Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/277

 

 

 

 

 

 

 

   2023        02         28                                     2023/ШЦТ/277

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2206 03792 3701 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-2. аавын хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд

- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот захирамжаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

- Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 714 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, регистрийн *** дугаартай, Б.Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь иргэн Л.Бийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу *** тоотын цонхоор хууль бусаар нэвтрэн орж ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, “Esse” тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 749.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

            Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…2022 оны 06 дугаар сард иргэн Л.Бийн гэрт цонхоор нь орж хулгай хийсэн нь үнэн…” гэв.

            Хэргийн үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед босоод ээждээ цайгаа чанаж өгөөд 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад, Баруун 4 замын тэндээс Болор мэлмий эмнэлгээс бага хүү болох Энхбадралыг аваад буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд би гэртээ түрүүлж ороод том өрөө рүү ор засах гэж орсон чинь гэрийн хамаг юм сүйтгээд хаячихсан байсан. Тэгээд би гайхаад хэдэн секунд балмагдаад зогсож байтал нүдний буланд нэг юм хөдлөх шиг болоод хартал хөшигний ард нэг хүн зогсож байсан. Тэгээд би гүйж очоод хөшгөө нээгээд хоёулаа барилцаж аваад би татаж унагаасан. Тэгээд би орилоход хоёр хүүхэд араас гүйгээд ороод ирсэн. Тэгээд манай том  хүү юу авсан бэ гаргаад ир гэтэл авсан юмнуудаа гаргаж өгөхгүй байсан. Тэгээд миний бүх юмнуудыг гаргаж өгсөн. ...Тэгээд би гадаа гаргаж сандал дээр суулган цагдаад дуудлага өгсөн. ...бас энэ залуу намайг зөндөө гуйгаад байхад нь зөвшөөрөөгүй цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БЗД2-22-1843 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 749.250 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дахь тал/,

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Санал хүсэлт байхгүй утга агуулгыг хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Н нь *** тоотын цонхоор нэвтрэн орж, ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, “Esse” тамхи зэрэг эд хөрөнгийг хулгайлж бусдад 749.250 төгрөгийн хохирол учруулан цүнхэндээ хийсэн байх бөгөөд гарах явцад гэрийн эзэд орж ирсэн тул хөшигний араар орж нуугдсан байна. Улмаар хохирогч Л.Б түүнийг нуугдаж байгааг олж, барьж авахад эсэргүүцэл үзүүлэн барьцалдсан, хулгайлсан зүйлээ гаргаж өг гэхэд гаргаж өгөхгүй байсан бөгөөд улмаар хэд хэдэн удаа орилж хэлэхэд гаргаж ирсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэжээ.

Б.Нийн үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч Л.Бт “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БЗД2-22-1843 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт 749.250 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…” гэжээ. Иймд Б.Нийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна гэж дүгнэв.

 Шүүгдэгч Б.Нийн үйлдэл нь “…хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан …” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хууль тогтоогчоос тайлбарласан тайлбарт “…энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй…” гэжээ.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар Шүүгдэгч Б.Нийг “…Шүүгдэгч Б.Н нь иргэн Л.Бийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэргийн хотхоны 7-399А тоотын цонхоор хууль бусаар нэвтрэн орж ээмэг бөгжний хослол 1 ширхэг, Мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, эссэ тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 749.250 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Н нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бугуйн цагтай байхдаа хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар гаргасан болно.

Мөн шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Э.Түвдэн нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд санаатай байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Б.Н нь *** тоотын цонхоор хууль бусаар нэвтрэн орж ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, “Esse” тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь тус өдрийн зах зээлийн дундаж ханшаар “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БЗД2-22-1843 дугаартай үнэлгээгээр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар нийт 749.250 төгрөг гэжээ.

Гэмт хэрэг болсон даруй хохирогч шүүгдэгч Б.Нээс хулгайд алдсан эд зүйлсээ шаардаж авсан байх бөгөөд хохирогч Л.Бийн *** дугаараас гомдол санал байхгүй талаараа мэдэгдсэн байна. /хх-103/

Иймд шүүгдэгч Б.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй..., ...харин өмгөөлөгчийн хэлж байгаа хохирол төлбөр төлсөн тул хөнгөрүүлж өгнө үү гэх санал үндэслэлгүй учир нь гэмт хэргийн хохирлыг сайн дураараа төлсөн зүйл байхгүй бөгөөд харин харин хулгай хийж дуусаад цүнхэндээ хийсэн байсныг хохирогч нар өөрсдөө гаргуулж авсан байдаг тул хохирлоо төлсөн гэж үзэх боломжгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Э.Түвдэн нь “...Б.Н нь мөрдөн байцаалтын үеэс гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэр даруй өгсөн байдаг. Иймд бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд түүнд 2 жил хорих ял оногдуулах саналтай байна. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 19 хоног байгаа. Үүнийг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэх санал гаргасан болно.

Шүүгдэгч Б.Н нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүхээс Б.Нд хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дахь тал/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дахь тал/.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хууль тогтоогчоос 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар зааснаас шүүхээс шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/2877 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 02 жил 05 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 12 хоног /хх-114/-ийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 05 жил 02 сар 12 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт нийт 60 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нд энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/2877 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 02 жил 05 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 05 жил 02 сар 12 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Нд оногдуулсан 05 жил 02 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийн урьд цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ