| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Э.Ариунболд
Шүүгдэгч Х.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Буурлууд ургийн овогт Хашхүүгийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2336000000002 дугаартай, 178/2023/0044/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, Ховд АЗЗА ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Буурлууд ургийн овогт Хашхүүгийн Отгонбаатар, регистрийн дугаар: ПЮ95070611
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Отгонбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-12 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэр төв дөрвөн замын уулзварт 81-15 ХОҮ улсын дугаартай Mitsubishi colt маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны явган зорчигч Т.Ариунтунгалагийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/
2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 2-7-р хуудас/
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-10-р хуудас/
4.Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 11-12-р хуудас/
5. Гэрч С.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...12 цаг 10 минутын үед түргэн тусламжийн эмч хүүхдийг тэвэрч яаралтай тусламжийн тасагт орж ирсэн. Анхны үзлэгээр хүүхдийн амин үзүүлэлт амьсгал, цусны эргэлт тогтвортой,баруун хөлийн шилбэнд урд хэсгээрээ тэмтрэхэд эмзэглэлтэй,тавхай хэсгээр хавдсан, эрхий хурууны хэсэгт хөхөрсөн байдалтай, баруун талын эгэм хэсгээр эмзэглэлтэй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-р хуудас/
6.Гэрч Ё.Еркений мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн...дуудлагын дагуу очиход 7 настай эмэгтэй хүүхэд машинд мөргүүлсэн гэсэн ба үзлэг хийхэд биеийн байдал дунд, уйлагнасан,баруун талын хөлийн шагай нь гадагш эргэсэн байдалтай байсан,шагайн хөдөлгөөнийг хязгаарлаад 103-н машинаар яаралтай тусламжийн тасагт авчирсан... гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/
7.Гэрч Ц.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 12 сарын 05-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд охинтойгоо утсаар ярихад “ хичээл тарж байна” гэхээр нь охиныгоо авахаар гэрээсээ гараад Хөгжимт драмын театрын урд талбай дээр явж байхад охин замын эсрэг талд гарцаар алхаад над руу ирж байтал урдаас хойшоо чиглэж явсан 81-15 ХОҮ улсын дугаартай машин охиныг минь дайрч унагаад дөрвөн замын гол руу ороод аваарийн гэрлээ асаагаад зогссон.Би гүйж очоод охиноо тэврээд авахад баруун хөл нь шилбээрээ эргэчихсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлээд зураг авхуулахад хөлийн шилбэний 2 яс нь хугарсан байна гэсэн.Эмнэлэгт 1 хоноод гарсан.Улаанбаатар хотод очиж нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/
8. Жолооч Х.Отгонбаатарын согтолт тодорхойлсон тэмдэглэл / хэргийн 23-р хуудас/
9.Насанд хүрээгүй хохирогч Т.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...хичээлээ тараад дөрвөн замын уулзварт явган хүний гарцаар гарч байтал намайг нэг машин ирээд мөргөчихсөн.Ногоон гэрэл асаад машинууд бүгд зогсчихсон байсан. Нэг мэдэхэд намайг эмнэлэг рүү аваад явж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 31-р хуудас/
10. Насанд хүрээгүй хохирогч Т.Ариунтунгалагийн өвчний түүхийн хуулбар / хэргийн 40-50-р хуудас/
11.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаартай ...Х.Отгонбаатараас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.Цусанд этилийн спирт илрээгүй... гэх химийн шинжилгээний дүгнэлт / хэргийн 54-55-р хуудас/
12.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн...Т.Ариунтунгалагийн биед баруун хөлийн шилбэний шаант,тахилзуур ясны доод 3/1 хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун хацар хэсгийн цус хуралт,духны баруун хэсэг болон баруун шанаа хэсгийн зулгаралтууд,цээжний баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал,баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун хөлийн шагайн үе болон тавхай хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Т.Ариунтунгалагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун хөлийн шилбэний шаант,тахилзуур ясны доод 3/1 хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй... гэх дүгнэлт / хэргийн 60-61-р хуудас/
13.Мөрдөгчийн лавлагаа/ хэргийн 63-р хуудас/
14. Шүүгдэгч Х.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...намайг уулзвар гарцаар нэвтрэх үед анхааруулах шар гэрэл асч байсан.Би амжиж гарах гэж байгаад гарцаар гарч байсан хүүхдийг мөргөсөн.Тухайн хүүхэд зүүн гар талаас ирж байсан.Энэ машин нь манай аавын машин.Хохирогчийн аавын данс руу эхлээд 300000 төгрөг дараа нь манай аав 3500000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 79-р хуудас/
15.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 89-р хуудас/
16.Жолоочийн /Х.Отгонбаатарын/ лавлагаа мэдээлэл / хэргийн 92-р хуудас// зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
1.Шүүгдэгч Х.Отгонбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11-12 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэр төв дөрвөн замын уулзварт 81-15 ХОҮ улсын дугаартай Mitsubishi colt маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар гарч байсан бага насны хүүхэд Т.Ариунтунгалагийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
1.1.Шүүгдэгч Х.Отгонбаатар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дөрвөн замын уулзвараар нэвтрэх үед анхааруулах буюу шар өнгийн гэрэл ассан байх үед амжиж уулзвар нэвтрэх гэсэн зорилготой байсан нь түүний мэдүүлэг болон бага насны хохирогч Т.Ариунтунгалаг, гэрч Ц.Төгсжаргал нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, камерийн бичлэг зэрэг баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгчийн үйлдэл нь “хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарна.
1.2.Шүүгдэгч Х.Отгонбаатар тээврийн хэрэгсэл жолоодож замын уулзвараар нэвтрэхдээ зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор нэвтрээгүй, уулзварт гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй зэрэг Замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл байгаа хэдий ч нөгөө талаас бага насны зорчигчийн эцэг эх асран хамгаалагчийн хувьд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д “ Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа / энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй/ хөтлөх, тэврэх,үүрэх,хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэх заалтыг зөрчсөн хариуцлагагүй байдал хүүхдийн эрүүл мэнд хохироход нөлөөсөн гэж үзэж байна.
1.3.Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр үнэмлэхтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан жолоочийн лавлагаа мэдээлэл, согтолт тодорхойлсон тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг готлох баримтуудаар нотлогдох ба бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйд нийцсэн.
Иймд шүүгдэгч Х.Отгонбаатарыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Отгонбаатар нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.1.Шүүгдэгч Х.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид 3800000 төгрөгний хохирол төлсөн ...гэж мэдүүлснийг шийдвэрийнхээ үндэслэл болгов.
2.2.Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 95-р хуудас/-аар тогтоогдож байна.
2.3.Хавтаст хэрэгт шүүгдэгч Х.Отгонбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл зэрэг баримт авагджээ.
2.4.Ховд аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Х.Отгонбаатарын жолоодож явсан 81-15 ХОҮ улсын дугаартай Mitsubishi colt маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна. / хэргийн 84-85-р хуудас/
2.5.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төгсжаргалаас шүүхэд “хүүхдийн эмчилгээний нийт зардал 8500000 төгрөг гарсан. Х.Отгонбаатарын өгсөн 3800000 төгрөгийг хасаад 4700000 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэх хүсэлт, хуулбар баримт ирүүлсэн байна.
2.6.Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гаргацгүй хуулбарласан байх тул 4.700.000 төгрөгийн хохиролыг хэлэлцээгүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Х.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Х.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 81-15 ХОҮ улсын дугаартай Mitsubishi colt маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Х.Отгонбаатар өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “... миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид 3800000 төгрөгний хохирол төлсөн, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна ” гэв.
Шүүгдэгч Х.Отгонбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, бусдад төлөх хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс: Шүүгдэгч Х.Отгонбаатарыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагч, шүүгдэгч нарын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Отгонбаатарт тайлбарлаж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хавтаст хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй байх ба шүүгдэгч Х.Отгонбаатар хохиролд 3800000 төгрөг төлсөн талаар ХААН банкын дансны дэлгэрэнгүй хуулга ирүүлснийг үнэлж, түүнийг хохирогчид 3800000 төгрөг хохиролд төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төгсжаргалаас шүүхэд ирүүлсэн хүсэлтийг харгалзан түүнийг цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хүртэл 81-15 ХОҮ улсын дугаартай Mitsubishi colt маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Буурлууд ургийн овогт Хашхүүгийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буурлууд ургийн овогт Хашхүүгийн Отгонбаатарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонбаатарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Отгонбаатарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Х.Отгонбаатар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төгсжаргалд 3.800.000 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Х.Отгонбаатарыг торгох ялыг биелүүлэх хүртэл 81-15 ХОҮ улсын дугаартай “Mitsubishi colt” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Отгонбаатарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС