Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 96

 

                                            

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч О.Ц

Хариуцагч Ш.Ц нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг О.Ц нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд оршин суух Ш.Ц холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

                                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х  нь:

           Нэхэмжлэгч О.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Ц 2016 оноос 2019 он хүртэл танилцаж үерхсэн. Бид танилцнаас хойш гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2018 оны 05 сарын 07-ны өдөр хүү Ц.Т төрж бид одоог хүртэл хоёулаа амьдарч байна. Ш.Ц нь 2017 оны 10 сард цэрэгт татагдан 2018 оны 10 сард халагдан ирж хүүхэд дээрээ ирдэг байсан боловч сүүлийн хугацаанд ирэхээ байж холбоогоо тасалсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд хүү Ц.Т өөрийн асрамжид авч, хариуцагч Ш.Ц хүү Ц.Т хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Ш.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу  тайлбартаа: “Миний бие О.Ц тэй 2017 оноос үерхэж байсан. 2017 оны 10 сард цэргийн албанд явж 2018 оны 10 сард халагдаж ирсэн. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхэд миний хүүхэд мөн. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийг эх О.Ц ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. 2018 оны 05 сарын 07-нд хүү Тэргэл төрсөн тул тэтгэмж төлөх учраас нэхэмжлэлийг зөвшөөрч байна” гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад      

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч О.Ц  нь хариуцагч Ш.Ц холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Ш.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч О.Ц ийн “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Ц  нь хариуцагч Ш.Ц хамтран амьдрах хугацаандаа 2018 оны 05 сарын 07-ны өдөр хүү Ц.Т-ийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч О.Ц , хариуцагч Ш.Ц нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцаа, үзэл бодол таардаггүй байсны улмаас 2018 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.

Зохигч нь 2018 оны 05 сарын 07-ны өдөр төрсөн хүү Ц.Т төрсөн эх О.Ц ийн асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Ц.Т эх О.Ц ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,

-мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,

-мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ц.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Ш.Ц гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Ц  нь хүү Ц.Т-тэй нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч О.Ц , хариуцагч Ш.Ц нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч О.Ц ийн “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар    зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар

 зүйлд тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 сарын 07-ны өдөр төрсөн хүү Ц.Т-ийг эх О.Ц асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 сарын 07-ны өдөр төрсөн хүү Ц.Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Ш.Ц-ээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Ц.Т-ийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Ц-д даалгасугай.

5.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Ц ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 31570 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ш.Ц улсын тэмдэгтийн хураамж 31570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ц д олгосугай.

7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

9.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                      М.ЭНХМАНДАХ