Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 671

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00391/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. аймгийн .. сум, .. баг, .. тоотод оршин суух, П.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. аймгийн .. сум, .. баг, ..тоотод оршин суух, С.Т-д холбогдох

 

"Хүүхдийн асрамж өөрчлүүлэн, өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2006 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Г-ийг эх С.Тгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.  Гэрлэлт цуцлахаас өмнө тусдаа амьдарч байхад би хүүтэйгээ аав ээжийн хамт амьдарч байсан. Шүүх хуралаас хойш ч гэсэн С.Т хүүгээ өөр дээрээ аваагүй, эргэж тойрдоггүй бөгөөд би хүүгээ асрамжиндаа байлгаж хамт амьдарч байна.

Гэтэл С.Т нь шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэгт сар бүр мөнгө миний цалин дээрээс суутгуулан, 20,000 төгрөгийг ч өөрөө авч байна. Хүүхдийн тэтгэлэгт 2019 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар нийт 5,600,270 төгрөгийг төлсөн байна. Гэвч энэ авсан мөнгөнөөсөө хүүд нэг ч төгрөг зарцуулдаггүй, өөрөө хэрэглээд явж байна. Энэ бол шударга бус явдал гэж үзэж байна.Иймээс нэгэнт хүү маань миний асрамжинд одоог хүртэл байгаа тул хүүхдийн асрамжийг өөрчилж, хүү Э.Г-ийг өөрийн асрамжинд авч, эх С.Тгаас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн 2014 оны 9 сарын 2-ны өдрийн шийдвэрээр хүүхдийг маань миний асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар болсон. Би сүүлийн 2 жил хүүхэдтэйгээ уулзаагүй. Урд нь хүүхэдтэйгээ уулзаж баяр наадмаар хувцас хичээлийн хэрэглэл авч өгч байсан. Хүүхэд маань Э дээр байдаггүй. Эцэг эх дээр нь байдаг байсан. Шүүхийн шийдвэр гарсан эхний жил Э-йн ээж “... чи ээлжийн ажилтай орой ээлжинд гарахаар хүүхдийг чинь хэн харах юм бэ? нэгэнт шүүхийн шийдвэр чиний асрамжид гарсан юм чинь бид хараад тэтгэлгийг өгөөд явж байя” гэж байсан. Би ч хүүхэд харах хүнгүй байсан болохоор зөвшөөрөөд харуулж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдийг маань надтай уулзуулахгүй, уулзах гээд очихоор надаас нуугаад, хүүхдэд үг зааж өгдөг болсон. Эмээ нь бүр яриулдаггүй. Би хүссэн бүх зүйлийг нь авч өгдөг байсан. Манай ээж хүртэл залгаад ярихад ээжийг маань загнасан байсан. Э надад хэлэхгүйгээр улсын бүртгэлийн хүнтэй нь яриад хүүхдийн төрсний гэрчилгээг солиулж, миний нэрээр овоглодог байсныг нь сольсон байсан. Би хүүхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авах гэтэл хүүхэд албадан авах шийдвэр байхгүй байна гээд хүүхдээ авч чадаагүй. Хүүхдийн тэтгэлэг бол надад биш хүүхдийн дансруу ордог. Эд нар хүүхдийг надтай уулзуулахгүй зугтаалгаад байдаг. Би хүүхдээ 7 нас хүртэл нь өөрөө өсгөсөн. Дархан руу шилжиж ирээд албан тушаал ахисан. Хүүхдээ энд сургуульд сургаж, хэлний дамжаанд явуулах хүсэлтэй байгаа. Э одоо тусдаа амьдралтай одоо хамт амьдарч байгаа эхнэрээсээ дундаасаа төрсөн 2 хүүхэдтэй. Миний хүүг өөрийнхөө асрамжид байлгадаггүй. Эмээ өвөө дээр нь байлгадаг. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч С.Тд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүү Э.Г-ийг өөрийн асрамжинд авч, эх С.Тгаас тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Э нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...шүүхийн шийдвэр гарснаас буюу 2014 оноос хойш хүү Э.Г миний асрамжинд байгаа тул хүүгээ хуулийн дагуу өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна” гэж, хариуцагч С.Т нь татгалзлаа “...П.Э нь шүүхийн шийдвэр гарснаас хойш миний хүүг надад өгөөгүй, сүүлийн 2 жил уулзуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Хүү Э.Г-ийг өөрөө асардаггүй, аав, ээж дээрээ байлгадаг. Иймээс хүүгээ өөр дээрээ авмаар байна” гэж тус тус тайлбарладаг болно.

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 783 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан, П.Э, С.Т нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Г-ийг эх С.Тгийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.Эөөр тэжээн тэтгүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч П.Э нь хүүхдийн тэтгэлэгт нийт 5,600,270 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан “Ш.г” ХК-ийн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн .. дугаартай албан бичгээр ирүүлсэн хүүхдийн тэтгэлгийн суутгалын жагсаалтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2014 оны 09 сарын 02-ны өдрөөс хойш одоог хүртэл хүү Э.Г нь эцэг П.Эийн асрамжинд байгаа болох нь зохигчдын тайлбар, Шарын гол сумын Хайрхан багийн 2019 оны 04 сарын 03-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар сургуулийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч С.Т нь хүү Э.Г-ийг эцэг П.Э уулзуулдаггүй, өөрөө асардаггүй, эмээ, өвөө дээр нь байлгадаг гэж тайлбарлаж байгаа боловч 13 настай хүү Э.Г “Миний төрсөн ээж Т Дарханд амьдардаг. Намайг жаахан байхад 5, 6 жилийн өмнө .. манайд ирж надтай уулзаж байсан, тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй, утсаар ч ярьдаггүй, ямар ч холбоо харилцаагүй байдаг. Аав 2015 онд одоо хамт амьдарч байгаа Золжаргал ээжтэй суусан, тэгээд манай дүү М-ийг төрүүлсэн. Аав надад анхаарал халамж сайн тавьдаг, би аавтайгаа дотно харилцаатай. Цаашид аавтайгаа хамт амьдрах бодолтой байна” гэсэн санал өгсөн байдал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн шинжээчийн “...эцэг эхийн зүгээс хүүхдэд хандах хандлага эх С.Тгийн хувьд давуу байдалтай гарсан ч хүүхдийн зүгээс эцэг, эхдээ хандах хандлага, ээнэгшлийн хувьд эцгийн талд давуу талтай гарсан, ээжтэйгээ харилцаа байхгүй тул ээжийн талаар ямар нэг нарийвчилсан төсөөлөл байхгүй, аавдаа илүү ээнэгшсэн байна” гэсэн дүгнэлт, Шарын гол сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн суралцагчийн хувийн хэргийн тэмдэглэл зэргээс дүгнэхэд хүү Э.Г-ийн одоогийн амьдарч байгаа орчин, нөхцөл түүний эрх ашгийг зөрчсөн, дордуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч С.Т нь шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч П.Э биелүүлээгүй, хүүхдийг миний асрамжинд өгөөгүй, хүүхэдтэй уулзуулдаггүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2014 оны 09 сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд хүү Э.Г-ийг шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн асрамжиндаа авах талаар холбогдох байгууллагад хандаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүний шүүх хуралдаанд гаргасан “...би хүүхдийнхээ сургууль дээр нь очиж багштай нь уулзаж байгаагүй...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 783 дугаартай шийдвэрээр тогтоосон асрамжийг өөрчилж, 2006 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Г-ийг эцэг П.Эийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд 26.2-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх хуульд заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3-т зааснаар эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.

Иймд шүүх хүү Э.Г-ийн өмнө нь шүүхээр тогтоосон асрамжийг өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэж, хүү Э.Г-ийг эцэг П.Эийн асрамжинд үлдээж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх С.Тгаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч С.Т болон түүний өмгөөлөгч И.Атарбямба нар нь хүү Э.Г-ийг эх С.Ттай уулзуулсны дараа шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийн үндэслэл нь хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 783 дугаартай шийдвэрээр тогтоосон асрамжийг өөрчилж, 2006 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Г-ийг эцэг П.Эийн асрамжинд үлдээсүгэй.  

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2006 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Гд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх С.Тгаас тэтгэлэг гаргуулсугай.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

           

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Эд, нэг жилд ногдох тэтгэлгийн хэмжээнээс тооцож, 50,873 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор              Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ОЮУНЦЭЦЭГ