Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

            Улсын яллагч Б.Уранчимэг,

            Шүүгдэгч Д.Энхзул, түүний өмгөөлөгч Т.Баярбат,    

Хохирогч Ц.Энхтуяа, түүний өмгөөлөгч К.Бауиржан нарыг оролцуулан

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Дашравдангийн Энхзулд холбогдох 201625031459 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 306 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөвдүүд овогт Дашравдангийн Энхзул (РД:СЖ92022209),

            нь (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд тэмдэглэснээр) 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шударга Өргөө ХХК-д хөдөлмөрийн гэрээ болон эд хариуцагчийн гэрээ байгуулахгүйгээр нягтлангаар ажиллаж байхдаа өөрийн нэр дээр нээсэн Хаан банкны данснаас байгууллагын мөнгө болох 3.571.668 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Аудитын дүгнэлтээр 3.571.668 төгрөг гарсан. Мөрдөн байцаалтын шатанд 3.571.668 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Хэрэг шүүхэд шилжсэний дараа өмгөөлөгч авч аудитын дүгнэлттэй бүрэн танилцаад анх гарч байсан 2.900.000 төгрөгнөөс зөрүүтэй байсан учраас дахин материалаа үзэж хянах ёстой юм байна гээд хүсэлт гаргаад материалуудыг өгсөн. 3.571.668 төгрөгнөөс 2.417.300 төгрөгийг төлсөн байгаа. 3.571.668 төгрөгнөөс 1.152.000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Аудитын материал дээрээс 1.072.000 төгрөг төлөгдсөн байна гэж үзэж байгаа тул одоо үлдэгдэл 82,360 төгрөгийг төлнө. Байгууллага надад итгэж байхад итгэлийг нь алдсанд буруутай. Би 2,9 сая төгрөг өөртөө хэрэглэсэн. Хохирлын дүн дээр тохиролцохгүй гэв.

Шүүх хуралдаан дээр хохирогч Ц.Энхтуяагаас мэдүүлэхдээ:-Д.Энхзул 2.417.300 төгрөгийг аудитын дүгнэлт гарахаас өмнө төлсөн. Одоо 1.154.368 төгрөгийг төлөх ёстой. Д.Энхзулын нэр дээр данс нээгээд зээлдэгч нараас авах мөнгөө тухайн дансаар авч байсан. Д.Энхзул зээлдэгч нараас авсан мөнгөө миний 5026860494 тоот данс руу хийх ёстой байсан. Бямбацэрэн, Цэрмаа, Сити Баянаа, Дамдинсүрэн, Пүрэв, Сансарын Туул зэрэг хүмүүс зээл авсан. Эдгээр хүмүүс зээлээ төлсөн байхад Д.Энхзул дундаас нь идсэн. Одоо 1.154.368 төгрөгийг төлөх ёстой гэв.

Шүүх хуралдаан дээр гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.М.Жаргалсайханаас:-Би Д.Энхзултай 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамт ажилд орсон ба 2016 оны 6  дугаар сарын 22-ны өдөр ажлаас гарсан. Өөрийнх нь нэр дээр нээсэн данснаас мөнгө авсан гэдэг үндэслэлээр ажлаас гарсан.. Би Аудитын дүгнэлт гарахад ийм хэмжээний хохирол учирсан гэж мэдсэн, аудитын дүгнэлт гаргуулахад материалыг нь аваачиж өгсөн. Би компанийн кейш, орлого, зарлагын баримт, Д.Энхзулын дансны хуулга зэргийг авчирч өгсөн.  Намайг Энхзул данснаас мөнгө аваад ир гээд явуулдаг байсан. Тэгээд би мөнгийг нь аваад түүнд өгдөг байсан. Тэр мөнгийг Энхзул тэр хүнээс хэдэн төгрөг орж ирсэн гэдэг баримт бичээд орлогодох ёстой байдаг юм. Харин баримтаа өөрөө авдаг байсан, мөнгийг нь бол компанийн данс руу хийдэг байсан. Аудитын дүгнэлт гаргахад Д.Энхзулын нэр дээрх дансны хуулгыг ХААН банкнаас авсан байсан гэв.

2.Г.Цогзолмаагаас:-Би “Шударга Өргөө” компанид 2012 оноос хойш ажиллаж байна. Д.Энхзул 2015 оны 9  дүгээр сарын 01-ний өдөр оффис менежер, тооцооны ажилтнаар орсон. Би аудитын дүгнэлтээр гарсан 3.571.668 төгрөгийг тушаагдаагүй төлбөр гэж үзэж байгааг мэдсэн. Учир нь Д.Энхзулын дансад мөнгө ороод байгууллагын дансанд орох ёстой байдаг. Аудит дүгнэлт гаргахдаа Д.Энхзулын дансанд орсон орлогыг гаргаад баримтаар тушаагдаагүй төлбөрийг хасч гаргасан байсан.  Д.Энхзулын нэр дээр нээсэн данс руу зээлдэгч нар мөнгө хийдэг байсан ба тэр өдөр болгон орлогын баримт дээр бичээд Д.Энхтуяа захиралд бэлнээр тушаадаг байсан. Манай байгууллагаас Д.Энхзулын дансны хуулга, орлого баримт зэргийг гаргуулж авсан. Мөн зарим өдрүүдийн орлогын баримт байхгүй байхаар нь тухайн өдрийн орлого зарлагын баримт болох кейшийг хамт гаргаж өгсөн. Тухайн кейшийг Д.Энхзулын дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримттай тулгаж үзэхэд 3.571.668 төгрөгийн дутагдал гарсан. Түүний өдөр тутмын ажилд би хяналт тавих ёстой. Гэвч 2 сарын хугацаанд ийм асуудал болсон байсан. 2016 оны 4 дүгээр сарын 19-нээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны хооронд 3.571.668 төгрөгийн дутагдал гарсан. Дансыг нь тулгаж үзэхэд 4 дүгээр сарын 27-ны өдрийн 207.000 төгрөг ороогүй гэж үзсэн байгаа боловч энэ нь 4 дүгээр сарын 26-ны өдөр 203.000 төгрөг гэж бүртгэгдсэн байна гэдгийг аудитын дүгнэлт дээр 4 дүгээр сарын 28-ны өдөр 203.000 төгрөг гэж оруулсан байдаг. Мөн дүгнэлтээр 4 дүгээр сарын 26-ны өдөр орсон гэж байхгүй байхад 4 дүгээр сарын 26-ны өдөр орсон гээд бичсэн байсан. 5 дугаар сарын 16-ны өдөр Бямбацэрэн 209.000 төгрөг өгсөн нь 5  дугаар сарын 14-ний өдрийн орлого юм гэсэн байдаг. Д.Энхзулын дансны хуулгыг харахаар 5 дугаар сарын 14-ний өдөр 209.000 төгрөг хийсэн байдаг. Цэрмаагийн төлсөн мөнгийг дансны орлоготой тулгавал 5 дугаар сарын 18-ны өдөр 120.000 төгрөг ороогүй байсан. Харин аудит 5 дугаар сарын 17-ны өдөр гэсэн байна гэж он, сар, өдрийг нь зөрүүлж бичсэн байна. 6 дугаар сарын 20-ны өдөр 68.000 төгрөг Хурдын Баянжаргалын орлого дээр байхгүй. Миний гаргаж өгсөн жагсаалт дээр орсон гэж бүртгэсэн хэрнээ аудитын дүгнэлт дээр яагаад дутагдал гэж гараад байгаа вэ гэвэл Сити Баянжаргал, Болормаа нар миний гаргаж өгсөн орлогын хуулган дээр ороогүй байгаа юм. Д.Энхзул аудитын дүгнэлт гарахаас өмнө 2.000.000 гаран төгрөг төлсөн. Харин хохирлын мөнгийг 3.571.668 төгрөг гэж гаргасан шалтгаан нь хохирлын мөнгө нь 5.000.000 гаран төгрөг болсон. Бэлнээр төлсөн мөнгө нь баримтгүй болохоор хохиролд тооцохгүй хассан юм. Д.Энхзул үлдэгдэл 83.000 төгрөгийг төлөөд тооцоогоо тулгаж энэ асуудлыг дуусгая гээд байгаа боловч тийм боломж байхгүй. Аудитын дүгнэлт гаргуулахын тулд бүх санхүүгийн баримтаа өгсөн. Д.Энхзул дансаар орж ирсэн мөнгөө баримтан дээр бичээд Энхтуяа захиралд тушаадаг байсан. Эрсдлийн менежер Жаргалсайхан Д.Энхзулын данснаас мөнгө аваад Энхтуяа захирлын данс руу хийдэг байсан эсэхийг мэдэхгүй байна.  Би аудитын дүгнэлттэй сүүлд дэлгэрэнгүй уншиж танилцсан. Д.Энхзулыг анх оффис менежерээр ажилд авсан ба ажлын байрны тодорхойлолт дээр өдөр тутам зээлдэгчээс орлого авах талаар байдаг. Анх ажлыг хөнгөвчлөх зорилгоор түүний нэр дээр данс нээсэн. Татварын тайланд жижиг орлогын баримтаар татварын тооцоо гаргадаг.Тухайн баримтуудыг аудитын дүгнэлт гаргуулахад өгсөн гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Д.Энхзул нь “Шударга-Өргөө” ХХК-д оффис менежерээр ажиллаж байхдаа ХААН банкинд түүний нэр дээр нээсэн дансанд байршуулсан зээлдэгч нарын эргэн төлөлтийн 3.571.668 төгрөгийг 2016 оны 4-6 дугаар саруудад завшсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар мэдүүлсэн “Би 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр оффис мнежерээр ажилд орсон. Миний нэр дээр данс нээсэн үеэс л мөнгөнтэй харьцсан. 2016 оны 5 дугаар сарын дундуураас эхлээд данснаас өөртөө мөнгө авч хэрэглэсэн байсан. Би бэлнээр бол мөнгө авч байгаагүй. Картаар дэлгүүр болон үйлчилгээний газруудад уншуулдаг байсан. Мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан. Намайг ажилд ороход ямар нэг тушаал гаргаагүй, гэрээ байгуулаагүй. Байгууллагын мөнгийг хувьдаа ашигласан нь миний буруу. Би хохирлоо төлнө” гэх мэдүүлэг (хх-53), хохирогч Д.Энхтуяагийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “Д.Энхзулын нэр дээр данс нээгээд зээлдэгч нараас авах мөнгөө тухайн дансаар авч байсан. Д.Энхзул зээлдэгч нараас авсан мөнгөө миний 5026860494 тоот данс руу хийх ёстой байсан. Бямбацэрэн, Цэрмаа, Сити Баянаа, Дамдинсүрэн, Пүрэв, Сансарын Туул зэрэг хүмүүс зээл авсан. Эдгээр хүмүүс зээлээ төлсөн байхад Д.Энхзул дундаас нь идсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Цогзолмаагийн “Д.Энхзул 2015 оны 9  дүгээр сарын 01-ний өдөр оффис менежер, тооцооны ажилтнаар орсон. Аудит дүгнэлт гаргахдаа Д.Энхзулын дансанд орсон орлогыг гаргаад баримтаар тушаагдаагүй төлбөрийг хасч гаргасан байсан.  Д.Энхзулын нэр дээр нээсэн данс руу зээлдэгч нар мөнгө хийдэг байсан ба тэр өдөр болгон орлогын баримт дээр бичээд Д.Энхтуяа захиралд бэлнээр тушаадаг байсан. Д.Энхзулын дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримттай тулгаж үзэхэд 3.571.668 төгрөгийн дутагдал гарсан. Түүний өдөр тутмын ажилд би хяналт тавих ёстой. Гэвч 2 сарын хугацаанд ийм асуудал болсон байсан” гэх мэдүүлэг, шинжилгээ хийх, шинжээч томилох тухай мөрдөн байцаагчийн тогтоол (хх-32),

“Д.Энхзул нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ХААН банкны 5077382982 тоот төгрөгийн харилцах данснаас 28.823.018 төгрөгийн зарлага хийсэн бөгөөд энэ нь тухайн хугацаанд байгууллагад тушаавал зохих орлогын дүн юм. Үүнийг бидэнд ирүүлсэн баримтаар нэг бүрчлэн шалгаж үзэхэд 21.824.900 төгрөгийн орлогыг бэлэн мөнгөний орлогын баримтаар тушаасан 3.426.450 төгрөгийн орлогыг “Өдөр тутмын бэлэн мөнгөний тайлан”-гаар байгууллагад тушаасан, нийт 25.251.350 төгрөгийн орлогыг “Шударга-Өргөө” ХХК-д тушаасан байна. Иймд байгууллагад тушаах ёстой орлогоос баримтаар нотлогдохгүй үлдсэн 3.571.668 төгрөгийг тушаагаагүй гэж үзэж байна.” гэх “Координат Аудит” ХХК-ийн шинжилгээний тайлан (хх-34-38), Д.Энхзулыг ажилд томилох тухай “Шударга-Өргөө” ХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 15/901-1 тоот тушаал (хх-121), бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг завшсан ба ажил олгогч нь түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй, Д.Энхзул нь хөрөнгийн тайлан гаргах үүрэггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан ял сонсгосон хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, 1.072.000 төгрөг тушаасан боловч тооцоонд ороогүй гэж маргаж байгаа боловч тэрээр 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж, “Аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж тэмдэглэсэн (хх-40) байх ба нөгөө талаар аудитын дүгнэлт гаргахдаа Д.Энхзулын ХААН банкны дансанд зээлдэгч тус бүрээс тушаагдсан орлогын гүйлгээ нэг бүрийг “Шударга-Өргөө” ХХК-д тушаасан бэлэн мөнгөний баримтуудтай нэг бүрчлэн тулгасан байх тул уг шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч Хөвдүүд овогт Дашравдангийн Энхзулыг бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоос 2.417.300 төгрөг төлсөн, 2014 оны 11 дүгээр сарын 11-нд төрсөн 2 настай буюу бага насны хүүхэдтэй зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж баривчлахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцсон болно.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос 2.417.300 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул үлдэгдэл 1.154.368 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

            Хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөн байцаагчийн тогтоолоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шинжээчид төлсөн 750.000 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хөвдүүд овогт Дашравдангийн Энхзулыг бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар шүүгдэгч Д.Энхзулыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Д.Энхзул нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Энхзулаас 1.154.368 (нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулж, хохирогч Харнууд овогт Цуйлангийн Энхтуяа (РД:ЧМ77112169)-д олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч Д.Энхзулаас 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын в-1, 343 тоотод байрлах “Шударга-Өргөө” ХХК (РД:5855829)-д олгосугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Энхзулд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ