Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/345

 

 

 

 

 

 

 

   2023        03         13                                       2023/ШЦТ/345

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,  

улсын яллагч Э.Баасанбаяр,

шүүгдэгч С.Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт С.ын Ч.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 0416 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 24-ний өдөр С. аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, “Токио тауэр” хотхонд харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, Т. овогт С.ын Ч..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч. нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 38а байрны 94 тоотод А.Э.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүү хэсэгт нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын орчим... Тэгээд би Чой ахад хандаад түүнийг “эндээс явчих, хэрүүл хиймээргүй байна” гэхэд Чой нь гарахгүй байсан болохоор би Чой ахыг хөөж гаргаад, хаалгыг нь түгжчихсэн. Түүнээс хойш 20 орчим минутын дараа дахиж орж ирэхдээ нэг гартаа заазуур барьчихсан байдалтай над руу дайрахаар нь би түүний заазууртай гарыг барьж авахад нөгөө гарт нь хутга байсныг нь хараагүй, хутгатай гараараа миний эрүү, хүзүү орчимд зүсчихсэн. Зүсүүлээд цус гарахад Чой ах тэндээс гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

- Гэрч Б.Ганхуягийн өгсөн: “Эрдэнээ хаалга онгойлгох чимээ гарахаар нь гүйгээд очтол үүдэнд Чой нэг гартаа хутга барьчихсан, нөгөө гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Намайг барьж авахын завдалгүй Эрдэнээ “намайг Чой хутгалчихлаа” гэхээр нь хартал А.Э.гийн эрүүний зүүн доод хэсэгт зүсэгдсэн цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

- Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2070 тоот: “А.Э.гийн биед эрүүнээс зүүн хацрын чих хүрсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх үйлдлээр үүсгдэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн дотор хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Ч. нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 38а байрны 94 тоотод А.Э.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүү хэсэгт нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Ч.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             С.Ч. нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 38а байрны 94 тоотод А.Э.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүү хэсэгт нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч А.Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын орчим... Тэгээд би Чой ахад хандаад түүнийг “эндээс явчих, хэрүүл хиймээргүй байна” гэхэд Чой нь гарахгүй байсан болохоор би Чой ахыг хөөж гаргаад, хаалгыг нь түгжчихсэн. Түүнээс хойш 20 орчим минутын дараа дахиж орж ирэхдээ нэг гартаа заазуур барьчихсан байдалтай над руу дайрахаар нь би түүний заазууртай гарыг барьж авахад нөгөө гарт нь хутга байсныг нь хараагүй, хутгатай гараараа миний эрүү, хүзүү орчимд зүсчихсэн. Зүсүүлээд цус гарахад Чой ах тэндээс гараад явсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Ганхуягийн өгсөн: “Эрдэнээ хаалга онгойлгох чимээ гарахаар нь гүйгээд очтол үүдэнд Чой нэг гартаа хутга барьчихсан, нөгөө гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Намайг барьж авахын завдалгүй Эрдэнээ “намайг Чой хутгалчихлаа” гэхээр нь хартал А.Э.гийн эрүүний зүүн доод хэсэгт зүсэгдсэн цус гарч байсан.” гэх мэдүүлэг,

            - Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2070 тоот: “А.Э.гийн биед эрүүнээс зүүн хацрын чих хүрсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх үйлдлээр үүсгдэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн дотор хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.Ч.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Чоймборожавт Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Ч.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 37.6 см урттай, хар өнгийн бариултай 1 ширхэг хутга, 29 см урттай, ган төмөр хийцтэй 1 ширхэг заазуур зэрэг хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. овогт С.ын Ч.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч.т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.Ч.т оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 37.6 см урттай, хар өнгийн бариултай 1 ширхэг хутга, 29 см урттай, ган төмөр хийцтэй 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            7. Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД