| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/00495/И |
| Дугаар | 135/ШШ2019/00620 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2019/00620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00495/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .. аймгийн .. сумын .. баг, .. тоотод оршин суух, *******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .. аймгийн ..сумын .. баг, ..тоотод оршин суух, *******-т холбогдох,
"Хууль бус эзэмшлээс 6,000,000 төгрөгийн үнэ бүхий хоёр хос диван гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 01 сард *******ын охид болох А.Г, А.Д нарт 2 хос элит, классик загварын диваныг тус бүрийг 3 сая төгрөгөөр зээлээр худалдсан. 1 диваны комыг А.Г гэртээ тавьж, А.Д нь ээж, аавтайгаа амьдардаг тул аавын гэр *******ынхаа гэрт хүргүүлж авсан. Одоо А.Гд байсан диваныг ******* нь манай гражид байгаа гэдэг юм. 2014 оноос хойш 2 диваны үнэ 6,000,000 төгрөгийг нэхэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд оронд нь газар өгье гэсэн боловч бас л өгөөгүй. Би А.Г, А.Д нараас нэхэмжилж Улаанбаатарт шүүхэд хандсан боловч хариуцагч нар хаяг дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Сүүлдээ 2 диваныг чинь буцааж өгье гэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд машинтай очоод авах гэхээр ******* өгдөггүй юм. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөлгүй, диванаа ав гэдэг мөртлөө өгөхгүй байгаа учраас *******аас 6,000,000 төгрөгийн үнэ бүхий элит загварын 2 диваныг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайолбартаа: “******* нь анх А.Д, А.Г нарт тус бүр нь 3 сая төгрөгийн үнэ бүхий 2 буйданг зээлээр худалдахаар тохиролцсон. Тэгээд мөнгөө төлөхгүй байсан учир гэрээнээс татгалзсан. Худалдан авагч А.Г нь Улаанбаатар руу явахдаа одоо буйдангаа буцааж өгье гэдэг байдлаар тохиролцоод ээж аавдаа буйданг үлдээгээд явсан байгаа юм. Худалдан авагч гэрээнээс татгалзсан тохиолдолд эд зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Гэрээ цуцлагдсанаар ******* тус буйдангийн өмчлөгч болох ёстой. Үүнийхээ дагуу *******аас буйдангаа авах гээд очиход өгөхгүй байгаа. Гэрээнээс үүссэн маргаан биш учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* гэх хүнээс буйдан худалдан авсан асуудал огт байхгүй. Харин 2014 оны эхээр цагаан сарын өмнөхөн ******* нэг хүний хамт гэрт ирж, 1 ширхэг буйдан, 2 креслийн хамт авч ирээд өөрийн зарж байснаас үлдсэн гэмтэлтэй болохоор хүн авахгүй байна, танай охин А.Дд бэлэглэж байгаа юм, Д аав, ээжид аваачаад өгчих гэсэн гээд гэрт оруулаад ирсэн. Тэгээд охин А.Дтай яриж асуухад ******* надад бэлэглэж байгаа юм, та хоёр засаад авчих, цагаан сарын бэлэг гэж хэлсэн байдаг. Хэрэгт авагдсан буйдангийн зурагт байгаа буйдан биш гэж хэлдэг. ******* нь А.Д, А.Г нарт буйдан өгсөн талаар нэхэмжлэлдээ бичсэн байдаг. ******* нь *******тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй, түүний өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болохоор энэ хүнд буйдан буцаан өгөх үүрэг байхгүй. Мөн ******* нь 2014 онд буйдан худалдсан талаар яриж байгаа бөгөөд энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, буйдангийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс 6,000,000 төгрөгийн үнэ бүхий элит, классик загварын хоёр буйдан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, охиноосоо цагаан сарын бэлгэнд гэж нэг буйданг авч, засаж гэртээ тавьсан бөгөөд тэр буйданг ******* авч ирж өгсөн тул хууль бусаар авсан гэж байгаа нь үндэслэлгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч *******ын охин А.Г, А.Д нарт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий хоёр буйдан зээлээр худалдсан боловч үнийг нь одоог хүртэл өгөөгүй, А.Г, А.Д нарын авсан буйдангууд *******ын гэрт байгаа тул түүний хууль бус эзэмшлээс буйдангаа гаргуулна” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ******* нь А.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг .. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .. оны .. сарын ..ны өдрийн .. дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад А.Гд зээлээр худалдсан классик загварын 3 хос диван /буйдан/-ын үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага хамаарч байгаа байдал, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр .. аймгийн Прокурорын газраас нотлох баримтаар гаргуулсан А.Г, *******, *******, А.Д нараас тайлбар авсан тэмдэглэл, нэхэмжлэгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлага болох классик загварын хоёр буйдан нь *******, А.Г, А.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний зүйл байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Дээрх хуульд зааснаар аливаа хэлцэл, гэрээ нь тухайн гэрээнд оролцогч талуудад тодорхой эрх, үүргийг бий болгож байна.
Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох хоёр буйдангийн үнийг А.Г, А.Д нар өгөхгүй байгаа тул гэрээнээсээ татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний татгалзал мөн гэрээний талуудад хамааралтай юм.
Нөгөө талаас нэхэмжлэгч *******гийн нэг хос буйданг хариуцагч *******ын гэрт түүний охин А.Дын хэлснээр өөрөө хүргэж өгсөн гэсэн тайлбараас үзэхэд хариуцагч ******* нь бусдын өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс 6,000,000 төгрөгийн үнэ бүхий классик загварын хоёр буйдан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ