| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/00432/и |
| Дугаар | 135/ШШ2019/00526 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2019/00526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00432/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .. аймаг, .. сум, .. баг, .. тоотод байрлах, “Д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух, *******,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. баг, ..тоотод оршин суух ******* нарт холбогдох,
“Үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөг, зээлийн хүү 349,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,800 төгрөг, нийт 2,418,134 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******, ******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1002-18/115 тоот зээлийн гэрээгээр 12 сарын хугацаатай 2,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл төлөх графикийн дагуу 4 сарын хүү болон зээлийн төлбөр хийгдээгүй. Энэ хугацаанд анхааруулах захидал болон удаа дараа хаягийн дагуу гэрт нь очиж шаардлага тавьсан боловч зээлээ төлөхгүй байна. Нөхөр *******тэй утсаар 3 удаа ярихад цалин аваад төлнө гэсэн хариу хэлж байсан боловч зээлийн төлбөрөө төлөхгүй, санаачлага гаргахгүй байна. Иймээс зээлдэгч *******, ******* нараас зээлийн үлдэгдэл болох 2,000,000 төгрөг, хүү 349,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,800 төгрөг, нийт 2,418,134 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаанаас 4 хоногийн өмнө хариуцагч нар надтай яриад хуралтай юм байна, очиж уулзана гэсэн боловч хуралдаа ч ирсэнгүй, надтай ч уулзаагүй. Иймээс шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр үргэлжүүлэхийг хүсэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д-” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөг, зээлийн хүү 349,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,800 төгрөг, нийт 2,418,134 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Д-” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1002-18/15 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч *******, ******* нарт 2,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ..маркын, .. улсын дугаартай, суудлын автомашиныг ****** ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр тус тус тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн шаардлагыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болно.
Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний 3.1.2-т зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарь ёсоор төлж дуусгах үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...зээл авснаасаа хойш 4 сарын хүү, зээлийн төлбөр хийгдээгүй...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний 4.1-д зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй байхаар тус тус заасан байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.
Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт зээл төлөх талаар мэдэгдэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл, тайлбараар тогтоогдож байна.
Иймд дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “Д-” ХХК нь хариуцагч нарт гэрээний үүргийн зөрчлийг арилгах буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч *******, ******* нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Мөн зээлийн гэрээний 1.5-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг зээл төлөх хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлдүүлэгчид төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна.
Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн хувийг 2019 оны 05 сарын 15-ны өдөр тус тус гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2,418,134 төгрөгийг гаргуулж “Д-” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,418,134 төгрөгийг гаргуулж “Д-” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,641 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 53,641 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ