Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0153

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0153

Улаанбаатар хот

 

 

 

 

 

“АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нар;

 

Нэхэмжлэгч: “АТ” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо

Хариуцагч: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУДХАА/202401010**  дугаартай, ХХ дүгээр сургуулийн барилга 480 суудал /1Х-р хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарласан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр,

-ХУДХАА/202401010**  дугаартай тендерт АТ ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн АТ ХХК-д холбогдох хэсгийг,

-Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг,

-Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22Х  дугаартай татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

-ХУДХАА/202401010**  дугаартай тендерт оролцсон АТ ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт АТ ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газарт, ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлахыг нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгуулах,

-Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1043 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Хариуцагч Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0665/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “АТ” ХХК-иас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “ХУДХАА/202401010**  дугаартай, ХХ дүгээр сургуулийн барилга 480 суудал /1Х-р хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарласан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, ХУДХАА/202401010**  дугаартай тендерт АТ ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн АТ ХХК-д холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22Х  дугаартай татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

-ХУДХАА/202401010**  дугаартай тендерт оролцсон АТ ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт АТ ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газарт, ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлахыг нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгуулах,

-Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1043 дугаартай шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 50 дугаар зүйлийн 50.2.3, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ХУДХАА/202401010**  дугаартай, ХХ дүгээр сургуулийн барилга 480 суудал /1Х-р хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарласан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг, ХУДХАА/202401010**  дугаартай тендерт “АТ” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн “АТ” ХХК-д холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн 22Х  дугаартай татгалзсан шийдвэрийг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал /1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороонд хууль журамд заасны дагуу зөвлөмж гаргаж, уг тендерт “АТ” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг, нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал /1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлах эсэхийг шийдвэрлэхийг тус тус даалгаж, үлдэх Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

3.1. “...АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 17 өдрийн 128/ШШ2024/1043 дугаартай шийдвэрт хэсэгчлэн өөрчлөлт оруулахыг хусаж энэхүү гомдлыг гаргаж байна.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 сарын 20 өдрийн 29 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны "Шүүхийн шийдвэр боловсруулах журам аргачлал батлах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралт "Шүүхийн шийдвэр боловсруулах журам"-ын 3.3-т "Шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон хэлбэр, бүтэц, дарааллын дагуу үйлдэгдсэн, шийдвэрлэж буй асуудлын агуулга, утга санаа бүрэн зөв, товч, тодорхой илэрхийлсэн байна, 4.3-т "Шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, Бүтцийн талаар хууль болон энэхүү журам, холбогдох аргачлалд заасан шаардлагыг бүх шатны шүүхийн шүүгч хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллах үүрэгтэй" гэж заасанд нийцэхгүй байна.

3.3. Улсын дээд шүүхийн тус 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралт "Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал"-ын 4.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж буйг ..." заах, 4.2-т "Зарим шаардлагууд нь нэг төрлийнх биш ба тэдгээрийг шийдвэрлэхэд баримтлах хуулийн зүйл, заалт олон байгаа тохиолдолд бүх шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсгийн нэг заалтад багтааж шийдвэрлэж бичих нь шийдвэрийг ойлгомжгүй болохыг анхаарна" гэж заасанд 128/ШШ2024/1043 дугаартай шийдвэр нийцэхгүй байна.

3.4. Учир нь: Шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсэгтээ Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ""АТ" ХХК-ийн шаардлага хангуулан ирүүлсэн материалыг ирүүлээгүй гэж үндэслэлгүйгээр тус компанийн тендерээс татгалзсан" болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, "шүүх тендер шалгаруулалтыг түдгэлзүүлснээс хойш тус тендерийг төсвийн жагсаалтаас хассан нь хууль зөрчсөн" зэргээр үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

3.5. Гэвч 2024 оны 12 сарын 17 өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүх "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2024 оны 08 сарын 23 өдрийн 21 дугаартай "Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын "ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал (1Х дүгээр хороо)" гэсэн төсөл арга хэмжээг" 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох" гэсэн шаардлагаас бусад шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж шийдвэрээ танилцуулсан.

3.6. Гэтэл 2025 оны 01 сарын 08 өдөр шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа "эсэхийг шийдвэрлэхийг" гэх үг нэмж нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг Тогтоох хэсгийн 1-д дараах байдлаар бичжээ.

3.6.1. Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороонд хууль журамд заасны дагуу зөвлөмж гаргаж, уг тендерт "АТ" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг даалгаж,

3.6.2. "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал (14) дүгээр хороо)" төсөл арга хэмжээг" Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлах эсэхийг шийдвэрлэхийг даалгаж,

3.7. Дээрх байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн шаардсан, хүссэнээс өөр үр дагаварт хүргэж болох байдлаар шийдвэрлэсэн байна.

3.8. Түүнчлэн нэхэмжлэлийн дараах шаардлагыг Тогтоох хэсэгтээ тусгайлан бичээгүй байна. Энэ нь:  Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 сарын 07 өдрийн 22Х  дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ХУДХААА/202401010**  дугаартай, ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал (1Х-р хороо) ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт "АТ" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд даалгах,

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 17 өдрийн 128/ШШ2024/1043 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангасан байдлаар Тогтоох хэсгийн 1-т хэсэгчлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У давж заалдах гомдолдоо:

4.1. “...Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгуулийн үр дүнд байгуулагддаг байгууллага юм. 2024 оны 10 сарын 11-нд ээлжит сонгууль явагдаж, байгууллагын удирдлага өөрчлөгдсөн. Ажил хүлээлцэх хийгээд Ажлын албаны бүтэц зохион байгуулалтад мөн өөрчлөлт орж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон албан хаагч өөр албан тушаалд томилогдсоноос үүдэн шүүхэд төлөөлөн ажиллах талаар тодорхойгүй байдал үүссэн. Шүүх хуралдааны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нөхцөл байдлыг тайлбарлан өмгөөлөгч авах хүсэлт гаргасан болов шүүгч хүлээн авалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.2-т заасан хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжоор хангаагүй явдал юм.

4.2. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгч хэргээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг шалгаагүй, итгэмжлэл нь хэрэгт авагдаагүй байхад шүүгч шүүх хурлыг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасан хуралдааны дэг зөрчсөн үйлдэл юм.

4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан эхлэхэд шинээр баримт өгснийг шүүгч хариуцагч талд танилцуулаагүй. Шүүх хуралдаан дууссаны дараа тухайн өгсөн баримтыг үзэхийг хүсэхэд шүүгчийн туслах шүүгч хэргээ аваад шүүхийн арын хаалгаар гарч явсан гэх тайлбар өгч тухайн баримттай танилцах боломж олгоогүй.

4.4. Хэргийн материалд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит XXVI хуралдааны тэмдэглэлийн аудио бичлэг авагдсан. Шүүх хуралдаанд тус бичлэгийг сонссон. Тус бичлэгт 19 минутад / дүүргийн төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулагч дүүргийн төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн дарга Л.О "...ХХ-р сургуулийн барилгын ажил батлагдсан зураг төсөл байхгүй. Тиймээс Төсвийн хуульд заасны дагуу зураг төслийг нь батлуулсны дараа ХХ-р сургуулийн барилгын ажлыг төсөл арга хэмжээнд оруулна. Зураг төслийн ажлын санхүүжилтийг түрүүлээд төсөвт тусгана" гэх тайлбар хийсэн. Энэхүү тайлбарыг сонссон байтал шүүгч ХХ-р сургуулийн барилгын ажлыг ямар шалтгаанаар төсвийн тогтоолоос хассан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт "Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана" гэж заасан. Хуульд ингэж заасан байтал шүүх зураг төсөлгүй барилгын ажлыг төсөвт тусгах талаар даалгасан нь Хурлыг хууль зөрчсөн шийдвэр гаргахыг даалгаж байгаа явдал юм.

4.5. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны албатай хамааралгүй тусдаа чиг үүрэгтэй байгууллага бөгөөд тендерийн захиалагч биш учир "АТ" ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй юм. "АТ" ХХК нь тендерт ялж барилгын ажлыг эхлүүлээгүй, өөрсдөөс нь ямар нэг зардал гараагүй, хохирол үүсээгүй байхад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ХХ-р сургуулийн барилгын ажлыг төсвөөс хассан нь А ХХК-ийн эрх ашгийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

4.6. Шүүхийн шийдвэрийн 7.4 дэх хэсэгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тендер шалгаруулалтын ажиллагааг зогсоож, иргэдийн Хурал төсвөөс хассан болох нь тогтоогдож байна гэжээ. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, дүүргийн иргэдийн Хуралтай үгсэн хуйвалдаж ХХ-р сургуулийн барилгын ажлыг төсвөөс хассан гэх боловч энэ тухайгаа батлах баримт гаргаагүй, шүүх хуралдаанд ч энэ талаар ямар нэгэн баримт дурдагдаагүй. Нотлогдоогүй үйл баримт байхад шүүгч ямар ч баримтгүйгээр уг асуудлыг тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

4.7. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлдэг байгууллага юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх", 12.1.5-д "нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх" гэж заасан. Мөн тус хуулийн 35.1.9-т "Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах" нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх байхаар заасан. Гэтэл шүүх ХХ дүгээр сургуулийн барилга төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг батлах эсэхийг шийдвэрлэхийг даалгасан нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар заасан бүрэн эрхэд халдаж байгаа явдал юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1043 дугаар шийдвэрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар Хан-Уул дүүргийн 1Х дүгээр хороонд /Х хороо/ баригдах ХХ дүгээр сургуулийн барилгатай холбогдуулан

-2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын барилга, барилгын засвар 1.3-т “ХХ дүгээр сургуулийн барилга, 640 суудал /1Х дүгээр хороо/, төсөвт өртөг 13,600,000.0 /арван гурван тэрбум зургаан зуун сая/ төгрөг байхаар баталсан. /1-р хх-61-68 тал/

-2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 1Х дүгээр хороо, ХХ дүгээр сургуулийн барилгыг 480 суудал болгон багасгаж, төсөвт өртөг 13,600,000.0 төгрөг хэвээр байхаар өөрчлөн баталсан. /1-р хх-ийн 138, 139 тал/

-2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор ХХ дүгээр сургуулийн барилгын төсвийг хассан байна. /2 хх-ийн 49-53 тал/

3. Ийнхүү 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэхдээ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн 2024 оны орон нутгийн төсвийн тодотголын танилцуулгад “Хан-Уул дүүргийн шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнээс хасах саналтай төсөл, арга хэмжээ: “ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал /1Х дүгээр хороо/”” гэж тусгагдсаныг үндэслэн шийдвэрлэсэн байна. /2 хх-ийн 92-101 тал/

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй”, 30.6-д “Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно” гэж заасан.

5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалт явагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тодруулбал,

 

5.1. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  12 дугаар зүйл. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим, 12.1.-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд ...доор дурдсан зарчмыг баримтална;”, 12.1.4-т “нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх”, 12.1.5-д “нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх;”, 12.1.8-т “асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах” гэж, 35 дугаар зүйлийн 35.1.9-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн ...дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт  оруулах, гүйцэтгэлийг батлах”, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “...дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 64.1.2-т “тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих...” гэж тус тус заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргасан байх тул хууль бус гэж үзэхгүй.

 

5.2. Гэтэл хурлын шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан шүүхээс хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг буруутгаж, нэхэмжлэгчийн энэ хэсгийн шаардлага болох “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал /1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хүчингүй болгож... нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ...ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал /1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлах эсэхийг шийдвэрлэхийг тус тус даалгаж” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5.3. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан ХУДХАА/202401010**  дугаартай “ХХ дүгээр сургуулийн барилга 480 суудал /1Х-р хороо/ ажил”-ын тендер шалгаруулалт нь санхүүжилтийн эх үүсвэргүй болсон үйл баримт тогтоогдож байхад шүүхээс уг тендер шалгаруулалтай холбогдуулан дүгнэлт хийн хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцэхгүй байна.

 

5.4. Санхүүжилтийн эх үүсвэргүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “тендер шалгаруулалт” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер хүлээн авах, нээх, хянах үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах зэргээр аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болно.

 

5.5. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1043 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.4, 12.1.5, 12.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.9, Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 34 дүгээр зүйлийн 34.2.1, 42 дугаар зүйлийн 42.2.1.а, 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АТ” ХХК-иас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “ХУДХАА/202401010**  дугаартай, ХХ дүгээр сургуулийн барилга 480 суудал /1Х-р хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарласан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, ХУДХАА/202401010**  дугаартай тендерт “АТ” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн “АТ” ХХК-д холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай “Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22Х  дугаартай татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, ХУДХАА/202401010**  дугаартай тендерт оролцсон “АТ” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “АТ” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газарт, ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал /1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлахыг нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус даалгуулах, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ХХ дүгээр сургуулийн барилга, 480 суудал/1Х дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Т.ЭНХМАА