Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

   2023        02          15                                    2023/ШЦТ/241

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Хохирогч М.Т,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2206 05811 0058 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.М.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Тийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь уруул язарсан шарх, хамар, уруул, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн орой би хувиараа такси үйлчилгээнд явж байсан. Миний харснаар Их засгийн тэнд Б.М гэх залуу найз охиныхоо хүзүүн дээр дараад, алгадаад түцний ард орсон. Тухайн үед надтай хамт нэг жолооч байсан. Би Б.М гэх залуу дээр очоод “чи ингэж болохгүй шүү” гэж хэлэхэд өөдөөс “чи хэн юм” гээд байсан. Тэгээд гайгүй болчих шиг болохоор нь би машин руугаа явсан, нөгөө машины жолооч иймэрхүү асуудалд битгий оролцож бай гэсэн. Намайг цохисон, тэгэхэд нь би урдаас нь хариу үйлдэл гаргаагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Энэ үйл явдал 2022 оны 11 дүгээр сард болсон. Үүнээс хойш 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Би гомдолтой байна. Их зээлтэй учраас эмнэлэгт үзүүлж, эм авч хэрэглэж чадаагүй. Одоогийн байдлаар хамар маань гэмтсэн байгаа. Харагдах байдлаасаа хамар маань зүгээр харагдаж байгаа болохоос биш хамар маань гэмтсэн, уруулын дотор тал язарсан гурван 7 хоног зовуурьтай байсан. Хамрын зураг авхуулдаг гэхээр нь авхуулах гэтэл надад боломж нь байхгүй байсан. Б.М над руу 2 удаа залгасан....” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө би орой 22 цагаас эхлээд өөрийн хувийн машинаараа таксинд явж байтал Их засаг их сургуулийн хойд талын автобусны буудал дээр хүн хараад зогсож байтал нэг залуу хажуудаа байсан нэг эмэгтэй хүнийг цохиод байх шиг байсан. Тэгж байснаа ТҮЦ-ний араар нөгөө эмэгтэйгээ түлхээд орохоор нь яаж байгаа юм болоо гээд би машинаасаа буугаад ардаас нь очоод ахын дүү эмэгтэй хүнийг ингэж болохгүй, хэл амаараа учраа ол гээд тайлбарлаад хэлсэн чинь над руу “чи хэн юм” гээд орилоод байхаар нь би таксины жолооч байна гээд байж байсан чинь миний араас бас нэг тэнд зогсож байсан таксины жолооч хүрээд ирсэн чинь тэр залуу шууд зам хөндлөн гараад гүйгээд яваад өгсөн. Тэгснээ замын эсрэг талд зогсож байсан машин дотроос хоёр найзыгаа бололтой залуучуудыг дагуулж ирээд энд байсан таксины жолооч хаана байна гэснээ намайг харангуутаа шууд цохиод авсан. Миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Надтай цуг ТҮЦ-ний араар орсон жолооч ах эргэж гарч ирээд ахын дүү наадуул чинь лай болно шүү гэснээ яваад өгчихсөн байсан юм. Тэгээд би тэр залууд цохиулчхаад цагдаад дуудлага өгсөн. Ганцхан тэр залуул намайг цохисон, өөр залуучууд бол намайг цохиогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 Гэрч Э.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө би өөрийн найз залуу болох Б.Мтай цуг гэр лүүгээ харих гээд Их засаг их сургуулийн хойд талын автобусны буудал дээр маргалдаад зогсож байтал хажуугаас нэг танихгүй залуу ирээд манай найз залууг “хөөе чи яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ” гээд шууд манай найз залууг заамдаад авсан. Тэгтэл Б.М чи хараа муутай юм уу би найз охиныгоо цохиогүй байна гэснээ тэр ахыг нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь тэр залуу шууд цагдаа дуудчихсан. Тэгээд цагдаа нар ирээд шууд Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хэлтэс рүү аваад хүрээд ирсэн. Намайг уг нь бол цохисон зүйл байхгүй, тухайн өдөр шөнө 03 цаг өнгөрч байсан. Хүний хөл хөдөлгөөн бага байсан, надтай муудалцаад тухайн үед жаахан орилоод байсан болохоор хүмүүст тэгж харагдсан юм шиг байна лээ. Б.Мыг ирээд шууд заамдаад авсан, муудалцаад зогсож байгаа тэр залуу тавихгүй байсан. Тэгтэл Б.М цохиод авсан. Тэрний дараа тэр залуу Б.Мыг хацар хэсэг рүү алгадаад авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16077 дугаартай дүгнэлтэд “...1. М.Тийн биед уруулд язарсан шарх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 Шүүгдэгч Б.Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Тийг найз охинтойгоо маргалдаж байхад хүрч ирж боль гэж шаардлага тавьсны улмаас нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь уруулд язарсан шарх, хамар, уруул, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б.Мын үйлдлийн улмаас хохирогч М.Тийн биед уруулд язарсан шарх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдож, тус гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16077 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Б.Б.Мыг тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна гэж дүгнэв.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагчаас “…шүүгдэгч Б.Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.М нь үл ялих шалтгааны улмаас М.Тийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан мансуурсан байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.Тийн биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16077 дугаартай дүгнэлтээр “…М.Тийн биед уруулд язарсан шарх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь хохирогч М.Тийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогч М.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Б.Мыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “…Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй…” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Б.Мын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч М.Т нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Б.Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 19 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг болно.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ