| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/1740/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
2023 01 26 2023/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
иргэдийн төлөөлөгч Б.Урангоо,
улсын яллагч Н.Ганчимэг,
гэрч Х.Өлзийням,
гэрч Э.Идэрмөнх,
шүүгдэгч Я.Х., түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Я.Х.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 330539 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б. овогт Я.гийн Х..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Х. нь 2003 оны 08 дугаар сарын 02-ны үүрээр 06:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Монгол даатгал” компанийн байрны гадна Б.Б.тай маргалдаж, улмаар гэдэс тус газар нь 3 удаа, хүзүү буюу гүрээ тус газар нь 1 удаа тус тус хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мандах намайг гэрээсээ хөөж, би орцонд хоносон. Тэгээд орц руу орох гэтэл нэг өвөө намайг “хүрээд ир” гэсэн. Орцонд орсон чинь ямар ч хүн амьтан байгаагүй, миний хоёр нүд тагларчихсан байсан, яах гэж байгаа юм бол доо гэсэн чинь “миний хүү май” гээд надад нэг хундага шиг юманд архи хийж өгсөн. Тэрнээс нь би нэг л уусан. Тэгээд миний амыг дараад, нөгөө гараараа миний салтаа руу явуулаад байсан. Намайг хүчиндэх гэж оролдсон. Би өөрийгөө хамгаалах гэж л үзсэн...” гэв.
Гэрч Х.Өлзийням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Я.Халиун-Эрдэнийн том охин нь миний асрамжид байдаг. Цаашдаа албан ёсоор өргөж авъя гэж бодож байгаа...” гэв.
Гэрч Э.Идэрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би бичиг баримтгүй. Миний хүү одоо 7 сартай. Манай том охиныг Х.Өлзийням үрчилж авахад татгалзах зүйлгүй...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Я.Х.тэй 2015 онд цагдан хориход цуг нэг камерт 3-4 сар байсан. Энэ хугацаанд өөрөө үйлдсэн хэргийнхээ талаар ярихдаа би хүнд зодуулчхаад зугтаж яваад орцонд ороод сууж байхад нэг согтуу хүн байсныг анзаараагүй. Тэгтэл тэр хүн босож ирээд намайг зодоод, хүчиндэх гэж дайрсан. Тэгэхэд нь би жижигхэн хутгатай байсан, цээж рүү нь дүрсэн байх гээд гараараа цээж рүүгээ заагаад яриад байсан. Я.Х. нь хүн хутгалсан он, сар, өдрөө сайн мэдэхгүй, хэрэг үйлдсэн газар нь цайз 16 автобусны буудлын тэнд байдаг 5 давхар байрнуудын орцонд болсон, харанхуй шөнө ийм хэрэг үйлдсэн гэж ярьсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 163/,
Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Я.Х.тэй анх уулзаж ярьж байхад би хүн амины хэрэгтэй гэж байсан. Өөрөө ярихдаа би хамтран амьдрагчдаа зодуулаад, тэгээд гараад гүйсэн. Тэгж явж байгаад орцонд орсон чинь нэг хүн намайг татаж чангаагаад байсан. Тэгээд би тэр хүнээс зугтаагаад гараад гүйсэн гэж ярьсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 164/,
Гэрч Д.Мандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Я.Х. нь “цайз захын 72 дугаар хотхонд орцонд согтуу унтаж байсан чинь жижүүр нь хүчиндэх гээд оролдохоор нь хутгалсан гэж орж ирсэн. Тэгэхэд өмссөн хувцас нь урд хэсгээрээ цус болчихсон байсан. Тэгээд хувцсаа өөрөө солиод, хувцсаа гэртээ өөрийнхөө зууханд хийж шатааж байсан юм. Намайг хүчиндэх гэж оролдохоор нь эсэргүүцэж хутгалсан гэж л надад хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-16/,
Улсын шүүх эмнэлгийн магадлах төвийн 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 985/102 дугаартай шинжээчийн: “Талийгаач Б.Б.ы цогцост хацар, хамар, дух, доод эрүүнд шалбаралтууд үүсэж хатаж тавласан, хоолойн зүүн хажуу хэсэгт доош дотогш чиглэлтэй 5 см гүн тэгш ирмэг бүхий босоо шархтай, хүйсийн дээр босоо дээр дор байрлалтай 1.3 см шархтай, доод шарх нь хэвлийн хөндийд нэвтэрсэн. Хүйсээс зүүн тийш 6 см-т 1,3*0,2 см хэвлийн хөндийд нэвтэрсэн шархтай. Б.Б.ы дээрх оношинд тусгагдсан шархнууд үүссэн нь үзүүртэй зүйлээр үүсгэгджээ. Б.Б.ы хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний хана чацархайг гэмтээсэн шархнуудын улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас барсан байна. Эмгэг хууч өвчин шинжилгээнд тогтоогдоогүй. Талийгаачийн цусанд 1.6 хувь спирт илэрсэн. Нүүрэнд үүссэн зулгаралт, шалбаралт нь хатуу мохоо зүйлд үрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105/,
Шинжээч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б.ы биед хүйсийн доод талд 2, дээд талд нь 1 удаа, зүүн гүрээ тус газраа 1, нийт 4 удаа хутгалсан шарх байсан. Хүйсийн доод талд үүссэн 2 шарх нь хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархайн судас тасалсан, 1 шарх нь нарийн гэдэсний хана гэмтээсэн байсан ба энэ шарх нь үхэлд хүргэх шалтгаан болсон байна. Гүрээнд учирсан гэмтэл нь судас дайраагүй учраас үхлийн шалтгаан болохгүй. Хүйсийн дээд талд байсан 1 шарх нь хэвлийн хөндий нэвтрээгүй шарх байсан. Энэ нь ч мөн үхлийн шалтгаан болоогүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 203 тоот: “Талийгаач Б.ы биед үүссэн гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Уг гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Талийгаач дээрх гэмтлүүдийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаач уг гэмтлийг аваад хэр хол газар явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн гадуур өмссөн цамцан дээр хүзүү хэсгээс цус мэт зүйл урсаж цамцны энгэрийг бохирдуулсан байгаа нь талийгаач хутгалуулж шарх гэмтэл авсны дараа босоо байрлалтай буюу зогсох үед үүсэх боломжтой. Уг шарх гэмтлийг аваад хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй, гэмтсэн эрхтэн болон цус алдалтын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 143-144/,
Шинжээч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Уг гэмтлийг аваад хүн 200-300 метр замд, үүнээс илүү замд ч явах боломжтой. Цус алдалтын хэмжээ болон тухайн хүний биеийн онцлогоос хамаарч гэмтэл авснаас хойших амьд байх хугацаа харилцан адилгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 145-146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Я.Х. нь 2003 оны 08 дугаар сарын 02-ны үүрээр 06:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Монгол даатгал” компанийн байрны гадна Б.Б.тай маргалдаж, улмаар хутгалж алсан болох нь:
Гэрч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгэхэд нь би жижигхэн хутгатай байсан, цээж рүү нь дүрсэн байх гээд гараараа цээж рүүгээ заагаад яриад байсан. Я.Х. нь хүн хутгалсан он, сар, өдрөө сайн мэдэхгүй, хэрэг үйлдсэн газар нь цайз 16 автобусны буудлын тэнд байдаг 5 давхар байрнуудын орцонд болсон, харанхуй шөнө ийм хэрэг үйлдсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Я.Х.тэй анх уулзаж ярьж байхад би хүн амины хэрэгтэй гэж байсан. Өөрөө ярихдаа би хамтран амьдрагчдаа зодуулаад, тэгээд гараад гүйсэн. Тэгж явж байгаад орцонд орсон чинь нэг хүн намайг татаж чангаагаад байсан. Тэгээд би тэр хүнээс зугтаагаад гараад гүйсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Мандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Я.Х. нь “цайз захын 72 дугаар хотхонд орцонд согтуу унтаж байсан чинь жижүүр нь хүчиндэх гээд оролдохоор нь хутгалсан гэж орж ирсэн. Тэгэхэд өмссөн хувцас нь урд хэсгээрээ цус болчихсон байсан. Тэгээд хувцсаа өөрөө солиод, хувцсаа гэртээ өөрийнхөө зууханд хийж шатааж байсан юм. Намайг хүчиндэх гэж оролдохоор нь эсэргүүцэж хутгалсан гэж л надад хэлсэн...” гэх мэдүүлэг,
Улсын шүүх эмнэлгийн магадлах төвийн 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 985/102 дугаартай шинжээчийн: “Талийгаач Б.Б.ы цогцост хацар, хамар, дух, доод эрүүнд шалбаралтууд үүсэж хатаж тавласан, хоолойн зүүн хажуу хэсэгт доош дотогш чиглэлтэй 5 см гүн тэгш ирмэг бүхий босоо шархтай, хүйсийн дээр босоо дээр дор байрлалтай 1.3 см шархтай, доод шарх нь хэвлийн хөндийд нэвтэрсэн. Хүйсээс зүүн тийш 6 см-т 1,3*0,2 см хэвлийн хөндийд нэвтэрсэн шархтай. Б.Б.ы дээрх оношинд тусгагдсан шархнууд үүссэн нь үзүүртэй зүйлээр үүсгэгджээ. Б.Б.ы хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний хана чацархайг гэмтээсэн шархнуудын улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас барсан байна. Эмгэг хууч өвчин шинжилгээнд тогтоогдоогүй. Талийгаачийн цусанд 1.6 хувь спирт илэрсэн. Нүүрэнд үүссэн зулгаралт, шалбаралт нь хатуу мохоо зүйлд үрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт,
Шинжээч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б.ы биед хүйсийн доод талд 2, дээд талд нь 1 удаа, зүүн гүрээ тус газраа 1, нийт 4 удаа хутгалсан шарх байсан. Хүйсийн доод талд үүссэн 2 шарх нь хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархайн судас тасалсан, 1 шарх нь нарийн гэдэсний хана гэмтээсэн байсан ба энэ шарх нь үхэлд хүргэх шалтгаан болсон байна. Гүрээнд учирсан гэмтэл нь судас дайраагүй учраас үхлийн шалтгаан болохгүй. Хүйсийн дээд талд байсан 1 шарх нь хэвлийн хөндий нэвтрээгүй шарх байсан. Энэ нь ч мөн үхлийн шалтгаан болоогүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 203 тоот: “Талийгаач Б.ы биед үүссэн гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Уг гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Талийгаач дээрх гэмтлүүдийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаач уг гэмтлийг аваад хэр хол газар явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн гадуур өмссөн цамцан дээр хүзүү хэсгээс цус мэт зүйл урсаж цамцны энгэрийг бохирдуулсан байгаа нь талийгаач хутгалуулж шарх гэмтэл авсны дараа босоо байрлалтай буюу зогсох үед үүсэх боломжтой. Уг шарх гэмтлийг аваад хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй, гэмтсэн эрхтэн болон цус алдалтын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг...” гэх дүгнэлт,
Шинжээч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Уг гэмтлийг аваад хүн 200-300 метр замд, үүнээс илүү замд ч явах боломжтой. Цус алдалтын хэмжээ болон тухайн хүний биеийн онцлогоос хамаарч гэмтэл авснаас хойших амьд байх хугацаа харилцан адилгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Я.Халиун-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн утгатай дүгнэлтийг шүүхийн иргэдийн төлөөлөгч гаргасан болно.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед даган мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Я.Халиун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан, харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.
Я.Халиун-Эрдэнийн холбогдсон хүн амины гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял шийтгэл нь илт хөнгөрсөн байх тул тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харьцангуй дээрдүүлэх шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн буюу аргагүй хамгаалалтын шинжтэй гэсэн агуулгатай дүгнэлт гаргаж маргасан.
Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийхэд орон цаг, нөхцөл байдал, довтолгооны шинж, халдлагын объект, учирсан буюу учрах байсан хор уршгийн хэр хэмжээ, хэрэглэсэн арга, зэвсэг, хэрэгсэл, хүчний харьцаа зэрэг нь ач холбогдолгүй хэдий ч гагцхүү хохирогчид учруулсан хохирол нь тухайн тулгарсан аюулаас зайлах, довтолсныг зогсоохын тулд хангалттай гэж үзэн хийгдсэн нэгэн зэрэг үйлдлийг хамааруулан авч үздэг.
Харин сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах гэдэгт халдлагад өртөгч этгээд бие махбодын хүчирхийлэлд өртсөн бөгөөд үүний улмаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн үйлдэл буюу Эрүүгийн хуульд заасан хориглосон үйлдлийг хийсэн байхыг ойлгоно.
Гэтэл шүүгдэгч Я.Халиун-Эрдэнийн удаа дараагийн үйлдлээр хохирогчид учруулсан тодорхой тооны шарх гэмтэл нь түүний биеийн харьцангуй өөр өөр хэсэгт байгаа, тэдгээрийг нэгэн зэрэг хийсэн, эсхүл түргэн зуур гэнэт хийсэн үйлдэл гэж үзэхээргүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Улсын шүүх эмнэлгийн магадлах төвийн шинжээчийн 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 985/102 тоот дүгнэлт, шинжээч Б.Энхболдын мэдүүлэг зэргээс үзвэл амь хохирогчийн гүрээнд учирсан гэмтэл нь судас дайраагүй, мөн хүйсийн дээд талд байсан нэг шарх нь хэвлийн хөндий нэвтрээгүй учир тэдгээр нь үхлийн шалтгаан болоогүй, харин хүйсийн доод талд үүссэн хоёр шарх нь чацархайн судас тасалсан, нарийн гэдэсний хана гэмтээсэн нь үхэлд хүргэх шалтгаан болсон байх тул шүүгдэгч нь хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хохироосон гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдлээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.
Хэдийгээр прокуророос шүүгдэгч Я.Х.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд ингэхдээ хохирогчид олон тооны шарх учруулсан гэснийг үндэслэл болгосон байх боловч Я.Халиун-Эрдэнийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн “...нэг өвгөн орж ирээд, миний амыг гараараа дараад намайг хүчиндэхийг завдсан, тэгэхээр нь халаасанд байсан хутгаа гаргаж ирээд цээж рүү нь дүрсэн...” гэх мэдүүлэг, мөн өдөр сэжигтнээр өгсөн “... нэг өвгөн орж ирээд миний амыг нэг гараараа дараад, нөгөө гараараа өмдийг маань тайлах гээд дээр гарч хэвтчихээд байсан. Тэр хүн намайг хүчиндэхийг завдсан. Тэгэхээр нь би айж сандарсандаа өөрийгөө хамгаалах гээд хутгаа гаргаж ирээд цээж рүү нь зүссэн...” гэх мэдүүлэг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн “...тэр хүн миний амыг барихад би сэрсэн. Ам барьсан болохоор би орилж хашхирч чадаагүй, ам бариад дээрээс дарсан, миний цамцнаас татаад тайлах гэж оролдоод байсан, өмд рүү гар нь орох гээд байсан ба хоолойг минь боосон тул амьсгал давхцаж байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч болсон үйл баримтын талаар зөрүүгүй, тогтвортой мэдүүлсэн ба ингэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг эсэргүүцэх үүднээс зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогчийн биед хэд хэдэн шарх гэмтэл учруулсан гэх хэдий ч эдгээр шарх гэмтлийн нэг нь л хохирогчийг амь насаа алдахад хүргэсэн, мөн шүүгдэгчийн үйлдэл, тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийг өвтгөн шаналгах, тарчилган зовоох, зовж зүдрэхээр байдал бий болгох санаа сэдэл агуулсан гэж үзэхээргүй байх тул шүүгдэгчийн үйлдэлд онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.
Учир нь шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийн шинжийг тодорхойлохдоо дан ганц хохирогчид учирсан гэмтэл, зовуурийн гадаад илрэх байдлыг удирдлага болгох бус санаа сэдэл, сэтгэхүй, оюун санааны дотоод харьцаа, ухамсрыг харгалзан үзэх шаардлагатай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж бүрэн дүүрэн хангагдаагүй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нөгөөтээгүүр гэмт хэрэг гарах цаг хугацаанд амь хохирогчийн үйлдэлд хүчиндэх гэмт хэргийн шинж байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон буюу гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохироох талаар урьдаас төлөвлөсөн, тодорхой зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг бэлтгэсэн, өөрийн үйлдлийн шинжийг онц харгис хэрцгий байхаар урьдчилан ухамсарласан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн, гагцхүү тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийн үйлдэлд хариу үйлдэл үзүүлэн халдаж, амь насыг нь хохироосон байх тул хүнийг алсан үйлдлийг нь хүндрүүлэх үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
Иймд хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Я.Х.д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ.
Я.Халиун-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсоёл нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Я.Х.эс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Шүүгдэгч Я.Х.д Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Я.Х. урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан байна.
Тус гэмт хэрэг нь 2003 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн боловч шүүгдэгч 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөр гэмт хэрэгт ял шийтгэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс буюу 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолох ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн, мөн хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэснийг хасжээ.
Я.Халиун-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагаанаас 2 удаа оргосон гэсэн үндэслэлээр хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ыг хүртэл, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ыг хүртэл тус тус түдгэлзүүлж байсан нийт хугацаа 1 жил 5 сар 7 хоног байх тул дээрх нэмэлт өөрчлөлтийн өмнөх Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзэх 1 жил 5 сар 7 хоногийн хугацааг нэмж тооцсон ч тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх 12 жилийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.
Иймд шүүгдэгч Я.Халиун-Эрдэнийн эрх зүйн байдлыг доордуулсан Эрүүгийн шинэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг агуулсан боловч зохицуулж байгаа тухайн харилцааны мөн чанар, ерөнхий агуулгын хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу материаллаг шинжийг илүү агуулсан байдаг тул хууль тогтоогч уг зохицуулалтыг материаллаг хуульд тусгасаар иржээ.
Өөрөөр хэлбэл, материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь өөр өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай ойлголт боловч зарим тохиолдолд тэдгээр хэм хэмжээний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг илэрхийлдэг, эсхүл бүр харилцан зөрчилдсөн байдлаар хуульд тусгагдсан байсан ч хууль тогтоогчоос баталж гаргасан, нийтээр даган мөрдөж буй, хүчин төгөлдөр материаллаг хуулийн аливаа хэм хэмжээг зөвхөн процессын шинжтэй талаас нь ойлгож хэрэглэвэл хууль хэрэглээний илт буруу жишиг болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Фактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. ...” гэж, 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. ...” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй, түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж тус тус заасан байна.
Энэ хүрээнд гишүүн орнуудын хүлээвэл зохих үүрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүнд, хөнгөн ямар ч хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас үл хамаарч, иргэн хуулийн өмнө адил тэгш хамгаалалт, нөхцөлөөр хангагдах, эрх зүйн ямар нэг зохицуулалтаар ялгаварлагдахгүй байх ёстой, түүний дотор шүүхээр хэрэг маргаан хэзээ шийдвэрлэгдэж байгаагаас шалтгаалж хууль буцаан хэрэглэх эсэхэд ялгамжтай хандаж болохгүй юм.
Дээр дурдсан зарчмуудыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан баталгаажуулжээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй гэж заасан байсан.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн үндэслэлээр уг хуулийг баталсан өдрөөс бүхэлд нь хүчингүй болгожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор гаргасан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох зохицуулалтыг хэрэглэнэ” гэсэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбарын хэрэгжилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэснээр түдгэлзэгдсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Х. нь нийт 225 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.Х.д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б. овогт Я.гийн Халиун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Я.Х.д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Х. 225 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсоёл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Я.Х.эс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Х. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ