| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 124/2024/0007/З |
| Дугаар | 221/МА2025/0128 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0128
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2025/0128 | Улаанбаатар хот |
“ББ” ХХК,
“Н” ХХК нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “ББ” ХХК-ийн төлөөлөгч Э.Б, “Н” ХХК-ийн төлөөлөгч Ц.В нар;
Нэхэмжлэгч: “ББ” ХХК
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/2** дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, “БИ” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З , Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай.
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 124/ШШ2024/0034 дугаартай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч “ББ” ХХК-ийн төлөөлөгч Ц.В,
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч Э.Б,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Н нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 124/2024/0007/3/н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ББ” ХХК, “Н” ХХК нараас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/2** дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, “БИ” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З , Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 34 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн
1 дэх заалтаар Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ББ” ХХК болон “Н” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/2** дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “ББ” ХХК, “Н” ХХК-ийн “БИ” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З, Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “ББ” ХХК-ийн төлөөлөгч Ц.В, “Н” ХХК-ийн төлөөлөгч Э.Б нараас давж заалдах гомдолдоо:
3.1. “Увс аймгийн бүх сумууд болон аймгийн төвийн захын хороололд байрлах байгууллага албан газруудыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нэгдсэн халаалтаар халааж эхлээд 20 гаруй жил болж байна. Анх эдгээр компаниуд концессын гэрээгээр өөрсдийн хөрөнгөөр халаалтын шугам сүлжээ, тогоо зэргийг байрлуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл төртэй байгуулсан одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа концессын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэг. Харин гэрээний нөгөө тал болох аймгийн Засаг дарга нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй байнга зөрчдөг.
Үүний нэг жишээ бол аймгийн Засаг даргын зүгээс эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн чиглэлийг хэрэгжүүлж байгаа гэх нэрийн дор зөвхөн орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын халаалтын талбай, эзлэхүүнийг дахин хэмжиж түүгээрээ халаалтын төлбөрийг шинэчлэн бодох нэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт жил бүр 1.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа явдал болно.
Энэ талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрчим хүчний тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн аймгийн Засаг даргыг буруутгах үндэслэл алга гэж үзээд хэрийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдэхдээ хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдсэн учир шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
3.1.1. Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн чиглэл нь өнөөдрийг хүртэл хэрэгт авагдаагүй тул үнэхээр халаалтын талбай эзлэхүүнийг дахин хэмж гэсэн үүргийг хэзээ хэдэн тоот бичгээр ирүүлсэн үүнийг хэрэгжүүлэх хугацаа ямар байсныг бид мэдэж чадаагүй.
3.1.2. Халаалтын зардал тооцох эзлэхүүн, талбайг хэмжихдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт мэдэгдээгүй хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж мэдэх нь туйлын тодорхой байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг оролцуулж байж хэмжилт хийх байтал огт оролцуулаагүй.
3.1.3. Хэмжилтийг хийхдээ МNS6085:2009 гэх стандартыг буюу орон сууцны барилгын талбайг хэмжих стандартаар хэмжиж байгаа нь буруу. Яагаад гэвэл анх орон сууцны барилга барьж зарж байгаа тал болон худалдан авч байгаа талуудын хооронд талбайг хэрхэн хэмжихээс эхлээд улсын бүртгэлийн байгууллага яаж бүртгэх хүртэл маргаан үүсгэж энэ харилцааг зохицуулах зорилгоор энэ стандартыг баталж байсан.
Худалдах, худалдан авах харилцаанд зориулсан дотор талын хүн ашиглаж болох цэвэр зайг тогтоох. Харин халаалтын эзлэхүүнийг тогтоох нь өөр зүйл бөгөөд халаалтыг тооцоход тухайн барилгын хийц, бүтэц, материалын дулаан шингээх чанар, цонх, хаалганы хэмжээ, тухайн орон нутгийн гадна агаарын хэм зэрэг олон зүйл нөлөөлдөг.
Өнөөдрийн байдлаар энэ бүхнийг багтаасан стандарт манай улсад байхгүй. Ийм байхад өөр зорилгоор батлан гаргасан стандартаар хэмжсэн гэж байгаа нь буруу юм.
3.1.4. Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа харилцааг зохицуулахын тулд тухайн цаг үед нь шийдвэр гаргаж дараа нь бичгийн хэлбэрт оруулах талаар хуульчилсан. Тэгвэл халаалтын зардлыг тооцох талбай эзлэхүүний хэмжилтийг “БИ” ХХК-иар хийлгэж, ажлаа 2023 оны 12 дугаар сард хүлээн авсан байх бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ хэмжилтээр төлбөрөө тооцож эхэлсэн. Энэ шийдвэр нь амаар болон бичгийн хэлбэрээр огт гараагүй.
Мөн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт огт мэдэгдээгүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын төлбөрөө нэхэмжилж төлбөр төлөгдөх үед мэдсэн байх ба энэ талаараа гомдол гаргаж аймгийн Засаг даргатай уулзсаны дараа 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 01/2** тоот албан бичгийг гаргаж энэ бичгээрээ гаргаж буй шийдвэрийнхээ хэрэгжих хугацааг урагшлуулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан захиргааны акт гаргах процесс ажиллагааг бүхэлд нь зөрчсөн.
Аймгийн Засаг даргын хувьд эрх мэдлээ хэтрүүлсэн, дураар аашилсан ажиллагаа болсон. Уг нь Монгол Улс эрх зүйт төрийг байгуулж хууль дээдлэх зарчим нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болж, төрийн байгууллага, албан тушаалтан нарын дур зоргоор аашлах явдлыг Захиргааны ерөнхий хуулиар хязгаарлаж нэг мөр хуульчилсан байхад анхан шатны шүүх зөвтгөж шийдэж байгаа нь харамсалтай.
Ардчилсан төрт ёсонд огтоос байж үл болох зорилго нь аргаа зөвтгөдөг зарчмыг шүүх энэ шийдвэрээрээ тогтоосон.
3.1.5. Шүүх ижил хэргийг адилхан шийдэх ёстой. Хэдийгээр хэрэг бүр өөр өөрийн онцлогтой тухайн хэргийг шийдэхдээ бусад хэрэгтэй барьцаж болохгүй гэдгийг мэдэх боловч энэ тохиолдол дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч “МУ” ХХК нь аймгийн Засаг даргад холбогдуулан ижил утга бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэхдээ “БИ” ХХК хийсэн хэмжилттэй маргаагүй байна.
Иймд аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 01/2** тоот албан бичиг нь танай хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэхгүй гэж шийдсэн. Өмнө нь гарсан шийдвэр жишиг болж болох учир бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “БИ” ХХК хийсэн хэмжилтийн З, Ө сумуудын холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгох шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй учир давж заалдах шатны шүүхэд хандаж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа бусад байгууллагыг татан оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд аймгийн Засаг даргын хувьд шинээр гаргахдаа “БИ” ХХК-ийг татан оролцуулж байгаа. ... Гэтэл анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг бие даасан шаардлага мэтээр хүлээн авч захиргааны хэргийн шүүхийн маргаан биш гэж шийдсэн нь нэхэмжлэлийн 2 шаардлага түүний уялдаа холбоог нарийн анхаарч үзээгүй явдал болсон.
Дээрх нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул гомдол гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;” гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын орон нутгийн өмчийн талаар эдлэх эрхийг хуульчилснаас үзвэл, хариуцагч Увс аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа орон нутгийн өмчийн барилга байгууламжийн талбайн эзэлхүүнд өмчлөгчийн хувьд тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх бүрэн эрхтэй байна.
3. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Төсвийн байгууллагуудын барилгын талбай, эзлэхүүний хэмжилтийн тухай” 01/2** дугаар албан бичгээр Сумдын Засаг дарга нар, Төсвийн байгууллагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт ...Сумдын нэгдсэн халаалтын зуухны газраас дулаанаар хангагдаж буй төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардлыг тооцох талбай, эзлэхүүний хэмжилтийг “БИ” ХХК-ийн гаргасан хэмжилтийн тооцооллын дагуу тооцож, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг мэдэгдсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал,
3.1. Дээр дурдсан албан бичиг нь Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ” гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан /Дулаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хооронд харилцааг зохицуулсан/ “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төлбөр тооцооны ерөнхий нөхцөл”, 5.1.1-д “Дулааны эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан дулааны тоолуур, ...барилгын эзлэхүүн, талбай, зураг төслийн тооцоот хүчин чадал, хүний тоо нь дулааны эрчим хүчний төлбөр тооцооны үндэслэл болно”, 5.3-д “Тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөл.”, 5.3.1-д “Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно”, 5.3.4-д “Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан барилгад, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд халаалтын төлбөрийг эзлэхүүнээр тооцно. Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг өрөөний урт, өргөн, өндөр /давхрын бодит өндөр/-ийн хэмжээгээр тодорхойлно”, 6.1-д “Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хяналт тавина” гэж тус тус заасантай нийцжээ.
4. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 45 дугаар зүйлийн 45.3-т “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга захиалагч байна.” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэмжилтийн ажил хийлгүүлэхээр тендер зарлаж, уг тендерт шалгарсан “БИ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих “Төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардал тооцох, талбайн эзлэхүүнийг шинэчлэн тогтоох” ажлын хэмжилтийг гүйцэтгүүлсэн байна.
4.1. Хэмжилтийн ажлыг гүйцэтгэсэн “БИ” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас 2018 онд ЗТ45-1545/18 дугаартай “Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах” тусгай зөвшөөрөл авч ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг;” гэж заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
4.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас хариуцагчийн мэдэгдэлтэй холбогдуулан халаалтын төлбөр тооцох хэмжээ, үнэ тарифын талаарх гомдлыг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасны дагуу тус хороо 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09/276 дугаар албан бичгээр “...Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн байна” гэх агуулга бүхий хариу хүргүүлжээ.
4.3. Дээрхээс үзэхэд, “БИ” ХХК нь Компанийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын ... хуулийн этгээд байх тул үүнтэй холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэхээргүй байна.
4.4. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй “Төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардал тооцох, талбайн эзлэхүүнийг шинэчлэн тогтоох” хэмжилтийн ажлыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга гүйцэтгээгүй бөгөөд уг хэмжилтийг хийсэн “БИ” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй.
4.5. Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлийн шаардлагаар Увс аймгийн Засаг даргыг хариуцагчаар тодорхойлох боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн “...аймгийн Засаг дарга нь маргаан бүхий хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгээгүй, мөн хэмжилтийн буруу, зөвийг хянах эрх бүхий этгээд биш...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
4.6. Иймд нэхэмжлэгч “ББ” ХХК, “Н” ХХК нараас гаргасан “...“БИ” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З, Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцсэн байна.
5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 124/ШШ2024/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА