Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2019/00088/И |
Дугаар | 102 |
Огноо | 2019-07-10 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Нэхэмжлэгч С.С
Хариуцагч Х.Э нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг оршин суух С.С нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг оршин суух Х.Э холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Эрдэнэбаттай 2016 оноос эхэлж хамтран амьдарсан. 2019 оны 02 сараас бид тус тусдаа амьдарч байгаа. Хамт амьдарч байхдаа 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүү Э.Э төрүүлсэн. Х.Э нь архи ууж агсам тавьж гар хүрдэг болсон. Х.Э нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй. Х.Э нь одоо эхнэр авсан. Би одоо хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Бид хоёр хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулж амжаагүй. Х.Э архи уучихаад намайг зоддог байсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Х.Э хүүдээ согтуудаа хоёр удаа гар хүрч зодож байсан. Тийм учраас хүүгээ Х.Эрдэнэбатад үлдээж чадахгүй. Хүү Э.Э миний өөрийн асрамжидаа үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.С тай 2016 оноос эхэлж хамт амьдарсан. 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүү Э.Э төрсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Би архи ууж агсам тавьдаг болсон. Бид хоёр 2019 оны 03 сар хүртэл хамт амьдарсан. Хүү Э.Э бол миний хүүхэд мөн. Би 2017 оноос хойш ажил хийж байгаа. Би хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Уг нь би хүүхдээ өөрөө авч өсгөх бодолтой байна. Шүүх асрамжийн асуудлыг шийдэх байх. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Х.Э-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
Нэхэмжлэгч С.С гийн “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.С нь хариуцагч Х.Э-тай хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 10 сарын 19-ний өдөр төрсөн хүү Боржигин овогт Эрдэнэбатын Эзэнмөнхийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.С , хариуцагч Х.Э нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцаа, үзэл бодол таардаггүй байсны улмаас тусдаа амьдарч байна.
2017 оны 10 сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Э төрсөн эх С.С гийн асрамжид үлдээж өгнө үү гэх С.С гийн хүсэлт, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Э.Э эх С.С гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
-мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
-мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Х.Э-аас гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.С нь хүү Э.Э тэй нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч С.С , хариуцагч Х.Э нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч С.С гийн “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Э-ийг эх С.С асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Э 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Х.Э гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Э.Э ийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.С-д даалгасугай.
5.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.С гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 31564 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Х.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамж 31564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С д олгосугай.
7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
9.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ