Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч С.Тогоо,

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Б.Уранчимэг,

            Шүүгдэгч Ш.Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мягмарсүрэн, Н.Тунгалаг, тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Шуураахүүгийн Амгаланд холбогдох, 201525031434 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-нд хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжидийн 1-33 тоотод оршин суух бүртгэлтэй,

-1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

-1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 99 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар урьдах таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 15 хоногийг нэмж нэгтгэн нийт 2 жил 10 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон, 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 162 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 12 хоногийг тэнсэж, сулласан,

-2002 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 355 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

            2008 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Шуураахүүгийн Амгалан (РД: ЧО76052413)

нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Яргайт”-ын 18-579 тоотод танхайн сэдэлтээр Б.Дондогийг толгой тус газар нь хүрзээр олон удаа цохьж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр Ш.Алтанхуяг, Ү.Батсуурь нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, нохойн сургуулийн хашааны гадна байрлуулсан иргэн Ө.Цогхүүгийн Соната-6 маркийн 76-63 УНН улсын дугаартай автомашины хайлшин обудтай 4 ширхэг дугуй, аккумлятор зэрэг эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн, Б.Батцэнгэлтэй бүлэглэж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-69 тоотод суух В.Алтангэрэлийн гэрээс мөнгөн тоногтой бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би хулгайн үйлдэл дээрээ маргахгүй. Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө Арслаа, Мөнх-Оргил нартай тааралдсан. Мөнх-Оргил “манай авгайг дарамтлаад байна” гээд бид хамт явсан. Замд Сүхбаатар тааралдаад бидэнтэй хамт явсан. Мөнх-Оргил айлаас авгайгаа хайгаад олоогүй. Тэр үед нь би гадаа байсан. Гэтэл Арслаа ирээд, Мөнх-Оргилыг зодоод байна гэсэн. Мөнх-Оргилыг хашаан дотор Дашням зодож байсан. Би Дашнямыг 2 удаа л хүрзээр цохьсон. Тэгэхэд хүрзний иш сугараад Ганчимэг хүрзийг булааж авсан. Сүхбаатар хашаан дотор Дондогийг зодоод үлдсэн. Намайг хашаанаас Мөнх-Оргилыг аваад гарахдаа эргээд хартал Сүхбаатар нэг хүнийг өвдөглүүлээд зодож байсан. Гэрч Ганчимэгийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Би Дондогийг хараа ч үгүй, зодоо ч үгүй, цохиогүй. Анх 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сүхбаатар намайг чи 145.4-р шалгагдаж байгаа, энэ хэрэгт чинь 181.3 багтах юм чинь чи хэргээ даачих гэхээр нь бид хоёр тохиролцоод анх би хэргээ хүлээсэн. Сүхбаатар тэр өглөө шар ноосон цамцтай явж байгаад миний хүрэмийг өмссөн байсан. Надад өөр хулгайн 3 үйлдэл байгааг нэмж шалгуулмаар байна. Би 91.2 гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.    

Шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалагаас мэдүүлэхдээ:-Тэр өглөө ээж, манай нөхөр, хүүхдүүдтэйгээ тавуулаа байж байтал 8,40 цагийн үед Сүхбаатар нь 2 танихгүй залуутай орж ирээд Ганааг асуусан. Өндөр шөвгөр хар хүүхэн гэсэн. Тэгэхээр нь би дээд айл гэсэн чинь хаалга савтал гэрийн 2 унь унасан. Тэгэхээр нь манай нөхөр гэрээс гар гэсэн. Гадаа хүмүүс маргалдаад байсан. Намайг гэрээс гарахад манай нөхөр хашаа налаад байж байсан. Ганчимэг хүүхдээ тэврээд зогсч байсан. Ганчимэг манай хашаанд амьдардаг байсан. Манай нөхөр надад “Гадаа гарахад толгой руу юмаар цохьсон. Толгой өвдөөд байна” гэсэн. Толгойны эм уулгаад зүгээр болохгүй болохоор нь түргэний эмч дуудсан. Түргэний эмч тархины зураг авахуул гэсэн. Гэтэл гэртээ байхдаа татвалзаад өмдөндөө шээсэн. Би 4-5 насны 2 хүүхэдтэй. Тэтгэвэр нэхэмжилнэ гэв. 

Н.Тунгалагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-8 цаг 30 минут болж байхад хар Сүхээ гэж залуу бас нэг өндөр залуу, арай намхан хөх саравчтай малгайтай саарал хүрэмтэй, ийм 3 хүн манайд орж ирээд Ганаа хаана байна гэж хар хочтой Сүхээ надаас асуусан. Тэгэхээр нь ямар Ганаа яриад байгаа юм бэ би тийм хүн танихгүй гэж хэлсэн. Ганаа гээд байна шүү дээ гэсэн. Тэгсэн манай талийгаач мэдэхгүй гээд байгаа юм биш үү, юу асуугаад байгаа юм гэсэн чинь намхан залуу нь “дуугүй байгаарай би чамаас асуугаагүй энэ хүнээс асууж байна” гэж талийгаач руу хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийг “чи чимээгүй байж бай” гэж хэлчихээд ямар Ганаа вэ гэж асуусан. Тэгсэн хар Сүхээ “яагаав 7 буудлаар архи уугаад яваад байдаг хар Ганаа” гэж асуусан. Тэгэхээр нь “өө тийм манай дээд талын хашаа” гэж хэлсэн. Тэгсэн “нуучихаад худлаа яриад бай” гэж Сүхээ хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ тэр айл чинь манай дээд талын айл гэж хэлсэн. Тэгсэн талийгаач “манай хүн  Монгол хэлээр яриад байгаа юм биш үү та нар гараач” гэж хэлсэн чинь намхан саравчтай малгайтай залуу “чи яасан том дуутай пизда вэ гараад ир”гээд тэд гарсан. Тэгэхээр нь талийгаачийг гарах гэхээр нь “чи яах гээд байгаа юм бэ битгий гар” гэж би хориод үлдээсэн. Тэгсэн талийгаач “Дашка гадна хүнтэй маргалдаад байна. Би гарчихаад ирье” гэсэн. Даашка гэдэг нь манай хойд талын айл буюу миний төрсөн дүү юм. Манай нүдгүй ээж хүртэл хэрэггүй наашаа бай гэсэн. Би бага охиноо хувцсыг нь өмсгөх гэж байтал талийгаач гараад явсан. Би гадна юу болж байгааг мэдэхгүй, хүүхдээ хувцаслаад сууж байтал манай хашаанд хөлсөөр суудаг Ганчимэг гэдэг эмэгтэй гаднаас орилж, Тунгаа эгчээ цагдаа дуудаач хүн аллаа шүү дээ гэж орилсон. Тэгтэл Дашка манайх руу үсрээд ороод ирсэн, араас нь намхан саравчтай малгайтай залуу орж ирээд “чамайг ална аа пизда минь” гээд манай гэрт орж ирж Дашнямыг 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тэр хүн гараад явчихсан. Тэгээд би араас нь гартал нөгөө хүмүүс хашаанаас гараад явчихсан, манай талийгч хашаан дотор хашааны шон налаад зогсож байсан, “яасан бэ” гэсэн чинь намайг нэг юмаар л цохичих шиг боллоо гээд толгой дүүрээд байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү дагуулж орсон. ....тэгсэн талийгаач сууж байснаа миний толгой аймаар өвдөөд байна би ер нь явж ээж дээрээ очиж үхье гэж хэлэхээр нь толгойг нь харсан чинь духны дээхэн хэсэгт үл ялиг бага зэрэг шалбархай, толгойны орой дээр бас нэг жижиг шалбархай байсан. Тэгэхээр нь би зүгээр л байна шүү дээ гэж хэлсэн. Ингээд түргэн дуудаач гэхээр нь би талийгаачийн утсаар түргэн дуудсан, түргэн ирж үзээд таныг юугаар цохисон юм бэ гэхэд талийгаач мэдэхгүй нэг л юмаар толгойд цохисон баруун талын шанаа янгинаад хорсоод өвдөөд байна гээд яриад сууж байсан. Тэгсэн түргэний эмч та өөрөө гэмтлийн эмнэлэг дээр очих уу манай машинтай явах уу? Тархиныхаа зургаа авахуулах уу? Таных хөнгөн доргилт байх шиг байна. Ноцтой хүнд юм мэдэгдэхгүй байна гэсэн. Тэгсэн талийгч яах юм бэ, би явахгүй гээд яваагүй. Би эмчийг гаргаж өгчихөөд эргээд ороод талийгаач хоол хийгээд өгөөч гэхээр нь хоол хийх гээд сууж байсан. Талийгаач 30 минут хэртэй унтаад босож ирээд толгой сонин болоод байна гэж хэлэхээр нь би диклодинк гэж эм авчирсан. Тэгсэн бас л яриа нь сонин болчихсон байсан. Тэгээд би эмээ уулгачихаад хоол хийгээд аягалах гэж байтал манай хүү аав сонин болчихлоо гэсэн тэгээд эргээд хартал хөл гар нь татагнаад амнаас нь хөөс гарч байсан. Очоод татсан чинь ямарч ухаангүй болчихсон хүчтэй хурхираад байсан. Тэгээд сэрэхгүй болохоор түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт аваачсан. Тэнд компьютерт харуулсан чинь тархинд цус харвалт өгсөн гавлын яс цууралттай 6 сетк орлуулж хийнэ гэсэн. Ингээд тэр өдрөө 14 цаг 30 минутын үед хагалгаанд ороод 19 цагт хагалгаанаас гарч ирээд Сэхээний тасаг руу шилжүүлж 48 цаг ухаангүй байж байгаад 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 30 минутанд нас барсан гэжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мягмарсүрэнгээс мэдүүлэхдээ:-Миний хүү 40 настай байсан. Их гомдолтой байна. Оршуулгын зардалд гарсан 5.230.060 төгрөг нэхэмжилнэ гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч В.Алтангэрэлээс мэдүүлэхдээ:-2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Найзууд хүнсний дэлгүүрийн гадаа Амгалан түүний найз хоёртой таарсан. Амгалан таньд мөнгө байна уу гэж асуухаар нь яах гэж байгаа юм бэ гэхэд ганц юм уух гэсэн юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд нэг шил архи байгаа манайх руу явъя гэж хэлсэн. Тэгээд манайд очиж Хараа 0.5 литр задалж хувааж ууж байгаад би Амгалангийн найзад нь өрөө рүү ороод бууз жигнэчих гэж хэлсэн. Тэр залуу бууз жигнэсний дараа таны аяга хаана байна гэж асуухаар нь цаад өрөөнд чинь байгаа гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Амгалан найз руугаа чиний ажил болохоо байлаа гээд манайхаас хурдан гараад явсан. Энэ өдөр мөнгөн аяга хулгайд алдагдсан гэжээ.

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Цогхүүгээс мэдүүлэхдээ:-2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед гэртээ харих гэсэн чинь цас ороод, өгсүүр газар явахгүй болохоор нь Жигжидийн зуслангийн Нохойн сургуулийн хашааны гадаа гэрээс 20 орчим метр зайтай газар өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн 76-63 УНМ улсын дугаартай машинаа тавьсан. Гэртээ хариад амарч байгаад 1 цаг өнгөрч байхад машин дээрээ ирж үзэхэд зүгээр байхаар нь гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд очиход 4 дугуй байхгүй, баруун талын хойд хаалганы жижиг гурвалжин шил хагархай, урд гуперийн баруун талын доод эмжээр нь цуурсан байдалтай байсан. Цагдаад дуудлага өгөөд үзүүлэхэд аккумлятор нь бас алга болсон байсан гэжээ.  

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Д.Дашнямаас:-Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-579 тоот хашаанд амьдардаг ба манай хашаанд манай ээж Нанзад болон манай хуучин эхнэрийн дүү Энхбаатар нар гэр барьж амьдардаг. Манай ээжийн гэрт манай эгч Тунгалаг нөхөр Дондог болон хүүхдүүдтэйгээ амьдардаг. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө гэртээ унтаж байтал манай 12 настай охин Намуунтуяа намайг сэрээгээд гадаа зодоон болоод байх шиг байна гэхээр нь би босоход манай хашаанд хүмүүс хэрэлдээд байх шиг чимээ гарахаар нь гартал Дондог гэрийнхээ гадаа үүдэнд үл таних 2 эрэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Би тэд нар дээр очоод, та нар яагаад айл амьтан  амраахгүй хэрүүл хийгээд байгаа юм гараач гэхэд Дондогийн гэрээс хар Сүхээ гараад ирсэн. Сүхээ ахтай урьд нь таньдаг байсан болохоор мэндлээд та нар юу хийж яваа юм гэж асуухад нөгөө жижиг залуу нь энд Гансүрэн гэдэг хүн амьдардаг биз дээ гэхээр нь  би энд тийм хүн байдаггүй, та нар айл андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд тэд нарыг Дондог ах бид 2 нийлээд та нар гар гээд хашаанаас гаргахын завдалгүй л өндөр хар хувцастай кэпик малгайтай залуу хаанаас ч юм гэнэт гартаа хүрз барьчихсан гарч ирээд шууд миний араас толгой руу цохьсон. Тэгээд намайг холдтол шууд манай хүргэн ах Дондогийн толгой руу  нь хүрзний урд төмөр ажлын хэсгийн ар хэсгээр нь 2 удаа цохьсон. Тэгээд би салгах гэхэд нөгөө хэдэн залуу нь миний урдаас чулуу шидээд байхаар нь би зугтаагаад гэртээ орсон. Тэгтэл миний араас Дондог ахын үүдэн дээр зогсож байсан 2 залуугийн намхан нь орж ирээд би чамд хэлсэн биз дээ? зүгээр хэлээд өгчихөд явдаг юм гэсэн. Би тэр дороо буцаад гартал манай хүргэн ах Дондог хашаа налаад босож байсан. Нөгөө залуучууд нь гараад явчихсан байсан. Тэгээд би хүргэн ах Дондог дээр очоод яасан бие чинь гайгүй юу? гэж асуухад Дондог ах гайгүй ээ, миний толгой жаахан өвдөөд байна гэж хэлээд гэртээ орсон. .. Талийгаач Дондог ахыг миний харснаар хар хувцастай хар кэпик малгай өмссөн өндөр биетэй залуу хүрзний урд төмөр ажлын хэсгийн араар нь толгой руу ямар ч байсан  2 удаа цохихыг нь харсан. Цохихдоо бол 2 гараараа ишнээс нь барьж далайж байгаад савж цохьсон. Тэр хүн намайг мөн адил хүрзээр толгойны ар дагз руу 2 удаа цохьсон. Ямар шалтгаанаар цохьсныг нь мэдэхгүй. Би тэр хүмүүс дундаас хар Сүхээг л урьд нь таньдаг байсан. Бусдыг нь бол танихгүй. Миний хувьд ямар нэгэн санал гомдол байхгүй харин талийгаач хүргэн ах Дондогийг алуулсанд маш их гомдолтой байна. Би авгайгаа хайж явсан гэх залуутай маргаад зогсож байсан. Тэгэхэд хашааны хаалганы дотор талд байсан шиг санагдаж байна. Та нар гарцгаа гээд хаалгаар гаргах гэж байсан тэгэхэд авгайгаа хайж явсан залуу чи зүгээр хэлээд өгөхөд яадаг юм бэ гэхээр нь мэдэхгүй гэж байна гээд хаалгаар гарах гэхэд тэр намайг заамдаад бариад авахаар нь би цохиод тавиулсан. Гэтэл араас хүрзээр миний толгойны ар дагз хэсэг рүү 2 удаа хүрзээр маш хүчтэй цохьсон, тэр хүрз нь шар иштэй ажлын хэсэг нь дөрвөлжин хэлбэртэй хүрз байсан. ... Намайг гэрээс гарч ирэхэд Мөнх-Оргил Батзориг 2 нь хүргэн Дондогийн гэрийн урд талд зогсож байсан, Сүхээ нь хүргэний гэрээс гарч ирж харагдсан. Батзориг гэж залууг нь 7 буудал хавиар архи уугаад явж байдаг болохоор сайн танина. Хар Сүхээ гэж хүнийг би бас эртнээс таньдаг юм. Харин авгайгаа хайж яваа буюу Мөнх-Оргилийг урьд нь таньдаггүй байсан. Батзоригийн хувьд ямар ч юманд оролцоогүй зүгээр л хараад зогсож байсан. Хамгийн эхэлж зодооныг үүсгэсэн хэрүүл маргаан гаргасан хүн бол Мөнх-Оргил юм. Хар Сүхээ нь Мөнх-Оргилыг өмөөрөөд талийгаач бид 2 руу дайраад байхаар нь би таныг ах гээд хүндлээд байхад та арай дэндүү давраад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн чи даварлаа гээд яадаг юм гээд над руу цохих гэснээ больсон. Дараа нь Мөнх-Оргил намайг заамдаж барьж авахаар нь би гарыг нь цохьж тавиулсан юм. Намайг хүрзээр цохьдог Амгалан нь өвдөгнөөс доогуур татсан хар өнгийн куртиктэй хар өнгийн кээпкин малгайтай байсан. Сүхээ нь хар өнгийн өвдөгнөөс дээгүүр татсан куртик жинсэн өмдтэй хар өнгийн малгайтай байсан санагдаж байсан. Авгайгаа хайж явсан гэх Мөнх-Оргил гэх залуу саравчтай малгайтай байсан тэмээний ноосон цамцтай байсан санагдаж байна гэжээ.

2.П.Ганчимэгээс:-2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө манай хашаанд хүмүүс хэрэлдээд байхаар нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод гартал манай хашаанд  үл таних 3 хүн ороод ирчихсэн, Дашням ахтай хэрэлдээд байсан ба тэр хүмүүс Ганаа гээд дээд айлын эгчийг асуугаад манай хашаанд андуураад ороод ирсэн юм шиг байсан. Тэр үед бас Дондог ах гараад ирчихсэн байсан бөгөөд тэгтэл нэг өндөр биетэй хар хувцастай хүн Дондог ахын гэрийн хойно байсан хүрзийг аваад шууд Дашка ахын толгой руу хэд хэдэн удаа цохьсон ба Дашка ах доошоо суугаад толгойгоо хамгаалтал нөгөө хүрз барьсан залуу Дондог ахыг хүрзний ишнээс нь барьж байгаад төмөрнийх нь ар хэсгээр толгой руу нь маш олон удаа цохьж нүдсэн. Тэгж байтал нөгөө хүрзнийх нь иш мултраад унахад л нөгөө хүн Дондог ахыг хүрзээр цохихоо больсон. Би очоод нөгөө хүнээс хүрзнийх нь ишийг гараас нь булаагаад авчихсан юм. Тэгээд дараа нь хар урт хүрэмтэй хүн талийгаач Дондог ахыг хашаанд шахаж байгаад өшиглөөд гараараа цохиод “чи яасан овоо пизда вэ?” гээд нүдээд байсан. Тэгэж байгаад л тэр хүмүүс гараад явчихсан гэжээ.

3.П.Арслаагаас:-Амгалан, Бек, Отгоо гэж манай эхнэр Энхжаргал бид тав машинд үлдсэн байсан. Сүхээ, Мөнх-Оргил, Батзориг 3 түрүүлээд урд айлын хашаа руу урдуур нь тойроод очсон. Тэгээд машинд сууж байтал Амгалан нь нөгөө хэд чинь хэрүүл хийгээд байх шиг байна, чанга чанга дуугараад байна шүү дээ, хэдүүлээ оръё л доо гэж хэлсэн. Тэгээд Амгалан тэр айлын хашааны араас орсон. Малчбек, Отгоо бид 3 араас нь дагаад орсон. Тэгсэн Мөнх-Оргил жижиг намхан шардуу царайтай залуутай чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Юу гэж хэрэлдэж байсныг сайн сонсоогүй, яваад очтол Амгалан хаанаас хүрз авсан юм мэдэхгүй хавтгай дөрвөлжин хүрз барьчихсан, тэр намхан шар залуугийн нуруу руу нь 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би Амгаланг хажуу талаас нь 2 гартай нь давхар тэврээд авсан. Тэгээд хүрзийг нь гарнаас нь мулталж унагаад “цаашаа яв чи учрыг нь олоогүй байж яах гээд байгаа юм” гэж хэлээд Амгаланд уурласан. Би Амгаланг цаашаа түлхээд, нэг эгч цагдаа дуудна гээд орилохоор нь би өөрөө хашаагаар гараад гудамжинд гарсан гэв.

4.М.Малчбекээс:-Сүхээ нь хашааны үүдэнд бас нэг хүнтэй маргаад барьж аваад зууралдаад байсан. Тэгэхдээ Сүхээ нь цээжээ нүцгэлж энгэрээ яраад  “та нар хэзээ ийм болчихсон юм алив хүрээд ир, алаад өгье сайхан зодолдохыг чинь харъя” гээд нэг хүнийг заамдаж барьж аваад эрүү толгой гэдэс рүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байж харагдсан, тэгсэн тэр залуу зугтсан. Тэгээд Сүхээ нь одоо дээд айл руу орцгооё гэсэн гэжээ.

5.Отгонтөгсөөс:- ...машин дотор эхлээд сууж байхад Мөнх-Оргил 2 хүнтэй гурвуул айл заалгахаар явсан. Тэгтэл урд хашаан дотор хүмүүс орилолдоод нэг эмэгтэй чарлаад байхаар нь урд хашаан дотор зодоон болоод байх шиг байна гэж нөгөө машинд байгаа хүмүүст хэлэхэд Арслаа, Казах залуу, Амгалан гэж залуус буугаад тэр хашаа руу араар нь орцгоосон, би тэр айлын хашаа руу ороогүй, дээд хашаа дагаж яваад нэг хашааны арын догол дээр бие засчихаад эргээд машин дээр ирсэн. Тэгэхэд нөгөө хэд дээд айлын хашаанаас давж гарч ирсэн гэжээ.

6.Т.Энхжаргалаас:-...тэр хэд бөөнөөрөө айлын хашааны араас даваад гарч ирээд машинд суугаад хөдөлцгөөсөн. ...тэд машинд орсны дараа Арслаа нь Амгаланг чи яах гэж хүрз барьж хүн цохьсон юм бэ гэж асуусан. Тэгэхэд Амгалан нь юм хэлээгүй гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015.10.26-ны өдрийн №1900 тоот актын Онош:

1.Гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархайн хэсгээс зулай яс, суурь ясны дунд хонхор руу үргэлжилсэн хугарал, баруун чамархайн хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, тархины дагзны баруун хэсгийн няцрал духны зулгаралт.

2.Тархины дарагдал хаван, уушгины хаван, духны зулгаралт

Дүгнэлтэд:

1.Талийгаач Б.Дондог нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

2.Талийгаач Б.Дондогийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархайн хэсгээс зулайн яс, суурь ясны дунд хонхор руу үргэлжилсэн хугарал, баруун чамархайн хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, тархины дагзны баруун хэсгийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болно. 

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хуурч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байжээ гэжээ.

Шүүх дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Ш.Амгалан нь  Ш.Алтанхуяг, Ү.Батсуурь нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, нохойн сургуулийн хашааны гадна байрлуулсан иргэн Ө.Цогхүүгийн эзэмшлийн Соната-6 маркийн 76-63 УНН улсын дугаартай автомашины хайлшин обудтай 4 ширхэг дугуй, аккумлятор зэрэг эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Батцэнгэл гэгчтэй бүлэглэж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-69 тоотод оршин суух В.Алтангэрэлийн гэрт архи ууж байхдаа мөнгөн тоногтой бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг нь хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Яргайт”-ын 18-579 тоотод оршин суугч Д.Дашням, Б.Дондог нар нь айл сураглаж ирсэн гэх Г.Сүхбаатар, Б.Батзориг, Л.Мөнх-Оргил нартай маргалдаж, тэдгээрийг өөрийн хашаанаас хөөж гаргах үед Ш.Амгалан нь тус хашааны арын хаалгаар орж ирээд, ямар үгийн зөрүүггүйгээр иргэн Б.Дондогийг шалтгаангүйгээр толгой тус газар нь хүрзээр цохьж, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч Б.Дондог нь гавал тархины битүү гэмтлийн улмаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь

Ш.Амгалангийн яллагдагчаар мэдүүлсэн “Малчбек, Арслаа бид гурав хашааных нь араар онгорхой зайгаар ороод яваад очиход гэрийн ард нэг хүрз байхаар нь би түүнийг аваад Мөнх-Оргилтой барилцаад зогсож байсан залууг араас нь толгойд бил үү нуруунд нь сайн санахгүй байна, нэг газар нь нэг л удаа цохьсон” гэх мэдүүлэг,

хохирогч Ө.Цогхүүгийн “2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед Жигжидийн зуслангийн Нохойн сургуулийн хашааны гадаа гэрээс 20 орчим метр зайтай газар өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн 76-63 УНМ улсын дугаартай машинаа тавьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд очиход 4 дугуй байхгүй, баруун талын хойд хаалганы жижиг гурвалжин шил хагархай, урд гуперийн баруун талын доод эмжээр нь цуурсан байдалтай байсан. Цагдаад дуудлага өгөөд үзүүлэхэд аккумлятор нь бас алга болсон байсан” гэх мэдүүлэг,  

хохирогч В.Алтангэрэлийн “2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Амгалан түүний найз хоёртой таарсан. Тэгээд манайд очиж Хараа 0.5 литр задалж хувааж ууж байгаад би Амгалангийн найзад нь өрөө рүү ороод бууз жигнэчих гэж хэлсэн. Тэр залуу бууз жигнэсний дараа таны аяга хаана байна гэж асуухаар нь цаад өрөөнд чинь байгаа гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Амгалан найз руугаа чиний ажил болохоо байлаа гээд манайхаас хурдан гараад явсан. Энэ өдөр мөнгөн аяга хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалагын “... хар Сүхээ гэж залуу бас нэг өндөр залуу, арай намхан хөх саравчтай малгайтай саарал хүрэмтэй, ийм 3 хүн манайд орж ирээд Ганаа хаана байна гэж хар хочтой Сүхээ надаас асуусан. ... тэр айл чинь манай дээд талын айл гэж хэлсэн. Тэгсэн талийгаач “манай хүн  Монгол хэлээр яриад байгаа юм биш үү та нар гараач” гэж хэлсэн чинь намхан саравчтай малгайтай залуу “чи яасан том дуутай пизда вэ гараад ир”гээд тэд гарсан. Тэгэхээр нь талийгаачийг гарах гэхээр нь “чи яах гээд байгаа юм бэ битгий гар” гэж би хориод үлдээсэн. Тэгсэн талийгаач “Дашка гадна хүнтэй маргалдаад байна. би гарчихаад ирье” гэсэн. ... Тэгтэл Дашка манайх руу үсрээд ороод ирсэн, араас нь намхан саравчтай малгайтай залуу орж ирээд “чамайг ална аа пизда минь” гээд манай гэрт орж ирж Дашнямыг 2 удаа өшиглөөд авсан. Тэгээд би араас нь гартал нөгөө хүмүүс хашаанаас гараад явчихсан, манай талийгч хашаан дотор хашааны шон налаад зогсож байсан, “яасан бэ” гэсэн чинь намайг нэг юмаар л цохичих шиг боллоо гээд толгой дүүрээд байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү дагуулж орсон. ....тэгсэн талийгаач сууж байснаа миний толгой аймаар өвдөөд байна би ер нь явж ээж дээрээ очиж үхье гэж хэлэхээр нь толгойг нь харсан чинь духны дээхэн хэсэгт үл ялиг бага зэрэг шалбархай, толгойны орой дээр бас нэг жижиг шалбархай байсан. Талийгаач 30 минут хэртэй унтаад босож ирээд толгой сонин болоод байна гэж хэлэхээр нь би диклодинк гэж эм авчирсан. Тэгсэн бас л яриа нь сонин болчихсон байсан. Тэгээд би эмээ уулгачихаад хоол хийгээд аягалах гэж байтал манай хүү аав сонин болчихлоо гэсэн тэгээд эргээд хартал хөл гар нь татагнаад амнаас нь хөөс гарч байсан. Очоод татсан чинь ямарч ухаангүй болчихсон хүчтэй хурхираад байсан. Тэгээд сэрэхгүй болохоор түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт аваачсан. Тэнд компьютерт харуулсан чинь тархинд цус харвалт өгсөн гавлын яс цууралттай 6 сетк орлуулж хийнэ гэсэн. Ингээд тэр өдрөө 14 цаг 30 минутын үед хагалгаанд ороод 19 цагт хагалгаанаас гарч ирээд Сэхээний тасаг руу шилжүүлж 48 цаг ухаангүй байж байгаад 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 30 минутанд нас барсан” гэх мэдүүлэг,

гэрч Д.Дашнямын “... манай хашаанд хүмүүс хэрэлдээд байх шиг чимээ гарахаар нь гартал Дондог гэрийнхээ гадаа үүдэнд үл таних 2 эрэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Би тэд нар дээр очоод, та нар яагаад айл амьтан  амраахгүй хэрүүл хийгээд байгаа юм гараач гэхэд Дондогийн гэрээс хар Сүхээ гараад ирсэн. Тэгээд тэд нарыг Дондог ах бид 2 нийлээд та нар гар гээд хашаанаас гаргахын завдалгүй л өндөр хар хувцастай кэпик малгайтай залуу хаанаас ч юм гэнэт гартаа хүрз барьчихсан гарч ирээд шууд миний араас толгой руу цохьсон. Тэгээд намайг холдтол шууд манай хүргэн ах Дондогийн толгой руу нь хүрзний урд төмөр ажлын хэсгийн ар хэсгээр нь 2 удаа цохьсон. Тэгээд би салгах гэхэд нөгөө хэдэн залуу нь миний урдаас чулуу шидээд байхаар нь би зугтаагаад гэртээ орсон. Тэгтэл миний араас Дондог ахын үүдэн дээр зогсож байсан 2 залуугийн намхан нь орж ирээд би чамд хэлсэн биз дээ? зүгээр хэлээд өгчихөд явдаг юм гэсэн. Би тэр дороо буцаад гартал манай хүргэн ах Дондог хашаа налаад босож байсан. Ямар шалтгаанаар цохьсныг нь мэдэхгүй. ... Намайг гэрээс гарч ирэхэд Мөнх-Оргил Батзориг 2 нь хүргэн Дондогийн гэрийн урд талд зогсож байсан, Сүхээ нь хүргэний гэрээс гарч ирж харагдсан. Намайг хүрзээр цохьдог Амгалан нь өвдөгнөөс доогуур татсан хар өнгийн куртиктэй хар өнгийн кээпкин малгайтай байсан” гэх мэдүүлэг,

гэрч П.Ганчимэгийн “2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө манай хашаанд нэг өндөр биетэй хар хувцастай хүн Дондог ахын гэрийн хойно байсан хүрзийг аваад шууд Дашка ахын толгой руу хэд хэдэн удаа цохьсон ба Дашка ах доошоо суугаад толгойгоо хамгаалтал нөгөө хүрз барьсан залуу Дондог ахыг хүрзний ишнээс нь барьж байгаад төмөрнийх нь ар хэсгээр толгой руу нь маш олон удаа цохьж нүдсэн. Тэгж байтал нөгөө хүрзнийх нь иш мултраад унахад л нөгөө хүн Дондог ахыг хүрзээр цохихоо больсон. Би очоод нөгөө хүнээс хүрзнийх нь ишийг гараас нь булаагаад авчихсан юм. Тэгээд дараа нь хар урт хүрэмтэй хүн талийгаач Дондог ахыг хашаанд шахаж байгаад өшиглөөд гараараа цохиод “чи яасан овоо пизда вэ?” гээд нүдээд байсан. Тэгэж байгаад л тэр хүмүүс гараад явчихсан” гэх мэдүүлэг,  

гэрч П.Арслаагийн “Амгалан, Бек, Отгоо гэж манай эхнэр Энхжаргал бид тав машинд үлдсэн байсан. Сүхээ, Мөнх-Оргил, Батзориг 3 түрүүлээд урд айлын хашаа руу урдуур нь тойроод очсон. Тэгээд машинд сууж байтал Амгалан нь нөгөө хэд чинь хэрүүл хийгээд байх шиг байна, чанга чанга дуугараад байна шүү дээ, хэдүүлээ оръё л доо гэж хэлсэн. Тэгээд Амгалан тэр айлын хашааны араас орсон. Малчбек, Отгоо бид 3 араас нь дагаад орсон. Тэгсэн Мөнх-Оргил жижиг намхан шардуу царайтай залуутай чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Юу гэж хэрэлдэж байсныг сайн сонсоогүй, яваад очтол Амгалан хаанаас хүрз авсан юм мэдэхгүй хавтгай дөрвөлжин хүрз барьчихсан, тэр намхан шар залуугийн нуруу руу нь 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би Амгаланг хажуу талаас нь 2 гартай нь давхар тэврээд авсан. Тэгээд хүрзийг нь гарнаас нь мулталж унагаад “цаашаа яв чи учрыг нь олоогүй байж яах гээд байгаа юм” гэж хэлээд Амгаланд уурласан” гэх мэдүүлэг,

гэрч Т.Энхжаргалын “..тэд машинд орсны дараа Арслаа нь Амгаланг чи яах гэж хүрз барьж хүн цохьсон юм бэ гэж асуусан. Тэгэхэд Амгалан нь юм хэлээгүй” гэх мэдүүлэг,  Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015.10.26-ны өдрийн №1900 тоот акт, хэд хэдэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Ш.Амгалан нь сэтгэцийн ямар нэг өвчингүй гэх шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.12.22-ны №1092 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хүрз, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Шүүгдэгч Ш.Амгалан нь 2008 онд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсаны дараа ялтай байхдаа 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т заасныг баримтлан шүүгдэгчид уг өршөөлийн хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулах нь зүйтэй гэж үзэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Амгалангийн дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр түүний 2013 онд үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа ялтай байхдаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал арилсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг 145.2 болгон хөнгөрүүлэх боломжтой юм.  

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ш.Амгаланг танхайн сэдэлтээр Б.Дондогийг толгой тус газар нь хүрзээр олон удаа цохьж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан хэмээн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015.10.26-ны өдрийн №1900 тоот актанд талийгаач Б.Дондогийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархайн хэсгээс зулайн яс, суурь ясны дунд хонхор руу үргэлжилсэн хугарал, баруун чамархайн хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, тархины дагзны баруун хэсгийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хүнд зэргийн гэмтэл гэж дүгнэснээс үзвэл хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсээгүй, хохирогчийн тарчилаан зовоосон шинжгүй байх тул шүүгдэгч Ш.Амгаланг хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд прокуророос шүүгдэгч Ш.Амгаланд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 91.2.12-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Ш.Амгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн өөр өөр зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэв. Шүүгдэгчийн нэр дээр ямар нэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх нь тогтоогдоогүй тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.  

 Шүүгдэгч Ш.Амгаланд 2013 оны 4 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 01 хүртэл 178 хоног, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01 хүртэл 449 хоног, 2015 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 11 дүгээр сарын 22 хүртэл 393 хоног, нийт 1020 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул дээрх хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мягмарсүрэнгээс хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 5.230.060 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг хавсаргасан тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан журмын дагуу уг зардлыг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалаг нь нас барсан хохирогчийн төрсөн хоёр хүүхдүүдэд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-т заасан журмын дагуу гэм хор учруулсны төлбөр нэхэмжилж байгаа боловч, уг хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ тогтоолоор уг гэм хорыг арилгах боломжгүй байна. Иймд Н.Тунгалаг нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, уг зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгч Ш.Амгалан нь бусадтай бүлэглэн Ө.Цогхүүгийн Соната-6 маркийн 76-63 УНН улсын дугаартай автомашины хайлшин обудтай 4 ширхэг дугуй, аккумлятор зэрэг эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан ба хэргийн 2 дугаар хавтасны 130 дугаар талд хавсаргасан эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ө.Цогхүүд алдагдсан эд зүйлүүдийг буцаан өгсөн нь нотлогдож байх тул уг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин шүүгдэгч нь Б.Батцэнгэлтэй бүлэглэж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-69 тоотод суух В.Алтангэрэлийн гэрээс мөнгөн тоногтой бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасан журмын дагуу уг гэм хорыг Ш.Амгалан, Б.Батцэнгэл нар хамтран хариуцах үүрэгтэй боловч яллагдагч Б.Батцэнгэлийн байгаа газар нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр энэ хэргээс тусгаарласан байх тул В.Алтангэрэлд учирсан хохирлыг шүүгдэгч Ш.Амгалангаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин Ш.Амгалан нь Б.Батцэнгэлээс өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй.   

Шүүгдэгч Ш.Амгалан нь өөр шалгагдаагүй байгаа үйлдлүүдийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлт гаргаж байгаа боловч шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулсан болно.     

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122, 283, 286, 294, 290, 297, 298 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Амгалангийн 2008 онд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Амгаланд холбогдох хэргээс Эрүүгийн  хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Амгаланд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

4.Шүүгдэгч Ш.Амгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

5.Шүүгдэгч Ш.Амгаланг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 6.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ш.Амгаланд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 17 (арван долоо) жилийн хугацаагаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ш.Амгаланд оногдуулсан 17 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

8.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ш.Амгалангийн цагдан хоригдсон 1020 (нэг мянга хорь) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Амгалангаас 5.540.060 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мягмарсүрэн (РД: ЦГ55030461)-д 5.230.060 төгрөг, хохирогч  В.Алтангэрэл (РД:УК49050213)-д 310.000 төгрөг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалаг нь бусад гэм хорын хохирлоо иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

                   ШҮҮГЧИД                                           Ё.ЦОГТЗАНДАН

         С.БАТГЭРЭЛ