| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Эрхэмбаяр,
Шүүгдэгч Д.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Баттогтоход холбогдох 2223002010030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, 6 айлын 05 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогт Дашдондовын Баттогтох, регистрийн дугаар ИЭ88010612.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Баттогтох нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.1-17.2.3, 174 дэх заалтыг зөрчиж Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 1 давхар авто граж дээр хохирогч Б.Жигжиддоржийг ажиллуулсны улмаас Б.Жигжиддорж тухайн авто граж дээрээс унаж “баруун шууны судасны тасрал, булчингийн урагдал” бүхий гэмтэл учирч түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Баттогтох нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.1-17.2.3, 174 дэх заалтыг зөрчиж Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 1 давхар авто граж дээр хохирогч Б.Жигжиддоржийг ажиллуулсны улмаас Б.Жигжиддорж тухайн авто граж дээрээс унаж “баруун шууны судасны тасрал, булчингийн урагдал” бүхий гэмтэл учирч түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,
- Хохирогч Л Б.Жигжиддоржийн “...Тухайн өдөр би “Оргиу” угаалгын газар ажиллаж байгаад 16 цагийн орчим Баттогтох ах ирээд “Барилгын ачаа ирчихсэн буулгах хүн олдохгүй байна” гээд “Оргиу” засвар дээр ажиллаж байсан Баатархуяг, Мөнхзаяа, Даваацэрэн, Оргиу угаалгын газарт ажилладаг хоёр залуу бид хэдийг буулгаад өгөөч гэсэн. Тэгээд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн баруун талд баригдаж байсан Баттогтох ахын барилга дээр ачааг нь буулгахаар очсон юм. Тэгээд граж дээр хоёр нь гарч сэндвичин хавтанг авахаар болсон бөгөөд би Мөнхзаяагийн хамт өөрсдийн санаачилгаар граж дээр гарч бусад нь машин дотроос хавтанг зөөж уяагаар оосорлож өгөөд бид хоёр дээш татаж авч байсан юм. Тэгтэл хавтанг оосорлож байсан уяа мултраад би хойшоо тэнцвэр алдаад доош унасан бөгөөд унахдаа гражны блокноос хальт барьж аваад доош төмөр хайсан хашаан дээр баруун талын сугаараа унасан. Тэр үед хашааны төмөр суга руу ороод би дээш сугаа татаж мулталж авахад цус их хэмжээгээр гараад байж байтал Баатархуяг ирээд суган дээр дараад Баттогтох ахтай эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр анхан шатны тусламж аваад тэр оройноо Баттогтох ах хамт шууд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хагалгаанд орж тэндээ нийт 12 хоног хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буцаад Улиастай суманд ирсэн. Баттогтох ах “Оргиу” засварыг түрээсэлж харин би засварчнаар ажилладаг ба өөр харилцаа холбоо байхгүй. Бид хоёрын дунд хийсэн хөдөлмөрийн гэрээ байхгүй. Баттогтох ах барилгаа эхэлснээс хойш ачаа ирэхээр буулгах хүн олдохгүй байна гээд өмнө хэд хэдэн удаа барилга дээр нь ачаа буулгаж байсан тэр үед би дээр гарах тохиолдолд гарч байсан болохоор тухайн үед граж дээр гарсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний бүх зардлыг Д.Баттогтох төлсөн. Цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээг хийлгүүлж намайг эдгээд ажилдаа орох хүртэл сар бүр авах ёстой байсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн цалинг өгөхөөр болсон тул надад хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-19-р хуудас/
- Гэрч С.Мөнхзаяагийн “...Тухайн өдөр би “Оргиу” засварын газар ажиллаж байсан бөгөөд 16 цагийн үед манай засварын газрын эзэн Баттогтох орж ирээд “Ачаа ирчихсэн” гэж хэлээд Баатархуяг, Жигжиддорж, Даваацэрэн бид дөрвийг аваад явсан. Бид нар 3 дугаар сургуулийн хажууд манай засварын газрын эзэн Баттогтохын бариулж байгаа засварын газрын барилга дээр ирсэн. Тэгээд баригдаж байгаа гражны хажууд ачааны машиныг зогсоож байгаад сэндвичин хавтанг шууд граж дээр гаргаж байсан. Тухайн үед Жигжиддорж бид хоёр гражны дээд талд гараад хавтанг авч байсан. Жигжиддорж хөл алдаад гражнаас доош унасан. Тэгээд би граж дээрээс буугаад очих хооронд эмнэлэг рүү яваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
- Гэрч Б.Баатархуягийн “...Тухайн өдөр би “Оргиу” засварын газар ажиллаж байсан бөгөөд 16 цаг 30 минутын үед Мөнхзаяа, Даваацэрэн, Жигжиддорж бид дөрөв манай захирал Баттогтохын 3 дугаар сургуулийн хажууд бариулж байгаа барилга дээр ирсэн. Бидний араас “Оргиу” засварын угаалгын газарт ажилладаг хоёр залуу ирсэн. Тэгээд баригдаж байсан гражны хажууд ачааны машинаас сэндвичин хавтанг шууд гражны дээр гаргаж байсан. Тухайн үед Жигжиддорж, Мөнхзаяа хоёр гражны дээд талд гарч, доороос нь “Оргиу” засварын угаалгын газарт ажилладаг хоёр залуу хавтанг авч өгч байсан. Би тэр үед утсаар яриад зогсож байтал Жигжиддорж граж дээрээс доошоо уначихсан байсан. ...Жигжиддорж уначихаад өөрөө гарч ирээд намайг дуудсан юм. Тэгээд очтол баруун талын гуя хэсэг нь цус болчихсон, баруун талын суганаас цус гараад байна гээд байж байсан. Тэгээд манай захирал Баттогтох бид хоёр эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
- Гэрч Ц.Даваанэрэнгийн “...Тухайн өдөр би Оргиу угаалгын газарт ажиллаж байсан. Тэгсэн 15 цагийн үед байх Оргиу засварын газрын эзэн Баттогтох ах ирээд хамт ажиллаж байсан. Даваадорж бид хоёроос баригдаж байгаа барилга дээрээ очоод барилгын материал буулгаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд бид хоёр угаалгын газраа хаагаад араас нь 3-р сургуулийн хажууд баригдаж байгаа барилга дээр нь очоод амбаартай ачааны машины дотор байсан сэндвичэн хавтанг зөөж машины бүхээгний хойно авч ирэн тавиад, цааш нь хүмүүс уяагаар оосорлож граж дээр гаргаж байсан. Тэгж байтал гэнэтхэн хүн уначихлаа гэхээр нь буугаад очтол Жигжиддорж дээрээс унасан бололтой цус болчихсон, Баатархуяг ах талынх нь сугыг дарчихсан байж байгаад Батгаа ахтай эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14420 дугаартай “...1. Б.Жигжиддоржийн биед баруун шууны судасны тасрал, булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/,
- Шүүгдэгч Д.Баттогтохын “...Би Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Оргиу нэртэй засварын газрыг 2020 оноос эхлэн түрээсэлж Жигжиддорж, Баатархуяг, Даваацэрэн, Мөнхзаяа нарыг ажиллуулж цалинг би өөрөө олгодог байсан. Тухайн үед Оргиу авто засварын газрыг түрээсэлдэг байсан учир өөрөө засварын газар барихаар 2022 оны 09 дүгээр 15-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн Богдын гол багийн Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар сургуулийн баруун талд байх өөрийн өмчийн газар дээр барилга барьдаг хувь хүмүүстэй үнэ хөлсөө тохиролцсоны үндсэн дээр тус газарт засварын газар нээх зорилгоор барилгын ажил эхлүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний барилгыг барьж байсан хүмүүс амарч байсан бөгөөд тэр өдөр барилга дээр барилгын материал ачсан машин ирж түүнийг буулгах шаардлагатай болсон юм. Би барилгын ажлаа эхлүүлснээс хойш Жигжиддоржийг шаардлагатай үед ажиллуулдаг байсан. Тухайн өдөр хөлсөөр барилгын материал буулгах хүн хайгаад олдохгүй байсан учраас Оргиу засварын газарт ажиллаж байсан засварчин Жигжиддорж, Мөнхзаяа, Баатархуяг, Даваацэрэн, угаалгын газарт ажилладаг Даваадорж, Даваанэрэн, Мөнхзаяагийн найз Цэндээ гэх хүмүүсийг гуйж хөлсийг нь өгч буулгуулахаар болж барилга дээрээ очиж хамгийн эхэнд бүхээгтэй ачааны машинаас гражны дээвэр болох Сэндвичэн хавтанг буулгахаар болсон. Тэгээд дээврийн хавтанг нэгэнт граж дээр гаргах учир машины тэвшин дээрээс шууд гражны дээвэр дээр гаргая гэж бодоод хүмүүстээ хэлсэн. Тэд зөвшөөрч Мөнхзаяа, Жигжиддорж хоёр барилгын гражны хэсгийн дээр гарч үлдсэн хүмүүс доороос хавтанг авч өгөн тэр хоёр дээрээс нь авч байрлуулж байсан. Тэр үед би хашааны гадна байх машинаасаа ус, ундаа аваад иртэл Жигжиддорж граж дээрээс хавтан авч байгаад доош уначихлаа гээд баруун талын суган дээр нь Баатархуяг гараараа дарчихсан, суганаас нь цус их гарсан байдалтай байхаар нь би шууд өөрийн машинаараа Баатархуягтай, Жигжиддоржийг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Дараа нь Нэгдсэн эмнэлгээс яаралтай Улаанбаатар хот руу хүргэх шаардлагатай гэсэн учир Жигжиддоржийг Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж тэндээ хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Би Жигжиддоржийг өөрийн засварын газар барьж байсан барилга дээрээ барилгын материал буулгуулахаар аваачиж барилгын гражны дээр ажиллуулснаас болж уг гэмт хэргийг үйлдсэн. Би хохирогчид эмчилгээний зардал болон бусад шаардлагатай зардлыг төлж барагдуулсан. Одоо Жигжиддоржийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. ...Би гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Ажил олгогч буюу шүүгдэгч Д.Баттогтох нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй болох нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч П.Бадамаагийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан “...Ажил олгогч нь ажилтантай амаар тохиролцон ажлын байрны тодорхойлолтгүй, гэрээ байгуулаагүй ажилласан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 дэх заал зөрчсөн байна.
...Ажил олгогч, ажилтны мэдүүлгээс харахад Б.Жигжиддорж нь үүрэгт ажлаа хийж байсан нь нотлогдож байгаа тул Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт "ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно” заалтыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцож, цахим системд бүртгэв.
...Тухайн баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан Б.Жигжиддорж ажиллагааны журам зөрчөөгүй.
...Хэргийн материалаас харахад Б.Жигжиддорж нь өндөрт ажиллах сургалтанд хамрагдаагүй, ажил олгогч Д.Баттогтох нь аюулгүй ажиллагааны дүрэм, журамгүй, ажилтанд танилцуулаагүй, сургалтын хөтөлбөргүй, нийт ажилтнуудад сургалт хийгээгүй, шалгалт аваагүй, бие даан ажиллах зөвшөөрөл олгоогүй нь нотлогдож байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.1-17.2.3, 174 дэх заалтыг зөрчсөн байна. Ажил олгогч аюулгүй байдлаа хангаагүй улмаас ажилтан өндрөөс унаж биедээ хүндэвтэр гэмтэл авсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ дэх заалтыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 67-70-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хариуцан ажиллаж буй ажлынхаа дүрэм журам, стандартыг мөрдөж ажилладаггүй, ажилтандаа аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгдөггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Хохирлын талаар:
Хохирогч Б.Жигжиддорж нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний бүх зардлыг Д.Баттогтох төлсөн. Цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээг хийлгүүлж намайг эдгээд ажилдаа орох хүртэл сар бүр авах ёстой байсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн цалинг өгөхөөр болсон тул надад хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Баттогтохыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Д.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Баттогтох урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 88-р хуудас/
Прокуророос шүүгдэгч Д.Баттогтоход холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.
Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Баттогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Д.Баттогтохын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Дашдондовын Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттогтохыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттогтоход оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттогтох нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Д.Баттогтох нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Баттогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ