Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: П.Ч нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг А.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.699.774 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, прокурор Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар оролцов.

                                                                                           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч  П.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2011 оны 11 сарын 09-нд А.Б-т 15.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний 2.2 дугаар заалтыг зөрчин хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 801.780 төгрөг байна. Үүнээс төлсөн  үндсэн зээл 4.792.861 төгрөг, хүү 549.679 төгрөг байна. Үлдэгдэл үндсэн зээл 10.207.139 төгрөг, хүү 252.101 төгрөг нийт мөнгөн дүн 10.459.240 төгрөг байна. Мөн гэрээний 2.4 дүгээр заалтад зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгээс гадна үндсэн хүүний 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль болох 240.534 төгрөг байна. Иймд А.Б  үндсэн зээлийн үлдэгдэл болох 10.699.774 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс эдгээр нотлох баримтуудыг гаргаж өгсөн.1-рт зээлдэгчийн хяналтын картнаас харахад 2011 оны 12 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 13-ны өдөр хүртэл төлсөн зээлдэгчийн хяналтын карт байгаа. 2-рт тооцооны үлдэгдлийн баталгаанаас харахад 11544165 төгрөг өртэй байна гэснийг харилцан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. 3-рт 2018 оны 12 сарын 13-ны өдрийн төрийн сан бүртгэлийн дансны хуулгад дээр А.Б   холбогдох 15 сая төгрөг А.Б   2011 оны 11 сарын 14-ны өдөр ХААН банкны......... тоот дансанд шилжүүлсэн байгаа. 4-рт  2019 оны 05 сарын 06-ны өдрийн  төрийн сан орлогын дансны хуулга 2018 оны 06 сарын 13-ны өдөр  ХААН банкны ......... данснаар 100.000 төгрөгийг И  гэсэн гүйлгээний утгатай хийгдсэн байгаа. Мөн ...........  тоот данснаас 100.000 төгрөгийг А.Б зээл төлөлт гэж зээлээ төлсөн байдаг юм. 2018 оны 09 сарын 13-ны өдөр ХААН банкны ...........  тоот данснаас 100.000 төгрөг А.Б  ............. гэсэн төлөлттэйгээр хийсэн байгааг хавсаргасан. ... манай зүгээс хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нотлох баримтуудаас харахад төлөхгүй байх үндэслэл байхгүй юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж 2018 оны 09 сарын 13-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаагаа тооцоод 2021 оны 09 сарын 13-ны дуусгавар болно гэж үзэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү”  гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Б нь 2011 оны 11 сарын 09-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй зээлсэн. Тэрээр 2013 оны 03 сарын 13-ны өдрийг хүртэл үндсэн зээл 15,000.000 төгрөгөөс 4,492,861 төгрөг, зээлийн хүү 801,780 төгрөгөөс 549,679 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш нэг ч удаа зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж байгаад 2018 оны 06 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 09 сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Гэтэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна" гэж заасан байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан учир зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. А.Б ын хувьд 3 сарын 13-нд төлөлт хийгээд 4 сарын 13-нд төлөлт хийх байсан боловч төлөлтөө хийж чадаагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байна. А.Б ын хувьд 4 сарын 13-нд үүргээ биелүүлээгүй гээд хугацаа хэтрээд нөгөө талд шаардах эрх үүсэж байгаа юм. Шаардах эрх үүсэж байна гэдэг нь хөөн хэлэлцэх хуцагаа тоологдож эхэлнэ гэсэн үг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан байна. 2014 оны 05 сарын 20-ны өдөр Засаг даргын тамгын газраас А.Б т мэдэгдэл ирүүлсэн байдаг. Тус мэдэгдэлийн хариуд А.Б  нь 2014 оны 5 сарын 31-ний өдөр зээлийг төлж барагдуулна гэсэн баталгааг бичгээр гаргасан байгаа. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр  шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан байна. Тасалдал гэдэг нь хөөн хэлэлцэх хугацааны дотор яригдана. Тэгэхээр 2013 оны 04 сарын 13-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа эхлээд 2014 онд тасалдаж байна гэсэн үг. 2014 оны 05 сарын 31-ний өдөр үүргээ биелүүлээгүй учир энэ өдрөөс эхлээд хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхэлнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх хугацааг тооцолгүй хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж эхэлнэ гэж заасан байдаг. Ингээд шинээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдоод 2017 оны 05 сарын 31-ний өдөр 3 жил өнгөрснөөр хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа юм. Гэтэл Засаг даргын тамгын газар 2019 оны 04 сарын 22-ны өдөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Зээлийн гэрээний 3.3-т "Авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх, зохих журмын дагуу зээлийг төлүүлэх шаардлагатай бусад арга хэмжээг авна", 5.5-т "Энэхүү гэрээтэй холбогдсон аливаа маргаантай асуудлыг хоёр тал харилцах тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан байгаа. ЗДТГ-ын зүгээс зээлийн гэрээний 3.3, 5.5-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Мөн иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр нэмэгдэл үүрэг буюу анз, барьцаа, дэнчин батлан даалт, баталгааны хөөн хэлэлцэх хугацаа мөн адил нэгэн зэрэг дуусна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т "Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй" гэж заасан байх тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдээгүй байхад төлсөн буюу 2018 оны 06 дугаар 20-ны өдөр төлсөн 200,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр 13-ны өдөр төлсөн 100,000 төгрөг нийт 300,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т "Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй" гэж заасан байна.” гэв.

Прокурор Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт байгаа. Э  гэж хүн 2015 оны 09 сарын 14-ны өдрөөс 2016 оны 09 сарын 22-ны өдөр хүртэл төрийн сангийн ажилтнаар ажиллаж байсан. Энэ хүн ажиллаж байх хугацаандаа хөтөлж байсан дэвтэр дээр 2011 онд зээл авсан хүмүүсээс зээлийн төлөлтийг хийхийг шаардсан, тэдгээр этгээдүүд нь төлөх болохоо илэрхийлсэн нь нотлогдох учир иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт бусад хэлбэрээр  шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 09 сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг зээл төлөлт гэж хийсэн байгаа. Ингээд 2018 оны 09 сарын 13-ны өдрөөс эхлээд хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн шаардсан 10.699.774 төгрөгийг хариуцагч А.Б  гаргуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна” гэв.

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч П.Ч хариуцагч А.Б   холбогдуулан  Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү 10.699.774 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

            Хариуцагч А.Б нь зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй гэж маргаж байна.

Хариуцагч нь П.Ч 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11/57 дугаартай зээлийн гэрээ байгуулан сум хөгжүүлэх сангаас оёдлын цехийн зориулалтаар 15.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл, хүүний төлбөрийн хуваарь, барьцааны гэрээ, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Зохигч нь зээлийн үнийн дүн, зээлийн төлөлт, нэхэмжилж буй үнийн дүн зэрэг дээр маргаагүй болно.

Хариуцагч нь үндсэн зээлд 4.792.861 төгрөг, зээлийн хүүнд 549.679 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн хяналтын карт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бол мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заажээ. Иргэний эрх зүйн хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэдэг нь хугацаа тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг ойлгох юм. Тухайлбал үүрэг бүхий этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл болох болох урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах зэргээр илэрч болох юм.

Дээрх маргааны хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...2013 оны 04 сарын 13-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа эхлээд 2014 онд тасалдаж байна гэсэн үг. 2014 оны 05 сарын 31-ний өдөр үүргээ биелүүлээгүй учир энэ өдрөөс эхлээд хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхэлнэ ...Ингээд шинээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдоод 2017 оны 05 сарын 31-ний өдөр 3 жил өнгөрснөөр хөөн хэлэлцэх хугацаа дуусч байна” гэж мэтгэлцэх боловч хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “А.Б  зээл төлөлт” гэх утгаар 100.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд төлсөн болох нь төрийн сангийн орлогын дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл түүний энэхүү үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тохиолдолыг бий болгож байгаа бөгөөд хамгийн сүүлийн төлөлт болох 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа шинээр эхлэн тоологдох юм. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Э  нь Засаг даргын Тамгын газарт Жижиг дунд үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ, газар тариалан, хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа /2015.09.14-2016.09.26/ хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар ярих болгонд хариуцагч хүлээн зөвшөөрсөн хариуг өгдөг байсан талаар мэдүүлсэн нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд хамаарах болно.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэхийг үүрэг болгон хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч А.Б  Сум хөгжүүлэх сангийн зээлийн үүргийн гүйцэтгэлд 10.699.774 төгрөгийг гаргуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум хөгжүүлэх санд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

Т О Г ТО О Х нь:

 

1. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б аас 10.699.774 /арван сая зургаан зуун ерэн есөн мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10.699.774  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 186.146 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                               Р.БАТБАЯР