Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

2023           02          01                                      2023/ШЦТ/45

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Г-т холбогдох эрүүгийн 23250000***** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И.Г  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Г нь 2022 оны 21 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн **-** тоотод гэртээ төрсөн охин 8 настай Г.Мг ээждээ хов зөөлөө гэж шалтаглан орноос татаж унагаан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч И.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа архи ууж, унтаад сэрэхэд эхнэр Н.Б ирчихсэн байсан. Тэгээд бид нар унтах гээд хэвтэж байсан чинь охин Г.М ээждээ хандаж намайг эмээтэй ярьж байхдаа гэрээс явна гээд байсан гэж хэлэхээр нь би ээждээ хов зөөлөө гэж уурлаад орон дээрээс татаж газарт унагаагаад бөгсөн дээр нь хэд хэдэн удаа алгадсан...Миний буруу хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Охиноосоо уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42х/,

 

- Насанд хүрээгүй хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд: ...Аав ганцаараа нэг шил архи ууж дуусгаад эмээтэй утсаар ярихдаа ээжийг архидаад алга болчихлоо, тавилгаа аваад зайлдаг юм билүү, та нар бүгдээрээ зайлахгүй юу гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд уг өдрийн шөнө ээж Н.Б гэрт орж ирэхээр нь өдрийн аавын эмээтэй ярьсан зүйлийг ээжид хэлэхэд аав намайг хов зөөлөө гээд над руу дайрсан. Болиулах гээд ээж аавтай барьцалдаад байхаар нь айсандаа хөнжил доогуураа ороход ээж цагдаа дуудах гээд гэрээс гарсан хойгуур нь аав намайг орноос татаж газарт нүүрээр минь унагаж, хоёр гарыг минь барьж байгаад өмдийг минь шувтлан бөгс рүү олон удаа алгадсан. Аав миний нүүр рүү цохиж зодоогүй. Тэгээд ээж гэрт орж ирээд аавыг болиулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2022 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ харихад манай нөхөр И.Г архи уучихсан согтуу охин Г.М, хүү Г.Б-т нарын хамтаар байж байсан. Тэгээд охин Г.М надад хандаж аав эмээтэй утсаар ярьж байхдаа таныг архи уугаад алга болчихсон гээд худлаа яриад байсан гэж хэлэхэд И.Г яагаад хов зөөгөөд байгаа юм гээд охиныг зодох гээд дайрахаар нь би болиулах гээд нөхөртэйгөө барилцаад дийлэхгүй, байхаар нь гар утсаа аваад гэрээс гараад цагдаа дуудаж, эргэн гэртээ орж ирэхэд охины өмдийг нь доошлуулаад бөгс рүү нь алгадаад байж байсан. Намайг хараад больчихсон. Би охин Г.Мг аваад харахад зүүн нүд хэсэг болон баруун өгзөг нь улайгаад хавдчихсан байсан. Би И.Гаас нүдийг нь яасан юм бэ гэхэд орон дээр хэвтэж байхад хөнжлөөс нь татахад газар нүүрээрээ уначихсан гэж хэлсэн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэд: “...1.2 Г.Мгийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн хоёр болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун өгзөгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30х/,

 

- И.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51х/,

- И.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/,

- Дэнж багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, ярилцлагын маягт /хх-ийн 64-71х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Гыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар И.Г нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө өөрийн охин 8 настай Г.Мг ээждээ хов зөөсөн гэж орноос татан унагаж түүний нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, бөгс рүү нь алгадаж баруун өгзөгт ус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Мгийн “...айсандаа хөнжил доогуураа ороход ээж цагдаа дуудах гээд гэрээс гарсан хойгуур нь аав намайг орноос татаж газарт нүүрээр минь унагаж, хоёр гарыг минь барьж байгаад өмдийг минь шувтлан бөгс рүү олон удаа алгадсан...” гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн ...охиныг зодох гээд дайрахаар нь би болиулах гээд нөхөртэйгөө барилцаад дийлэхгүй, байхаар нь гар утсаа аваад гэрээс гараад цагдаа дуудаж, эргэн гэртээ орж ирэхэд охины өмдийг нь доошлуулаад бөгс рүү нь алгадаад байж байсан. Намайг хараад больчихсон... гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч И.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч И.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч И.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохиролын талаар:

 

            Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй ба насанд хүрээгүй хохирогч Г.М болон хохирогчиййн хууль ёсны төлөөлөгч Н.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч И.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гыг 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай...” гэв.

 

Шүүгдэгч И.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч И.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын  хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч И.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч И.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ичинхорлоогийн И.Гыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч И.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч И.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ