| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
2023 02 07 2023/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Э.Баасанбаяр,
шүүгдэгч М.Ө. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт М.ын Ө.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02040 0080 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт оршин суух, Б. овогт М.ын Ө..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ө. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө “Юбикаб” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 77-64 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси дуудлагын үйлчилгээ эрхэлж байх явцдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.М.ыг хүргэж өгөхдөө түүний тээврийн хэрэгсэлд мартаж буусан, гээгдэл эд хөрөнгө болох Dell загварын зөөврийн компьютерыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 00 цагийн орчим Хан-Уул дүүрэгт байрлах “Кинг товер” хотхоны 129 дүгээр байрнаас гэртээ харих гээд UB cab такси 80114888 дугаарын утаснаас дуудаж суугаад Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна буусан юм. Таксинаас буугаад шууд гэртээ орсон. Өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны орой 20:00 цагийн орчим би тус таксинд нөүтбүүкээ мартаж бууснаа мэдсэн. Улмаар таксины жолоочтой холбогдож ярихад “би ямар ч нөүтбүүк хараагүй, мэдэхгүй” гээд байсан. Би суусан, буусан үеийн камерын бичлэгээ шүүж үзэхэд хар өнгийн цүнхтэй нөүтбүүк барьж суугаад буухдаа гар хоосон бууж байсан. 2021 оны 01 дүгээр сард PC mall дэлгүүрээс 3.300.000 төгрөгөөр авч байсан Dell маркийн 8 дугаар үеийн i7 загварын нөүтбүүк.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37, 38/,
- “Юбикаб” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/201 дугаартай албан бичиг /хх-ийн 42-44/,
- М.Ө.ын яллагдагчаар өгсөн: “Би уг Dell брендийн саарал өнгөтэй нөүтбүүкийг 1 сар орчим гэртээ байлгаж байгаад найз болох Бат-Учралд “Миний нөүтбүүк байгаа юм” гэж хэлээд 300.000 төгрөгийн хэрэг байсан тул түүнд 300.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Ө. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө “Юбикаб” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 77-64 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси дуудлагын үйлчилгээ эрхэлж байх явцдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.М.ыг хүргэж өгөхдөө түүний тээврийн хэрэгсэлд мартаж буусан, гээгдэл эд хөрөнгө болох Dell загварын зөөврийн компьютерыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Э.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 00 цагийн орчим Хан-Уул дүүрэгт байрлах “Кинг товер” хотхоны 129 дүгээр байрнаас гэртээ харих гээд UB cab такси 80114888 дугаарын утаснаас дуудаж суугаад Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна буусан юм. Таксинаас буугаад шууд гэртээ орсон. Өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны орой 20:00 цагийн орчим би тус таксинд нөүтбүүкээ мартаж бууснаа мэдсэн. Улмаар таксины жолоочтой холбогдож ярихад “би ямар ч нөүтбүүк хараагүй, мэдэхгүй” гээд байсан. Би суусан, буусан үеийн камерын бичлэгээ шүүж үзэхэд хар өнгийн цүнхтэй нөүтбүүк барьж суугаад буухдаа гар хоосон бууж байсан. 2021 оны 01 дүгээр сард PC mall дэлгүүрээс 3.300.000 төгрөгөөр авч байсан Dell маркийн 8 дугаар үеийн i7 загварын нөүтбүүк.” гэх мэдүүлэг,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
- “Юбикаб” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/201 дугаартай албан бичиг,
- М.Ө.ын яллагдагчаар өгсөн: “Би уг Dell брендийн саарал өнгөтэй нөүтбүүкийг 1 сар орчим гэртээ байлгаж байгаад найз болох Бат-Учралд “Миний нөүтбүүк байгаа юм” гэж хэлээд 300.000 төгрөгийн хэрэг байсан тул түүнд 300.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Ө.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.М. нь өөрийн нөүтбүүк, цэнэглэгч, цүнх, хулганыг хүлээн авсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...нөүтбүүк дээр байсан ажлын болон гэр бүлийн хувийн зураг, бичлэг, студийн зориулалттай файлуудыг сэргээхэд 350.000-400.000 төгрөг болох ба үүнийг нэхэмжилнэ” гэж тайлбарласан байх тул гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Ө.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Ө.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт М.ын Ө.ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар М.Ө.т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ө. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч Э.М. энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД