| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 0203-01-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0203 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
2023 01 10 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 212500***** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 6-1 дүгээр байрны гадна Ш.Үг цохих, өшиглөх зэргээр зодож, давсагны ар ханын задрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-1 дүгээр байрны ар талд Дээгийн, Солонго хоёртай пиво хувааж уугаад сууж байсан чинь Ш.Ү ирсэн. Тэгээд бид дөрөв пивоо ууж дуусчихаад байж байтал Ш.Ү миний гар утас, мөнгийг авна гэхээр нь би эрүү хэсэг рүү нь гараараа цохиж дараа нь цээж хэсэг рүү нь цохисон. Тэгээд би Ш.Үгийн давсаг руу нь баруун талын хөлөөрөө цохисон. Дээгийгээс гар утас болон мөнгөө аваад гэр рүүгээ явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тасарсан байсан... Ш.Ү миний эрүү рүү зөрүүлж цохисон. Би зодоон хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Ш.Ү намайг цохиж, миний гар утас мөнгийг авах гээд дайраад байсан. Би өгөхгүй гэж Ш.Үтэй зодолдсон... Ш.Ү бид хоёр архинаас болж хэрэлдсэн. Ш.Ү намайг архи авч өгсөнгүй гэснээс болж маргалдсан...Хүн зодож болохгүй гэдгийг ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63, 69х/,
- Хохирогч Ш.Ү мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1 дүгээр байрны хажуу талд Г.Г, зах дээр архи уудаг Дээгий бид хэд 2 том пиво хувааж ууж сууж байгаад Г.Г бид хоёр маргалдсан юм. Г.Г миний нүүр хэсэг рүү цохисон чинь миний хамарнаас цус гарч, доошоо тонгойсон чинь миний доороос давсаг хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би салаад ганцаараа явж байгаад Согоот баг Panda буудлын ард бие застал цусаар шээж байсан. Тэгээд би зах дээр очиж хүний утаснаас түргэн дуудаж БОЭТ-ийн хүлээн авах дээр ирсэн. Тухайн үед хоёр нүд хөхөрсөн, мөн давсагны хагалгаанд орсон. Тэгээд би дахин эмнэлэгт үзүүлтэл дахин хагалгаанд орж магадгүй гэж ярьж байсан. Г.Г гэх залуутай Хүлэг зах дээр анх танилцаж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,
- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...17 цаг 05 минутад хүлээн авах тасагт ирсэн. Ш.Ү нь анх ирэхдээ цустай шээж, хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртай ирсэн ба ЭХО-д харахад давсаг задарсан, хэвлийд шингэнтэй байсан учир яаралтай хагалгаанд оруулсан. Ш.Ү нь анх ирэхдээ хүнд зодуулсан талаар хэлээгүй байж байгаад хэсэг хугацааны дараа өнөөдөр өглөө хүнд зодуулсан гэж хэлсэн. Яг ямар хүнд зодуулсан талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,
- Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагаанд: “…2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад 99361697 дугаарын утаснаас манай дүү Ш.Ү залгаад хүнд зодуулчихлаа элэг бяцарсан юм шиг байна цусаар шээгээд байна, би түргэн дуудчихсан, та эмнэлэг дээр хүрээд ирээч гэж над руу залгасан. Тэгээд би эмнэлэг дээр 19 цаг өнгөрч байхад очиж гэмтлийн Сундуй гэх эмчтэй уулзахад яаралтай хагалгаанд орох гэж байна гэж хэлээд надаар хагалгаанд оруулахад ямар нэг татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зуруулсан... хэнд зодуулсан талаар хэлээгүй. Ямар ч байсан хүнсний зах дээр хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,
- Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд: ”…2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1 дүгээр байрны ар талд 12-13 цагийн үед шар Дээгий, Г.Г бид гурав нэг том савтай пиво хувааж уусан. Тэгээд дахин нэг том савтай пиво аваад хувааж уугаад сууж байтал Ш.Ү ирсэн. Хамтдаа пиво уугаад сууж байтал Г.Г, Ш.Ү нар хоорондоо маргалдсан. Г.Г Ш.Үгийн толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохитол Ш.Ү газарт унасан. Дээрээс нь Г.Г цохиод байсан. Би салгаж чадаагүй, харин хажуугаар явж байсан эрэгтэй хүн салгасан. Ш.Үгийн толгойноос цус гараад байсан. Дээгий бид хоёр Ш.Үгийн толгойг усаар угааж өгсөн. Тэгээд Ш.Ү яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа оёдол тавиулсан, төмсөгөө Г.Гт хагалуулсан байна лээ дээр зодуулахдаа гээд яриад байсан... Бие нь зовиуртай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
- Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “…2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1 дүгээр байрны ард талд Солонго, Г.Г бид гурав пиво уугаад сууж байтал Ш.Ү бид гурав дээр ирсэн. Тэгээд Ш.Үд Г.Г 0,5 литрийн архи авч өгсөн. Тэгээд бид дөрөв архийг хувааж уусан. Г.Г, Ш.Ү хоёр маргалдаж, Г.Г Ш.Үг цохиж унагаасан. Дээр нь гараад дээрээс нь дэвсэж өшиглөсөн. Тэгээд Солонго бид хоёр салгах гэж байсан чинь Г.Гийг хүчрэхгүй байсан. Тэгээд Ш.Үг босгож ирсэн чинь толгойноос нь цус гараад байсан. Солонго бид хоёр Ш.Үгийн толгойг угааж өгсөн. Тэгээд Ш.Ү байрны ард хэсэг сууж байгаад яваад өгсөн. Нэлээн хэд хоногийн дараа Ш.Ү эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 692 дугаартай: “...1. Ш.Үгийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын задрал, хуйханд 1 тооны зулгаралт, 2 нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Давсагны ар ханын задрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.
6. Гэмтлүүд нь 2021.11.10-ны өдөр нэг цаг хугацаанд үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын “...1. Магадлуулагч Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үед оюун ухааны хөнгөн хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй байан. Энэ өвчин нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгох удирдах чадварт нөлөөлөхгүй.
2. Магадлуулагч Г.Гийн энэ өвчин нь төрөлхийн.
3. Магадлуулагч Г.Г нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй. Хэрэг үйлдэх үед оюун ухааны хомсдолын сэтгэц хөдөлгөөний догшролд орсон шинж асуумжаар илрэхгүй байна.
4. Магадлуулагч Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
5. Магадлуулагч Г.Гт одоогоор сэтгэц хөдөлгөөний догшролын шинж илрээгүй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.
6. Магадлуулагч Г.Гт мансууруулах эм бодисын хамаарлын шинэ илрэхгүй байна.
7. Магадлуулагч Г.Г ярилцлага үзлэгийн явцад мансуурлын шинж илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-48х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 600 дугаартай “...1 Г.Г нь сэтгэцийн хувьд F70 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна.
2. Г.Г нь хэрэг үйлдэгдэх үед F70 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байсан байна.
3. Г.Г нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд ойлгож удирдах чадвартай байсан байна.
4. Г.Г нь өөрийн үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд ойлгох чадвартай байна.
5. Г.Г нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
6. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Г.Г нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй.
8. Г.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
9. Г.Гийн F70 Оюуны хөнгөн хомсдол эмгэг нь төрөлхийн буюу 3-с доош насанд үүсдэг болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-55х/,
- Ш.Үгийн өвчний түүх /хх-ийн 95-112х/,
- Шүүгдэгч Г.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн шөлгөх ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Г, Ш.Ү, Д.Солонго, Б.Дэлгэрсайхан нар нь пиво, архи уусан, ууж дуусаад Г.Г явах гэхэд Ш.Ү нь Г.Гээс архи нэхэж, утас, мөнгийг нь авах гэхэд Г.Г нь Ш.Үгийн толгой, давсаг рүү нь цохиж, өшиглөн түүний биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын задрал, хуйханд 1 тооны зулгаралт, 2 нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Үгийн “...Г.Г миний нүүр хэсэг рүү цохисон чинь миний хамарнаас цус гарч, доошоо тонгойсон чинь миний доороос давсаг хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би салаад ганцаараа явж байгаад Согоот баг Panda буудлын ард бие застал цусаар шээж байсан. Тэгээд би зах дээр очиж хүний утаснаас түргэн дуудаж БОЭТ-ийн хүлээн авах дээр ирсэн...” гэсэн,
гэрч Б.А-ийн “...17 цаг 05 минутад хүлээн авах тасагт ирсэн. Ш.Ү нь анх ирэхдээ цустай шээж, хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртай ирсэн ба ЭХО-д харахад давсаг задарсан, хэвлийд шингэнтэй байсан учир яаралтай хагалгаанд оруулсан. Ш.Ү нь анх ирэхдээ хүнд зодуулсан талаар хэлээгүй байж байгаад хэсэг хугацааны дараа өнөөдөр өглөө хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн,
гэрч Ш.У-ын “…2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад 99361697 дугаарын утаснаас манай дүү Ш.Ү залгаад хүнд зодуулчихлаа элэг бяцарсан юм шиг байна цусаар шээгээд байна, би түргэн дуудчихсан, та эмнэлэг дээр хүрээд ирээч гэж над руу залгасан. Тэгээд би эмнэлэг дээр 19 цаг өнгөрөөгөөд очиж гэмтлийн С гэх эмчтэй уулзахад яаралтай хагалгаанд орох гэж байна гэж хэлээд надаар хагалгаанд оруулахад ямар нэг татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зуруулсан... Ямар ч байсан хүнсний зах дээр хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн,
гэрч Д.С-ын ”…2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1 дүгээр байрны ар талд 12-13 цагийн үед шар Дээгий, Г.Г, бид гурав нэг том савтай пиво хувааж уусан. Тэгээд дахин нэг том сав пиво аваад хувааж уугаад сууж байтал Ш.Ү ирсэн. Хамтдаа пиво уугаад сууж байтал Г.Г, Ш.Ү нар хоорондоо маргалдсан. Г.Г Ш.Үгийн толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохитол Ш.Ү газарт унасан. Дээрээс нь Г.Г цохиод байсан. Би салгаж чадаагүй, харин хажуугаар явж байсан эрэгтэй хүн салгасан. Ш.Үгийн толгойноос цус гараад байсан. Дээгий бид хоёр Ш.Үгийн толгойг усаар угааж өгсөн. Тэгээд Ш.Ү яваад өгсөн…” гэсэн,
гэрч Б.Д-ы “…2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1 дүгээр байрны ард талд Солонго, Г.Г бид гурав пиво уугаад сууж байтал Ш.Ү бид гурав дээр ирсэн. Тэгээд Ш.Үд Г.Г 0,5 литрийн архи авч өгсөн. Тэгээд бид дөрөв архийг хувааж уусан. Г.Г, Ш.Ү хоёр маргалдаж, Г.Г Ш.Үг цохиж унагаасан. Дээр нь гараад дээрээс нь дэвсэж өшиглөсөн. Тэгээд Солонго бид хоёр салгах гэж байсан чинь Г.Гийг хүчрэхгүй байсан. Тэгээд Ш.Үг босгож ирсэн чинь толгойноос нь цус гараад байсан. Солонго бид хоёр Ш.Үгийн толгойг угааж өгсөн. Тэгээд Ш.Ү байрны ард хэсэг сууж байгаад яваад өгсөн…” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 692 дугаартай дүгнэлт, Ш.Үгийн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл шүүгдэгч Г.Гийг хохирогч Ш.Үгийн хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон хохирогч шүүгдэгчээс согтууруулах ундаа нэхэж эд зүйлийг нь авах гэсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Гийн гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Ш.Ү нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн, хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “...Г.Г нь группэд байдаг сар бүр тэтгэмж авдаг, хувиараа ажил хийж орлого олдог, ар гэрийнхэн нь тусалж дэмжинэ гэсэн учир хорихоос өөр төрлийн ял болох 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, өвчтэй боловч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний орлогыг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гандуламын Г.Гийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ