| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
2023 02 10 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд хохирогч Ц.Ө-той маргалдаж, улмаар ууж байсан пивоны шилээр толгойн тус газарт нь цохиж, хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Б.Д-ын мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- хохирогч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Богд гол баар руу 22 цагийн үед найз Эрдэнэсайхан, Батдаваа, Төрболд нарын хамт орсон. Тэгээд 23 цаг 30 минутын үед баар хаах үед Эрдэнэсайхан бид хоёр баарнаас гарсан. Тэгээд тамхи татаад зогсож байхад цаана зогсож байсан залуу үгээр өдөж хэрүүл маргаан болсон... хар өнгийн куртиктэй, улаан өнгийн гуталтай залуу миний толгойн баруун талын чамархай хэсэгт пивоны шилээр нэг удаа цохиж намайг гэмтээсэн. Тэгээд би араас нь хөөж яваад халтирч унан, баруун талын гараа гэмтээсэн. Эмнэлэгт толгойдоо 3 оёдол тавиулсан...2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө зүс таних дүүтэйгээ андуурч зүгээр тамхи татаад зогсож байсан залууг өдөөгүй бол ийм зүйл болохгүй байсан. Надад миний толгой руу пивоны шилээр цохисон эрэгтэйд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би ажил ихтэй учир шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 15х/,
- Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед нөхөр Ц.Ө-ын 95351914 дугаарын утас руу залгатал нэг эмэгтэй хүн гар утсыг нь авч Богд гол баарны урдаас олсон гэж хэлсэн... Нөхөр Ц.Ө-той Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн урд талд уулзахад толгой нь хагарсан цус гарсан зогсож байсан. Тэгээд эмнэлэгт 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/
- Гэрч Л.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ц.Ө бид хоёр тамхи татахаар хамт гадагш гарцгаасан. Тамхиа татаад дуусаж байхад манай найз Ц.Ө өөрөөсөө насаар ах эрэгтэйг чи муу мангар бацаан нааш ир намайг таниж байна уу, чамайг би ална гээд дайраад байсан... Ц.Өыг улаан өнгийн пүүзтэй эрэгтэй рүү дайраад ойртож очиход улаан өнгийн пүүзтэй эрэгтэй гартаа барьсан пивоны шилээр Ц.Өыг толгой руу цохисон. Тэгээд пивоны шил нь хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,
- Орхон аймаг Богд гол баарны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8х/,
- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12-р сарын 27-ны өдрийн 51 дугаартай “...1. Ц.Ө-ын хуйханд 1 тооны зүсэгдсэн шарх, баруун мөр шуу өвдөг, бугуйд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 27-28х/,
-Шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар мэдүүлсэн “...цагаан өнгийн фудволктой залуу гарч ирээд над руу дайрч ална гэж хэлээд маргаан болж эхэлсэн... Тэгээд ахын дүү одоо боль гэж хэлсэн чинь над руу дайраад байсан... Тэгээд Цэцэг төв рүү чиглээд алхах гэж байсан чинь араас тухайн залуу ирээд миний зүүн талын нүд рүү цохисон. Тэгэхээр нь би араас нь барьж явсан пивоны шилээр цохисон… гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,
- Б.Д-т мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 40х/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/ зэрэг нотлох баримтуудыг судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд Ц.Ө-той маргалдаж, улмаар ууж байсан пивоны шилээр толгойн тус газарт нь цохиж, хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэгийг бэхжүүлсэн тэмдэглэл, Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12-р сарын 27-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д-ын үйлдлийн улмаас Ц.Ө-ын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.Ө-ын “... 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Богд гол баар руу 22 цагийн үед найз Э, Б, Т нарын хамт орсон. Тэгээд 23 цаг 30 минутын үед баар хаах үед Эрдэнэсайхан бид хоёр баарнаас гарсан. Тэгээд тамхи татаад зогсож байхад цаана зогсож байсан залуу үгээр өдөж хэрүүл маргаан болсон... хар өнгийн куртиктэй, улаан өнгийн гуталтай залуу миний толгойн баруун талын чамархай хэсэгт пивоны шилээр нэг удаа цохиж намайг гэмтээсэн... зүс таних дүүтэйгээ андуурч зүгээр тамхи татаад зогсож байсан залууг өдөөгүй бол ийм зүйл болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.О-ийн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед нөхөр Ц.Өын 95351914 дугаарын утас руу залгатал нэг эмэгтэй хүн гар утсыг нь авч Богд гол баарны урдаас олсон гэж хэлсэн... Нөхөр Ц.Ө-той Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн урд талд уулзахад толгой нь хагарсан цус гарсан зогсож байсан. Тэгээд эмнэлэгт 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12-р сарын 27-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Д-ын хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна талд хохирогч Ц.Өтой маргалдаж, улмаар ууж байсан пивоны шилээр толгойн тус газарт нь цохиж, хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн” гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.
Шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.Ө нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сдиг 1 ширхгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ