Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

   2023        02          16                                    2023/ШЦТ/247

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Нт холбогдох эрүүгийн 2303 00045 0061 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, **** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн *** дугаартай, М.Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Баян Монгол хорооллын зүүн замд Энхтайваны өргөн чөлөө Хаан банкны урд талын замд “Toyota Prius 20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ уг замын дагуу яваа “Toyota Prius 20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл гулсаж явган зорчигч Б.Өийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Тээврийн Прокурорын газраас яллагдагч М.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Тээврийн Прокурорын газарт яллагдагч М.Н хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Тухайн осол гардаг өдөр би Баянмонгол хорооллоос Барс зах руу явахаар чиптэй хаалганаас гарч уулзвар луу нэвтрэх гээд явж байхад урагшаа чиглэлд түгжирсэн байсан. Тэгээд нэг машин надад зам тавьж өгөхөөр нь хоёр машины голоор гараад машиныхаа хамрыг оруулаад машин ирж байгаа эсэхийг харахад 3-4 машины зайд нэг машин харагдаж байсан. Мөн надад тухайн мөргүүлдэг хүүхдийн явж байгаа нь харагдаж байсан. Би өөрийгөө амжина гэж бодоод ороход тухайн машин хурдтай ирж таарсан. Би уулзварт бүтэн ороод хүрдээ тэгшлээд явж байхад нэг машин миний хажуу талаас ирж мөргөсөн. Гэтэл гадаа хүмүүс орилолдоод тухайн машины жолооч руу “чи яасан хурдтай явдаг юм бэ, хүүхэд дайрчихлаа шүү дээ” гэж байсан. Би машинаас буугаад харахад Ө гэх хүүхэд дайруулсан, хөлөө бариад байж байсан. Тэгээд би цагдаа болон гэмтэл дуудсан. Эхлээд цагдаа ирээд араас нь Баянзүрх дүүргээс Тээврийн цагдаагийн бүлэг ирсэн. Тухайн бүлэг нь хэмжилт хийгээд Өийг мөргөсөн Бг Өийн хамт Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би цагдаа дээр очоод Ө, Б хоёрыг хүлээгээд байж байхад Өийн эмээ, ах нь гээд 4-5 хүн орж ирсэн. Тэдгээр хүмүүсээс бүгдээс нь мэдүүлэг авсан. Өийн эмчилгээнд зарцуулагдсан зардлыг Б бид хоёрыг хуваагаад төл гэж мөрдөгч хэлсэн. Тухайн үед Б эхлээд мөнгө өгсөн байсан учраас би маргааш нь Өийн эмчилгээний зардал гэж 113.000 орчим төгрөгийг эмээд нь өгөөд, үлдсэн мөнгийг Бд өгсөн. Б бид хоёрын машиныг журмын хашаанд хийсэн байсан учраас би Бтай алхаж явахдаа “машины асуудал яах вэ хэнд ч хамаа байхгүй, хүүхдийн эрүүл мэндийн тооцоог хуваагаад төлье” гэж ярилцаад тохиролцсон. Үүний дараа бүх зүйл миний буруу болоод эхлэхэд Б надаас мөнгө нэхэж эхэлсэн. Б өөрөө хохирогч болсон учир мөрдөгч надад хоёр хохирогчийн хохирлыг барагдуулбал шүүх хурал дээр давуу тал болно гэж хэлсэн. Би 01 дүгээр сард цалингийн зээл авах хүсэлт өгөөд 02 дугаар сард цалингийн зээл гарахад миний хүссэн зээлийн хэмжээнээс бага, 1.000.000 гаруй төгрөг л гарсан. Ө гэх хүүгийн гэрт нь өмнө нь очих гэхээр мөнгөгүй, боломжгүй байсан учир тухайн цалингийн зээл гарсан өдөр шууд гэрт нь ээжтэйгээ хамт очсон. Өөрийнхөө цалингийн зээлтэй байгаа, машинаа барьцаанд тавьсан учир байдлаа Өийн эмээд нь хэлэхэд эмээ нь “ойлголоо, эмээ нь цагдаагийн байгууллагад гомдолгүй гэж хэлнэ” гэсэн. Гэтэл маргааш нь Өийн аав нь гэх хүн залгаад “Солонгосоос өчигдөр орой ирсэн, 5 жилийн хугацаатай гэрээгээр Солонгос руу явсан боловч хүүхдээсээ болоод буцаад ирлээ, манай хүүхдэд 1.000.000 төгрөг өгөөд хохиролгүй болно гэж байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би боломжоороо байсан мөнгөө өгсөн, өөр юу хэрэгтэй байгаа талаар асуухад хүүхдийнх нь хичээл хоцрогдож байгаа учир гэрийн багш авч өг гэсэн. Би тэгэхээр нь тийм мөнгө өгөх боломжгүй, эрүүл мэндийн зардлыг л өгч чадна гэхэд Өийн аав нь “тэгвэл шүүх хурал дээр уулзана, гомдолтой байна” гээд утсаа тасалсан…” гэв.

          Үйл баримтын талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би үеэл Жын хамт сагсан бөмбөгийн дугуйландаа явах гээд Баян Монгол хорооллын зүүн талын гарцны хажууд байх Эмералд хотхон руу ордог гарцны ойролцоо явган хүний замаар явж байгаад тэр хотхоны гарц руу ордог машины замын хэсгийг дуусгаад дараагийн явган хүний зам руу нийлэх гэж байхад урд талаас нэг машин гулгаж орж ирээд намайг урд хэсгээрээ мөргөсөн. Тэгээд би газарт унаад босох гэтэл хөл өвдөөд байсан. Тэгэхэд жолооч ах бууж ирээд намайг машиндаа суулгасан. Тэгээд манай ах руу хэлээд дараа нь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай зээ Ө нь осолд орох үедээ манай дунд хүү Сийн хүү болох Жтай хамт явж байсан. Хүүхдийн эмчилгээний төлбөр мөнгийг *** машины жолооч М.Б нь компьютер томографийн 240.000 төгрөг, эмний 118.333 төгрөг, боолт 6.000 төгрөг, хөлийн зураг хэвлүүлэхэд 10.000 төгрөг, гипс, хөвөн зэрэгт 6.900 төгрөг зэрэг төлбөрийг төлж байгаа. Одоо бол биеийн байдал хэвийн болсон. Тухайн үед ослоос хүүхдийн баруун өвдөгний тойгны яс хугарсан гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 15-16 дахь тал/,

Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян Монгол хорооллын зүүн талын замаар урдаас хойш чиглэлтэй вагоны замын нүхэн гарцаар гарах гээд явж байхад Баян Монгол хорооллын зүүн талын гарцаар саарал өнгийн Приүс-20 машин түгжирсэн байсан машинуудын дундаас гэнэт гарч ирээд хойшоо эргэсэн тэгэхээр нь би зогсох гээд тоормос гишгэтэл гулгаад зогсохгүй болохоор нь баруун гар тийшээгээ эргүүлээд хашлага давсан. Тэгтэл өөдөөс хүүхэд гараад ирэхээр нь би зүүн дарахад нөгөө машины зүүн урд гупер хэсгээр мөргөөд тэгээд гулгаад өөдөөс ирж байсан хүүхдийг баруун урд гупер хэсгээр мөргөөд зогссон юм. Намайг хүүхдийг мөргөхөд тэр хүүхэд 1 метр орчим шидэгдэж унасан. Тэгээд би бууж мөргүүлсэн хүүхэд дээр очиход баруун хөлөө бариад сууж байсан. Би тэр хүүхдийг машиндаа суулгаад ахынх нь дугаарыг авч залгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2015 онд 7.000.000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын үед “Тайгын Булаг Кредит” ХХК-д барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл авч байсан. Одоо “Тайгын Булаг Кредит” ХХК-ийн нэр дээр байдаг. Би тухайн ослын талаар мэдэхгүй, хамт байгаагүй. М.Н нь миний дүү байгаа юм. Би 2 жилийн өмнө Приус маркийн *** улсын дугаартай машинаа М.Нт өгч байсан. Жолооч талын урд гупер хонхойсон байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 29 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 643 дугаартай Дүгнэлтэд: “...1. Б.Өийн биед баруун хөлийн тойг ясны орой хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дахь тал/,

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай: “Жолооч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 93 дахь тал/,

Шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би тэр миний машинтай мөргөлдсөн машиныг Баян Монгол хорооллын зүүн талын хаалттай чиптэй гарцнаас замд нийлэхдээ хойноос урагшаа түгжирсэн байсан машины голоор орж зогсоод харахад 3-аас 4 машины хэмжээний зайнаас ирж байхыг нь харсан. Би харсан боловч дотроо амжих юм байна гэж бодоод хөдлөөд хойшоогоо эргэчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Н нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Баян Монгол хорооллын зүүн замд Энхтайваны өргөн чөлөө Хаан банкны урд талын замд “Toyota Prius 20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “…Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө…” гэсэн заалтыг зөрчиж, баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ уг замын дагуу яваа “Toyota Prius 20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл гулсаж явган зорчигч Б.Өийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.Нийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч М.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Яллагдагч М.Н нь Тээврийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “…миний бие хэргийн материалтай танилцлаа. Надад хэргийн материалд санал хүсэлт байхгүй. Өөрийн гэм буруутай байдлыг ойлгож байна. Нөгөө хүмүүсийнхээ хохирлыг төлж барагдуулсан учир энэ хэргийг түргэвчилсэн шатанд түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү…” гэжээ /хх-ийн 116 дахь тал/.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтад “…Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө...” гэснийг мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…” гэж заасны дагуу насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 643 дугаартай дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтад зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно…” гэж заасан.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч М.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд гэрч М.Бгаар дамжуулан эмчилгээний хохирол, төлбөр төлсөн, мөн сайн дураараа насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, М.Н уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.

Шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Н нь шүүх хуралдаанд хохирогчийн хохирол төлбөрийг төлөх зорилгоор зээл авсан, урьд цалингийн зээлтэй байсан талаар мэдүүлсэн тул торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 109 дэх тал/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 90 дэх тал/

Жолоодох эрхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг болно.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ