан, үйлчилгээний эхлэл, өрнөл, гэрээний төлбөр төлөөгүй зэрэг асуудлыг тухайн хүмүүс маш сайн мэддэг ба эдгээр хүмүүсээс Мэргэжлийн хариуцлагын хороонд тайлбар авах хүсэлт гаргасан боловч хянан шалгагч нь нотлох баримт авах шаардлагагүй гэсэн тайлбар хэлж, хүлээн авахаас татгалзсан. Энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан Мэргэжлийн хариуцлагын хорооноос маргааныг хянан шийдвэрлэхдээ авч хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүй гэж үзэх үндэслэлтэй.
3.4. Миний бие үйлчлүүлэгчийн хүүхдүүдийг огт танихгүй бөгөөд тэдний зүгээс өөрсдөө надтай эхэлж холбогдон, талийгаач эцгийнхээ хэргийн талаар болон өв залгамжлалын асуудлаар туслалцаа авах хүсэлт тавьж, биечлэн уулзсан бөгөөд миний зүгээс уулзахыг шаардаж, бичиг баримтуудаа нотариатаар гэрчлүүлж авч ирэхийг шаардсан бусад байдлаар дарамталсан зүйлгүй.
3.5. Бидний байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг тухайн үед үйлчлүүлэгчийн санхүүгийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс төлөгдөх төлбөрөөс суутган авахаар тохиролцсон боловч тэрээр нас барсан тул Иргэний хуульд нийцүүлэн түүний хууль ёсны эрх залгамжлагчаас гэрээний үүргийг шаардах, хариуцагчийн оршин байгаа газрыг тогтоох, шүүхийн харъяаллыг зөв тодорхойлох зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24/01 хүсэлтийг МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалтын албанд, мөн өдрийн 24/02 дугаартай хүсэлтийг Баянгол дүүргийн *** дүгээр хороонд тус тус хүргүүлсэн ба түүнд ямар зорилгоор хүсэлт гаргаж байгааг тодорхой дурдсан. Миний гаргасан хүсэлт нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1, 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа тул дээрх мэдээллийг гаргасан өгсөн. Иймд Өмгөөллийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 10.1, 18.3-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй.
3.6. Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдлыг шалгахдаа маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, холбогдох этгээдүүдийн тайлбар, хариуцагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх бусад нөхцөл байдлыг тогтоож, цугларсан нотлох баримтуудыг харьцуулж шинжлэн судлах, үнэлэлт, дүгнэлт өгсний эцэст хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрээ гаргах ёстой байтал үйл баримтыг шинжлэн судалж, логик, зүй тогтлыг харьцуулалгүй, нотлох баримтад тулгуурлалгүй, зөрчлийг бүрэн дүүрэн нотлолгүй хэт нэг талыг барьж зөвхөн гомдол гаргагчийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.
3.7. Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн МТ/2024/25 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 113 дугаар зүйлийн 113.6.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг дараах шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
4.1. “...Өмгөөлөгч Г.Г*** нь иргэн Ё.Д***тэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг нэхэмжлэх зорилгоор иргэн Д.Б***гийн хувийн мэдээллийг түүнээс зөвшөөрөл авалгүй цуглуулсан, ингэхдээ мэдээлэл хариуцагч байгууллагад хамааралгүй, түүний нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болохуйц агуулга бүхий асуудлыг дурдаж, мэдээллийг олж авч ашигласан болох нь маргааны материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон хэмээнд Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдааны бүрэлдэхүүн үзэж Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.9, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн болохыг тогтоож “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар түдгэлзүүлэх” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно.
4.4. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн МТ/2024/25 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Г.Г***ын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч Д.Н*** “Г.Г*** өмгөөллийн хөлс болох 16,000,000 төгрөгийг нэхэмжилсэн дээр маргаан үүссэн юм байна гэж ойлголоо. Г.Г***ын хувьд нотлох баримттай гэж байгаа учир үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Г.Г*** нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн МТ/2024/25 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан. Үүнд:
2.1. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “Өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх” үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, энэ заалтад хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
2.2. Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд Өмгөөллийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн буюу Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-д “өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө үндэслэл бүхий хөлс авах” эрхтэй гэж заасны дагуу Ё.Д***тэй байгуулсан гэрээний төлбөрөө авахаар түүний хууль ёсны өв залгамжлагчийн хаяг, оршин суугаа газрыг тодруулан, үүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.3. Талийгаач Ё.Д***ийн хүүхдүүд нь өөрсдийн санаачигаар ирж уулзсан, өв залгамжлалтай холбоотой асуудлаар үргэлжлүүлэн гэрээ байгуулж, хамтран ажиллах хүсэлтээ гэдгээ илэрхийлсэн байхад холбогдох заалтыг зөрчсөн, гуравдагч этгээдэд хүндрэл учруулж, цагийг нь үрсэн, эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй хэмээн тайлбарлан маргаж байна.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Иргэн Б.С***ээс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан “... өмгөөлөгч Г.Г*** нь миний талийгаач хань болох Ё.Д***тэй 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг №02, 03, 04 гэж дугаарлан нэг цаг үед үйлдсан ... улмаар нөхөр 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч Г.Г*** нь өөрийн ажлын өрөөндөө миний 3 хүүхдийг дууаж уулзан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 16,000,000 төгрөг төлөхийг шаардсан, бага хүү Д.Б***г өв залгамжлагчаар сонгоод баримт бичигт гарын үсэг зурахыг шаардсан, хүү Д.Б***гийн талаарх тодорхойлолтыг Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалтын алба болон Баянгол дүүргийн *** дүгээр хороонд хандан авсан зэрэг Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хүүд айдас төрүүлж, дарамт шахалт үзүүлж, сэтгэл гутралд оруулсан, ... өмгөөлөгч Г.Г***ын олон удаагийн дарамт шахалт давхан үзүүлж байгаад маш их гомдолтой байх тул ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан.
3.2. Тухайн гомдлыг Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Ц.М*** хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгч Г.Г***од гомдлыг танилцуулан, эрх, үүргийг тайлбарлан өгсөн.
3.3. Өмгөөлөгч Г.Г***оос 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд тайлбар, 10 хуудас баримтыг гаргаж өгсөн.
3.4. Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хянан шалгагчийн МҮ/25 дугаар тогтоолоор өмгөөлөгч Г.Г***од холбогдуулан иргэн Б.С***ийн гомдлоор маргаан үүсгэсэн. Улмаар маргааныг хянан шалгах хүрээнд Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас гомдол гаргагч иргэн Б.С***, Д.Б***, Д.Х***, Д.Д***, Г.Г*** нараас холбогдох тайлбар, мэдүүлгийг авч, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ЗД/15 дугаар Зөрчлийн дүгнэлтийг үйлдсэн.
3.5. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар өмгөөлөгч Г.Г***од холбогдох гомдлыг хянан хэлэлцээд “...Г.Г*** нь иргэн Ё.Д***тэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг нэхэмжлэх зорилгоор иргэн Д.Б***гийн хувийн мэдээллийг түүнээс зөвшөөрөл авалгүй цуглуулсан, ингэхдээ мэдээлэл хариуцагч байгууллагад хамааралгүй, түүний нэр төр, эр, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болохуйц агуулга бүхий асуудлыг дурдаж, мэдээллийг олж авч ашигласан нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн ...” гэх дүгнэлтийг хийн, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан ёс зүйн “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар түдгэлзүүлэх” хариуцлага хүлээлгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 4.1.6-т “хүнлэг, энэрэнгүй байх” зарчмыг баримталж, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх”, 14.1.9-д зааснаар “... бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг … хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” хэмээн тухайлан заасан.
5. Тухайн тохиолдолд, хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэх дүгнэлтийг гаргасан байх боловч хэрэгт авагдсан баримтаар өмгөөлөгч Г.Г*** нь өөрийн үйлчлүүлэгч агсан Ё.Д***тэй байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний төлбөрийг төлүүлэхээр түүний хүүхдүүдтэй 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уулзан, төлбөрийг нас барагчийн хууль ёсны өв залгамжлагчаас гаргуулахаар шаардан, Ё.Д***ийн хүү Б***, Хүлэгбаяр нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг авсан атлаа 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24/01 дүгээр албан бичгээр Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалтын албанд, 24/02 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн *** дүгээр хороонд тус тус хандаж “...Д.Б*** /ОУ03***/ нь өөрийн төрсөн ах, эгч нарын хамтаар ажлын байранд ирж аавынхаа өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч байсан ажлууд, өв залгамжлалаар хамтарч ажиллахаар, .. хууль зүйн туслалцаа авсан ажлуудын хөлс төлбөрийг барагдуулахаар тохиролцсон ... боловч эргэж холбогдохгүй, хууль бус үйлдэл гаргаж байна. Эдгээр асуудлаар хуулийн байгууллагад хандах шаардлага үүсч буй тул тус сургуульд суралцагч болох / хорооны оршин суугч болох / талаар лавлагаа гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан.
Улмаар холбогдох мэдээллийг гаргуулан авсан нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6 дахь хэсэгт заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн зөрчлийг гаргасан.
Тухайн үйл баримтыг Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо үндэслэлтэй зөв дүгнэн, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн МТ/2024/25 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Г***од ёс зүйн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Г.Г***оос гаргасан нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр маргаан бүхий Мэргэжлийн хариуцлагын хороо тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.9, 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг тус тус үндэслэн өмгөөлөгч Г.Г***оос Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Г.Г***од ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” МТ/2024/25 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ