Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2019/00714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00415/и

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .. аймгийн ..сумын .. баг, .. тоотод оршин суух *******-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. аймгийн .. сум, ..дотуур байр /Иргэний үнэмлэхний хаяг.. аймгийн .. сумын .. баг, .. тоот/-д оршин суух *******-д холбогдох,

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* би *******тэй 2008 онд танилцан, 2014 онд гэр бүл болж амьдарсан. 2015 оны 12 сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин ******* төрсөн. 2018 оноос ******* нь урьд үерхэж байсан залуутайгаа дахин холбоо тогтоон, харилцаатай болсон нь мэдэгдэж, улмаар гэрээсээ явсан. Явахдаа охин *******ыг 2 ойтой байхад нь ээж бид хоёрт хаяад явчихдаг байсан. Одоо ч миний охин над дээр байгаа. Охин одоо 4 нас хүрч байгаа, надад дассан. Цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх хүсэлгүй байна. Би охиноо хэнээс ч дутахааргүй сайхан өсгөөд аваад явж бүрэн чадна.Би Д.с.ц.т.сХК-д монтёроор ажилладаг. Охин маань “Н” хувийн цэцэрлэгт төлбөртэй явдаг. Одоо бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин *******ыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

            Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн эрхийг зөвшөөрөхгүй байна. 2014 онд бид гэр бүл болж, амьдарч байгаад 2015 оны 12 сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 09 сарын 29-ний өдөр охин ******* маань төрсөн. Нөхөр маанв төрөхөөс өмнө болон төрсний дараа найз нөхөдтэйгөө гадуур хонож, архи дарс уудаг, архи уусан үедээ зодож, гэрээсээ хөөдөг байсан. Би оюутан болохоор тэр болгон гэрлүүгээ явж чаддаггүй байсан. Өвөл, зуны амралтаар манай аав, ээж дээр очдог байсан. Би охиноо 2 нас хүртэл нь өөрийн асрамжиндаа байлгаж өсгөсөн. Би охиндоо маш их хайртай. Намайг зоддог учир охиноо аваад явъя гэхэд охиныг минь өгч явуулаагүй, намайг хөөсөн. Энэ жил охинтойгоо уулзъя гэж зөндөө ярьж гуйсан ерөөсөө надтай уулзуулдаггүй байсан. Хамт амьдардаг байхдаа хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, ерөөсөө авдаггүй байсан. Хоёр тийш болсноос хойш охинд минь анхаарал халамж тавьж байгаад итгэхгүй байгаа учраас цаашид охиноо өөр дээрээ авч өсгөмөөр байна. Миний аав, ээж залуу хүмүүс байдаг. Надад муу хорт зуршил байхгүй, хүүхдээ цаашид харж халамжлан өсгөхөд ямарваа нэгэн асуудал байхгүй. Би сургуулиа төгсчихсөн тул удахгүй гэр рүүгээ явах учир охинтойгоо хамт амьдармаар байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин *******ыг миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаан дээр хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

            Гэрлэгчид болох *******, ******* нар нь 2015 оны 12 дугаар сарын               07-ны өдөр гэр бүл болж, мөн өдрөө гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2015 оны 09 сарын 29-ний өдөр охин *******ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан .. дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, .. бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.   

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2018 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, тус шүүхэд эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч эвлэрээгүй болох нь 2018 оны 12 сарын 05-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байгаа зэргийг харгалзан, дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч ******* нь охин *******ыг өөрийн асрамжиндаа авна гэж маргадаг болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх... асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн хүсэлтээр шүүх  шинжээч томилж, охин *******ын амьдрах нөхцөл, эцэг, эхийн зан төлөв, ёс суртахууны байдал, хүүхэд амьдрах таатай, ээлтэй орчин нөхцлийн талаар дүгнэлт гаргуулсан бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтээр “эцэг, эхийн  чадамжийг үнэлэх” болон “эцэг, эхийн хүүхдэдээ хандах хандлага”-ыг тодорхойлох 10 багц оношилгоогоор эцэг ******* 3 судалгааны дүнгээр давуу гарсан. Хүүхдийн зүгээс эцэг эхдээ хандах хандлага, сэтгэл зүйн байдлыг оношлоход насны хувьд бага байгаа нь оношлогоо хийх боломжгүй байсан” гэсэн дүгнэлт гарчээ.

 

Мөн зохигчид 2018 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд охин ******* эцэг *******-ынасрамжинд байгаа, хүүхдийн одоогийн амьдарч байгаа орчин нөхцөл нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх” эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байгаа зэрэг үндэслэлүүдээр охин *******ын одоогийн амьдарч байгаа орчинг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2015 оны 09 сарын 29-ний өдөр төрсөн охин *******ыг эцэг *******-ын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаан дээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.

Мөн охин *******ыг эцэг *******-ын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдаж байна.

 

Хариуцагч *******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2019 оны 07 сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд болон тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин *******ыг эцэг *******-ынасрамжид үлдээсүгэй.

 

            3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ