Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1066

 

 

 

 

 

 

 

                                               

П.О, Э.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Отгончимэг,

хохирогч Х.Төрбатцэцэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч, хохирогч П.Оын өмгөөлөгч Б.Дима,

шүүгдэгч, хохирогч Э.З, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Төрбатцэцэг, шүүгдэгч, хохирогч Э.Золбаярын өмгөөлөгч Н.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.О, Э.З нарт холбогдох 1908010050359 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1., 1996 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа автомашин борлуулах ажил эрхэлдэг гэх, ам бүл 8, эцэг, эх, дөрвөн дүү, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 23 дугаар байрны 144 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

2., 1985 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, “Вагнер Ази” ХХК-д тоног төхөөрөмжийн цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 2-13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн;

 

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй шөнийн цэнгээний газарт 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой:

- П.О нь иргэн Х.Төрбатцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- П.О, Э.З нар нь харилцан зодолдож, П.О нь Э.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.З нь П.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч П.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оад гурван зуун тавин цагийн хугацаагаар, шүүгдэгч Э.Золбаярт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.О, Э.З нарт сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оаас гурван сарын дотор 1.485.126 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Х.Төрбатцэцэгт 1.271.426 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөг, хохирогч Э.Золбаярт 213.700 /хоёр зуун арван гурван мянга долоон зуу/ төгрөг, шүүгдэгч Э.Золбаяраас 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч П.Оад тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган архивд хадгалуулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О, Э.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Х.Төрбатцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хохирогч Х.Төрбатцэцэг миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хохирогч Х.Төрбатцэцэг миний бие анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй эрхийг минь зөрчсөн.

2. Хохирогч Х.Төрбатцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. П.О нь тухайн хэрэг гардаг өдөр хамт олонтойгоо караокед дуулаад сууж байхад эхнэрээ элдэв муу үгээр хараасан, тэгээд эхнэрээ цохиод унагаасан. Мэндсайхан хажууд нь байснаа Очирбатыг цааш нь түлхэж унагаасан. Очирбат дахиад эхнэрээ зодох гээд байхаар нь би очоод салгахад Мэндсайханыг Очирбат шанаадсан. Тэгээд Очирбат намайг хавсраад унагаасан. Золбаяр цаана байж байгаад "чи яагаад эмэгтэй хүн зоддог юм бэ?" гэхэд Очирбат Золбаярыг бариад авсан. Би босоод ирэхэд миний гар санжиганаад хавдаад эхэлсэн. Должинсүрэн надад "таны гар хугарчихсан байна" гэж хэлсэн. Очирбат хашгирч дайраад, ширээн дээр байсан зүйлүүдийг нураагаад байсан. Текний хүүхэн орж ирэхэд хэл амаар доромжлоод байсан. Золбаяр байхгүй байсан бол Одонзаяа юмуу, эхнэр нь зодуулахаар байсан. Бид хэд нийлээд дийлэхээргүй байсан. П.О нь тухайн хэрэг гардаг өдөр ганцаараа л агсам тавиад, орилж хашгираад салгах гэж ойртсон хүн болгон руу дайрч давшилж, хэнийг ч хамаагүй зодож гэмтээх ааш авир гаргаж байсан. Түүнтэй хэн ч маргалдаж, зодоон цохион хийгээгүй юм.  П.Оыг яаж агсам согтуу тавьж, тэнд байгаа хүмүүс рүү орилж хашгирч байсныг харсан үзсэн бүх хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн.  Шүүгдэгч Э.Золбаярын хохирогчоор өгсөн “...тэгээд бид нар дуулж байтал Очирбат эхнэртэйгээ хэрэлдэж байгаад эхнэрийнхээ нүүрэнд гараараа цохиод авсан. Энэ үед Х.Төрбатцэцэг дундуур нь орж салгасан. Гэтэл Очирбат Төрбатцэцэгийг хөлөөрөө хавирч өшиглөөд газар унагаасан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Янжиндуламын өгсөн “...тэгсэн тэр хоёрын дундуур нэг эгч ороод салгах гэтэл тэр эгчийг хавираад унагаачихсан. Тэгсэн тэр эгч газарт уначихаад суугаад босож ирэхгүй зөндөө удсан. Тэгснээ гар хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр намайг П.Оын зүй бус үйлдлийг таслан зогсоож бусдыг зодуулахгүй гэж салгах явцад П.О нь хавирч унагаад миний гарыг хугалсан нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх “гэрч Э.Должинсүрэн, Л.Болортуяа, С.Янжиндулам, Ж.Отгонбаяр нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд тэдний мэдүүлэг нь тоо, чанарын хувьд хохирогч Х.Төрбатцэцэгийн мэдүүлгийг няцааж үгүйсгэж байна” гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьж, хэргийг П.Оад ашигтайгаар шийдвэрлэсэн. Дээрх гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Болортуяа нь П.Оын эхнэр, Ж.Отгонбаяр нь П.Оын эх бөгөөд хэрэг гарах үед байгаагүй юу болсон талаар хүнээс асууж зөвхөн сонссон зүйлээ л ярьсан. П.Оын өмгөөлөгч Б.Дима нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...Очирбат нь Золбаяр болон Төрбатцэцэгийн биед гэмтэл учруулсандаа маргахгүй байгаа.” гэж хэлсэн. Тэгэхээр хэргээ уншиж танилцсан шүүгдэгчийн өмгөөлөгч нь Х.Төрбатцэцэгийн биед гэмтэл учруулсныг үгүйсгээгүй бөгөөд Х.Төрбатцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан талаар маргаагүй юм. Мөн Очирбат нь Золбаяр болон Төрбатцэцэгийн биед гэмтэл учруулсандаа маргахгүй байгаа талаараа шүүх хуралдаанд хэлж хэргээ хүлээн зөвшөөрч, бусад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоод байхад шүүх П.Оад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Х.Төрбатцэцэг намайг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулах эрхээр хангаж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Золбаярын өмгөөлөгч Н.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Энхжаргал овогтой Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Анхан шатны шүүхээс Э.Золбаярын гэм буруугийн талаар дүгнэхдээ Очирбатын мэдүүлгийг үндэслэл болгожээ. Гэтэл үндэслэл болгосон мэдүүлэг нь доорх мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна. Очирбат нь /хх 9/ анхны мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар санадаггүй ба П.О нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрчээр “...2019 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад Хархорины арын Мустанг нэртэй караокед ажлынхаа 5 хүний хамт орж дуулцгаасан юм. Харин миний дуулах дуу байна гэж Одзаяа ахад хэлсэн чинь микрофоноо шидсэнийг санаж байна. Тэгээд түүнээс цааш юу болсоныг би мэдэхгүй, санахгүй байна. Бид караокед орохоосоо өмнө ажлынхаа газрын нэг эгчийнд хоол идсэн. Тэгээд тэндээ 1 шил 0,75 литрийн Болор архи хувааж уусан байсан, караокед орж нэг шил архи, 4-5 пиво авсан түүнээс уусан ингээд би тасарсан байна. Би ажлын газрын Одзаяа ахтай барилцаад байж байтал тэр хажуугаар орж ирээд миний хөлөнд тээглээд унахдаа гараараа тулаад гараа хугалсан гэж манай эхнэр Болортуяа хэлж байсан. Би согтчихсон тасарчихсан байсан болохоор асуудлыг ерөөсөө санахгүй байна. Одзаяа ахтай маргалдсан ганц нэг цохилцсон асуудал байгаа надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгийг анх өгч байжээ. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг нь эхний мэдүүлгээс эрс өөрчлөгдөж болсон үйл явдлыг нарийвчилан санаж байгаа мэт малгай унасан цус гарсан, доошоо тонгойсон гэх мэт зөрүүтэй мэдүүлэг өгчээ. Мөн /хх 84/ 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр П.Оыг “...Би мэдүүлэг өгөхөөс өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төв орж Төрбатцэцэг эгч дээр очиж миний буруу байна намайг уучлаарай таны хохирлыг барагдуулна, та цагдаа шүүх гэхгүй намайг ажлаас халуулалгүй аваад үлдчихээрэй.” гэхэд Төрбатцэцэг эгч ч зөвшөөрсөн, тэгээд би эмнэлгээс гараад ажил дээрээ 11 цагийн үед очоод өрөөндөө орж байтал Золбаяр орж ирээд өчигдөр ахынхаа хөлийг хазсанаа санаж байна уу гэхээр нь би санаж байна уучлалт гуйсан. Мөн ажлынхаа дарга болон ажилчдаас бүгдэнгээс нь уучлалт гуйсан... Танд өөр нэмж ярих зүйл байна уу гэсэн мөрдөгчийн асуултанд Надад учирсан гэмтлийг хэн учруулсныг мэдмээр байна...” гэж мэдүүлжээ. Үүнээс харахад мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй 2 мэдүүлэг дээр өөрт учруулсан хохирлыг хэн учруулсан болохыг огт мэдэхгүй байна. Мэдүүлгийн аль нь үнэн зөв болоход үнэлэлт дүгнэлт өгөхөд эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгээр Золбаярыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн гэрч Э.Должинсүрэн “...тэр үед Золбаяр ах Очирбат дээр очоод Очирбатын араас нь тэвэрч аваад яагаад эмэгтэй хүмүүс зоддог хэн бэ гэж хэлээд Очирбат Золбаяр ахаас салах гээд Золбаяр ах Очирбатыг хавсраад газар унагаагаад хамт зууралдсан байсан ба Золбаяр ах Очирбатыг хавсраад унагаагаад хамт зууралдсан байдалтай газар унасан ... Цагдаа ирэхэд Золбаяр Очирбатын дээрээс боссон бөгөөд Очирбатын хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзжээ. Энэ нь хавтас хэргийн 36 дугаар хуудсанд байгаа 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэрч Должинсүрэнгийн мэдүүлэгт “...Одонзаяа ахын нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд эхнэр нь нөхрөө салгах гэтэл Очирбат эхнэрийгээ цохиод унагчихсан. Мэндээ эгч болиулаарай эхнэрийг ээ аллаа гэхээр Төрбатцэцэг суудлаасаа боссон. Тэр үед Очирбат эхнэрийгээ зодох гээд дайрсан болохоор Мэндээ эгч урдуур нь орж Очирбатын цээж хэсэгт тулсан Төрбатцэцэг очсон байсан, би эхнэрийг холдуулах гээд байж байсан ба Очирбат дайрч байсан. Мэндээ эгч Төрбатцэцэг  хоёулаа газар уначихсан, яагаад унасныг нь мэдэхгүй тэр үед 00 орох гээд гарсан байсан. Золбаяр ах орж ирээд эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ гээд цамцнаас нь угзархад Очирбат газарт унахад цээжинд нь гарын бариад дээр нь гараад суучихсан. Тэр үед гараа авч чадахгүй болохоороо орилоод 2 хөлөө гозолзуулаад байсан... Мөрдөгчийн Золбаяр, Одонзаяа, Очирбат нар хоорондоо зодолсон уу гэсэн асуултанд Должинсүрэн хариулахдаа Одонзаяа ах эхэлж мөргүүлчихээд нүүрээ дараад сууж байсан. Золбаяр бол Очирбатын хөдөлгөөнийг хорьж цамцнаас нь угзарч унагасан, гарын барьж босгохгүй гэж дээр нь гарч суусан Золбаяр тэр үед цохиогүй угаасаа цагдаа нэр ирэхэд ч гэсэн Очирбатын биед гэмтэл шархгүй байсан, цагдаа ирсний дараа Очирбатыг босгосон. Золбаяр нь Очирбатыг цохиж байхыг би хараагүй, Одонзаяа ах ч мөн цохиогүй цагдаа ирээд Золбаяр Очирбатын дээрээс босох үед Очирбатын хамарнаас цус гарсан байсан. Тэр үед би ноцолдсоноос болоод л хамарнаас нь цус гарсан байна гэж бодсон хамарнаас цус гарснаас өөр гэмтэл харагдаагүй, цагдаа Очирбатыг авсаны дараа коридорт байхыг нь харахад аав ээж нь ирчихсэн аав ээж 2 руугаа хашгираад байсан. Тэгснээ өөрөө толгойгоороо хана мөргөөд байсан. Цагдаа болон аав ээж нь тал талаас нь барьчихсан байхад л Очирбат толгойгоороо хэд хэдэн удаа мөргөөд байсан. Очирбатын хамарнаас гарсан цус нь Одонзаяа ахыг мөргөхөд юм уу сүүлд нь Золбаяртай ноцолдох үед л цус гарсан байх гэж бодож байна. Очирбат нь учирсан гэмтлүүдээ өөрөө л учруулсан гэж бодож байна. Угаасаа Очирбатыг цохиж зодсон хүн байхгүй...” гэж мэдүүлжээ.

Үүнээс харахад болсон процессыг дэлгэрэнгүй ярьж Золбаяр нь Очирбатыг бусад хүмүүст гэмтэл учруулахаас хамгаалж, хөдөлгөөнийг хорьж байсан байна. Очирбатад Золбаяр гэмтэл учруулсан талаар огт дурдаагүй, мөн хоорондоо зодолдсон талаар дурдаагүй байна. Гэтэл шүүхээс Должинсүрэнгийн мэдүүлсэн мэдүүлгээс Золбаярыг буруутгах гэсэн өгүүлбэр үгийг тасалж авч мэдүүлгийн утгыг алдагдуулж ишлэл татан үндэслэл болгожээ.

П.Оын эхнэр гэрч Л.Болортуяагийн "...Тэгтэл цаанаас Золоо ах чи яагаад том дуугараад байгаа юм гэснээ заамдаж аваад мөргөөд унагасан. Тэгтэл Золоо ах Очирбатын дээрээс цохиод байсан. Тэр үед би салгах гэхэд зайл гээд над руу дайрсан...” гэх мэдүүлгийг үндэслэл болгожээ. Гэтэл /хх 41/ гэрч Болорцэцэг нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн анхны мэдүүлэгтээ “...мөрдөгч Та болсон явдлын талаар ярина уу гэж асуухад 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цаг болж байхад Хархорины арын Мустанг караокегоос нөхрөө авахаар очсон юм. Тэгсэн нөхөр маань их согтсон өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан. Харин манай нөхөр одоо сүүлийн нэг дуугаа дуулчихъя гээд дуу тавихаар Одзаяа ах хамт дуулчихаад манай нөхрийн өөдөөс микрофоноо шидчихсэн юм. Ингээд манай нөхөр та яаж байгаа юм бэ гээд тэврэлдээд уйлалдаад байсан. Тэгээд намайг очиход нэг удаа толгой хавьцаа цохьсон, тэгсэн бөөнөөрөө эхнэрээ цохиод байна гээд салгах гээд босоцгоож ирцгээсэн. Харин тэр гараа хугалсан эгч түрүүлж ирээд дундуур нь манай нөхрийн хөлөнд тээглээд уначихсан. Ингээд гар хугарсан байх гээд байсан. Харин би дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. ...Хамгийн их согтсон нь манай нөхөр байсан бусад нь нөхрийг минь бодвол гайгүй байсан...” гэж мэдүүлжээ. Үүнээс харахад гэрч Болортуяагийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй нөхөр Очирбаттай үгсэн тохиролцож мэдүүлгээ өөрчилсөн нь харагдаж байна.

Гэрч Ж.Отгонбаярын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзжээ. Энэ хүмүүс нь тухайн үед үйл явдлын үед дэргэд нь байгаагүй, мөн Очирбатын эх тул хүүгээ хамгаалсан ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

Гэрч С.Янжиндуламын мэдүүлгээр бас тогтоогдож байна гэж үзжээ. Янжиндулам нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Золбаяр, Очирбат 2 хоорондоо зодолдсон талаар огт ярьдаггүй. Очирбатыг их хэмжээний согтолттой байсан, шаардлага тавихад янхан гичийгээр дуудаж байсан гэж мэдүүлсэн байна. Мөн Янжиндулам эхний мэдүүлэгтээ зодоон болсоны дараа орж ирсэн гэдэг боловч дахин мөрдөн байцаалтад буцаасны дараа бүх үйл явц дээр байсан мэт мэдүүлсэн нь мэдүүлэг хоорондоо зөрүүтэй нь харагдаж байна.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2501 дугаартай “...П.Оын биед хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтийг Э.З нь Очирбатын гэмтээсэн гэж үзэх хангалттай нотлогдлоо гэж үзжээ.

Гэтэл дээрх гэмтлийг Одонзаяаг Очирбат мөргөх үед үүсэх боломжтой. Мөн өөрөө хана, шал мөргөх үед үүсэх эсэх талаар шалгаагүй. Гэрч Одонзаяа хэлэхдээ /хх 44/ “...Тэгтэл Очирбат над дээр ирээд цамцны захаас хоёр гараараа бариад татаад нүүрээрээ миний нүүр рүү 2 удаа мөргөсний дараа хамраас нь цус гарсан байсан. Намайг мөргөсний дараа Очирбатын хамарнаас цус гарсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч Мэндсайхан 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэгтээ “...Очирбатын биед хэн гэмтэл учруулсан юм бэ гэсэн асуултанд Би Очирбатын биед хэн гэмтэл учруулсаныг хараагүй Очирбат өөрөө агсраад хүн болгон руу дайраад бас толгойгоороо үүдэнд шатан дээр хана руу удаа дараалан мөргөөд байсан. Тиймээс Очирбат хана, шат руу толгойгоороо мөргөж байх үедээ гэмтэл авсан байх гэж бодож байна. Бас Золбаяр, Очирбатын араас тэвэрч байгаад тавихад Одонзаяагийн хажууд очоод тэврэлдэж байснаа гэнэт шууд Одонзаяагийн нүүр рүү хоёр мөргөөд Очирбатын хамарнаас цус гарсан байсан...” гэжээ. Хавтас хэргийн 108 дугаар хуудас 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Золбаярын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Очирбат эхнэртэйгээ хэрэлдэж байгаад эхнэрийнхээ нүүрэнд гараараа цохиод авсан. Энэ үед Төрбатцэцэг дундуур нь орж салгасан. Гэтэл Очирбат Төрбатцэцэгийг хөлөөрөө хавирч өшиглөөд газар унагаасан, тэгээд цаашаа эргээд Одонзаяа ах руу дайрч түүнийг барьж аваад нүүр рүү мөргөсөн...” гэжээ. Хавтас хэргийн 35 хуудас Должинсүрэнгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн өгсөн мэдүүлэгт “...Тэгснээ Очирбат гэнэт босоод Одонзаяа ахын нүүр рүү мөргөсөн. Золбаяр нь Очирбатыг цохиж байхыг би хараагүй, Одонзаяа ах ч мөн цохиогүй цагдаа ирээд Золбаяр Очирбатын дээрээс босох үед Очирбатын хамарнаас цус гарсан байсан. Тэр үед би ноцолдсоноос болоод л хамарнаас нь цус гарсан байна гэж бодсон хамарнаас цус гарснаас өөр гэмтэл харагдаагүй, цагдаа Очирбатыг авсаны дараа коридорт байхыг нь харахад аав ээж нь ирчихсэн аав ээж 2 руугаа хашгираад байсан. Тэгснээ өөрөө толгойгоороо хана мөргөөд байсан. Цагдаа болон аав ээж нь тал талаас нь барьчихсан байхад л Очирбат толгойгоороо хэд хэдэн удаа мөргөөд байсан. Очирбатын хамарнаас гарсан цус нь Одонзаяа ахыг мөргөхөд юм уу, сүүлд нь Золбаяртай ноцолдох үед л гарсан байх гэж бодож байна. Очирбат нь учирсан гэмтлүүдээ өөрөө л учруулсан гэж бодож байна, угаасаа Очирбатыг цохиж зодсон хүн байхгүй...” гэжээ.

Мөн цагдаагийн ажилтан /хх 61-62/ Ганбаатар “...Караокед ороход агсам тавиад байгаа залуугийн дээрээс нэг залуу дараад суучихсан байсан, дээр нь гарсан залуу доор нь байгаа залууг дийлдэхгүй байна хөлнөөс базаж хазаад байна гэж хэлж байсан ба мөн цаана нь 2, 3 эмэгтэй байсан байх нэг нь гар хугарчихсан гэж хэлэхээр яаралтай эмнэлэгт үзүүл гэхэд хүн дуудчихсан одоо явлаа гээд 2 эмэгтэй гарч явсан. Төд удалгүй агсам тавьж байсан залуугийн аав ирэхээр нөгөө дарж байсан залууг босгоод агсам тавьж байсан залууг авч явах гэтэл эсэргүүцэл үзүүлээд байсан ба тэр үед ээж нь миний хүү юу уучихсан юм бэ гээд хүүхдээ орилоод байхаар нь арагдсан чинь өнөөх залуу би үхчихье гээд толгойгоороо хэд хэдэн удаа хана мөргөсөн. Тэгээд барьж жаахан тайвшруулаад аав ээж нь хүүгээ аваад явъя гэхээр нь хүлээлгэн өгсөн... нүүр нь цус болсон зүйл анзаарагдаагүй байх болсон бол анзаарагдах байх...” гэсэн мэдүүлэг өгчээ.

Мөн хавтас хэргийн 40 дүгээр хуудсанд байгаа цагдаагийн ажилтан гэрч Дорждэрэмийн өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр бүргэд 112 автомашин дээр цагдаа ахлах ахлагч жолооч Ганбаатарын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан ба үүрэг гүйцэтгэж байх үед 22 цаг 50 минутын үед бүргэд 10 аас Мустанг караокед зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад уг караокений коридорт цэнхэр цамцтай залуу орилж хашгираад бас нэг залуу дээр нь гараад суучихсан байсан. Тэгээд очоод юу болсон бэ гэхэд хажууд байсан нэг эмэгтэй бид нар хамт ажилладаг юм, хамт караокед орсон чинь энэ цэнхэр цамцтай залуу манай найзыг дэгээдэж унагаагаад манай найзын гар эвгүй болсон байна гэсэн. Тэгээд тэр орилж байсан цэнхэр цамцтай залууг авч явах гэтэл дийлдэхгүй коридорын хана руу 5, 6 удаа мөргөөд орилоод хашгираад байсан. Тэгэхээр нь би тайвшир цагдаагийн ажилтан байна гэхэд танихгүй урдаас орилоод дайраад байсан. Тэгээд байж байтал ээж аав 2 нь хүрээд ирсэн. Тэгээд ээж нь тэр залууг "чи юу болоод байна гэхэд ээжийгээ ч танихгүй байсан. Тэгтэл тэр цэнхэр цамцтай залуугийн аав бид нар хүүхдээ аваад явъя өглөө дуудсан газарт очьё гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Тэр цэнхэр цамцтай залууг авч явахад маш эрсдэлтэй машиндаа суулгавал машины эд анги эвдэж магадгүй байсан тул ар гэрийнх нь хүсэлтээр ар гэрт нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлгүүдээр Золбаярын гэм буруутай үйлдэл няцаагдаж байна.

2. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаас харахад Очирбат нь Одонзаяаг мөргөх болон өөрөө хана тааз мөргөх үед үүсэх боломжтой эсэх талаар нарийвчлан шалгаагүй байна.

З. Э.З нь Очирбатын биед гэмтэл учруулсан талаар хэргийн газар байсан гэрчүүд огт мэдүүлдэггүй Золбаяр нь Очирбатын хууль бус үйлдлийг таслан зогсоож иргэний үүргээ биелүүлсэн талаар тухайн хэргийн газар байсан гэрч Должинсүрэн, Мэндсайхан, Одонзаяа, хохирогч Төрбатцэцэг нар мэдүүлдэг боловч энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.

4. Хэрэв анхан шатны шүүхээс шүүгдэгч Золбаярыг Очирбатын биед гэмтэл учруулсан гэж үзсэн тохиолдолд Золбаяр Очирбат нарын хооронд огт зөрчил маргаан үүсгээгүй Очирбатын гэмт халдлагаас бусдыг хамгаалсан байдаг ба Очирбатыг хохироох санаа зорилго байгаагүй тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу Золбаярын холбогдсон хохирогч Очирбатын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж заасныг баримтлаагүй.

5. Хэргийг тал бүрээс нь бодитой шалгах үүрэгтэй байтал хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг арилгахгүй гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгохгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

6. Шүүгдэгч Очирбатын хохирогч Төрбатцэцэгт холбогдох эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөртлөө Иргэний хуулийн 497.1, 505.1 дүгээр зүйлийг удирдлага болгон гэм хорын асуудал хохирлыг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 497.1-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэтэл шүүхээс Очирбат нь Төрбатцэцэгт санаатай болон санамсар, болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулаагүй байна гэж дүгнэсэн мөртлөө хохирлын асуудлыг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх талаар заасан байдаг ба 6.З дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгох 2.2-т шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

7. Ял шийтгэл оногдуулах хуралдаанд прокурор Золбаярт торгуулийн ял оноох санал гаргасан, мөн өмгөөлөгч миний бие хэрэв шүүх гэм буруутай гэж үзэж байгаа бол Золбаярын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай тул торгуулийн ял шийтгэх санал болгосон боловч анхан шатны шүүхээс Золбаярыг өмнө торгуулийн ялаар шийтгэгдэж байсан гэсэн үндэслэлээр албадан ажил хийлгэх ял оноосон. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Золбаяр нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг Золбаяраас өөр хүн ажил хийдэггүй. Гэтэл албан ажил хийдэг нь хэрэгт цугларсан баримтаас харагдсаар байтал албадан ажил хийлгэх ял оноож байгаа нь эрх зүйн байдлыг илт дордуулах шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүхээс Х.Төрбатцэцэгт гэмт хэргийн улмаас хохирол учраагүй хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар түүний эрүүл мэндэд учирсан хор уршгаас үүдэлтэй гэм хорын хохирлыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, агсам тавин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан маргаан эхлүүлсэн П.О иргэний хариуцагчийн хувиар хариуцан төлбөл зохино гэж заажээ. Үүнээс харахад Очирбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинж, гэм буруугийн үйлдэл харагдаж байхад холбогдуулж шалгаагүй.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Золбаярт холбогдуулж үүсгэсэн эрүүгийн хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Х.Төрбатцэцэгийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хавтас хэргийн 6 дугаар талд авагдсан хохирогч Х.Төрбатцэцэгийн тогтвортой өгсөн мэдүүлгүүд, 9 дүгээр талд гэрчээр П.О мэдүүлэг өгөхдөө “...Одонзаяа ахтай барилцаад байж байтал тэр эмэгтэй салгах гэж орж ирээд миний хөлөнд тээглээд гараараа газар тулж унахдаа гараа хугалсан гэж манай эхнэр Болортуяа хэлж байсан. Түүнээс биш би өөрөө согтчихсон байсан болохоор болсон асуудлын талаар санахгүй байна...” гэсэн байдаг. Шүүгдэгч П.О нь хохирогч Х.Төрбатцэцэгийг цохисон, хавсарч унагасан талаараа огт мэдээгүй байдаг. Мөн хавтас хэргийн 26, 28 дугаар талд хохирогч Х.Төрбатцэцэгийн мэдүүлэг, 36 дугаар тал гэрч Должинсүрэнгийн “...Очирбат дайрч байтал Төрбатцэцэг, Мэндээ эгч хоёр хоёулаа газар уначихсан. Яагаад унасан болохыг мэдээгүй...” гэх мэдүүлгийг анхан шатны шүүх үндэслэл болгож “унагаагүй” гэсэн байдлаар дүгнэлт хийсэн. Хавтас хэргийн 40 дүгээр талд гэрч Дорждэрэмийн мэдүүлэг, гэрч Болортуяагийн “...манай нөхөр их согтчихсон байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болчихсон байсан. Хамгийн их согтсон нь манай нөхөр байсан...” гэх мэдүүлэг, 47 дугаар тал гэрч Янжиндулам, 66 дугаар тал хохирогч Х.Төрбатцэцэг, шүүгдэгч П.О нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, 67 дугаар талд хохирогч Х.Төрбатцэцэг, Должинсүрэн нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, 68 дугаар тал П.О, Э.З нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргээр шүүгдэгч П.Оын буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Төрбатцэцэгт хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэж байна...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Э.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцсон тул би ажлаа хийх боломжгүй болчихоод байна. Тухайн үед жирэмсэн, эмэгтэй хүн зодоод байхаар нь болиоч гэж л хэлсэн. Болиоч гэж хэлсэн хүн болгон руу дайрч байсан. Ширээн дээр байсан шилүүдийг аваад хүмүүс рүү шидлээд байсан. Тэгж байхад нь салгасан...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч П.Оын өмгөөлөгч Б.Дима тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Гэм буруу дээр маргаагүй. Иймд анхан шатны шүүхээс гаргахаар шийдвэрлэсэн 1.271.426 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хоёр янзын дүн гарсан байдаг. 1.485.126 төгрөг нь хохирогч Х.Төрбатцэцэгийн өөрийн гаргаж өгсөн хохирлын хэмжээ, 1.271.426 төгрөг нь шүүхээс гарсан хохирлын хэмжээ байгаа...” гэв.

 

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хуралд хохирогч Х.Төрбатцэцэг нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хүсэлтээсээ татгалзсан. Татгалзахдаа “...маш удаан уг хэргийг шалгалаа, хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна. Өмгөөлөгчгүй оролцож болно” гэсэн хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Төрбатцэцэгт шүүгдэгч П.О нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хохирогч Х.Төрбатцэцэгт болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин хохирогч Х.Төрбатцэцэгт учирсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч, хохирогч П.О тухайн үед согтуу байсан боловч болсон асуудлыг тодорхой хэмжээгээр санаж байсан. “Золбаяр намайг тэвэрч аваад тонгорч унагаасан” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Долгорсүрэн, Янжиндулам, Дорждэрэм нар мөн “хавирч унагаасан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч П.Оын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, мөн баруун өвдөг, зүүн шанаанд нь цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралтууд тогтоогдсон. Уг гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломж байхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.О нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй шөнийн цэнгээний газарт 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой иргэн Х.Төрбатцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн П.О, Э.З нар нь харилцан зодолдож П.О нь Э.Золбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.З нь П.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Очирбат, Энхжаргалын Золбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оад гурван зуун тавин цагийн хугацаагаар, шүүгдэгч Э.Золбаярт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч П.Оын хохирогч Х.Төрбатцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эргэлзээ бүхий болжээ. Учир нь, хохирогч Х.Төрбатцэцэгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн талаар гэрч С.Янжиндулам /1-р хх 47, 173-174/, гэрч Л.Болортуяа /хх 41, 54-55/ нарын зөрүүтэй мэдүүлгийн чухам аль мэдүүлгийг нь үнэн зөв гэж үзэж, үнэлж байгаа талаараа хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт...-ийн үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгана...” гэснийг зөрчжээ.

 

Иймд тухайн үйл явдал болсон цаг хугацаанд байсан гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

 

Түүнчлэн, ингэж хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож хянан шийдвэрлэх нь шүүгдэгч Э.Золбаярын санаатай үйлдлээс П.Оад гэмтэл учирсан уу, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсан эсэх, П.О нь өөртөө гэмтэл учруулсан уу гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжийг шүүхэд олгохоор байна.

 

Хохирогч Х.Төрбатцэцэг нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна...” гэх хүсэлт /2-р хх 15/-ийг шүүх үндэслэл бүхий хянан шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгч, хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан эсэхийг тодруулна...” гэж заасанд нийцээгүй байна.

 

Иймд хохирогч Х.Төрбатцэцэгийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү..” гэсэн давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул шүүгдэгч, хохирогч Э.Золбаярын өмгөөлөгч Н.Энхтуяагийн гаргасан “...Э.Золбаярт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.   

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.О, Э.З нарт холбогдох 1908010050359 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч П.О, Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ