| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/00499/И |
| Дугаар | 135/ШШ2019/00531 |
| Огноо | 2019-06-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2019/00531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00499/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн .. сумын .. баг, .. гэх газар оршин суух, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн .. сумын .. баг, .. тоотод оршин суух *******-д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адяъа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нөхөр *******тэй 2002 онд танилцан, 2003 оны 08 сарын 13-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2003 оны 07 сарын 06-нд хүү ******, 2007 оны 06 сарын 30-ны өдөр охин ****** төрсөн. Бид хамт хөдөө гадаа ноос, ноолуур, төмөр нүүрс гээд хаана мөнгө олдох бүхнийг хийж байсан. Бид хашаа байшин, машин унаа юм бүхэнтэй болсон. Миний нөхөр ******* нь бага зэрэг уудаг байсан. Гэтэл 2010 оноос хойш архи их ууж, алга болдог байсан. Надад их хэцүү байсан. *******ийн эгч, дүү, ах нь намайг байнга хөөдөг байсан ч би 2 хүүхдээ бодоод 13 жил хамт амьдарсан. ******* нь олон удаа надад гар хүрч байсан. ...Миний бие 2015 оны 09 сарын 28-нд гэрээсээ хэрэглэж байсан хувцастайгаа явсан. ******* нь 2 хүүхдээ өөрөө өсгөнө гэж авч үлдсэн боловч 3 сарын дараа хүнтэй хамт амьдрахаар 2 хүүхдээ өөрийн ээждээ орхин, гэрийнхээ тавилга эд зүйлээ аваад явсан байсан. Хоёр хүүхэд минь эмээгийндээ байж байхад эмээгийнх нь бие муудаж хотод эмнэлэгт хэвтээд хүү, охин 2 маань аавындаа очсон боловч тэдний сурлага номонд анхаарал тавих хүнгүй болсон. Тэгээд хүү Дыг дотуур байранд оруулсан. Мөн охин М 2 жилийн өмнөөс би өөрийн ээжийн хажууд байлгаж байна. ******* нь хүүхдүүдээ эргэж, харж ханддаггүй.
Миний бие хөдөө мал маллаж, 3 жил болж байна. Өөрийн охин, хүү хоёроо авч явах боломжтой болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, мөн хамт амьдрах хугацаандаа байсан хашаа байшин, гэрийн эд хогшил, машинаа хуваан авах, аль эсвэл хашаа байшингаа 2 хүүхэддээ шилжүүлж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хашаа байшин 2 хүүхдийн нэр шилжүүлэх, гэрийн эд хогшил болон автомашин зэрэг дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хүүхдийн тэтгэлэг авахаасаа татгалзаж байна. Бид ярилцан тохирсон тул эд хөрөнгийн талаар маргаангүй. Эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид 2002 онд танилцан гэрлэлтээ 2003 оны 08 сарын 13-ны өдөр бүртгүүлэн, хамт амьдарч байсан. Энэ хугацаанд хэн аль нь амьдрахын тулд хамтран хичээж ирсэн. Нэхэмжлэлд дурдсанаар би дандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амьдрал ахуйгаа уруу дорой байлгаж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагүй. Одоо бид хэн аль нь бусадтай хамтран амьдарч, тусдаа байгаа тул гэрлэлт цуцлуулах талаар маргахгүй. Бид гэр бүлийн таарамжгүй харьцаанаас 2016 оноос тусдаа амьдарсан хугацаанд хүү Д миний асрамжинд байж одоо .. коллежид суралцаж байгаа. Охин М миний асрамжинд байж, 2017 оны зунаас хадам ээж буюу *******-ийн ээж дээр байж, 9 дүгээр сургуульд суралцаж байгаа. Хүүхдүүд 16, 13 настай бидний хоорондын харилцаа, хэн сурч боловсрох, амьдралын ухаанд сургаж байгаа талаар дүгнэлт өгөх ухаан суусан учир хүүхдүүдийн саналыг харгалзана.
Дархан-Уул аймаг Дархан сумын .. баг, ..байрлах хашаа байшин 2007 онд аав Г, ээж Н ах Ж нарын өмчлөлд байсан бөгөөд ах нас барсны дараа 2009 онд миний нэр дээр шилжин ирсэн миний хуваарьт өмч тул хуваах шаардлагагүй. Хүүхдүүддээ өмч болгох, нэрийг нь оруулах асуудал тусдаа байж болно.
Гэрийн эд хогшил гэхээр зүйл одоо байхгүй тул хуваах зүйлгүй. .. улсын дугаартай .. гэсэн машиныг 2007 оны 12 дугаар сард авч байсан. Сүүлийн 5 жилд машины эд анги олдохгүй байсны улмаас хөдөлгөөнд оролцоогүй байсаар 2017 онд сэлбэгэнд зориулж зарсан. Энэ талаар хуваах гэснийг ойлгохгүй байна.
...Иймд гэрлэлт цуцлуулах шаардлагаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хөдөөгүүр олон хоногоор түүхий эд авдаг байсан. Тэр нь бидний салах шалтгаан болсон байх гэж бодож байна. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хоёулаа тусдаа амьдралтай болсон. Бид ярилцаж тохироод миний хувьд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ *******-ийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар бид тохирсон байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь хариуцагч *******өөс гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр баг, ******* *******-д байрлах хашаа байшин, гэрийн эд хогшил, машинаа хуваан авах, аль эсвэл хашаа байшингаа 2 хүүхдийн нэр дээр шилжүүлэх тухай шаардлагууд гаргажээ.
Гэрлэгчид болох *******, ******* нар нь 2002 оны 10 сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 08 сарын 13-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, 2003 оны 07 сарын 06-ны өдөр хүү *******, 2007 оны 06 сарын 30-ны өдөр охин ******* нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон, цаашид гэр бүлийн харилцаа үргэлжлэх боломжгүй гэсэн үндэслэлээр гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д: “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг тэжээн тэтгэх...асуудлыг харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу гэрлэгчид хүү *******, охин ******* нарыг эх *******-ийн асрамжинд үлдээхээр харилцан зөвшөөрч байх тул хүү *******, охин ******* нарыг эх *******-ийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын .. баг, .. байрлах хашаа байшин, гэрийн эд хогшил, машинаа хуваан авах, аль эсвэл хашаа байшингаа 2 хүүхдийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн хүү *******, 2007 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн Дархан-Уул аймаг, Дархан сумын .. баг, ..байрлах хашаа байшин, гэрийн эд хогшил, машинаа хуваан авах, эсвэл хашаа байшингаа 2 хүүхдийн нэр дээр шилжүүлэх тухай шаардлагаасаа тус тус татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, эд хөрөнгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ