Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0787

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК /РД: *******/

Хариуцагч: МУБИС БТССТЗИЗАТҮХ

Гуравдагч этгээд: С ХХК /РД: *******/

Нэхэмжлэлийн шаардлага: МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан болохыг  тогтоох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Н.Ч нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б ХХК-ийн зүгээс МУБИС зарласан МУБИС/20******0 тендерийн дугаартай Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын сонгон шалгаруулалтад 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу өөрийн материалыг бүрэн дүүрэн бүрдүүлж оролцсон болно.

          МУБИС/20******0 дугаартай Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендерийн шалгаруулалтын үр дүнг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн, мөн тус өдөр буюу 7 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 39 минутад Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд С ХХК шалгарсан талаар нийтэлсэн байна.

          Харин тус МУБИС/20******0 тендерт оролцсон С ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илтэд, ноцтой зөрчин хууль бус тендерийн материал бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцсоор байтал хариуцагчийн зүгээс тус компанийг шалгаруулсан нь хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гаргалаа. Улмаар хууль тогтоомжийг зөрчсөн энэхүү нөхцөл байдлын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус, илтэд ашиг сонирхлын зөрчил бүхий тендерийн үйл ажиллагааг хүчингүй болгуулахаар Сангийн яаманд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан болно.

          Тус яамны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/4210 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр " ...танай албан бичигт захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдлийг хавсаргаагүй байх тул дээрх журмын 4.5-д заасны дагуу гомдлыг буцааж байна" гэх хариуг өгсөн болно.

          Бидний зүгээс Сангийн яамны хариунд дурдсаны дагуу мэдэгдлийг хавсарган тус яаманд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин хандсан хэдий ч 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4430 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна" гэх хариу тус тус өгсөн болно.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "тендерт оролцогч нь... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана" гэх заалтын дагуу тендерт оролцогч захиалагчийн хууль бус, илтэд ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо шууд Сангийн яаманд гаргасан хэдий ч тус байгууллага эхний гомдлын хариуг мэдэгдэл дутуу, баримт бичгийг дахин бүрдүүлэн хуулийн хугацаанд хандахад хугацаа дууссан гэх шалтгаанаар Б ХХК-ийн үндэслэл бүхий, тендерт шалгарсан байгууллагын хууль бус материалын бүрдүүлэлт бүхий тендерийн оролцогчийн талаарх гомдлыг шийдвэрлээгүй болно.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасанчлан энэхүү тендерт ч мөн адил ил тод, үр ашигтай, хариуцлагатай, хуулийн хүрээнд явагдах шаардлагатай.

          Гэтэл С ХХК-ийн тендерт илгээсэн материалтай эрхийн дагуу танилцахад тендерийн баримт бичгийг дутуу илгээсэн, зарим баримт бичиг нь бодитой үнэн эсэх нь эргэлзээтэй дараах баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал тогтоогдоод байна.

          Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 5.2 (д) "ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын захиалагчийн тодорхойлолт, комиссын акт, ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ” гэх заалтыг дараах байдлаар тус тус хангаагүй зөрчсөн байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 13 хороо 26 дугаар сургуулийн спорт заалны барилгын БСШУСЯ/201902106 тоот тендер шалгаруулалтад С ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцсон эсэх нь эргэлзээтэй байна. 1 тэрбум 200 саяын төсөвт өртөгтэй БСШУСЯ/201902106 тоот тендер шалгаруулалтад шалгарсан Э ХХК-тай байгуулсан 282 сая төгрөгийн үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ нь бодит үнэн гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь туслан гүйцэтгэгч нь төсөвт өртөгийн 10 хувиас хэтрэхгүй үнийн дүнтэй гэрээ байгуулах журамтай байдаг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2019/979 тоот улсын комиссын актад туслан гүйцэтгэгчээр оролцсон эсэх мөн эргэлзээтэй байна.

           Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 дахь хэсэгт "харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлнэ" (нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай) гэх заалтыг дараах байдлаар хангаагүй зөрчсөн байна. Тухайлбал нийгмийн даатгалын тодорхойлолтыг QR болон тодорхойлолтын кодоор тус тус шалгахад 2021 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын тодорхойлолт гарч ирж байна. Энэ нь тус тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн мөн тендер нээсэн өдөр нийгмийн даатгалын өртэй байсан байж болзошгүй байна.

          Тендерт шалгарсан С ХХК нь дээрх журмын заалтуудыг тус тус ноцтой зөрчиж баримт материал дутуу, шаардлага хангахгүй баримт материалыг бүрдүүлж тендерт оролцсон бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийг нэг дэх хэсгийн 14.1.6 дахь заалтад заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг илтгэж буй.

          Хариуцагчийн зүгээс ийнхүү хуульд заасан үйл ажиллагааг явуулалгүйгээр, хараат бусаар, хуульд нийцүүлэн тендер шалгаруулалтыг явуулж чадаагүйгээс үүдэн хууль бус баримт бичиг бүрдүүлсэн С ХХК-ийн зүгээс МУБИС зарласан МУБИС/20******0 тендерийн дугаартай Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлыг хийж гүйцэтгэх болоод байна.

   Иймд МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендерийн үнэлгээний хороо нь /тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй/ С ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, МУБИС/20******0 дугаартай тендерээр С ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.

   Хариуцагч МУБИС “Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажил”-ын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 5.2(д)-д зааснаар ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо нь сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх захиалагчийн тодорхойлолт, комиссын акт, ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. С ХХК-иас авсан тодруулгаар 2019 онд Э ХХК-тай байгуулсан ажлын гэрээ, захиалагчийн тодорхойлолт, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2020 онд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бтай байгуулсан Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажлын гэрээ, комиссын дүгнэлтийг тус тус нотариатаар батлуулан ирүүлсэн нь шаардлагад нийцсэн.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 дахь хэсэгт “Харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлнэ(нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай) гэх заалтын хувьд тендерийн материалыг хянан үзэх үед нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор өргүй тухай тодорхойлолт ирүүлсэн.

Тендерийн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засвар МУБИС/20******0 дугаартай тендерийн хянан үзэх, үнэлэх тухай хурлын шийдвэрийн дагуу оролцогч С ХХК болон Б ХХК нараас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9 дэх хэсэгт " Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно" гэж заасны дагуу тендерт оролцогч компаниудаас тодруулга авсны дараа 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тус оролцогч нараас ирүүлсний дараа тодруулгыг хянан үзэхэд С ХХК-ийн ирүүлсэн баримт нь тендерийн баримт бичиг, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан гэж үнэлгээний хороо дүгнэсэн тул С ХХК-ийг тендерт шалгаруулсан. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендер амжилтгүй болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дахин нээлттэй тендер явуулах боломжгүй юм.

Тендерийн баримт бичиг, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан санхүүгийн болон техникийн чадавхи, туршлагыг үнэлэхэд шаардлагатай материалуудыг Б ХХК-иас ирүүлсэн нь шаардлага хангаагүй нь тогтоогдсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14 дүгээр зүйлээс 16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана" мөн хуулийн 12.3 дахь хэсэгт “энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу Б ХХК-ийг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн уг маргааны зүйл болсон МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт, тоглоомын заалны их засварын ажил бүрэн дуусч, комисс хүлээн авч хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно. Иймд МУБИС “Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажил”-ын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны Б ХХК-ийг тендерээс татгалзаж С ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”.

          Гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б ХХК 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр А/008 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан. Дээрх гомдлын хариуг Сангийн яам 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4430 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "тендерт оролцогч нь ....... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана" гэж заасныг зөрчжээ. Нэхэмжлэгч Б ХХК нь гомдлоо Сангийн яаманд ажлын 5 өдрийн дотор гомдол гаргаагүй хугацаа хэтрүүлсэн нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй тул Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

          С ХХК-ийн хувьд Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас зарласан Биеийн тамирын сургуулийн спорт, тоглоомын заалны их засварын ажлын сонгон шалгаруулалтын тендерт оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөөгүй.

          Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 5.2(в)-д зааснаар сүүлийн 2 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримтаа хүргүүлсэн. Энд 2019 онд Э ХХК-тай байгуулсан гэрээ, захиалагчийн тодорхойлолт, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Баянхонгор аймгийн Б ХХК-ийн сургуулийн дотуур байрны их засварын ажлын гэрээ, комиссын дүгнэлт зэргийг нотариатаар батлуулан хүргүүлсэн.

          Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 5.2-д зааснаар сүүлийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтоор ирүүлэх гэсний дагуу С ХХК нь нийгмийн даатгалгүй, өргүй тухай тодорхойлолтыг үнэлгээний хороонд хүргүүлсэн.  

          С ХХК нь заалны их засварын ажлын сонгон шалгаруулалтын тендерт оролцож, МУБИС 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/626 дугаар албан бичгээр манай тендер шаардлага хангасан гэж үнэлгээний хороо дүгнэсэн тул гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдэл ирүүлсэн. Манай тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлага хангасан тул захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон.

          Тус компани Монгол Улсын Боловсролын Их Сургуультай 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажил гүйцэтгэх МУБИС/20******0 дугаар гэрээ байгуулсан. Гэрээгээр Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эхэлж 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

          Ингээд С ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн дуусган 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 62 дугаар МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажил хүлээлцсэн комиссын акт үлдсэн. Мөн гэрээ дүгнэсэн протокол үйлдэн ажлын үр дүнг хүлээлгэн өгч ажлын хөлсийг захиалагч талаас бүрэн олгосноор гэрээ зорилгодоо хүрч дуусгавар болсон. Гэтэл уг тендерт хамт оролцож шаардлага хангаагүй Б ХХК үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд Б ХХК-ийн МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт, тоглоомын заалны их засварын ажлын сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Б ХХК нь тус шүүхэд МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн үндэслэлдээ:

          “С ХХК нь сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын захиалагчийн тодорхойлолт, комиссын акт, ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх шаардлагыг зөрчсөн. Хан-Уул дүүргийн 13 хороо 26 дугаар сургуулийн спорт заалны барилгын БСШУСЯ/201902106 тоот тендер шалгаруулалтад С ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцсон эсэх нь эргэлзээтэй.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 5.2 дахь хэсэгт "харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлнэ" (нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай) гэх заалтыг зөрчсөн тул хууль бус тендер сонгон шалгаруулалт явагдсан” гэж,

Хариуцагчаас “...Б ХХК-ийг тендерээс татгалзаж С ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байсан, мөн МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт, тоглоомын заалны их засварын ажил бүрэн дуусч, комисс хүлээн авч хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно” гэж,   

Гуравдагч этгээдээс “...тендерийн бичиг баримт хуурамчаар үйлдээгүй, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлээгүй, мөн МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын сонгон шалгаруулалтын ажил бүрэн дууссан” гэж тус тус маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А/001 тоот албан бичгээр тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч хянуулахаар Сангийн яаманд гомдол [1] гаргасан бөгөөд гомдлыг буцаасан тухай хариуг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 6-1/4210 тоот албан бичгээр авсан, мөн оны 8 дугаар сарын 03-ны өдөр А/008 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргаж, гомдлын хариуг Б ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 6-1/4430 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

 Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Сангийн яамны 6-1/4430 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нь хоёр удаа Сангийн яаманд гомдол гаргаснаас гадна гомдлын хариуг хүлээн авснаас хойш гуч хоногийн дотор буюу 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Б ХХК-ийг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны жармаар гомдлоо хянуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

          Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 5.2 (д) "ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын захиалагчийн тодорхойлолт, комиссын акт, ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ гэх шаардлагыг тусгажээ.

          МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тендерт оролцогч С ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2020/105 дугаар гэрээ[2], 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/45 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг [3] тендерийн материалд ирүүлсэн.

           Мөн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлд С ХХК нь Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу захиалагчийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар Э ХХК-тай хийсэн ажлуудын гэрээ, ажил хүлээлцсэн актуудын хуулбарыг [4] ирүүлсэн талаар дурдсан байна.

          Түүнчлэн Э ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21/028 дугаар[5] албан бичгээр С ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 26 дугаар сургуулийн спорт заалны 30м*18м хэмжээтэй дотор модон шал, талбайн тоноглолын ажлыг 282 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн талаар тодорхойлолт ирүүлсэн байна.

          Хан-Уул дүүргийн 13 хороо, 26 дугаар сургуулийн спорт заалны барилгын БСШУСЯ/201902106 тендер шалгаруулалтад С ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцож, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 219/979 дугаар[6] Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд туслан гүйцэтгэгч С ХХК-ийн ерөнхий захирал Б.Б гарын үсэг зурсан.

          Харин тус шүүхэд Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд[7]  тус тендерийн ажилд  туслан гүйцэтгэгчээр оролцсон С ХХК-ийн нэр ороогүй нь дээр дурдсан туслан гүйцэтгэгчээр ажилласныг үгүйсгэх баримт болохгүй бөгөөд  хариуцагч тендерийн үнэлгээний хорооны үнэлгээг буруутгах үндэслэлгүй.

          Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 дахь хэсэгт "харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлнэ" гэж зааснаар С ХХК-ийн ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор С ХХК нь 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн дүн 0 байсан байна [8].  

          Харин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэлд С ХХК нь 01 дүгээр сарын байдлаар эцсийн үлдэгдэл 148.000 төгрөг, 02 дугаар сарын байдлаар эцсийн үлдэгдэл 189.000 төгрөг, 3 дугаар сарын байдлаар эцсийн үлдэгдэл 0 төгрөг, 4 дүгээр сарын байдлаар эцсийн үлдэгдэл 441.000 төгрөг, 5 дугаар сарын байдлаар эцсийн үлдэгдэл 882.000 төгрөг, 6 дугаар сарын байдлаар эцсийн үлдэгдэл 423.000 төгрөг, 7 дугаар сарын байдлаар эцсийн үлдэгдэл 495.000 төгрөг байна. [9]  

             Үүнийг С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа С ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 882.000 төгрөгийн төлбөрийн өрөнд 1.050.000 төгрөгийн илүү төлөлт хийж, өргүй болсон. Ийнхүү С ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдлээ төлсөн хэдий ч 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тендерийн материалаа дахин илгээхэд 423.000 төгрөгийн өр гарч ирсэн нь нийгмийн даатгалын систем шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор сайтад өртэй харагдаж байна гэх тайлбар өгсөн.

          С ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас авсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагчаас энэхүү тодорхойлолтыг шаардлагад нийцсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд уг тодорхойлолтоор тендерийг нээх өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй гэж үнэлсэн тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т нийцсэн байна.

           МУБИС/20******0 тендерийн дагуу гүйцэтгэсэн Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажил дууссан болох нь ажил хүлээлцсэн комиссын акт,[10] гэрээ дүгнэсэн протокол,[11] тендерийн ажлын гүйцэтгэлээр нотлогдож байна.  Мөн дээрх их засварын ажлыг хүлээлцсэн комиссын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаар актад захиалагч нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс  спорт тоглоомын заалыг ашиглалт оруулахыг зөвшөөрсөн.

            Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэхэд  МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1ендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1.Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ, 29 дүгээр зүйлийн 29.1.Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасныг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

          Түүнчлэн МУБИС/20******0 тендерийн үнэлгээний хорооны С ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймээс МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын МУБИС/20******0  тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны С ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан МУБИС Биеийн тамирын сургуулийн спорт тоглоомын заалны их засварын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

                      

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

                                                           

 

[1] 1 дэх хавтасны 15 дахь тал

[2] 1 дэх хавтасны 234 дахь тал

[3] 1 дэх хавтасны 238 дахь тал

[4] 1 дэх хавтасны 129 дэх тал

[5] 1 дэх хавтасны 241 дэх тал

[6] 1 дэх хавтасны 250 дахь тал

[7] 2 дахь хавтасны 134 дэх тал

[8] 2 дахь хавтасны 2 дахь тал

[9] 2 дахь хавтасны 40 дахь  тал

[10] 2 дахь хавтасны 95 дахь тал

[11] 2 дахь хавтасны 96 дахь тал