| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/187 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/187
2023 02 06 2023/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Б.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж. овогт Б.ын Г.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0005 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Ж. овогт Б.ын Г..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г. нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж, 1443а тоотод О.Ц.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр амарч байсан тул Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн 1443а тоот гэртээ байсан. Тэгтэл орой 2 цагийн орчим манай найз Б.Г. нь манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Би гараад очтол Б.Г. нь архи уусан, согтуу “чи намайг залгахаар утсаа авсангүй” гээд маргаан эхлүүлэхээр нь би Б.Г.т хандаж “чи согтуу байна, маргааш эрүүлдээ болъё” гэж хэлтэл Б.Г. нь миний нүүр лүү цохисон. Тэгээд зууралдаж байхад манай эхнэр гарч ирээд салгаад, цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн: “О.Ц.ын биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,
- Гэрч Б.Уранчимэгийн өгсөн: “00 орох гээд гэрээс гарахад нэг өндөр залуу манай нөхрийг заамдаад нүүр болон гэдэс хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Тэгээд би очоод “болиоч ээ” гэж орилж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г. нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж, 1443а тоотод О.Ц.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч О.Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр амарч байсан тул Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн 1443а тоот гэртээ байсан. Тэгтэл орой 2 цагийн орчим манай найз Б.Г. нь манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Би гараад очтол Б.Г. нь архи уусан, согтуу “чи намайг залгахаар утсаа авсангүй” гээд маргаан эхлүүлэхээр нь би Б.Г.т хандаж “чи согтуу байна, маргааш эрүүлдээ болъё” гэж хэлтэл Б.Г. нь миний нүүр лүү цохисон. Тэгээд зууралдаж байхад манай эхнэр гарч ирээд салгаад, цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн: “О.Ц.ын биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
- Гэрч Б.Уранчимэгийн өгсөн: “00 орох гээд гэрээс гарахад нэг өндөр залуу манай нөхрийг заамдаад нүүр болон гэдэс хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Тэгээд би очоод “болиоч ээ” гэж орилж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Г.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Ц. нь хохиролд 460.000 төгрөг нэхэмжилж, хохирол төлөгдсөн гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Г.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж. овогт Б.ын Г.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Г.т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД