Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

 

   2023        01         16                                       2023/ШЦТ/81

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Д.З. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө. овогт Д.ийн З.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 3400 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мавангүй” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, 1 Ө. овогт Д.ийн З..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З. нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” худалдааны төвийн зүүн талд баригдаж буй “Мавангүй” ХХК-ийн барилгын талбайн 1 дүгээр харуулын байрны хамгаалагчаар ажиллаж байсан З.Ө.той “харуулын байранд унтлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар З.Ө.ын биед халдаж, гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч З.Ө.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би харуулын байрандаа сууж байтал гаднаас Д.З., Т.Алтансүх нар ороод ирсэн. Тэгээд намайг “харуул унтдаг юм уу” гээд цохиж эхэлсэн. Тэгээд би харуулын байрнаас гараад зугатаасан. Би эсэргүүцэл үзүүлж, цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “Би харуулын байранд үүргээ гүйцэтгэж байхад 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 03:10 цагийн үед харуулын 1-р постны орчимд хүмүүс шуугилдаад зодоон болж байсан. Тэгээд би яваад очтол Д.З. нь харуулд яагаад хаалгаа тавьж өгөхгүй удаад байгаа талаар асуухад нь би амарч байна гэж тайлбар тавьснаас болж муудалцсан байсан. Тухайн газарт очиход Д.З. нь З.Ө.той маргалдаад З.Ө.ын нүүрнээс цус гарчихсан байдалтай байж байсан. Би тухайн үед 2-р харуулын байранд байсан. Т.Алтансүх нь тэр хоёроос зайтай зогсож байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Алтансүхийн өгсөн: “Тухайн шөнө бид нар 02:00 цагийн үед ажлаа дуусгаад 1 шил архи ууцгаасан. Тэгээд Д.З. уугаагүй учраас бид нарыг хүргэж өгөхөөр болж би машинаа ажил дээрээ үлдээсэн. Тэгээд би Д.З.тэй гэрийнхээ гадаа иртэл түлхүүрээ машиндаа үлдээсэн байсан тул эргээд ажил дээрээ иртэл хаалга цоожтой байсан учраас онгойлгоод орсон. Тэгээд яагаад онгойлгохгүй байгаа талаар асуухаар 1-р харуулын байранд гарч байсан хамгаалагч дээр очтол унтаж байсан. Тэгээд Д.З. түүнд шаардлага тавьтал “би унтаж амарч байна” гэж хэлтэл Д.З.гийн уур нь хүрээд “чиний амардаг газар биш” гэж хэлтэл өөдөөс нь хэг ёг гээд байсан. Тэгээд Д.З.гийн хэлж ярьж байгааг ойлгохгүй байхаар нь Д.З. уурлаад З.Ө.ыг эхэлж алгадаад, дараа нь нүүр болон бие орчимд хэд хэд гараараа цохисон. Тэгэхээр нь би очоод салгасан.” гэх мэдүүлэг,

- Д.З.гийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогчид эмчилгээнд нь шаардлагатай төлбөр тооцоог нь өгсөн.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13765 тоот: “З.Ө.ын биед хамар ясны хугарал, тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хамар, эрүүнд цус хуралт, дух, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, эрүүнд цус хуралт, дух, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.З. нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” худалдааны төвийн зүүн талд баригдаж буй “Мавангүй” ХХК-ийн барилгын талбайн 1 дүгээр харуулын байрны хамгаалагчаар ажиллаж байсан З.Ө.той “харуулын байранд унтлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар З.Ө.ын биед халдаж, гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.З.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Д.З. нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” худалдааны төвийн зүүн талд баригдаж буй “Мавангүй” ХХК-ийн барилгын талбайн 1 дүгээр харуулын байрны хамгаалагчаар ажиллаж байсан З.Ө.той “харуулын байранд унтлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар З.Ө.ын биед халдаж, гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч З.Ө.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би харуулын байрандаа сууж байтал гаднаас Д.З., Т.Алтансүх нар ороод ирсэн. Тэгээд намайг “харуул унтдаг юм уу” гээд цохиж эхэлсэн. Тэгээд би харуулын байрнаас гараад зугатаасан. Би эсэргүүцэл үзүүлж, цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тухайн газарт очиход Д.З. нь З.Ө.той маргалдаад З.Ө.ын нүүрнээс цус гарчихсан байдалтай байж байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Алтансүхийн өгсөн: “...Тэгээд би Д.З.тэй гэрийнхээ гадаа иртэл түлхүүрээ машиндаа үлдээсэн байсан тул эргээд ажил дээрээ иртэл хаалга цоожтой байсан учраас онгойлгоод орсон. Тэгээд яагаад онгойлгохгүй байгаа талаар асуухаар 1-р харуулын байранд гарч байсан хамгаалагч дээр очтол унтаж байсан. Тэгээд Д.З. түүнд шаардлага тавьтал “би унтаж амарч байна” гэж хэлтэл Д.З.гийн уур нь хүрээд “чиний амардаг газар биш” гэж хэлтэл өөдөөс нь хэг ёг гээд байсан. Тэгээд Д.З.гийн хэлж ярьж байгааг ойлгохгүй байхаар нь Д.З. уурлаад З.Ө.ыг эхэлж алгадаад, дараа нь нүүр болон бие орчимд хэд хэд гараараа цохисон. Тэгэхээр нь би очоод салгасан.” гэх мэдүүлэг,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13765 тоот: “З.Ө.ын биед хамар ясны хугарал, тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хамар, эрүүнд цус хуралт, дух, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, эрүүнд цус хуралт, дух, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.З.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.З.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.З.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө. овогт Д.ийн З.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З.д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.З.д оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тэмдэглэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.З. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД