Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 94

 

                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух, Л.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг оршин суух, П.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.С, хариуцагч П.Б  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.

 

                                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч Л.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие П.Б тай 2011 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан ба 2011 онд хүү Б.Б, 2012 онд охин Б.Б, 2016 онд охин Б.Б нарыг төрүүлсэн. Одоог хүртэл амьдарч ирлээ. Сүүлийн үед П.Б  нь гэр бүлээс гадуур Бор-Өндөр сумын С  гэх эмэгтэйтэй харилцаатай болж гэрт нь амьдарч байгаа. Гэртээ согтуу ирж агсам тавьж зодох болсон. 2012 оны 6 сараас нөхөр П.Б  нь зодож эхэлсэн. Зодохдоо элдэв хэл амаар доромжилж, мессэж бичиж дарамталдаг. 2012 оноос хойш тайван амьдрах боломжгүй болсон. Энэ асуудлаас болж тэвчээр алдарч эхэлсэн. Ингээд 2019 оны 3 сард шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл өгсөн. Ингээд шүүхээс татгалзсан захирамж авсны дараа 2 удаа гэрт очиж зодсон. 2019.04.14, 2019.04.19-ний өдрүүдэд гэртээ эрүүл очиж намайг зодсон. Иймд миний хувьд гэрлэлтээ маш хурдан хугацаанд цуцлуулах хүсэлтэй байна. Шүүхээр гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэх хүртэл намайг 3 хүүхдийн минь хамт хамгаалах арга хэмжээг авч, П.Б-т эрх хязгаарлах арга хэмжээг авч өгнө үү. Би болон миний 3 хүүхэд амь насанд аюултай нөхцөл байдал үүсээд байгаа тул эвлэрүүлэх арга хэмжээг авалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлт шууд цуцлаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зоддог байхад нь тэвчээд яваад байдаг байсан. Өөр хүүхэнтэй яваад байхаар нь үнэхээр тэвчээр алдаад шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Хааяа зодож дарамтлахаас биш байнга биш л дээ. Ер нь их уур уцаартай хүн. Бидний хооронд хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

Хариуцагч П.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн хоорондын асуудлаас болоод хааяа маргалддаг. Үүнээс болоод хааяа цохичихдог юм. Энэ нь миний буруу. Энэ хавар малд унадаг мотоцикль маань эвдэрчихээд ноолуурын мөнгөн дээрээс мотоцикль авах гэсэн манай хүн ноолуураа зараад эд бараагаа аваад үлдсэнийг нь хүүхдүүдийнхээ дансанд хийчихсэн байсан юм. Би хүнээс хэдэн төгрөг авах ёстой байсан. Тэгээд хүүхдүүдийнхээ данснаас зээлж аваад хүнээс мөнгөө авахаараа хийчихье гээд бид хоёр муудалцаад би гар хүрчихсэн юм” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Л.С  нь хариуцагч П.Б т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Зохигчид 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Б , 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Буянцэцэг, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Б  нар төрсөн болох нь 05/001931 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Б , Б.Б, Б.Б  нарын төрсний гэрчилгээний хуулбар, одоо хүүхдүүд эрүүл энх өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч П.Б  нь гэр бүлийн гишүүдийг үл хүндэтгэн, хэрүүл маргаан үүсгэж, эхнэр Л.С ы эрх чөлөөнд халдаж, зодох, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болсон байна. /хх-н 4 хуу/ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж тус тус заажээ. П.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 14, 19-ний өдрүүдэд эхнэр Л.С ы эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж энэ үйлдэлдээ шүүхээр ял шийтгүүлсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. Иймд П.Б  нь Л.С д санаа сэтгэл, бие махбодийн дарамт үзүүлснээр гэр бүлийн гишүүдэд ноцтой хор уршиг учирсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Б ын эх Л.С тай хамт амьдрах талаарх санал, зохигчдын зан суртахуун, хүчирхийлэл үйлдсэн байдал зэргийг харгалзан үзэж хүү Б.Б , охин Б.Б, Б.Б  нарыг эх Л.С ы асрамжид үлдээж эцэг П.Б аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэлтийг цуцлах шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгасан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болгов.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь П.Б аас хүү Б.Б , охин Б.Буянцэцэг, Б.Б  нарт төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187.600x3х12=6.753.600:2=3.376.800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 68.979 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Л.С, П.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Б , 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Б, 2016 оны 07 дугаар сарын 24-ны өдөр төрсөн охин Б.Б  нарыг эх Л.С  асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Б , охин Б.Б, Б.Б  нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.Б аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 320 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгасан урьдчилсан арга хэмжээ дуусгавар болсныг дурдсугай.

5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг сануулсугай.

7. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч П.Б аас 139.179 төгрөгийг гаргуулан 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Л.С д олгож, 68.979 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР