Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2019/00563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00348/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, *******-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух *******,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. баг, ..тоотод оршин суух ******* нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 31,754,864.71 төгрөг, зээлийн хүү 2,802,568.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,568.17 төгрөг, нийт 34,573,001.10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч *******, ******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус банктай “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан, 42,000,000 төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, ..тоотод байрлах, Ү.. улсын бүртгэлийн дугаартай, .. талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу банкны зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бүрэн үндэслэлтэй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2019 оны 04  дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 31,754,864.71 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2,802,568.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,568.17 төгрөг, нийт 34,573,001.10 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 34,576,001.10 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..баг, .. хороолол, ..тоотод байрлах, .. улсын бүртгэлийн дугаартай, .. талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч болон хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 01 сарын 31-ний өдөр Худалдаа, хөгжлийн банктай барьцаат зээлийн гэрээ байгуулан 42,000,000 төгрөгийн орон сууцны зээлээр Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 дүгээр байрны 08 тоот байрыг авсан бөгөөд гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээний дагуу сар бүр графикийн дагуу төлөлт хийж байсан. 2018 оноос эхлэн бизнес эрсдэлд орон, сар бүрийн төлөлтөө хугацаа алдан сүүлийн саруудын төлөлтийг хийгээгүй байгаа бөгөөд 2018 оноос хойш байгуулахаар хөөцөлдөж байгаа бизнесийн гэрээ маань тун удахгүй хийгдэж компанийн маань санхүүжилт орж ирэх шатандаа байгаа тул цаашид гэрээнд заагдсаны дагуу сар бүрийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөх бүрэн боломжтой болох тул барьцааны гэрээг бүхэлд нь дуусгавар болгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Талуудын хооронд 2013 оны 01 сарын 31-ний өдөр 15 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа дуусах болоогүй. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж татгалзах эрхийг заасан. Гэрээнээс татгалзах нэмэлт хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзах асуудлаар мэдэгдэж байсан эсэх нь нотлох баримтаас харагдахгүй байна. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 онд шаардаж байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь гэрээнээс татгалзах тухай биш зээлээ төлөхийг шаардаж байсан шаардлага байгаа. Тухай бүрт нь зээлээ төлөөд зөрчлийг арилгаж байсан. 2018, 2019 онд ийм шаардлага гаргаж байгаагүй. Гэрээнээс татгалзах үндэслэлийг Иргэний хуулийн 225.5-д зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй илт байвал, үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байхад гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Гэрээнээс татгалзаж байгаа бол 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоох ёстой байдаг. Үүнийг Иргэний хуулийн 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно” гэсэн байдаг. Энэ хугацаанд гэрээнээс татгалзах талаар дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдна гэж заасан. Үүнээс харахад гэрээнээс татгалзаж байгаа тал нь гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа нөгөө талдаа дор хаяж хоёр удаа мэдэгдэх ёстой гэж харагдаж байна. Иймд ******* нь Иргэний хуулийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна.

Хариуцагч  нь Иргэний хуулийн 225.2-т зааснаар гэрээ болон гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн байна гэж харахаар байна. Жишээлбэл, 2019 оны 04 сарын 07-ний өдрийн байдлаар 31,754,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Гэтэл графикийн дагуу 2019 оны 04 сарын 11-ний өдрийн байдлаар 30,182,406 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар байна. Энэ нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,600,000 орчим төгрөгийн зөрчилтэй байна. Үүнийг төлөөд цааш зээлийг графикийн дагуу үргэлжлүүлээд явах боломжтой. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 31,754,864.71 төгрөг, зээлийн хүү 2,802,568.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,568.17 төгрөг, нийт 34,573,001.10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нь “бизнесийн гэрээ удахгүй хийгдэж, санхүүжилт орж ирэх шатандаа байгаа тул цаашид сар бүрийн төлөлтийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх боломжтой болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан дээр “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоогоогүй, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтоох бөгөөд энэ хугацаанд гэрээнээс татгалзах талаар дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргадаг болно.

 

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******, ******* нартай 2013 оны 01 сарын 31-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр 42,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, 15 жил буюу 180 сарын хугацаатайгаар, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр зээлж, мөн өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулж, *******ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 дүгээр байрны 8 тоотод байрлах, Ү-2003000995 улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ”-гээр зээлийн үндсэн хүүг жилийн 8 хувь болгон өөрчилсөн зэрэг нь хэрэгт авагдсан гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. 

 

Талуудын байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 9.2.2-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн” тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлэхээр заажээ.

 

Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний 6.2.2-т заасан гэрээний 3.1-д заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг банкин дахь дансанд төлөх үүргээ 2014 оноос эхлэн удаа дараа зөрчиж, зээлийн ангилал буурч байсан, мөн 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс хэвийн ангиллаас дахин буурч, 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй зэрэг нь хэрэгт авагдсан 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 7-467/206, 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 7/467-214, 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 7-467/220 дугаартай үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичиг, 2017 оны 10 сарын 27-ны өдрийн мэдэгдэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч *******ийн *******-д 2018 оны 12 сарын 26-ны өдөр гаргасан “...2018 оны 04 дүгээр сараас төлөгдөөгүй 9 сар болсон. Цаашид зээл төлөгдөөгүй саруудын зөрчлийг арилгаж 2019 оны 03 сараас бүх зөрчлийг дуусган графикийн дагуу зээлийг хэвийн болгоно...” гэсэн хүсэлтээр харуицагч нар нь гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээний 9.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч *******нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн  225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоогоогүй, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтоох бөгөөд энэ хугацаанд гэрээнээс татгалзах талаар дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж тайлбарладаг боловч дээр дурдсан хариуцагч *******ийн *******-д гаргаж байсан 2018 оны 12 сарын 26-ны өдрийн хүсэлтээр 2019 оны 03 дугаар сард бүх зөрчлийг арилгахаар хүсэлт гаргасан боловч энэ хугацаандаа үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь дээрх хугацаанд хариуцагч нар үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хүсэлтэд заасан хугацаа өнгөрснөөс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул дээрх хуульд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон байна гэж үзнэ.

Иймд дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч *******нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөр, хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдаж байна.

 

Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 31,754,864.71 төгрөг, зээлийн хүү 2,802,568.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,568.17 төгрөг, нийт 34,573,001.10 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул хариуцагч *******, ******* нарын зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ы хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2013 оны 01 сарын 31-ний өдрийн 13/32 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн үндсэн төлбөр 31,754,864.71 төгрөг, зээлийн хүү 2,802,568.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,568.17 төгрөг, нийт 34,573,001.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.  

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ..баг, .. хороолол, .. дүгээр байрны .. тоотод байрлах, улсын бүртгэлийн .. дугаартай.. талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,815 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 330,815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкинд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ОЮУНЦЭЦЭГ