| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
2023 02 09 2023/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо,
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 232500000**** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э-д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““А О”” өрхийн эрүүл мэндийн төвөөр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлчлүүлэх явцдаа 203 тоот онгорхой өрөөнөөс Н.Нийн цэнэглэж үлдээсэн Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““А О”” өрхийн эрүүл мэндийн төвөөр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлчлүүлэх явцдаа 203 тоот өрөөнөөс Н.Нийн цэнэглэж үлдээсэн Самсунг А-53 загварын гар утсыг авсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөнгөний хэрэг гараад авчихсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорих ял оногдуулахгүй байж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан: Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 15 цагийн үед өөрийн ажил дээрээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анхны-Оч өрхийн эрүүл мэндийн төвийн 1 давхрын 203 тоот өрөөндөө ажлаа хийж байсан юм. Тэгтэл Б.Э гэх хүн надад үзүүлсэн бөгөөд би түүнийг эмэгтэйчүүдийн ЭХО-д харж, тариа хийж өгсөн. Тэгээд тэр эмэгтэй үйлчилгээгээ аваад манай өрөөнөөс гарч явсан юм. Түүнийг гарч явснаас хойш би өрөөнөөсөө гарч хажуу талын өрөө рүү орж хүнтэй уулзсан. Ингэхдээ би өөрийн өрөөний хаалгыг хаачихаад түгжилгүй орхисон байсан. Тэгээд би өөрийн өрөө рүүгээ ортол миний ширээн дээр цэнэглээд үлдээсэн байсан Самсунг А-53 загварын гар утас байхгүй болчихсон байсан. Харин цэнэглэгч нь байсан. Тэгээд би байгууллагынхаа хяналтын камерыг шүүхэд манай өрөө рүү намайг байхгүй хойгуур надад үзүүлсэн Б.Э гэх эмэгтэй буцаж ороод гарч байсан бөгөөд өөр хүн ороогүй байсан... Б.Эгаас гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-10х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-30/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Нийн А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан,
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Н.Нийн“...өөрийн өрөө рүүгээ ортол миний ширээн дээр цэнэглээд үлдээсэн байсан Самсунг А-53 загварын гар утас байхгүй болчихсон байсан... Тэгээд би байгууллагынхаа хяналтын камерыг шүүхэд манай өрөө рүү намайг байхгүй хойгуур надад үзүүлсэн Б.Э гэх эмэгтэй буцаж ороод гарч байсан бөгөөд өөр хүн ороогүй байсан... Б.Эгаас гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эгийн хохирогч Н.Нийн А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нь хохирогчид гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч “гомлол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оноглуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн санал гаргасан.
Шүүгдэгч Б.Эг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ