Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

 

2023             01             06                                      2023/ШЦТ/12

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,

Улсын яллагч Г.А

Иргэдийн төлөөлөгч Д.П

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Гэрч Т, А, Ж, Б,

Шүүгдэгч З.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ч-д холбогдох эрүүгийн 22250000***** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З.Ч

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Чнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн **-** тоотод иргэн Б.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хайчаар зүрхэн тус газар, зүүн эгэмний доор, баруун, зүүн суга хэсэгт хатгаж, дагз хэсэгт зүсэж мөн зүүн 6 дугаар хавирга болон баруун 8 дугаар хавиргыг хугалж олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Шүүгдэгч З.Чболон шүүх хуралдаанд: “...Найзынхаа амийг хохироосондоо маш их гэмшиж байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” гэв.

 - Шүүгдэгч З.Чмөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед манай гэрт манай найз Б.Жорж ирээд сэтгэл жаахан хэцүү байна ганц юм аваад өгөөч гэхээр нь би эхнэр Хээс виза картыг нь аваад Жд өгөөд явуулсан. Б.Жорж ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авч ирээд бид хоёр тус архинаас хүний 2 хундага уучихаад Б.Жгараад явсан. Тухайн архийг цааш нь тавьчихаарай хөгшин нь ирээд ууя гэж хэлээд гараад явсан. Орой манай гэрт ирсэн. Хэдэн цаг болж байгааг нь тодорхой мэдээгүй. Надтай хамт үлдсэн архиа уугаад дуусаж байхад би оёдол хийдэг учир цамц эсгээд, эсгүүр хийж байхад  гэнэт Чойжоо хөөш гээд танай эхнэртэй унтсан шүү дээ чи мэдэх үү пизда минь гэж хэлээд чамайг ална шүү гэхээр нь чи зүгээр бай хүнийг яахаараа алдаг юм гэсэн чинь босож ирээд шилэн хүзүү орчмоос цамцнаас татаад газарт унагаагаад цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн үед цамц эсгэж байсан тул гартаа хайч барьсан чигээрээ газарт унасан. Би Жыг хайчтай гараараа даллаж өөрийгөө хамгаалах мөн Жыг өөрөөсөө холдуулах гэж хэд хэдэн удаа гараа эргүүлсэн. Би Жы хаана нь гэмтэл учруулсан талаараа эхэндээ мэдээгүй. Тэгээд миний цамцнаас гараа тавьчихаар нь босоод хартал Жы амнаас нь цус гарсан, газарт  нилдээ цустай байхаар нь хөөш босооч яачихваа гэж хэлээд тэвэрч аваад сэгсэрсэн. Тэгтэл сэрэхгүй байхаар нь сандраад гэр рүүгээ орж эхнэртээ хандаж би алчих шиг боллоо цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд оёдол хийж байсан байшингаас бүтээлэг дээр тавиад хаалга руу дөхүүлээд гаргасан. Тэгээд цагдаа болон эмнэлэг ирсэн... Би талийгаачийг гар утастай байсан талаар мэдэхгүй байна. Талийгаачийн гар утас хэрүүл маргаан, зодооны явцад хагарч гэмтсэн байх. Би талийгаачийн гар утсыг хагалаагүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гар утасны төлбөрийг барагдуулна. Талийгаач архи уухаараа манай гэрээр орж гардаг байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би тухайн үед архи уучихсан байсан учир зарим зүйлээ санахгүй байна. Ухаан санаа орж гараад байсан...Би талийгаач найзтайгаа өр авлага, өс хонзон байхгүй...Би амь хохирогчтой 2022 оны 01 дүгээр сард хэрүүл маргаан хийж байгаагүй. Амь хохирогчийн баруун суг хэсэгт зүсэж, шарх үүсгэж байгаагүй. Харин 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр амь хохирогчийн амийг хөнөөсөн нь үнэн. Би талийгаачийн оршуулгын зардлаас төлсөн байгаа, цаашид бүрэн барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53х, 2-р хх-ийн 89-90х, 197х/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд: “...Маш их гомдолтой байна... Хохиролд 7,649,831 төгрөг нэхэмжилснээс З.Чнь 5,850,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг нэхэмжилнэ...” гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 6 цаг 50 минутын орчим манай ахтай нэг хашаанд амьдардаг эмээгийн төрсөн дүүгийнх нь хүүхэд болох хамаатны эгч С.Болорцэцэг манай гэрт нөхөртэйгөө орж ирээд ахыг нас барсан байгаа талаар хэлсэн. Саяны хэрэг гардаг айлын эзэн болох Чойжоо ах ахыг маань Эрдэнэтэд ирснээс нь хойш найзалсан найз нь байгаа юм. Энэ хоёрыг нийлж архи дарс уудаг талаар би сайн мэдэхгүй. Одоогоос 2 сар орчмын өмнө ах маань намайг уулзахдаа ах нь далныхаа орчимд хүнд хутгалуулсан, өвдөөд цус гараад байгаа талаараа хэлж байсан ба хэнд хутгалуулсан талаараа хэлж байгаагүй...Миний зүгээс хэрэгт гаргаж өгсөн баримтаар 7,369,831 төгрөг, талийгаачийн гар утасны хохирлын мөнгө 280,000 төгрөг нийт 7,639,831 төгрөгийг одоогоор нэхэмжилж байна. Цаашид шаардлагатай зардлыг тухай бүр нь нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40, 42х/,

 

- Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...Шөнө 03 цаг 50 минутын орчим гэрийн хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгтөл манай нөхөр нүүр болон гар нь цус болчихсон байдалтай би хүн алчихлаа гэсээр зогсож байсан. Тэгээд би юу болоод байна аа гээд гартал хашааны хаалганы наана нэг хүн хэвтэж байсан ба оёдол хийдэг байшин дотор ортол газраар нэг цус болчихсон. Ерөөл нэртэй 0,75 литрийн архины шил 1 ширхэг байсан. Тэр шилийг би аваад хогийн шуудайнд хийсэн. Тэгээд л би шууд цагдаа дуудсан ба газарт хэвтэж байсан залуугийн цамцнаас татаад дуудахад сэрэхгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байсан... Өдөр Жагаа манай хашааны араас даваад урд хаалгаар гарч байхад нь би уурласан чинь найзыг нь шүүхээс дуудаад яараад явж байна л гэж байсан. Тэрнээс хойш харагдаагүй. Манай нөхөр намайг орох үеүдэд эрүүл архи уугаагүй байсан. Жагааг хэдэн цагт орж ирээд ийм асуудал үүсгэсэн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр Жагаатай хааяа нийлж архи уудаг. Жагаа нь агсам зантай хүн байсан юм. Заримдаа хоорондоо муудалцаад манай нөхрийг боогоод унагаад маргалдах үед нь цагдаа дуудчихдаг, дуудах болгонд Жагаа зугтааж би гомдлоо буцаачихдаг байсан. 3-4 удаа цагдаа дуудаж байсан. Жагаа манай арын гудамжид эгчийндаа амьдардаг. Эхнэр хүүхэдгүй залуу байгаа юм... Манай нөхөр бага насандаа танк эсэргүүцэгчийн сэнсэнд өртөж гэмтсэн... Би амь хохирогч Б.Жтай ямар нэгэн байдлаар харилцаа хамаарал байхгүй. Эр эмийн харилцаа хамаарал байхгүй... 23 цаг өнгөрч байхад одоо амар гэж хэлэхээр нөхрийн оёдлын ажлын байр руу ороход манай нөхөр ганцаараа байж байсан... Манай нөхөр З.Чнь талийгаачтай миний мэдэхээр хэрүүл маргаан хийж байгаагүй. Ямар нэгэн өр авлага байхгүй. Гэхдээ манай нөхөр хоёр ч удаа 100,000 төгрөг, 50,000 төгрөгийг өгч байсан. Б.Жнь манай гэрт согтуу орж ирдэг. Мөн манай гэрийн хаалгыг эвдэж байсан. Одоо манай гэрийн хаалга гаднаасаа онгойдоггүй, дотроосоо онгойдог... Талийгаач согтуу ирж агсам согтуу тавьдаг байсан. Тухайн үед нь би цагдаа дуудаж байсан, нэг удаа Жавзмаа гээд эгчид нь хэлж дуудаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44х, 46-47/,

 

- Гэрч З.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би дүүгийнхээ найз Б.Жгэх хүнийг багаас нь мэднэ. Бид нэг хороонд өссөн. Б.Жнь манай дүүтэй найз гэж олон жил явсан...Б.Жнь архи уугаад дүүг дагуулж гарах гээд байдаг байсан. Би архи дарсаар яах гээд байгаа юм гэж хэлээд гаргадаг байсан. Харин сүүлд сураг сонсоход талийгаачийг Чойжилсүрэнгийн  гэрт согтуу орж ирээд агсам тавиад хаалгыг нь эвдэж байсан гэдгийг дүүгийн эхнэр Х хэлж байсан... Талийгаачийн оршуулгын зардал мөнгийг барагдуулна... Дүү маань надтай оёдлын цех ажиллуулдаг байж байгаад сүүлд хүнтэй суугаад эхнэртэйгээ гэрээрээ оёдол хийдэг болсон. Цуг ажиллаж байхад Б.Жнь орж гараад явдаг байсан. Багаасаа найз нөхдийн холбоотой байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50х/,

 

 

- Гэрч Х.Жавзмаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...2022 оны 01 дүгээр сар гэж санаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрт талийгаач орж ирээд шархыг цэвэрлээд өг гэхээр нь цэвэрлэж өгсөн. Тухайн шархыг хараад яасан юм бэ, хэн ийм болгосон юм бэ гэхэд Чойжоо намайг хутгалсан гэсэн. Чи цагдаад яагаад хандахгүй байгаа юм бэ гэхэд яах юм бэ одоо ингээд эдгэчих байх гэсэн. Амь хохирогчийн баруун талны мөрний доод буюу далны хажууд зүсэгдсэн 1 тооны шарх байсан. Тухайн шарханд эмнэлгийн байгууллагаар оёдол тавиулаагүй... Б.Жнь манайд амьдардаг байсан. Хааяа архи дарс уудаг гэхдээ янз бүрийн зан гаргадаггүй байсан. Чойжилсүрэнтэй найз нөхдийн холбоотой гэрээр нь орж гардаг байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 190х/,

 

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд ...Би эхнэртээ 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр тухайн зургийг чатаар явуулсан. Тухайн зургийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цаг 53 минутад талийгаач Б.Жах надтай чатаар яриад эндээ ингээд хатгуулчихаад зовиуртай байна гэхээр нь яасан юм бэ цагдаад хэлсэн юм уу хэн ингэсэн юм бэ гэхэд Чойжоо намайг хатгасан юм, цагдаад хэлээд яршиг, яршиг одоо ингээд эдгэчих байлгүй гэсэн. Түүнээс өөр юм хэлээгүй. Би тухайн үедээ эхнэртээ болон гэрийнхэндээ хэлээгүй. Хэрэг маргаан болсон цагаас хойш нэлээн удаж эхнэртээ хэлсэн юм...Талийгаач З.Ч2 найз нөхөд гэж байсан. Нэг удаа уулзаж ганц юм ууж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 193х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт буяны үйл ажиллагаа явуулдаг Бат-Итгэл ХХК-тай амь хохирогч Б.Жыг оршуулсан газраас нь гаргах ажиллагааг явуулахад газар шорооны ажилд хүн хүч шаардлагатай байсан учраас тус компанитай гэрээ байгуулан манай байгууллагаас ажлын хөлсөнд 800,000 төлсөн учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. 800,000 төгрөгийг нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 183х/

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-24х/,

 

- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 25-28х/,

 

- Талийгаачийн биеэс авсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-32х/,

 

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмлэглэл /1-р хх-ийн 33х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай “...1. Талийгаачийн биед цээжний зүүн талд эгэмний шугамаар 2 ба 3-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн, зүүн хөхний шугамаар 5 ба 6-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч уушиг болон зүрхийг гэмтээсэн, зүүн суганы дунд шугамаар цээжний хөндийд нэвтэрсэн, баруун суганы дунд шугамаар 7 ба 8-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн 4 тооны хатгагдсан шарх, зүрхний баруун ховдолын урд хананд зүрхний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгийн урд хананд шарх, зүүн уушигны дээд болон доод хэсэгт хатгагдсан шарх, хуйханд дагз хэсэгт 1 тооны зүсэгдсэн шарх, зүүн 6-р хавирганы суганы шугамаар далд зөрөөтэй, баруун 8-р хавирганы суганы урд шугамаар далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Хатгагдсан шархууд нь хурц үзүүр, ирмэгтэй зүйлийн 5 удаагийн, баруун болон XV- талын хавирганы хугарал нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр талын хавирганы хугарал нь цээжний зүүн болон баруун талд үүссэн хатгагдсан шархтай нэгэн зэрэг үүсгэгдэх боломжтой.

3. Хуйханд үүссэн зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, хоёр хавирганы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, цээжний хөндийд нэвтэрсэн 4 тооны хатгагдсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтлүүд болно.

4. Цээжний баруун хажууд суганы дунд шугамаар үүссэн шарх нь урдаас хойш, баруунаас зүүн тийш, цээжний зүүн дээд талд эгэмний дунд шугамаар үүссэн шарх нь зүүнээс баруун тийш, цээжний зүүн талд суганы дунд шугамаар үүссэн шарх нь зүүнээс баруун тийш, зүүн хөхний шугамаар үүссэн шарх нь урдаас хойш, зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Хуйханд үүссэн шарх нь хойноос урагш чиглэлтэй болно. Дээрх гэмтлүүд нь босоо болон суугаа байрлалд байхад үүссэн байж болно.

5. Учирсан гэмтлүүдээс зүрхний хөндийд нэвтэрсэн шарх нь шууд үхэлд хүргэнэ.

6. Талийгаачид зүүн уушгины гялтангийн архаг наалдац үрэвсэл архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.

7. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний хөндийд нэвтэрч зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх болно.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 59-63х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаартай ...1. Б.Жы цогцосноос авсан цусанд этилийн спирт 5.8 промиль процент илэрсэн болно.

2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 67-68х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай ...1. З.Чойжилсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 72-73х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 357 дугаартай ...1. З.Чойжилсүрэнгийн биеэс авсан цусанд этилийн спирт 1.8 промиль процент илэрсэн болно.

2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 77-78х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаартай ...1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 4, 5, 6, 8, 9 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2, 7, 10, 11 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй байна.

2. Шинжлэгдэж буй 1 дугаартай гарын мөр З.Чойжилсүрэнгийн зүүн гарын эрхий хурууны хээгээр 5 дугаартай гарын мөр нь З.Ч-ийн зүүн гарын ядам хурууны хээгээр 6 дугаартай гарын мөр нь Б.Жы баруун гарын чигчий хурууны хээгээр 8 дугаартай гарын мөр нь Б.Жаргалсайхаын баруун гарын дунд хурууны хээгээр, 9 дугаартай гарын мөр нь Б.Жы зүүн  гарын ядам хурууны хээгээр үүссэн байна.

3.: Шинжилгээнд ирүүлсэн тохирч буй гарын мөрүүд нь гарын хээний папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт, зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 83-94х/,

 

- Бэйкер тилли Далай Ван Аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/02-39 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 99-103х/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 118х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2413 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн 1-10 гэж дугаарласан хумснууд дээрээс цус илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов.

2. Амь хохирогч Б.Жы гэх хумснууд дээрээс хангалттай үр илрээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

3. З.Чойжилсүрэнгийн гэх хумснууд дээрээс холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Жы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 114-116х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2408 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн үс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн үс дээрээс цус илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов. .

3. Үсэн дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Жы ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 119-121х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2409 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн нүүрний арчдас, зүүн гарын арчдаснаас цус илэрсэн.

2. Илэрсэн цуснаас холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн.

3. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Ж, яллагдагч З.Чнарын гэх ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 124-126х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2411 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Ж, яллагдагч З.Чнарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 129-131х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2410 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн иштэй хайч болон маарал дээрээс цус илэрсэн.

2. Шинжилгээнд илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3. Хайч болон маарал дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Жы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой  тохирч байна. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 134-136х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2412 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн гутал, жинсэн өмд, эрээн өнгийн цамц дээрээс цус илэрсэн.

2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3. Гутал, жинсэн өмд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Жы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Эрээн өнгийн цамц дээрээс холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Ж, яллагдагч З.Чнарын гэх ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 140-143х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2414 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн хүрэм, фудволк, гутал, орны бүтээлэг болон хар өнгийн даавуун өмд дээрээс цус илэрсэн.

2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3. хүрэм, фудволк, гутал болон хар өнгийн даавуун өмд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Жы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Орны бүтээлэг дээрээс хангалттай үр дүн илрээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэж дүгнэв. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 146-149х/,

 

- Б.Жы нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 155х/,

 

- З.Ч-ийн биеийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /2-р хх-ийн 40-75х/,

 

- Цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 200-202х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дугаартай ...амь хохирогч Б.Жы 63 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэд заагдсан гэмтлээс өөр хуучин сорви тогтоогдоогүй болно... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 205-208х/,

 

- Шүүгдэгч З.Чойжилсүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ам бүлийн тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт, хохирол төлсөн талаарх баримт зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                          

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.    

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар амь хохирогч Б.Жнь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн **-** тоот З.Чойжилсүрэнгийнд орсон, амь хохирогч, шүүгдэгч нар 1 шил архийг тал болтол нь хувааж уугаад талыг нь орой ирж уухаар болоод амь хохирогч явсан, амь хохирогч Б.Жорой шүүгдэгч З.Чойжилсүрэнгийнд согтуу ирсэн, амь хохирогч шүүгдэгч нар өдрийн үлдсэн тал архиа хувааж уугаад хоорондоо маргалдаж, улмаар З.Чнь Б.Жыг хайчаар 5 удаа хатгаж алсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч З.Чойжилсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц гэм буруугийн хувьд маргаагүй, зүйлчлэлийн хувьд маргасан.

 

Шүүгдэгч З.Чнь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгийн “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 6 цаг 50 минутын орчим манай ахтай нэг хашаанд амьдараг эмээгийн төрсөн дүүгийнх нь хүүхэд болох хамаатны эгч С.Болорцэцэг манай гэрт нөхөртэйгөө орж ирээд ахыг нас барсан байгаа талаар хэлсэн...гэсэн,

гэрч Т.Хийн “...Шөнө 03 цаг 50 минутын орчим гэрийн хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгтөл манай нөхөр нүүр болон гар нь цус болчихсон байдалтай би хүн алчихлаа гэсээр зогсож байсан. Тэгээд би юу болоод байна аа гээд гартал хашааны хаалганы наана нэг хүн хэвтэж байсан ба оёдол хийдэг байшин дотор ортол газраар нэг цус болчихсон. Ерөөл нэртэй 0,75 литрийн архины шил 1 ширхэг байсан. Тэр шилийг би аваад хогийн шуудайнд хийсэн. Тэгээд л би шууд цагдаа дуудсан ба газарт хэвтэж байсан залуугийн цамцнаас татаад дуудахад сэрэхгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байсан... Өдөр Жагаа манай хашааны араас даваад урд хаалгаар гарч байхад нь би уурласан чинь найзыг нь шүүхээс дуудаад яараад явж байна л гэж байсан. Тэрнээс хойш харагдаагүй. Манай нөхөр намайг орох үеүдэд эрүүл архи уугаагүй байсан...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, талийгаачийн биеэс авсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 63, 94, 139, 158, 159, 357 дугаартай дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2408, 2409, 2410 2411, 2412, 2413, 2414 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Б.Жы нас барсны бүртгэлийн лавлагаа, цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч З.Чнь амь хохирогч Б.Жыг хайчаар хатгаж, цээжний зүүн талд эгэмний шугамаар 2 ба 3-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн, зүүн хөхний шугамаар 5 ба 6-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч уушиг болон зүрхийг гэмтээсэн, зүүн суганы дунд шугамаар цээжний хөндийд нэвтэрсэн, баруун суганы дунд шугамаар 7 ба 8-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн 4 тооны хатгагдсан шарх, зүрхний баруун ховдолын урд хананд зүрхний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгийн урд хананд шарх, зүүн уушигны дээд болон доод хатгагдсан шарх, хуйханд дагз хэсэгт 1 тооны зүсэгдсэн шарх, зүүн 6-р хавирганы суганы шугамаар далд зөрөөтэй, баруун 8-р хавирганы суганы урд шугамаар далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл үүсгэж, зүрхний хөндийд нэвтэрсэн шархаар нас барж хүнийг алдсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч З.Ч-ийн амь хохирогч руу чиглэсэн, хүч хэрэглсэн идэвхитэй үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан. Уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд шүүгдэгч З.Ч-ийн үйлдэл нь амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр болон  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэх шинжүүдийг тус бүр хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр” гэх шинж нь: Амь хохирогч Б.Жы биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж алах хэрцгий шинж байдлыг бүрэн ухамсарлаж, энэ үйлдэл нь харгис хэрцгий болохыг тооцож дүгнэсэн, үр дүнг нь хүсэж санаатайгаар үйлдсэн гэж үзэхээр байна. Энэ нь амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл учирсан талаарх талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 59-63х/ тогтоогдсон.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж яадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинж нь: Хэрэг гарсан өдөр амь хохирогч нь өдөр шүүгдэгчтэй архи уугаад явсан, орой нь ирэхдээ халамцуу шүүгдэгчийнд ирж уусан болох нь шүүгдэгч З.Чойжилсүрэнгийн шүүх хуралдаанд “...талийгаач найз маань өдөр 15 цагийн үед ирээд сэтгэл санаа жаахан тиймхэн байна ганц юм аваад өгчих гэхээр нь эхнэр Хээс виза картыг нь аваад Жд өгөөд явуулсан. Б.Жорж ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авч ирээд бид хоёр жаахан уугаад тал болгосон. Тэгээд цааш нь далд хийчих орой ирээд ууя гэхээр нь би цааш нь тавьсан. Орой ирэхдээ жаахан халамцуу ирсэн. Тэгээд бид 2 өдрийн үлдээсэн тал архиа уусан...” гэсэн мэдүүлгээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ мэдүүлэг нь “...Б.Жы цогцосноос авсан цусанд этилийн спирт 5.8 промиль процент илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.

 

Биеэ хамгаалж чадахгүй, биеэ хамгаалах чадваргүй хүн гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахааргүй, бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй хүнийг ойлгодог.

Амь хохирогч нь тухайн хэрэг болох үед хүнд зэргийн согтолттой байсан ба өөрийн үйлдлээ удирдах чадвар муутай, шүүгдэгчийн үйлдлийг идэвхитэйгээр эсэргүүцэх чадваргүй байсан байна.

Шүүгдэгч З.Чамь хохирогчийг хайчаар хатгаж хүнийг алдсан идэвхитэй үйлдэл нь талийгаач Б.Жы амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч З.Чнь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь  шүүгдэгч амь хохирогчийн биеийг хайчаар хатгах тохиолдолд үхэлд хүргэх аюултай гэдгийг ухамсарлаж байсан ч хүсэж үйлдсэнээрээ уг хохиролд хүргэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч З.Чойжилсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.П нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Чойжилсүрэнгийн хэргийг гэм буруутайд үзэж саналаа бичив...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч З.Ч-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь баримтаар 7,649,831 төгрөгийг нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Г.Д нь 800,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч З.Ч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А 5,850,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн тул  шүүгдэгч З.Ч-ээс 1,799,831 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-т, 800,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Д нарт олгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч З.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч З.Ч-г 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: “...хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч З.Чойжилсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч З.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол хор уршиг, түүний хувийн байдал болох биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

Бусад асуудлаар:

 Шүүгдэгч З.Ч-ийн цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрхий Redmi note 8 pro загварын гар утас 1 ширхэг, амь хохирогч Б.Жы 1-10 дугаартай хумс, З.Чойжилсүрэнгийн зүүн гарын сарвуу болон нүүрний хэсгээс шингээж авсан цустай марал 2 ширхэг, Б.Ж, З.Чнарын хатаасан цус, хар өнгийн иштэй хайч 1 ширхэг, 2 ширхэг цустай марал, дугай захтай хөндлөн судалтай эрээн өнгийн цамц, саарал өнгийн богино ханцуйтай фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн өмдний бүс, саарал өнгийн дотуур өмд, хөх эрээн өнгийн хүрэм, хар өнгийн 1 хос оймс, хар өнгийн 1 хос гутал, ногоон өнгийн хүрэм, хар өнгийн фудволк, хар өнгийн даавуун өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн 1 хос оймс, бор өнгийн 1 хос оймс, хагас түрийтэй 1 хос гутал, хар болон цайвар өнгийн оруулгатай дотоож 1 ширхэг, цагаан өнгийн бүтээлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэргийн улмаас З.Чойжилсүрэнгийн эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч З.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч З.Ч-г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Чойжилсүрэнгийн цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч З.Ч-ийн эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий Redmi note 8 pro загварын гар утас 1 ширхэг, амь хохирогч Б.Жы 1-10 дугаартай хумс, З.Чойжилсүрэнгийн зүүн гарын сарвуу болон нүүрний хэсгээс шингээж авсан цустай марал 2 ширхэг, Б.Ж, З.Чнарын хатаасан цус, хар өнгийн иштэй хайч 1 ширхэг, 2 ширхэг цустай марал, дугай захтай хөндлөн судалтай эрээн өнгийн цамц, саарал өнгийн богино ханцуйтай фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн өмдний бүс, саарал өнгийн дотуур өмд, хөх эрээн өнгийн хүрэм, хар өнгийн 1 хос оймс, хар өнгийн 1 хос гутал, ногоон өнгийн хүрэм, хар өнгийн фудволк, хар өнгийн даавуун өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн 1 хос оймс, бор өнгийн 1 хос оймс, хагас түрийтэй 1 хос гутал, хар болон цайвар өнгийн оруулгатай дотоож 1 ширхэг, цагаан өнгийн бүтээлэг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч З.Ч-ээс 1,799,831 /нэг сая долоон зуун ерэн есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ат, 800,000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                    Ц.АЛТАНГАДАС

 

                                                                                          Г.ЭНХТУНГАЛАГ