| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/149 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 10.1.2.1., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/149
2023 01 27 2023/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Аюушжав, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
иргэдийн төлөөлөгч Т.Мөнхсаран,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
хохирогч Ж.Л.гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Г.Ганбат,
шүүгдэгч Э.Ч., түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,
шүүгдэгч Ц.Г. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.ын Ч., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Ц.ийн Г. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2994 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б. овогт Э.ын Ч..
Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, А. овогт Ц.ийн Г..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ч. нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24-689Б тоотод байрлах эзэнгүй 1 давхар шавар байшин дотор амь хохирогч Ж.Л.тэй архидан согтуурч, улмаар түүнтэй дахин бэлгийн харьцаанд орохыг шаардахад зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар модон сандлаар Ж.Л.гийн нүүр лүү 2 удаа цохиж, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
мөн Э.Ч., Ц.Г. нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн” хотхоны зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Ч.Батжаргалын эзэмшлийн 03-03 УАМ улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Батжаргалд 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хороолол, 406 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Р.Очбаярын эзэмшлийн 40-40 УАН улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Очбаярт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөнхүлэг” автомашины зах дотор байсан иргэн Э.Оюунчимэгийн эзэмшлийн 82-71 УБК улсын дугаартай Тоёота Харриэр загварын, иргэн С.Одонхишигийн эзэмшлийн 43-33 УАК улсын дугаартай Тоёота Харриэр загварын тээврийн хэрэгслүүдийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Оюунчимэг, С.Одонхишиг нарт нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ч. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хулгайн хэрэг гардаг өдөр би өөрөө түлхүүр, багажны юм аваад, найз дээрээ очоод “найз аа, хоёулаа хулгай хийе” гэж хэлсэн. Бүх зүйл дээр би өөрөө буруутай. Хүнийг алах гэмт хэргийн тухайд надад маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Ц.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2-3 хоногийн дотор 3 удаагийн үйлдлээр машины эвэр толь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо төлөөгүй байгаа.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би амь хохирогчийг цагдаагийн байгууллагатай хамтраад өдөр шөнөгүй 40 хоногийн турш хайсан. Надаас өөр манай ах дүүс гээд бүгд хайсан. Ер нь бол Шар хадны тэр хавьд байж магадгүй гэж таамаглаж байсан. Ингээд олж авсан. Анх харахад бүр хоёр цохих биш үнэхээр аймар байдалтай болгосон байсан. Ээж шигээ хүнтэй адгуус шиг хандсанд би үнэхээр гомдолтой байна. Маш их гомдолтой байна. Хүн ёсны үүднээс ядаж өөрөө, эсхүл ар гэрээс нь уучлалт гуйж байна, гэмшиж байна гэсэн ганц ч мэдүүлэг байдаггүй, ганц ч хүн уулзаагүй, хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйл ерөөсөө байдаггүй. Мэдүүлэгтээ би хэдэн жилийн ял авах бол гэж өөрийгөө л яриад байдаг болохоос гэмшсэн асуудал байхгүй. Ийм учраас Э.Ч.т ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял шийтгэж өгнө үү. Энэ хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байхгүй, харин хүндрүүлэх нөхцөл хангалттай байгаа. Бид нэгийгээ алдчихаад баримт цуглуулаад явах сөхөө байгаагүй. Ганц миний л бензин авч байсан хэдэн и-баримтууд гэх зэргээр хохирол нэхэмжилсэн. Одоо хүнийг оршуулахад хэдэн төгрөгийн зардал гарах билээ. Тэгэхээр энэ их бага дүн. Одоо баримттай байгаа нь 13.641.180 төгрөгийн хохирлын үнийн дүн байгаа.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-67/, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 68-72/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэнгийн өгсөн: “...Тэгээд би оройтсон учир маргааш өглөө 09:00 цагт хувцас, цүнх олсон газарт очиж үзэхэд нүдний шил, сам хоёрыг нь олсон. Тэгээд хажуугийн эзэнгүй байшин руу орж үзэхэд том өрөөнд нь зоорь байсан. Зоорийг хагас тагласан байхаар нь нээгээд үзэхэд ногоон өнгийн бүтээлэг байхаар нь сөхөөд үзэхэд доошоо хараад суусан эмэгтэй хүний цогцос байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79/,
- Гэрч Б.Дагиймаагийн өгсөн: “...уг байшинд миний нөхөр Ч.Энхтөрийн эцэг, эх нь амьдардаг байж байгаад Ч.Энхтөрийн нэр дээр шилжиж ирсэн. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24-689б тоот хашаа, байшинд миний нөхөр бид хоёр 2014 оноос хойш хүн огт амьдруулаагүй, эзэнгүй байлгаж байсан. Уг байшинд манай хадам эцэг, эх хоёр хөдөөнөөс орж ирснээсээ хойш буюу 2005 оноос хойш амьдарч байгаад 2014 онд нүүсэн. Энэ цагаас хойш огт хүн амьдраагүй ба 2012 оны 07 дугаар сард уг хашаа байшинг зарахаар зар тавьсан бөгөөд очиж үзсэн хүмүүсээс 3 хүн нь “танай хашаанд хүн амьдраад байгаа юм биш үү, согтуу хүмүүс байгаад байна” гэсэн мэдээлэл өгч байсан. Манай нөхөр бид хоёр уг мэдээллийг аваад хашаан дээрээ ирэх гэсэн боловч завгүй байсаар өдийг хүргэсэн. Эмнэлгийн 24-689б тоотод байх байшингийн зоорь нь ногоо хадгалах зориулалттай бөгөөд ханатай зоорь байсан. Уг зоорийг банзаар таг хийж тагласан байсан бөгөөд ямар нэгэн цоожгүй байсан. Байшингаа хэн нэгэнд захиж үлдээгээгүй, байшингаа түгжээд хаалгыг нь хадаж үлдээсэн байсан ба ямар хүмүүс ирж онгойлгоод байсныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/,
- Гэрч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Ж.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Тухайн үед Д.Таберек нь “би өчигдөр Шар хад орж утсаа янзлуулчихаад буцаад гэр хороолол дундуур явж байгаад эзэнгүй байшин руу орж хүндрэхэд манай эхнэрийн цүнхтэй адилхан цүнх байх шиг байхаар нь тань руу залгатал утас чинь завгүй байхаар нь Ганзориг байцаагчид хэлсэн” гэж ярьсан. Тэгэхээр нь Д.Таберекийн цүнх олсон гэх газарт хэсгийн байцаагч П.Ганзориг болон амь хохирогчийн төрсөн дүү Ж.Мягмарсүрэн нарын хамт эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад “сүнстэй байшин” гэх бичиглэлтэй нийтийн байрны хойд талын цагаан өнгийн нэг давхар байшинд орж шалгахад хүний шинэ өтгөн байсан. Тэр эзэнгүй байшинд байх зоорь мэт зүйлийг хагас тагласан байхаар нь онгойлгож үзэхэд удаж өмхийрсөн хүний цогцос байсан. Тэгээд дарга ахлахууддаа хандахад удалгүй жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/,
- Сэжигтэн Б.Төмөрчөдөрийн өгсөн: “...Маргааш өглөө нь Таберекийн гэрт 08:00 цаг өнгөрч байхад ортол Баярдаваа ах унтаж байсан газраа, Таберек орон дээрээ ганцаараа унтацгааж байсан. Тэгээд би тэр хоёрыг сэрээхэд “Л. хааччихсан юм” гээд байхгүй байгааг нь мэдээгүй бололтой асуугаад байсан. Тэгээд удалгүй бид 3 гарч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/,
- Гэрч Ц.Баярдаваагийн өгсөн: “...Тэгээд би тухайн архинаас 1 удаа уучихаад унтаад өгсөн ба өглөө 08:00 цагийн үед Таберек босоод ирчихсэн намайг сэрээгээд “нөгөө Л. чинь байдаггүй ээ, гараад явчихаж” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Төмөрчөдөр орж ирээд бид нар ажилдаа явсан. Тэр өдрөөс хойш Л. ерөөсөө ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-113/,
- Гэрч Ш.Туулын өгсөн: “...маргааш өглөө нь 09:00 цагийн орчим манай нөхөр Батбилэг нь Таберекийн гэрт ороод Л.г хааччихсан юм гэж асуухад Таберек “шөнө тасраад уначихсан байхад явчихсан байна гэж хариулсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116/,
- Гэрч Ш.Пагмын өгсөн: “...Э.Ч. нь сүүлд 8 сард /өдөр хоногийг нь хэлж мэдэхгүй байна” орой орж ирээд резин асуухаар нь ажлын бээлий болон мөнгө боодог шар резин өгсөн. Тэр резинийг аваад гарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-128/,
- Гэрч Ж.Мягмаржавын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны орой намайг дэлгүүр дээрээ байхад цагийг нь сайн санахгүй байна манай дэлгүүрээр хааяа орж ирдэг туранхай, бор царайтай, өтгөн хөмсөгтэй залуу надаас утсаа барьцаанд тавиад “юм авъя, маргааш групп буухаар буцаагаад авна” гэж хэлээд гуйгаад байхаар нь утсыг нь шалгаад, дотор нь байсан зурагнуудыг нь үзээд, өөрийнх нь зураг байсан болохоор утсыг барьцаанд аваад оронд архи өгсөн гэдгийг санаж байна. Тэгээд нээх удалгүй маргааш нь бил үү нөгөөдөр нь надаас утсаа буцааж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131/,
- Гэрч Ц.Г.ийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах балгасан байшинг 1 жилийн өмнөөс мэдэх болсон. Тухайн байшин нь эзэнгүй, хүн амьдардаггүй, хаалга цонх нь онгорхой бөгөөд дотор нь Ч., Билгүүн-Эрдэнэ, Эрдэнэбаяр бид нар тепантин, өвс зэрэг зүйлсийг очиж хэрэглэдэг. Тухайн байшин дотор нэг өрөөнд нь ширээ, хоёр буйдангийн хуучин сандал, хувцасны шкаф байдаг, харин нөгөө өрөөн дотор нь ямар нэгэн тавилга байхгүй. Тухайн өрөөнд шалны доод хэсэгт зоорь маягийн нүх байдаг. Тэр нүхийг Ч., Билгүүн-Эрдэнэ, Эрдэнэбаяр бид нар бүгдээрээ мэддэг. Тухайн зоорины дээр банз тавьсан байдаг, өөр юм тавиагүй ил байдаг. Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.ийн хамт очсон. Үүнээс хойш огт очоогүй. Намайг гэртээ байхад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06:00 цагийн үед манай амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14-184 тоот хашаатай нийтийн байрны хаалганы хашааг хэн нэгэн цохиод байхаар нь би босоод хаалга тайлж өгөхөд найз Ч. буюу хоч нэр нь Чинзо ганцаараа гар, хүзүү хэсэг нь цус болчихсон, их сандарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би ээж байсан учир гэрт оруулахгүй хашаан дотор байдаг 00-ын гадна үлдээгээд, би дотогшоо ороод “хувцсаа өмсөөд ирье” гээд гэрт ороод хувцсаа өмсөөд очиход Чинзо суугаад, доош тонгойгоод “найз нь хүн алчихлаа” гэж уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, юун хүн алах вэ?” гэж итгэхгүй дахин дахин асуухад “өчигдөр орой чамаас салаад нэг эгчтэй уугаад, бид хоёр нөгөө балгас болсон байшинд очоод, тэндээ уугаад бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэр эгчийг алчихсан” гэж хэлсэн. Би итгэхгүй “хаана вэ?” гэж асуухад “хойд талын балгасанд” гэхээр нь би шууд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг балгас санаанд ороод бид хоёр тийшээ яваад, надад бэлэн байсан тепантиныг замдаа судсаар тариад, уг балгас болсон байшин дээр очсон. Бид байнга шахуу уг балгас болсон байшинд очиж судсаар тепантиныг тарьдаг байсан. Э.Ч. бид хоёр хамт байшин руу ороод харсан чинь урт үстэй нэг эмэгтэй хүний цогцос байсан. Харин нүүрэн хэсэгт ногоон өнгийн дрож шиг зүйлээр бүтээчихсэн хөл, гар хэсэг нь харагдаж байсан. Тэгэхээр нь би айгаад шууд байшингаас гараад том өрөөний цонхоор харсан чинь Э.Ч. нөгөө цогцсыг нөгөө дрожинд ороогоод байшингийн зүүн талын өрөөнөөс баруун талын өрөө рүү чирээд зоорь луу хийгээд, шалан дээр байсан цусыг сайн санахгүй байна даавуу шиг зүйлээр арчиж цэвэрлээд, гарч ирээд байшингийн хаалгыг нь төмрөөр даруулж тавьсан. Тэр үед Э.Ч.ийн хоёр гар битүү цус болчихсон байхаар нь бид хоёр Билгүүн-Эрдэнийн гэрт орж, гарыг нь угаалгаад тэндээсээ гарсан. Биднийг очиход Бек ганцаараа унтаж байсан. Бекийг сэрээгээд Чинзо “найз нь гар хөлөө угаая” гэж хэлээд тэднийд ойролцоогоор 30 гаруй минут байж байгаад гарсан. Тухайн үед Чинзогийн гар болон хүзүү хэсэг нь цус болчихсон, өмсөж явсан куртканы тохой хэсэг нь цус болсон байсан учраас Бекийн гэрт курткагаа тайлж үлдээгээд бид хоёр Шар хадны эмнэлэг рүү явж тепантин авах бичиг бичүүлж авъя гэж очоод. Эмээ бичүүлж аваад, эмийн сангаас тепантинаа аваад судсаараа тарьж хэрэглээд, гадуур дэмий тэнэж яваад орой нь Хаан-1 нэртэй компьютер тоглоомын газар хоносон. Тэр өдрөөс хойш 08 дугаар сарын 21-нийг хүртэл өдрөөр дэмий тэнэж, оройгоор тоглоомын газар хонож байгаад 08 дугаар сарын 21-ний өдөр гэр лүүгээ харьцгаасан. Тэгээд маргааш нь буюу 08 дугаар сарын 22-ны өглөө дахин Чинзо манай гэрт ирсэн. Бид хоёр манай гэрт орой хүртэл байж байгаад орой гэрч Харриэр машины толь хулгай хийж мөнгө олохоор болсон. Тэгээд хэд хоног машины толь хулгай хийж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цагдаад баригдсан. Өдөр бүр цагдаад бүртгүүлж байхад Чинзо 2 хоног цагдаа дээр ирээгүй. Тэгэхээр нь би юу болсныг мэдэх гээд гэр лүү нь очиход ээж нь Шар хадны эмнэлэгт 5 дугаар тасагт хэвтүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би Чинзо дээр яваад очиход “гэрийнхэн намайг хэвтүүлсэн, би зүгээр ээ” гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Харин Чинзо намайг хүн алсныг хүнд, хэн нэгэнд битгий хэлээрэй андаа гээд уйлаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-123, 133-134/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Энхмөнхийн өгсөн: “...Тэгтэл бид хоёрын зогсож байсан гудамжны дээд талаас 40 орчим насны эмэгтэй эгч ирээд “эгч нь 25 дугаар эмийн санд ажилладаг, 14 хоногт нэг удаа ажилдаа очдог юм, танай дэлгүүрт үсний боолт байна уу, эгчдээ нэгийг зээлчих” гэхээр нь би “үгүй ээ, зээлэхгүй” гэсэн чинь хажуугаас Э.Ч. надад хандаад “чи зээлчих, би мөнгийг нь өгнө” гэхээр нь би Э.Ч.ийг “чи тэгвэл одоо мөнгийг нь өг” гэхэд Э.Ч. “одоо надад мөнгө байхгүй” гэхээр нь би “мөнгөгүй бол зээл өгөхгүй” гэсэн чинь нөгөө эгч урагшаа алхаад явсан чинь Э.Ч. “би явлаа шүү” гээд надад хэлээд нөгөө эгчийн араас яваад өгөхөөр нь би дэлгүүрийн гадаа зогсож байхад 10 минутын дараа Э.Ч. манай дэлгүүрийн урдуур баруун тийшээ гүйж байхаар нь би “Чинзо чи хаашаа явж байгаа юм?” гэхэд надад “дэлгүүр орж пиво авна” гэж хэлчихээд яваад өгсөн. Удалгүй буцаж явахдаа гартаа том савтай пиво барьчихсан өнгөрсөн. Түүнээс хойш уулзаагүй. Гадаа харанхуй болчихсон, урт үстэй л эгч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-139/,
- Э.Ч.ийн яллагдагчаар өгсөн: “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24-689б тоотод байрлах эзэнгүй байшинд хохирогч Ж.Л.г надтай дахиж бэлгийн харьцаанд ороогүй гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь модон сандлаар 2 удаа цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2538 тоот: “1. Амь хохирогч Ж.Л.гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал, хугарал орчмын хавирга завсрын булчингийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй. 3. Хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үхэлд хүргэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Цогцсын дотор эрхтнүүд ялзарч муудсан, тархины эд ялзарч үгүй болсон тул үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 5. Химийн шинжилгээгээр ходоодны шингэнд 3.5 промилли, цөсөнд 2.8 промилли, булчинд 3.2 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Булчинд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй. 6. Үтрээ, шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээ, шулуун гэдэснээс авсан арчдас, наалдсанд эр бэлгийн эс илрээгүй байна. 7. Заг хүйтэн, трихомонадын халдвар илрээгүй байна. 8. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 9. Эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан эсэхийг тогтоох боломжгүй. 10. Ходоодонд 10 мл орчим хүрэн улаан өнгийн шингэн агууламжтай байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 27-41/,
- Шүүх сэтгэцэд эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 992 тоот: “Э.Ч. нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна. Э.Ч. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 50-51/,
- Хохирогч Ч.Батжаргалын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 04-ний орой гэрээсээ гараад дэлгүүр орчихоод машинаасаа юм авах гээд очтол миний машины хамар дээр байдаг жижиг толь байхгүй болсон байсан. Тэгээд би 1 дэх өдөр нь СӨХ-дөө мэдэгдээд “хулгайч явж байна шүү” гэхэд надад камер шүүж өгтөл 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 22 минутын үед 20 гаруй насны 2 залуу толийг минь хугалаад аваад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би энэ талаар цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13/,
- Гэрч Э.Ч.ийн өгсөн: “2022 оны 08 дугаар сарын дундуур найз Ц.Г.тай хамтарч машины эвэр толь хулгайлах болсон. 2022 оны 09 сарын эхээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллоос Прадо загварын машины эвэр толь хулгайлсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15-16/,
- гэрч Э.Г.ийн өгсөн: “2022 оны 09 сарын эхээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллоос Прадо загварын машины эвэр толь хулгайлсан. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, мөнгөний хэрэгцээ гарсан үед найз Чинзо гэх залуутай нийлж машины эвэр толь хулгайлдаг.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-18/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22-23/,
- Хохирогч Р.Очбаярын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 406 дугаар байрны гадна өөрийн 40-40 УАН улсын дугаартай цагаан өнгийн Прадо 150 маркийн машиныг байрлуулаад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарч ирэхэд тээврийн хэрэгслийн эвэр толийг хулгайлсан байсан тул хяналтын камер шүүж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Хяналтын камер дээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13 цаг 41 минутад хоёр залуу ирээд нэг нь хүн харж байхад нөгөө нь авч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 55/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 66-67/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 73-77/,
- Яллагдагч Ц.Г.ийн өгсөн: “Тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 82/,
- Яллагдагч Э.Ч.ийн өгсөн: “Тогтоолтой уншиж танилцлаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 91/,
- Хохирогч Э.Оюунчимэгийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөнхүлэг” автомашины зах дотор би машин зардаг юм. Тэгээд өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18:00 цагийн орчимд машинуудаа шалгаад ажлаасаа буугаад явсан. Өнөөдөр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээрээ 10:00 цагийн орчимд ирээд машинууд дээрээ очиход цагаан өнгийн Тоёота Харриэр маркийн автомашины эвэр толь хулгайд алдсан байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн жинсэн яак, жордангийн зурагтай футболк зэрэг хувцастай явж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 104/,
- Хохирогч С.Одонхишигийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мөнгөнхүлэг автомашины зах дотор би машин зардаг юм. Тэгээд өчигдөр буюу 09 дүгээр сарын 02-ны орой 18:00 цагийн орчимд машинуудаа шалгаад ажласаа буугаад явсан. Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээрээ 10:00 цагий орчимд машинууд дээрээ очиход хар өнгийн Тоёота Харриэр маркийн автомашины эвэр толь хулгайд алдсан байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн жинсэн яак, жордангийн зурагтай футболк зэрэг хувцастай явж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 110/,
- “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 124/,
- Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 127/,
- Ц.Г.ийн яллагдагчаар өгсөн: “Тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 138/,
- Э.Ч.ийн яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 144/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ч. нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24-689Б тоотод байрлах эзэнгүй 1 давхар шавар байшин дотор амь хохирогч Ж.Л.тэй архидан согтуурч, улмаар түүнтэй дахин бэлгийн харьцаанд орохыг шаардахад зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар модон сандлаар Ж.Л.гийн нүүр лүү 2 удаа цохиж, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
мөн Э.Ч., Ц.Г. нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн” хотхоны зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Ч.Батжаргалын эзэмшлийн 03-03 УАМ улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Батжаргалд 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хороолол, 406 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Р.Очбаярын эзэмшлийн 40-40 УАН улсын дугаартай Тоёота Прадо 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Очбаярт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөнхүлэг” автомашины зах дотор байсан иргэн Э.Оюунчимэгийн эзэмшлийн 82-71 УБК улсын дугаартай Тоёота Харриэр загварын, иргэн С.Одонхишигийн эзэмшлийн 43-33 УАК улсын дугаартай Тоёота Харриэр загварын тээврийн хэрэгслүүдийн эвэр толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Оюунчимэг, С.Одонхишиг нарт нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Гэрч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Ж.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Тэгэхээр нь Д.Таберекийн цүнх олсон гэх газарт хэсгийн байцаагч П.Ганзориг болон амь хохирогчийн төрсөн дүү Ж.Мягмарсүрэн нарын хамт эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад “сүнстэй байшин” гэх бичиглэлтэй нийтийн байрны хойд талын цагаан өнгийн нэг давхар байшинд орж шалгахад хүний шинэ өтгөн байсан. Тэр эзэнгүй байшинд байх зоорь мэт зүйлийг хагас тагласан байхаар нь онгойлгож үзэхэд удаж өмхийрсөн хүний цогцос байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/,
- Сэжигтэн Б.Төмөрчөдөрийн өгсөн: “...Маргааш өглөө нь Таберекийн гэрт 08:00 цаг өнгөрч байхад ортол Баярдаваа ах унтаж байсан газраа, Таберек орон дээрээ ганцаараа унтацгааж байсан. Тэгээд би тэр хоёрыг сэрээхэд “Л. хааччихсан юм” гээд байхгүй байгааг нь мэдээгүй бололтой асуугаад байсан. Тэгээд удалгүй бид 3 гарч явсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Баярдаваагийн өгсөн: “...Тэгээд би тухайн архинаас 1 удаа уучихаад унтаад өгсөн ба өглөө 08:00 цагийн үед Таберек босоод ирчихсэн намайг сэрээгээд “нөгөө Л. чинь байдаггүй ээ, гараад явчихаж” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Төмөрчөдөр орж ирээд бид нар ажилдаа явсан. Тэр өдрөөс хойш Л. ерөөсөө ирээгүй...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ш.Туулын өгсөн: “...маргааш өглөө нь 09:00 цагийн орчим манай нөхөр Батбилэг нь Таберекийн гэрт ороод Л.г хааччихсан юм гэж асуухад Таберек “шөнө тасраад уначихсан байхад явчихсан байна гэж хариулсан байсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч Ш.Пагмын өгсөн: “...Э.Ч. нь сүүлд 8 сард /өдөр хоногийг нь хэлж мэдэхгүй байна” орой орж ирээд резин асуухаар нь ажлын бээлий болон мөнгө боодог шар резин өгсөн. Тэр резинийг аваад гарсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Г.ийн өгсөн: “...би босоод хаалга тайлж өгөхөд найз Ч. буюу хоч нэр нь Чинзо ганцаараа гар, хүзүү хэсэг нь цус болчихсон, их сандарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би ээж байсан учир гэрт оруулахгүй хашаан дотор байдаг 00-ын гадна үлдээгээд, би дотогшоо ороод “хувцсаа өмсөөд ирье” гээд гэрт ороод хувцсаа өмсөөд очиход Чинзо суугаад, доош тонгойгоод “найз нь хүн алчихлаа” гэж уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, юун хүн алах вэ?” гэж итгэхгүй дахин дахин асуухад “өчигдөр орой чамаас салаад нэг эгчтэй уугаад, бид хоёр нөгөө балгас болсон байшинд очоод, тэндээ уугаад бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэр эгчийг алчихсан” гэж хэлсэн. Би итгэхгүй “хаана вэ?” гэж асуухад “хойд талын балгасанд” гэхээр нь би шууд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг балгас санаанд ороод бид хоёр тийшээ яваад, надад бэлэн байсан тепантиныг замдаа судсаар тариад, уг балгас болсон байшин дээр очсон. Бид байнга шахуу уг балгас болсон байшинд очиж судсаар тепантиныг тарьдаг байсан. Э.Ч. бид хоёр хамт байшин руу ороод харсан чинь урт үстэй нэг эмэгтэй хүний цогцос байсан. Харин нүүрэн хэсэгт ногоон өнгийн дрож шиг зүйлээр бүтээчихсэн хөл, гар хэсэг нь харагдаж байсан. Тэгэхээр нь би айгаад шууд байшингаас гараад том өрөөний цонхоор харсан чинь Э.Ч. нөгөө цогцсыг нөгөө дрожинд ороогоод байшингийн зүүн талын өрөөнөөс баруун талын өрөө рүү чирээд зоорь луу хийгээд, шалан дээр байсан цусыг сайн санахгүй байна даавуу шиг зүйлээр арчиж цэвэрлээд, гарч ирээд байшингийн хаалгыг нь төмрөөр даруулж тавьсан. Тэр үед Э.Ч.ийн хоёр гар битүү цус болчихсон байхаар нь бид хоёр Билгүүн-Эрдэнийн гэрт орж, гарыг нь угаалгаад тэндээсээ гарсан...” гэх мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч Б.Энхмөнхийн өгсөн: “...Тэгтэл бид хоёрын зогсож байсан гудамжны дээд талаас 40 орчим насны эмэгтэй эгч ирээд “эгч нь 25 дугаар эмийн санд ажилладаг, 14 хоногт нэг удаа ажилдаа очдог юм, танай дэлгүүрт үсний боолт байна уу, эгчдээ нэгийг зээлчих” гэхээр нь би “үгүй ээ, зээлэхгүй” гэсэн чинь хажуугаас Э.Ч. надад хандаад “чи зээлчих, би мөнгийг нь өгнө” гэхээр нь би Э.Ч.ийг “чи тэгвэл одоо мөнгийг нь өг” гэхэд Э.Ч. “одоо надад мөнгө байхгүй” гэхээр нь би “мөнгөгүй бол зээл өгөхгүй” гэсэн чинь нөгөө эгч урагшаа алхаад явсан чинь Э.Ч. “би явлаа шүү” гээд надад хэлээд нөгөө эгчийн араас яваад өгөхөөр нь би дэлгүүрийн гадаа зогсож байхад 10 минутын дараа Э.Ч. манай дэлгүүрийн урдуур баруун тийшээ гүйж байхаар нь би “Чинзо чи хаашаа явж байгаа юм?” гэхэд надад “дэлгүүр орж пиво авна” гэж хэлчихээд яваад өгсөн. Удалгүй буцаж явахдаа гартаа том савтай пиво барьчихсан өнгөрсөн. Түүнээс хойш уулзаагүй. Гадаа харанхуй болчихсон, урт үстэй л эгч байсан.” гэх мэдүүлэг,
- Э.Ч.ийн яллагдагчаар өгсөн: “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24-689б тоотод байрлах эзэнгүй байшинд хохирогч Ж.Л.г надтай дахиж бэлгийн харьцаанд ороогүй гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь модон сандлаар 2 удаа цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2538 тоот: “1. Амь хохирогч Ж.Л.гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал, хугарал орчмын хавирга завсрын булчингийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй. 3. Хоншоор ясны түүшин сэртэн голын заадас дагуу бүрэн салсан хугарал, баруун, зүүн хацар ясны дух, хацар, хоншоорын сэртэнгийн заадас хэсгээр бүрэн салсан хугарал, хамрын ясны бяцарч цөмөрсөн хугарал, баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 5, 6, 9-р хавирганы далны шугамаар шууд хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үхэлд хүргэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Цогцсын дотор эрхтнүүд ялзарч муудсан, тархины эд ялзарч үгүй болсон тул үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 5. Химийн шинжилгээгээр ходоодны шингэнд 3.5 промилли, цөсөнд 2.8 промилли, булчинд 3.2 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Булчинд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй. 6. Үтрээ, шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээ, шулуун гэдэснээс авсан арчдас, наалдсанд эр бэлгийн эс илрээгүй байна. 7. Заг хүйтэн, трихомонадын халдвар илрээгүй байна. 8. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 9. Эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан эсэхийг тогтоох боломжгүй. 10. Ходоодонд 10 мл орчим хүрэн улаан өнгийн шингэн агууламжтай байна.” гэх дүгнэлт,
- Шүүх сэтгэцэд эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 992 тоот: “Э.Ч. нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна. Э.Ч. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,
- Хохирогч Ч.Батжаргалын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 04-ний орой гэрээсээ гараад дэлгүүр орчихоод машинаасаа юм авах гээд очтол миний машины хамар дээр байдаг жижиг толь байхгүй болсон байсан. Тэгээд би 1 дэх өдөр нь СӨХ-дөө мэдэгдээд “хулгайч явж байна шүү” гэхэд надад камер шүүж өгтөл 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 22 минутын үед 20 гаруй насны 2 залуу толийг минь хугалаад аваад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би энэ талаар цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Ч.ийн өгсөн: “2022 оны 08 дугаар сарын дундуур найз Ц.Г.тай хамтарч машины эвэр толь хулгайлах болсон. 2022 оны 09 сарын эхээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллоос Прадо загварын машины эвэр толь хулгайлсан.” гэх мэдүүлэг,
- гэрч Э.Г.ийн өгсөн: “2022 оны 09 сарын эхээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллоос Прадо загварын машины эвэр толь хулгайлсан. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, мөнгөний хэрэгцээ гарсан үед найз Чинзо гэх залуутай нийлж машины эвэр толь хулгайлдаг.” гэх мэдүүлэг,
- Хохирогч Р.Очбаярын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 406 дугаар байрны гадна өөрийн 40-40 УАН улсын дугаартай цагаан өнгийн Прадо 150 маркийн машиныг байрлуулаад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарч ирэхэд тээврийн хэрэгслийн эвэр толийг хулгайлсан байсан тул хяналтын камер шүүж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Хяналтын камер дээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13 цаг 41 минутад хоёр залуу ирээд нэг нь хүн харж байхад нөгөө нь авч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Яллагдагч Ц.Г.ийн өгсөн: “Тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
- Яллагдагч Э.Ч.ийн өгсөн: “Тогтоолтой уншиж танилцлаа.” гэх мэдүүлэг,
- Хохирогч Э.Оюунчимэгийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөнхүлэг” автомашины зах дотор би машин зардаг юм. Тэгээд өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18:00 цагийн орчимд машинуудаа шалгаад ажлаасаа буугаад явсан. Өнөөдөр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээрээ 10:00 цагийн орчимд ирээд машинууд дээрээ очиход цагаан өнгийн Тоёота Харриэр маркийн автомашины эвэр толь хулгайд алдсан байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн жинсэн яак, жордангийн зурагтай футболк зэрэг хувцастай явж байсан.” гэх мэдүүлэг,
- Хохирогч С.Одонхишигийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мөнгөнхүлэг автомашины зах дотор би машин зардаг юм. Тэгээд өчигдөр буюу 09 дүгээр сарын 02-ны орой 18:00 цагийн орчимд машинуудаа шалгаад ажласаа буугаад явсан. Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээрээ 10:00 цагий орчимд машинууд дээрээ очиход хар өнгийн Тоёота Харриэр маркийн автомашины эвэр толь хулгайд алдсан байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн жинсэн яак, жордангийн зурагтай футболк зэрэг хувцастай явж байсан.” гэх мэдүүлэг,
- Ц.Г.ийн яллагдагчаар өгсөн: “Тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
- Э.Ч.ийн яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэх санал зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ч.ийг прокуроос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, мөн Ц.Г.тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Г.ийг Э.Ч.той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.Ч.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт, Ц.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Хохирогчийн хууль төлөөлөгч Ж.Мягмарсүрэнгээс оршуулгын болон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардалд баримтаар нийт 13.641.180 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эдгээр нь нотлох баримтын шаардлага хангаж байхаас гадна хохирол, хор уршгийн зардалд хамааралтай гэж үзэхээр байх тул шүүгдэгч Э.Ч.оос гаргуулан Ж.Мягмарсүрэнд олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч үүнийг баримтаар тогтоогоогүй тул уг эрүүгийн хэрэгт хамтгатган шийдвэрлэх боломжгүй.
Харин хулгайлах гэмт хэргийн тухайд шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Ч.оос 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Батжаргалд, 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Очбаярт, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Оюунчимэгт, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч С.Одонхишигт,
шүүгдэгч Ц.Г.аас 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Батжаргалд, 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Очбаярт, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Оюунчимэгт, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч С.Одонхишигт тус тус олгох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Ч.т хүнийг алах гэмт хэргийн тухайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хулгайлах гэмт хэргийн тухайд хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэснийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал буюу Э.Ч. нь хэрэг хариуцах чадвартай боловч шизоаффектив эмгэгийн холимог хэлбэрийн өвчтэй, үүний улмаас сэтгэцийн эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт нь 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацагаар хорих ялыг нэмж нэгтгэн Э.Чинзорийн нийт эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ц.Г.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэснийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч.ийн урьд цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч Ц.Г.ийг урьд цагдан хоригдсон 67 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хар өнгийн Masz нэртэй хүрэм, улаан, хар өнгө хосолсон эмэгтэй хүний цүнх 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, хиймэл бэлэг эрхтэн 1 ширхэг, ВВ гэсэн бичигтэй цагаан өнгийн сав 1 ширхэг, тэжээлийн тос гэсэн бичигтэй цагаан өнгийн бөөрөнхий сав 1 ширхэг, цагаан цулгуй жижигхэн сав 1 ширхэг, хөвөн савх 10 ширхэг, тамхины иш 8 ширхэг, салфетка 1 ширхэг, хөшигний хэсэг 1 ширхэг, хумс 14 ширхэг, хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хөх өнгийн эмэгтэй хүний даруулга 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн урагдсан цамц 1 ширхэг, нэг хос эрэгтэй хүний гутал, хөх өнгийн эрэгтэй тапочка 1 хос, хөх өнгийн эрэгтэй хос сандаал, цагаан өнгийн хээтэй хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар эрээн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хээтэй цамц 1 ширхэг, цагаан өнгийн цэцэгтэй хөх өнгийн алчуур 1 ширхэг, эвдэрхий модон сандал 1 ширхэг, бор өнгийн нүдний шил 1 ширхэг, хуванцар аяга 1 ширхэг, хагархай шил 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, бор өнгийн үсний сам 1 ширхэг, “Хүслийн ундаа”-ны сав 3 ширхэг, хуванцар савны тайрсан хэсэг 1 ширхэг, усны сав 3 ширхэг, Еssa пивоны шил 2 ширхэг, цагаан өнгийн бохирдсон маск 1 ширхэг, ягаан өнгийн нүдний шил 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, ногоон өнгийн дрож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Э.ын Ч.ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А. овогт Ц.ийн Г.ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ц.Г.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацагаар хорих ялыг нэмж нэгтгэн Э.Чинзорийн нийт эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч.т оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Ц.Г.т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч.ийн урьд цагдан хоригдсон 120 хоног, Ц.Г.ийн урьд цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч.оос 13.641.180 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шааз Боржигон овогт Жоотойн Мягмарсүрэн /АЮ77112970/-д, 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хунхүү овогт Чулуунбаатарын Батжаргал /ЕЮ66121203/-д, 175.000 төгрөгийг гаргуулан Дарви овогт Раадангийн Очбаяр /ХБ84030516/-т, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Орляас овогт Эрхэмбаярын Оюунчимэг /КЛ84011708/-т, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Тэгш овогт Сүхбаатарын Одонхишиг /ЧР86011362/-т,
шүүгдэгч Ц.Г.аас 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хунхүү овогт Чулуунбаатарын Батжаргал /ЕЮ66121203/-д, 175.000 төгрөгийг гаргуулан Дарви овогт Раадангийн Очбаяр /ХБ84030516/-т, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Орляас овогт Эрхэмбаярын Оюунчимэг /КЛ84011708/-т, 92.500 төгрөгийг гаргуулан хохирогч Тэгш овогт Сүхбаатарын Одонхишиг /ЧР86011362/-т тус тус олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хар өнгийн Masz нэртэй хүрэм, улаан, хар өнгө хосолсон эмэгтэй хүний цүнх 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, хиймэл бэлэг эрхтэн 1 ширхэг, ВВ гэсэн бичигтэй цагаан өнгийн сав 1 ширхэг, тэжээлийн тос гэсэн бичигтэй цагаан өнгийн бөөрөнхий сав 1 ширхэг, цагаан цулгуй жижигхэн сав 1 ширхэг, хөвөн савх 10 ширхэг, тамхины иш 8 ширхэг, салфетка 1 ширхэг, хөшигний хэсэг 1 ширхэг, хумс 14 ширхэг, хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хөх өнгийн эмэгтэй хүний даруулга 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн урагдсан цамц 1 ширхэг, нэг хос эрэгтэй хүний гутал, хөх өнгийн эрэгтэй тапочка 1 хос, хөх өнгийн эрэгтэй хос сандаал, цагаан өнгийн хээтэй хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар эрээн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хээтэй цамц 1 ширхэг, цагаан өнгийн цэцэгтэй хөх өнгийн алчуур 1 ширхэг, эвдэрхий модон сандал 1 ширхэг, бор өнгийн нүдний шил 1 ширхэг, хуванцар аяга 1 ширхэг, хагархай шил 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, бор өнгийн үсний сам 1 ширхэг, “Хүслийн ундаа”-ны сав 3 ширхэг, хуванцар савны тайрсан хэсэг 1 ширхэг, усны сав 3 ширхэг, Еssa пивоны шил 2 ширхэг, цагаан өнгийн бохирдсон маск 1 ширхэг, ягаан өнгийн нүдний шил 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, ногоон өнгийн дрож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД
ШҮҮГЧ С.АЮУШЖАВ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ