| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2023/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/193 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/193
2023 02 07 2023/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Э.Баасанбаяр,
шүүгдэгч Ө.Р. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ө.ын Р.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 0078 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын татах хэсэгт машинист ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б. овогт Ө.ын Р..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Р. нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU дэлгүүрийн ойролцоо хохирогч Ж.Д.г салаавч гаргалаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Р. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ж.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 дугаар эгнээ рүү дөхөж очоод гараа өргөөд зогсож байхад тус эгнээгээр зорчиж байсан 67-69 УБИ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Альфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэх хүн цонхоороо надад хандаж “Гуйлгачин минь холдооч” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд түүн рүү салаавч гаргаад “май чи муу, зайл” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг өнгөрөөд машинаа байрлуулчихаад, бууж ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохиод, дахиад цохих гэтэл CU дэлгүүрийн үүдэнд байсан залуу харчихаад болиулсан ба эхнэр нь бууж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Миний уруул, шүд орчимд 2 удаа гараараа цохисон. Үүний улмаас миний үүдэн шүд хөдөлсөн. Уруулын дотор талд шархалсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 886 тоот: “Ж.Д.гийн биед баруун доод үүдэн шүдний 1-р шүдний сулрал, доод уруулын салстын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.Р. нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU дэлгүүрийн ойролцоо хохирогч Ж.Д.г салаавч гаргалаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ө.Р.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ө.Р. нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU дэлгүүрийн ойролцоо хохирогч Ж.Д.г салаавч гаргалаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ж.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 дугаар эгнээ рүү дөхөж очоод гараа өргөөд зогсож байхад тус эгнээгээр зорчиж байсан 67-69 УБИ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Альфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэх хүн цонхоороо надад хандаж “Гуйлгачин минь холдооч” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд түүн рүү салаавч гаргаад “май чи муу, зайл” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг өнгөрөөд машинаа байрлуулчихаад, бууж ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохиод, дахиад цохих гэтэл CU дэлгүүрийн үүдэнд байсан залуу харчихаад болиулсан ба эхнэр нь бууж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Миний уруул, шүд орчимд 2 удаа гараараа цохисон. Үүний улмаас миний үүдэн шүд хөдөлсөн. Уруулын дотор талд шархалсан байна.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 886 тоот: “Ж.Д.гийн биед баруун доод үүдэн шүдний 1-р шүдний сулрал, доод уруулын салстын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ө.Р.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ө.Р.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Ж.Д. нь хохирол төлөгдсөн гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ө.Р.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Ө.ын Р.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Р.д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ө.Р.д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Р. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Р.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД