Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/303

 

 

 

   2023         03         06                                       2023/ШЦТ/303

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч Н.Баасанбат, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

иргэдийн төлөөлөгч М.Баянжаргал,

улсын яллагч Г.Билгүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Одонтунгалаг, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

шүүгдэгч Г.З., түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ын З.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3125 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн холбоочин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, зээ хүүгийн хамт оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б. овогт Г.ын З..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.З. нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37А байрны 1 дүгээр орцны подвалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Ц.А.тай маргалдаж, улмаар цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З. мэдүүлэхдээ: “...Бид уугаад сууж байхад амь хохирогч миний зүүн талын нүд рүү гэнэт хуруугаараа хатгасан. Тэгэхээр нь би уурлаад босоод ирсэн. Тэгтэл “чи муу аймхай пизда шүү дээ” гээд намайг хөлөөрөө баруун хацар луу өшиглөсөн. Тэгээд л ер нь барилцаж аваад ухаан тавьсан. Тэгээд ухаан орсон чинь Уранаа гээд эмэгтэй “Зоригоо талийгаачийг хутгалчихлаа” гэсэн. Би тэрийг нь сонсоод юу болсон юм бол оо гэж гайхаад, ямар ч байсан би найзыгаа алсан болж таарлаа гэдгээ ойлгосон. Ингээд миний гар утсанд утас байсан тул цагдаа дуудсан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Одонтунгалаг мэдүүлэхдээ: “...Маш их гомдолтой байна. Хохирол төлөгдсөн зүйл байхгүй...” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-22/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-29/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 30-31/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Одонтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний аав Ц.А. нь намайг бага байхад архи огт уухаа больж байгаад 3 жилийн өмнөөс буцаад хааяа нэг л уудаг болсон. Ер нь бол архи уудаггүй, баяр ёслол, найзуудтайгаа уулзахаараа л хааяа уудаг, гэхдээ тааруулж уудаг байсан юм. Харин тамхи бол огт татдаггүй. 2021 оноос Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 50 тоотод ганцаараа амьдарч эхэлсэн, гэхдээ миний охин Цэвээннямыг намайг ажилтай байх үед харж өгдөг байсан. Үндсэн гэр нь манай гэр буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 10-2019 тоотод бүртгэлтэй байдаг юм. Харин одоо амьдарч байгаа байр нь төрсөн дүү Өнөрмөнхийн гэр байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/,

- Гэрч Д.Уранчимэгийн өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус газарт подвалд амьдарч байгаа юм. Манай хажуу талд Ганбаатар гэх цагаан үстэй өвгөн ганцаараа амьдардаг. Тухайн айлд хүмүүс ирж байнга архи уудаг. 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 19:00 цагт гэртээ ирэхэд Ганбаатарын гэрт Ганбаатар, А., Ганбаатарын найз Зоригоо нар нь архи уугаад сууж байсан. Би гэртээ шөнө унтаж байхад согтуу орилж хашгираад байсан. Өглөө 09:00 цагийн үед Ганбаатарын гэр лүү ороход дахиад “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь “та нар шөнөжин архи уулаа шүү дээ, болиоч” гэж хэлчихээд гараад явсан юм. Тэгээд 11:00 цагийн үед гэртээ байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар орж ирж байсан юм. Намайг өглөө Ганбаатарын гэрт ороход Ганбаатар газар согтсон байдалтай унтаж байсан. А. нь Ганбаатарын хажууд газарт сууж байсан, Зоригоо нь ширээний хажуу талд сандал дээр сууж байсан. Намайг гэртээ байхад маргалдаж, хоорондоо зодолдсон чимээ гараагүй, би сонсоогүй. Ганбаатар нь байнга архи уудаг, А. 37а байрны СӨХ-ийн дарга, Зоригоог би сайн мэдэхгүй, Ганбаатарын найз гээд байдаг. Энд урьд нь ирж байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/,

- Гэрч Ж.Ганбаатарын өгсөн: “Би 2019 оны 11 сараас хойш Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 1 дүгээр орцны 00 тоотод подвал түрээслэж амьдарч байгаа юм. 2021 оноос хойш сууц өмчлөгчдийн дарга Ц.А. нь намайг оршин суугч нарын хогийг хаядаг учир та үнэгүй амьдар гэж хэлээд түүнээс хойш үнэгүй амьдарч байгаа юм. Мөн намайг жижүүр шиг хяналтын камер хянаад сууж байг гэж хэлээд түүнээс хойш тухайн өрөөнд ганцаараа амьдардаг юм. Миний яг үндсэн гэр бол Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны 60 тоотод байдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө байж байсан чинь Ц.А. ганцаараа 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг нь хуваагаад ууж байсан чинь Г.З. миний 99758170 дугаар луу өөрийнхөө 99453434 дугаараас залгаад “би гадаа явж байна” гэж хэлсэн чинь хажуу талаас Ц.А. нь “Г.З. ахыг хүрээд ир гээд хэлчих” гэсэн. Тэгэхээр нь би Г.З.ыг манай гэрт хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгтэл удалгүй ганцаараа орж ирээд бид гурав нөгөө архиа хувааж уугаад сууж байсан чинь Ц.А. нь бид хоёрын толгой дээр хөлөө тавиад, мөн миний болон Г.З.ын нүд рүү хуруугаа хийж хатгаад байсан. Тэгсэн чинь Г.З., Ц.А. нар хоорондоо маргалдаж, барилцаж авсан. Тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй байна. Нэг харахад Ц.А. хөргөгчний зүүн талын газарт дэвссэн байсан ягаан өнгийн гудас дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Г.З. нь буйдан дээр сууж байсан. Тэгтэл шууд цагдаагийн алба хаагч нар орж ирээд Г.З. бид хоёрыг аваад, гарч эрүүлжүүлэх байр луу хүргэсэн юм. Тэгээд өнөөдөр Г.З.той эрүүлжүүлэх байрнаас ирж явахдаа юу болсон талаар асуухад Г.З. нь бас санахгүй байсан. Ямар ч байсан би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн өдөр мэдүүлэг өгөхөд олон хоног архи уучихсан байсан учраас он, сар, өдрийг сайн санахгүй байсан. Харин сүүлд нь бодоод байхад 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой л ирсэн, гэхдээ яг цагийг нь бол санахгүй байгаад байна. Эхлээд Ц.А. орж ирсэн, дараа нь Г.З. руу гар утсаар яриад Г.З. орж ирсэн. Маргааш өглөө нь дахиад архи уусан. Уг гэмтлийг талийгаач Ц.А. нь миний биед учруулсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62, 65/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13865 тоот: “Ж.Ганбаатарын биед баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 72-73/,

- Гэрч Ц.Өнөрмөнхийн өгсөн: “Ц.А. нь миний төрсөн ах байгаа юм. Бид нар эхээс 8-уулаа, ах маань 5 дахь хүүхэд нь, би 7 дахь хүүхэд нь юм. Гар утсаар над руу талийгаач ах Ц.А. нь өөрийн 80715273 дугаараас миний 96999889 дугаар луу 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цаг 13 минутад залгаад “чи мах оруулж ирэх юм уу?” гэхээр нь би “танайхаас хол байна, маргааш оруулж өгье” гэж ярьсан. Өөрийгөө хаана байгаа талаар огт хэлээгүй, архи уугаагүй байсан байх.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/,

- Гэрч Ц.Цогзолмаагийн өгсөн: “Би Г.З.той 1992 оны 10 дугаар сард танилцаж, улмаар гэр бүл болж, дундаасаа хоёр хүүхэдтэй. Г.З. нь надтай гэр бүл болсноос хойш ер нь бол ажил хийж байгаагүй. 2000 онд Бүгд Найрамдах Солонгос улс руу явж, 2015 онд Монгол Улсад ирсэн. 15 жил гадаадад байсан гэсэн үг. Монгол Улсад ирээд гэртээ л байдаг байсан. Би тухайн өдөр Г.З., манай төрсөн дүү Сэмпэлмаа, зээ хүү Ирээдүй бид 4 байсан. Тэгтэл би хүү З.Батаас мөнгөний хэрэг байна, түрээсийн мөнгөө өгөх гэсэн юм гэж асуусан. Тэгсэн чинь З.Бат нь орой явуулъя гэж хэлсэн чинь Г.З. явуулахгүй удаж байна гэх шалтгаанаар уурлаж, улмаар надтай маргалдаад, бид хоёр хэрэлдсэн чинь Г.З. нь хувцсаа өмсөөд, уурлаад, 21:00 цагийн үед гараад явсан юм. Тэрнээс хойш Г.З. руу би нэг ч удаа залгаагүй. Харин өнөөдөр өглөө 09 цаг 55 минут, 11 цаг 11 минут, 11 цаг 38 минутад над руу залгахаар нь би гар утсыг нь огт аваагүй юм. Тэгтэл өдөр намайг цагдаагийн байгууллагаас дуудаж, би гэрээсээ гараад ирж байсан чинь над руу 94443477 дугаараас 16 цаг 47 минутад Г.З. нь залгаад “Цоогий би хүн алчихлаа, шорон руу явж байна, чи яанаа” гэж хэлчихээд гар утсаа тасалсан юм. Тухайн дугаар нь хэнийх гэдгийг нь би мэдээгүй. Миний нөхөр Г.З. нь архи уугаагүй байх үедээ бол ааш авир гаргадаггүй, архи уучихаараа их түргэн ууртай болчихдог.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2626 тоот: “Талийгаач Ц.А.гийн цогцост үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур, уушгины тараагуур судас, гол судасны нум, зүүн 2-р хавирга, булчин, зөөлөн эдийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, духны хуйх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна. Цогцост хийсэн 2022.10.06-ны өдрийн 22:20 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. Цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 3.6, цөсөнд 2.3, шээсэнд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 83-93/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/634 тоот: “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 1 дүгээр орцны подвалд Олонхуй овогт Цэвээндоржийн А. /ЦБ64122277/ нь бусдад хутгалуулж нас барсан хэргийн газраас шинжээч, д/ч Г.Сайнбаярын илрүүлж бэхжүүлсэн №1, 4, 5 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 3 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. №2, 3 гэж дугаарлан тэмдэглэсэн 2 ширхэг гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх №4 “Хараа гэсэн бичиглэлтэй задлаагүй байх архины шилний гадаруу дээрээс” гэж дугаарласан дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь амь хохирогч Цэвээндоржийн А.гийн зүүн гарын долоовор хурууны дардастай, харин №5 “Ширээн дээр байх хүрэн иштэй хутганы ажлын хэсэг дээрээс” гэж дугаарласан дакто хальсан дээрх 1 ширхэг гарын мөр нь Г.ын З.ын зүүн гарын эрхийн хурууны хээний дардастай тус тус тохирч байна. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн  гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 99-110/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2870 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцанд үүссэн 10*10 мм хэмжээтэй гэмтэл нь гогогдон татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, хуучин гогдолт, ногоон цамцанд үүссэн 25 мм, цагаан саарал цамцанд үүссэн 25 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлтэй тус бүрдээ нэг удаа үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, ногоон цамцанд үүссэн 5*5 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу, мохоо зүйлтэй нэг удаа үйлчлэх үед үүссэн хуучин цооролт, ногоон цамцанд үүссэн 7*10 мм хэмжээтэй  гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, цэнхэр жинсэн өмдөнд үүссэн 50 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр жинсэн өмдөнд үүссэн урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн, зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 115-120/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны 2847 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өмд шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өмдөнд үүссэн 3*1, 1*1, 1*1 мм хэмжээтэй гэмтлүүд нь дулаан илчээр тус бүр нэг удаа үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт байна. 3. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-126/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4986 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн Г.З.ын баруун, зүүн гараас авсан гэх арчдаснаас цусны ул мөр илэрсэн, бусад хумснаас илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн Г.З.ын баруун, зүүн гараас авсан гэх арчдаснаас илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 130-131/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4985 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн Ж.Ганбаатарын баруун эрхий хуруунаас авсан гэх хумснаас цусны ул мөр илэрсэн, бусад хумснаас цус илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн Г.З.ын баруун гарын эрхий хуруунаас авсан гэх хумсан дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 137-138/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4987 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн Г.З.ын баруун эрхий хуруунаас авсан гэх хумснаас цусны ул мөр илэрсэн, бусад хумснаас цус илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн Г.З.ын баруун гарын эрхий хуруунаас авсан гэх хумсан дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 144-145/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4983 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. 2. Хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А.гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 151-153/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4988 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн арчдас нь марль дээр цус илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн арчдас гэх марль дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн арчдас гэх марль дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А.гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-159/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4984 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр цус илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А.гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 163-165/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5017 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хос оймс дээр цусны толбо илрээгүй, бусад хувцас дээр цус илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамц, цагаан саарал өнгийн цамц, жинсэн өмд, улбар шар өнгийн дотоож, саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамц, цагаан саарал өнгийн цамц, жинсэн өмд, улбар шар өнгийн дотоож, саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А.гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 168-171/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13848 тоот: “1. Г.З.ын биед баруун гарын эрхий, зүүн гарын дунд хурууны зүсэгдсэн өнгөц шарх, зүүн нүдний алимны салст, доод зовхинд цус хуралт, амны баруун талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 187-188/,

- Гэрч А.Бадамхорлоогийн өгсөн: “Би 1998 онд Бүгд Найрамдах Солонгос руу ажиллахаар явсан. Тэгэхэд 2000 онд Монгол Улсаас Г.З. ах ирж, бид нар нэг дор амьдарч, хамт ажил хийдэг болсон. Түүнээс хойш л би Г.З. ахыг таньдаг болсон юм. Г.З. ах уг  нь маш их тайван, хүнтэй маргалдаад байдаггүй, илүү үг байхгүй, намбатай л хүн байсан. Г.З. ах архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглээд байдаггүй, хааяа нэг зорьж уулзаж л хамт архи уудаг байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195/,

- Гэрч О.Хатанбаатарын өгсөн: “Би Г.З. ахыг танина. Би 2001 онд Бүгд Найрамдах Солонгос улсад очиж ажиллаж, амьдрахад танилцаж, нэг дор амьдарч, ажиллаж байсан юм. Г.З. нь их даруухан, намбатай, төлөв даруу, найзууд дундаа хүндлэлтэй хүн юм. Г.З. нь архи согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэдэггүй, баяр ёслолоор л ууж хэрэглэдэг юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197/,

- 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 37а байрны гадна талын болон дотор талын подвал хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Уг бичлэгт үзлэг хийхэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 22 цаг 32 минутад Ц.А., Г.З. нар нь дэлгүүрээс гарч ирээд Ц.А. нь Г.З.ын нуруугаар нь баруун талын гараараа тэвэрсэн, Г.З. нь үүргэвчтэй цүнхтэй эд зүйл тэврээд 1 дүгээр орц руу орж байна. Үзлэгийг үргэлжлүүлэхэд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 1 дүгээр орцны подвал хэсгийн камерын бичлэгийг үзэхэд Г.З. нь үүргэвчтэй эд зүйлээ аваад Ж.Ганбаатарын гэр лүү орж байна.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 198-201/,

- 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны гадна талын болон 1 дүгээр орцны подвал хэсгийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан СиДи-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 202/,

- 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.З.ын эзэмшлийн Самсунг Галакси А51 маркийн гар утсанд үзлэг хийсэн “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 18 минутад “Bi nhun alasan dayrtauj0 гэсэн мессэж бичсэн. 11 цаг 20 минутад 102 дугаар луу, 11 цаг 23 минутад 102 дугаар луу тус тус залгасан.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 203-207/,

- 1008 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын “Г.З. нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.З. нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан байна. Г.З. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.З. нь өөрийнхөө үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 211-213/,

- 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Г.З.оор Ж.Ганбаатарын гэрийг заалгахад 1 дүгээр орц руу орно гэж хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлж авах, үргэлжлүүлэхэд 1 дүгээр орцны подвал руу орж Ж.Ганбаатарын гэрийн хаалгыг заах ба гэрэл зургаар бэхжүүлэв. Г.З.оос талийгаач Ц.А.тай барьцалдсан, ноцолдсон газрыг заалгахад буйдан дээр Ц.А.тай маргалдсан гэж заах ба гэрэл зургаар бэхжүүлж авав.” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 216-218/,

- 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага ирсэн ярианы бичлэгийг хуулбарлаж ирүүлсэн СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 5-6/,

- Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлсээс хутга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.З. нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37А байрны 1 дүгээр орцны подвалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Ц.А.тай маргалдаж, улмаар цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалж, амь насыг нь хохироосон болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл,

- Гэрч Д.Уранчимэгийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 19:00 цагт гэртээ ирэхэд Ганбаатарын гэрт Ганбаатар, А., Ганбаатарын найз Зоригоо нар нь архи уугаад сууж байсан. Би гэртээ шөнө унтаж байхад согтуу орилж хашгираад байсан. Өглөө 09:00 цагийн үед Ганбаатарын гэр лүү ороход дахиад “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь “та нар шөнөжин архи уулаа шүү дээ, болиоч” гэж хэлчихээд гараад явсан юм. Тэгээд 11:00 цагийн үед гэртээ байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар орж ирж байсан юм. Намайг өглөө Ганбаатарын гэрт ороход Ганбаатар газар согтсон байдалтай унтаж байсан. А. нь Ганбаатарын хажууд газарт сууж байсан, Зоригоо нь ширээний хажуу талд сандал дээр сууж байсан....” гэх мэдүүлэг, 

- Гэрч Ж.Ганбаатарын өгсөн: “...бид гурав нөгөө архиа хувааж уугаад сууж байсан чинь Ц.А. нь бид хоёрын толгой дээр хөлөө тавиад, мөн миний болон Г.З.ын нүд рүү хуруугаа хийж хатгаад байсан. Тэгсэн чинь Г.З., Ц.А. нар хоорондоо маргалдаж, барилцаж авсан. Тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй байна. Нэг харахад Ц.А. хөргөгчний зүүн талын газарт дэвссэн байсан ягаан өнгийн гудас дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Г.З. нь буйдан дээр сууж байсан. Тэгтэл шууд цагдаагийн алба хаагч нар орж ирээд Г.З. бид хоёрыг аваад, гарч эрүүлжүүлэх байр луу хүргэсэн юм. Тэгээд өнөөдөр Г.З.той эрүүлжүүлэх байрнаас ирж явахдаа юу болсон талаар асуухад Г.З. нь бас санахгүй байсан. Ямар ч байсан би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Цогзолмаагийн өгсөн: “...би гэрээсээ гараад ирж байсан чинь над руу 94443477 дугаараас 16 цаг 47 минутад Г.З. нь залгаад “Цоогий би хүн алчихлаа, шорон руу явж байна, чи яанаа” гэж хэлчихээд гар утсаа тасалсан юм. Тухайн дугаар нь хэнийх гэдгийг нь би мэдээгүй. Миний нөхөр Г.З. нь архи уугаагүй байх үедээ бол ааш авир гаргадаггүй, архи уучихаараа их түргэн ууртай болчихдог.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2626 тоот: “Талийгаач Ц.А.гийн цогцост үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур, уушгины тараагуур судас, гол судасны нум, зүүн 2-р хавирга, булчин, зөөлөн эдийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, духны хуйх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна. Цогцост хийсэн 2022.10.06-ны өдрийн 22:20 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. Цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 3.6, цөсөнд 2.3, шээсэнд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж нас баржээ” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/634 тоот: “...№5 “Ширээн дээр байх хүрэн иштэй хутганы ажлын хэсэг дээрээс” гэж дугаарласан дакто хальсан дээрх 1 ширхэг гарын мөр нь Г.ын З.ын зүүн гарын эрхийн хурууны хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4986 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн Г.З.ын баруун, зүүн гараас авсан гэх арчдаснаас цусны ул мөр илэрсэн, бусад хумснаас илрээгүй...” гэх дүгнэлт,  

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13848 тоот: “1. Г.З.ын биед баруун гарын эрхий, зүүн гарын дунд хурууны зүсэгдсэн өнгөц шарх, зүүн нүдний алимны салст, доод зовхинд цус хуралт, амны баруун талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.З.ын эзэмшлийн Самсунг Галакси А51 маркийн гар утсанд үзлэг хийсэн “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 18 минутад “Bi nhun alasan dayrtauj0 гэсэн мессэж бичсэн. 11 цаг 20 минутад 102 дугаар луу, 11 цаг 23 минутад 102 дугаар луу тус тус залгасан.” гэх тэмдэглэл,

- 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Г.З.оор Ж.Ганбаатарын гэрийг заалгахад 1 дүгээр орц руу орно гэж хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлж авах, үргэлжлүүлэхэд 1 дүгээр орцны подвал руу орж Ж.Ганбаатарын гэрийн хаалгыг заах ба гэрэл зургаар бэхжүүлэв. Г.З.оос талийгаач Ц.А.тай барьцалдсан, ноцолдсон газрыг заалгахад буйдан дээр Ц.А.тай маргалдсан гэж заах ба гэрэл зургаар бэхжүүлж авав.” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.З.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар 6.760.711 төгрөгийн хохирол нэхэмжилж, тэдгээр нь хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.З.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.З.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.З.ын урьд цагдан хоригдсон 151 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, ногоон өнгөтэй цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн цамц 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 ширхэг, хөх өнгийн гутал 2 ширхэг, улбар шар, саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт Г.ын З.ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З.од 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.З.од оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.З.ын урьд цагдан хоригдсон 151 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.З.оос 6.760.711 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Олонхуй овогт А.гийн Одонтунгалаг /УК96031509/-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, ногоон өнгөтэй цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн цамц 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 ширхэг, хөх өнгийн гутал 2 ширхэг, улбар шар, саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З.од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                   

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЛЗОД

                       

                                            ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ                                        

                                            ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС