Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/1167

 

Э.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

иргэний хариуцагч Э.П,

шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1530 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Дд холбогдох 1903007020325 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Эийн Д, 1995 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан, ам бүл 2, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сум, 1 дүгээр баг, Бор хошуут гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Э.Д нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын хойд талын замд “Тоёота Приус 20” загварын 81-28 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө аюулгүй байдлаа хангаагүйгээс “Тоёота Приус 20” загварын 10-74 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч З.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Дыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Даас нийт 6.722.658 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрхан 1-820 тоотод оршин суух Х овгийн Зын Х-д 1.862.658 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнион Бюлдинг А-901 тоот, “М Д Т” ХХК-д 4.860.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч З.Х нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ч.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Д нь шүүх хуралдаанд ирж чадаагүй. Учир нь, автотээврийн осолд орж, өөрөө хохирогч болсон. Тархиндаа хүнд гэмтэлтэй, Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Э.Д нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн байгаа. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн магистрын оюутан гэж мэдүүлсээр байтал нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийтгэл оногдуулсанд өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Д нь өр төлбөрөө төлж, барагдуулах зорилгоор Өвөрхангай аймагт барилгын ажил хийж байгаад Улаанбаатар хот руу явах замдаа 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт автомашины осолд орж, тархиндаа гэмтэл авч, түүний баруун хөлний шилбэ, баруун гар хугарч, биеийн байдал нь хүнд, хөл, гараа гипсдүүлсэн, нүүр нь түлэгдсэн, эмчийн заалтаар тодорхой хугацаанд хөдөлгөх, тээвэрлэхийг хориглосон, хэвтрийн дэглэмд, сахиултай, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд миний үйлчлүүлэгч Э.Дын эрүүл мэндэд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1530 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Иргэний хариуцагч Э.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний дүү Э.Д нь цэл залуу насандаа ийм осолд орсон. Хохирогч гэх З.Х нь бүтэн эргэж байгаа автомашиныг өөрөө зориудаар ирж мөргөж, осол үүсгэсэн байгаа. Мөн дүү бид хоёроос байнга мөнгө нэхэж дарамталдаг. Миний дүү мөнгө олох гэж яваад дахин осолд орж, хүнд гэмтэлтэй эмнэлэгт хэвтэж байна. Хэрвээ тэр хүн миний дүүг ирж мөргөөгүй байсан бол миний дүү Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаад ирэх байсан. Хэргийн газрын ослын үзлэгээр дүгнэлт гаргахдаа миний дүүг мөрдөн шалгасан мөртлөө З.Хг шалгаагүй. Би З.Хг өрөнд орсон талаар дараа нь сонссон ба өрөнд орсон хүн зогсоод, эргээд дуусч байсан машиныг зориуд ирж мөргөсөн юм шиг санагдаж байгаа. ...” гэв.

            Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлдээ гэмшээгүй, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг үнэлж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Хохирогч З.Хгийн шүүх хуралдааны явцад өгсөн “Би уулын замд хэдэн километр цагийн хурдтай явахаа мэднэ. Энэ залуу намайг мөргөсөн. Би хүн гэмтээчихвий гээд замын хажуу руу гараад зогссон. Би хөдөлж чадахгүй “түргэн дуудаад өгөөч” гэхэд түргэн дуудаж өгөөгүй. Цагдаа болон ачилтын машин ирж автомашиныг ачиж, намайг эмнэлгийн машинтай хүмүүс авч явсан. Маш их гомдолтой байна.” гэх, мөн мөрдөн байцаалтын явцад өгсөн “Баянзүрх дүүргийн нутаг Богдхан уулын замын зүүнээс баруун чигтэй, замынхаа баруун гар талыг бариад явж байхад миний урд барагцаалбал 20 метр орчим зайд цагаан өнгийн, “Тоёота Приус” загварын машин явж байгаа харагдсан. Тэр машин замынхаа баруун гар талыг шахаад хурдаа хасаж байснаа ямарч дохио өгөлгүй зүүн гар тийш эргэхэд нь тормос гишгэсэн боловч тэр машины зүүн урд крылог мөргөж, цааш явж зогссон. Миний өвчүүний яс хугарч, машины зүүн урд тал эвдэрсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад хохирол, төлбөр төлөгдөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардалгыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Э.Д нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын хойд талын замд “Тоёота Приус 20” загварын 81-28 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө аюулгүй байдлаа хангаагүйгээс “Тоёота Приус 20” загварын 10-74 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, жолооч З.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч З.Хгийн “...Баянзүрх дүүргийн нутаг Богдхан уулын хойд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй, замынхаа баруун гар талыг бариад явж байхад миний урд 20 метр орчим зайтай цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин явж байгаа харагдсан. Тэр машин замынхаа баруун гар талыг шахаад, хурдаа хасаж, ямарч дохио өгөлгүй зүүн гар тийш эргэнгүүт нь тормос гишгээд тэр машины зүүн урд крылог нь мөргөж, замын урд тал руу явж зогссон. Миний өвчүүний яс хугарсан, машины зүүн урд тал эвдэрсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /хх 17-18/,

иргэний нэхэмжлэгч Г.Тэгшжаргалын “...Энэ ослоос болж манай байгууллагын машинд ихээхэн хэмжээний эвдрэл учирсан. ...Буруутай жолоочоос хохирлоо нэхэмжилж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. ...” /хх 36/,

иргэний хариуцагч Э.Пгийн “...Энэ ослоос болж миний машины зүүн урд талд эвдрэл учирсан ба манай дүү Э.Д засаж, намайг хохиролгүй болгосон. Тухайн үед миний машиныг жолоодон явсан манай дүү Э.Д энэ асуудлыг өөрөө хариуцна. ...” /хх 43-44/,

шүүгдэгч Э.Дын “...Гэнэт буцаж эргэх ажил гарангуут хурдаа хасаж, баруун тийш шахаж зогсонгуутаа зам дээр зүүн гар тийш буцаж эргээд хөндөслөж байтал араас бараан өнгийн “Тоёота Приус” загварын автомшин орж ирээд миний машины зүүн урд дугуй руу мөргөж, өөрөө замаас гарч зогссон. ... “Тоёота Приус” загварын автомшин нилээн хол явж харагдахаар нь би тэр машинаас өмнө амжаад эргэчихнэ гэж санаад эргэтэл тэр машин миний машиныг ирж мөргөсөн. ...” /хх 74-75/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7571 дугаартай “...З.Хгийн биед өвчүү ясны хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниуах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 50/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7/ гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан /хх 53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Дыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, жолооч З.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Дын автотээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гаргаж, жолооч З.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ч.Наранцэцэг “...Э.Д нь өр, төлбөрөө төлж, барагдуулах зорилгоор Өвөрхангай аймгийн төвд барилгын ажил хийж байгаад Улаанбаатар хот руу явах замдаа 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт автомашины осолд орж, тархиндаа гэмтэл авч, түүний баруун хөлний шилбэ, баруун гар хугарч, биеийн байдал нь хүнд, хөл, гараа гипсдүүлсэн, эмчийн заалтаар тодорхой хугацаанд хөдөлгөх, тээвэрлэхийг хориглосон, хэвтрийн дэглэмд, сахиултай, эмчилгээ хийлгэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1530 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж, торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Д нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, санхүүгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрвээ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны улмаас ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь эмч нарын комиссын дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон бол уг асуудлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1530 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ