Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

 2023         02         07                                         2023/ШЦТ/191

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Э.Баасанбаяр,

шүүгдэгч Б.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л. овогт Б.ын Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0024 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Л. овогт Б.ын Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э. нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны В1 давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ө.той машин шүргэсэн гэх шалтгаанаар маргалдан, түүний толгойн тус газар нь архины шилээр 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Ө.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 01-ний орой 16 дугаар хорооллын тэнд байдаг “Велл март”-тай байрны В1 давхарт байрлах гаражт хуурай ах болох Батзориг, Э. ах бид гурав Батзориг ахын Приус 30 маркийн машинд архи ууцгаасан. Тэр гаражт Э. ах машины цонхны тень наадаг тул тэнд нэг залуу тень наагаад зогсож байсан. Тэгээд бид 3 архи ууж байгаад Б.Энхлагва ах бид хоёр хоорондоо яриа нийлэхгүй маргалдаж эхэлсэн. Тэгээд би хэрэлдээд машинаас буутал Б.Э. ах архины шил барьж, миний толгой руу гараж дотор 4 удаа цохисон. Тэгээд би Б.Э. ахыг өөрөөсөө холдуулах гээд түлхээд байж байтал Батзориг ах гарч ирээд бид хоёрыг салгасан. Би Батзориг ахын машинд суугаад Цэргийн нэгдсэн эмнэлэг рүү ороод 4 газар оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- Гэрч Н.Жаргалсайханы өгсөн: “Тэгэхээр нь Э. ах “чи хүний машин шүргэчихлээ, наад машиныг нь өнгөлөгчөөр өнгөлөөд арилгачих” гээд хэлтэл тэр залуу “үгүй, чи нохойтлоо” гээд Э. ах руу элдвээр хэлээд “би мөргөчихсөн юм бол тэр машиныг ухчихъя” энэ тэр гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаж байгаад Э. ахыг тэр залуу хацар луу нь нэг удаа цохисон чинь тэр 2 зууралдаад газар унаж байгаа харагдсан.

Тэгээд Э. ах тэр хоёр дээр очтол Э. ах нүүр, ам нь зүгээр, түүнтэй зодолдож байсан залуугийн толгойноос нь цус гарсан юм уу ямар ч байсан хүзүү орчим нь цус гараад арччихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16562 тоот: “Б.Ө.ын зүүн зулай, зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн, дагзны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбэн, зүүн сарвуу, зүүн бугуй, нуруу бүсэлхийн баруун хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэг зүйлийн олон удаагийн зүсэгдэх болон цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э. нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны В1 давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ө.той машин шүргэсэн гэх шалтгаанаар маргалдан, түүний толгойн тус газар нь архины шилээр 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ө.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд бид 3 архи ууж байгаад Б.Энхлагва ах бид хоёр хоорондоо яриа нийлэхгүй маргалдаж эхэлсэн. Тэгээд би хэрэлдээд машинаас буутал Б.Э. ах архины шил барьж, миний толгой руу гараж дотор 4 удаа цохисон. Тэгээд би Б.Э. ахыг өөрөөсөө холдуулах гээд түлхээд байж байтал Батзориг ах гарч ирээд бид хоёрыг салгасан. Би Батзориг ахын машинд суугаад Цэргийн нэгдсэн эмнэлэг рүү ороод 4 газар оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Жаргалсайханы өгсөн: “Тэгэхээр нь Э. ах “чи хүний машин шүргэчихлээ, наад машиныг нь өнгөлөгчөөр өнгөлөөд арилгачих” гээд хэлтэл тэр залуу “үгүй, чи нохойтлоо” гээд Э. ах руу элдвээр хэлээд “би мөргөчихсөн юм бол тэр машиныг ухчихъя” энэ тэр гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаж байгаад Э. ахыг тэр залуу хацар луу нь нэг удаа цохисон чинь тэр 2 зууралдаад газар унаж байгаа харагдсан.

Тэгээд Э. ах тэр хоёр дээр очтол Э. ах нүүр, ам нь зүгээр, түүнтэй зодолдож байсан залуугийн толгойноос нь цус гарсан юм уу ямар ч байсан хүзүү орчим нь цус гараад арччихсан байсан.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16562 тоот: “Б.Ө.ын зүүн зулай, зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн, дагзны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбэн, зүүн сарвуу, зүүн бугуй, нуруу бүсэлхийн баруун хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэг зүйлийн олон удаагийн зүсэгдэх болон цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч Б.Ө. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л. овогт Б.ын Энхлхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э.д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Э.д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД