| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/202/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Э.Ариунболд
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тул ургийн овогт Цэрэнбазарын Чулуунбаатарт холбогдох эрүүгийн 2236000000005 дугаартай, 178/2023/0043/Э/ индекстэй хэргийг 2023 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Алтан өлгий 12б гудамжны 150Б тоотод оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-23 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн, мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Тул ургийн овогт Цэрэнбазарын Чулуунбаатар, регистрийн дугаар:ЙВ83102316
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их буян худалдааны төвийн нэг давхрын 17 тоот лангууны гадна өлгүүрт байсан С.Дуламсүрэнгийн булган шубыг хулгайлсан,
-Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-23 тоот хашаанд өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч Б.Энхбатын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/
2.Хохирогч С.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрын 10-11 цагийн хооронд лангуун дээрээ ирээд бараагаа өлгөхөд миний бараа бүрэн байсан.Удалгүй нэг эмэгтэй ирээд намайг “АТМ дээр цахилгааны мөнгө хийгээд өгөөч” гэхээр нь үүдэнд байгаа АТМ дээр очоод тэр хүний мөнгийг хийчихээд буцаад ирэхэд миний лангууны үүд хэсэгт байх өлгүүрээс булган шуба алга болсон байсан.Тухайн шуба нь хар өнгийн богино, 3 төмөр түгжээтэй Солонгосын шуба байсан... гэх мэдүүлэг / хэргийн 7-р хуудас/
3. Эд зүйл хураан авсан авсан тэмдэглэл / хэргийн 11-р хуудас/
4.Эд зүйлд / шубанд/ үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 12-р хуудас/
5.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 13-р хуудас/
6. Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн...булган шуба /2021 онд Солонгос улсаас худалдаж авсан/-600000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 23-р хуудас/
7.Шүүгдэгч Ц.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Их буян зах ороод хүнсний ногоо аваад явж байтал гадна талдаа шилэн хаалгатай лангууны гадна талд куртик болон шуба өлгөөтэй байсан. Худалдагч нь байхгүй болохоор би өмсөж явсан куртканыхаа халааснаас хөх өнгийн гялгар тор гаргаж ирээд уг шубыг хийгээд аваад явсан.Тэгээд гэртээ оруулбал эхнэр уурлах байх гээд хашаандаа байх эзэнгүй байшинд оруулж тавьсан.2-3 хоногийн дараа байцаагч Мөнхцоож надтай таараад “шуба хаана байна” гэхээр нь байшинд байгаа талаар хэлсэн. Шубыг бариад үзэхэд гоё санагдаад эхнэртээ өмсгөчихье гэж бодоод авсан... гэх мэдүүлэг / хэргийн 42-43-р хуудас/
8.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1028 дугаартай шинжээчийн...А.Энхбатын биед баруун нүдний дээд болон доод зовхи, зүүн хацарт тус бүр цус хуралт, доод уруулын гадна дотно хэсэгт тус бүр зулгаралт, доод эгнээний зүүн талын 1-р шүдний сулрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.А.Энхбатын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт / хэргийн 87-88-р хуудас/
9.Аюулын зэргийн үнэлгээ ...”бага”...гэх тэмдэглэл / хэргийн 91-р хуудас/
10.Согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай тэмдэглэл / хэргийн 95-р хуудас/
11.Хохирогч А.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Ц.Чулуунбаатар согтуу ирээд надтай хэрүүл маргаан хийгээд миний баруун нүд болон уруул руу 2-3 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. Бид хоёр 2009 оноос хамт амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулаагүй байгаа...гэх мэдүүлэг / хэргийн 124-125-р хуудас/
12.Шүүгдэгч Ц.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найзуудтайгаа архи уучихаад гэртээ иртэл манай эхнэр намайг “архи уулаа” гээд уурлаад байхаар нь би хоолойг нь боогоод түлхсэн чинь манай эхнэр гэрээс гарч яваад цагдаад дуудлага өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрт түлээ нүүрс байхгүйгээс болоод эхнэр А.Энхбаттай муудалцаж түүний баруун нүд орчимд нэг удаа алгадсан...гэх мэдүүлэг / хэргийн 115-116-р хуудас/ зэрэг баримт болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Чулуунбаатарт холбогдох 2236003350011 дугаартай хэргийг 2336000000005 дугаартай хэрэгт нэгтгсэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай Прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдсан байна. / хэргийн 74-75-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
1.Хохирогч С.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хэргийн 7-р хуудас/,эд зүйл хураан авсан авсан тэмдэглэл / хэргийн 11-р хуудас/эд зүйлд / шубанд/ үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 12-р хуудас/,эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 13-р хуудас/,эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт
2. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1028 дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 87-88-р хуудас/, аюулын зэргийн үнэлгээ ...”бага”...гэх тэмдэглэл / хэргийн 91-р хуудас/,согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай тэмдэглэл / хэргийн 95-р хуудас/,хохирогч А.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хэргийн 124-125-р хуудас/
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Чулуунбаатар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Их буян худалдааны төвийн нэг давхрын 17 тоот лангууны гадна өлгүүрт байх эмэгтэй хүний булган шубыг хулгайлан авч хохирогч С.Дуламсүрэнд 600000 төгрөгний хохирол учруулсан,
2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг 4-23 тоотод байх гэртээ шүүгдэгч Ц.Чулуунбаатар нь хамтран амьдрагч А.Энхбаттай маргалдаж нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн үйл баримтууд тогтоогдож байна.
2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Их буян захын нэгдүгээр давхарт байрлах 17 дугаар лангуу нь эзэнгүй байсныг далимдуулан өлгүүрт байсан булган шубыг нууцаар, хууль бусаар авсан, тухайн шуба нь эд хөрөнгийн шинжээчийн үнэлгээгээр 600000 төгрөгний хохирол байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “ их хэмжээний” хохиролд хамаарч байх тул шүүгдэгч Ц.Чулуунбаатарын үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Ц.Чулуунбаатар хохирогч А.Энхбатыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун нүдний дээд болон доод зовхи, зүүн хацарт тус бүр цус хуралт, доод уруулын гадна дотно хэсэгт тус бүр зулгаралт, доод эгнээний зүүн талын 1-р шүдний сулрал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохиж биед нь халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Ц.Чулуунбаатарын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч А.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар, хохирогч А.Энхбат нар нь хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Д.Шуурайгийн...Ц.Чулуунбаатар 2009 онд манай 3 дахь охин болох А.Энхбаттай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байх манай ээжийн хашаанд хамт амьдарч эхэлсэн. 2018 онд эхнэр хүүхэд нь Ховд аймагт түрүүлж ирээд 2020 онд Ц.Чулуунбаатар араас нь ирээд одоо манай хашаанд хамт амьдарч байгаа...гэх мэдүүлгээр /хэргийн 34-р хуудас/ нотлогдсон тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, архи согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэдэг байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч С.Дуламсүрэнгийн өгсөн ...шубаа буцааж авсан, одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 58-р хуудас/, эд зүйлд үзлэг хийж буцаан өгсөн тэмдэглэл зэрэг баримтаар, хохирогч А.Энхбатын өгсөн...Ц.Чулуунбаатараас нэхэмжлэх зүйлгүй, хохироын баримтгүй ...гэх мэдүүлгээс шүүгдэгч Ц.Чулуунбаатарыг хохирогч С.Дуламсүрэн, хохирогч А.Энхбат нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Чулуунбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлаг авч үзвэл:
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар нь урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 36-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбаруудаар / хэргийн 46-50,54-59-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Шуурайгийн өгсөн...Ц.Чулуунбаатар нь тийм гээд хэлчих боломжгүй их тогтворгүй зантай, харилцан ярилцахад тухайн үедээ юм ойлгоод байх шиг боловч хэсэг хугацаа өнгөрөхөд шал өөр араншин гаргаад байдаг, их ширүүн харилцаатай, дуугүй талдаа хүн. Архи уухаараа ширүүн дориун зантай болчихдог, архинд дуртай хүн байгаа юм. Харин архи уухгүй бол хаана ямар ч ажлыг сайн хийнэ... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/, Ц.Чулуунбаатарн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан ялыг нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогч А.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол,хохирогч С.Дуламсүрэнд 600000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учирсан, шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэх санал, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: шүүгдэгч Ц.Чулуунбаатарын үйлдсэн гэмт хэрэг, хувийн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналыг дэмжиж байна гэх санал, тайлбар,
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна. Надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Ц.Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Чулуунбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тул ургийн овогт Цэрэнбазарын Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чулуунбаатарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Чулуунбаатарт тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Чулуунбаатарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
6.Эрүүгийн 2336000000005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Чулуунбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС