| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/00466/И |
| Дугаар | 135/ШШ2019/00593 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2019/00593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00466/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, .. тоотод оршин суух *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух *******-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 оны 06 сарын 06-ны өдөр *******тай гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 09 сарын 11-ний өдөр охин маань төрсөн. ******* нь найз нөхдөө амьдралаасаа дээгүүр илүүд тавьдаг хүн байсан. Амьдралынхаа төлөө зүтгэдэггүй. Гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг. Нас хөгшрөхөөс өмнө шоудна гэж ярьдаг байсан. Бид сууснаас хойш зээл авч хөргөгч, угаалгын машин авъя гэсэн боловч аваагүй. Гэр бариад тусдаа гарахдаа шалгүй хэдэн кордон цаас тавиад шороон дээр нь шахуу гэрээ барьсан. Тэгээд би доороосоо даарч хөрөөд, уураг алдаад хүндрэлтэй, хийсвэрээр төрсөн. Эгчийнхээ хашаанд буусан байсан учир ..руу аав, ээжийндээ хөдөө очсон. Би 2013 он хүртэл ирж очоод л байдаг байсан. Сүүлдээ ирэхээ больсон. Би өөрийг нь 3-4 жил хүлээсэн. 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Ор сураггүй болчихоор нь хадам ээжээсээ сураглаж асуухад мэдэхгүй гэж байсан. Хүүхэдтэйгээ уулзахгүй байж байгаад нэг удаа уулзах гэж товлоод охиноо аваад очиход өөрөө байхгүй байсан. Би 2017 онд өөр хүнтэй гэр бүл болсон. Бидний дундаас нэг хүүхэд төрсөн. *******-ы тухайд өөрөөсөө баян хөгшин хүүхэнтэй суугаад салсан гэж байсан. Хардаж сэрдээд гаргахгүй, төвөгтэй юм байна лээ гэж ярьж байсан. Одоо *******-аас гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, эцгээр нь тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрлэлт
цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй, мөн түүнд шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирж тайлбар гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч *******-ы эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуульд заасны дагуу хариуцагч *******-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь 2008 оны 06 сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 06 сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2011 оны 09 сарын 02-ны өдөр охин *******-ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болсон, эвлэрүүлэх арга хэмжээ авахуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах талаар хүсэлт гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин *******-ыг эх *******-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 09 сарын 02-ны өдөр төрсөн охин *******-ыг эх *******-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2011 оны 09 сарын 02-ны өдөр төрсөн охин *******-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг *******-аас тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
7. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ