| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Энхбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чилэнгэр овогт Нямын Дэлгэрсайханд холбогдох эрүүгийн 2221005120022 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 3-320 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чилэнгэр овогт Нямын Дэлгэрсайхан. /РД: ЖЗ81090113/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг Галын гол гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн 15-20 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Хьюндай портер маркийн 67-12 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж Х.Мөнхбилэгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогчийн ар гэрийнхэнд хохирол төлбөрт 15 сая гаруй төгрөг, 1 үхэр, 1 өрөө байр өгсөн. Хохирогчийн малчны зээлийн үлдэгдэл төлбөрийг сар бүр тогтоосон хугацаанд нь төлнө. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Хүрэлбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр над руу утсаар яриад нүүрсээ ачаад сум руугаа явж байна. Дэлгэрсайхан ах бас машиндаа нүүрс ачаад явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би 22 цагийн орчим Галын голын айл руу явж байхад сумын төвөөс 1 км орчим зайд манай хүүгийн унаж явсан 67-12 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас Дэлгэрсайхан нь 15-20 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ мөргөж манай хүү өөрийн машин доор орж нас барсан байдалтай байсан. Дэлгэрсайхан нь өөрийн машинаас бууж чадахгүй болсон байсан. Манай хүү тухайн үед ганцаараа нүүрсээ аваад явж байна. Дэлгэрсайхантай тус тусдаа машинтай яваад ирнэ гэж хэлж байсан. ...Оршуулгын зардалд баримттай 16,649,990 төгрөг, баримтгүй 2,123,580 төгрөг малчны зээлийн үлдэгдэл 18,056,521 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс ажил явдлын үед Дэлгэрсайхан нь нийт 12,000,000 төгрөг, нэг үхрийн хамт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Гэрч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой гэртээ амарч байхад сувилагч Э.Хонгорзул утсаар яриад Галын голын гүүр орчим 2 портер мөргөлдөөд нэг жолооч нь рулендээ гацаад гарч чадахгүй байна гэсэн дуудлага өгөхөөр нь очиж үзэхэд 67-12 ДОР маркийн тээврийн хэрэгслийн араас 15-20 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж 67-12 ДОР машины жолооч машиныхаа доор хойд дугуй орчим нас барсан, харин 15-20 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машин дотроо гацсан байдалтай бууж чадахгүй байсан. Тэгээд бид нар 15-20 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дэлгэрсайханыг 30 орчим минутын дараа гаргаад сумын эрүүл мэндийн төв рүү авч явж бүтэн биеийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан. Ингээд Дэлгэрсайханыг зөвшөөрсний дагуу биеэс нь 4 мл орчим цус авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Шүүгдэгч Н.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой нутгийн хамаатны дүү талийгаач Х.Мөнхбилэгийн хамт машинууддаа Адуунчулуунаас нүүрс ачаад орой 17 цагийн орчим аймгийн төвөөс Сэргэлэн сум руу би өөрийн 15-20 ДОА улсын дугаартай портер машинтай, талийгаач Х.Мөнхбилэг 67-12 ДОР улсын дугаартай портер машинаа унаад хөдөлсөн. Ингээд аймгаас 4 км орчим явж байтал талийгаач Мөнхбилэг зогсоод ахаа би архи авсан хоёулаа хувааж ууя гэхээр нь зөвшөөрөхөд 0,75 граммын Хараа нэртэй архи гаргаж ирэхэд нь тал хүртэл нь уугаад цааш хөдөлсөн. Цааш явж байгаад дахиад 10 км орчим буюу Гурваны булгаас хойд зүгт дахиж зогсоод үлдэгдэл архиа хувааж уугаад хөдөлсөн. Мөнхбилэг нь машинтайгаа их хурдтай явж байсан бөгөөд би араас нь гүйцэхгүй байсан. Тэгээд галын голын гүүр гараад явж байтал гэнэт урд Мөнхбилэгийн машин зам дээр зогссон байхаар нь би өөрийн машинаа зогсоох гэсэн боловч зам халтиргаатай байсан учраас зогсоож чадалгүй араас нь мөргөхөд миний машины хамар хэсэг чихэгдэн орж би машинаас бууж чадахгүй байж байхад хажуугаар машин өнгөрөхөөр нь гуйгаад эмнэлэг дуудуулахад эмч нар ирээд намайг сумын эмнэлэг рүү авч явсан. Намайг Мөнхбилэгийн машиныг мөргөх үед тэр машиныхаа урд зогсоод дайруулсан юм шиг байсан. Би ажил явдал болж байх үед 5,000,000 төгрөг, нэг үхрийн хамт өгсөн. 2023 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн талийгаачийн аав Хүрэлбаттай ярилцаад хүүхдүүдэд нь зориулж Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байранд байх нэг өрөө байрыг өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 115 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач Х.Мөнхбилэгийн биед баруун зүүн эгэм яс, хоёр талын олон хавирганы хугарал, цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралт, уушги, элэгний урагдал, баруун зулай, дух, баруун шанаа, зүүн чихний дэлбэн, ар төвгөрт шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун мөр, бугалга, сарвуу, зүүн сарвуу, зүүн ташаа, хөл, бүсэлхийд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх цээж хэвлийн битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.
4. Химийн шинжилгээгээр цусанд 2 промилли, шээсэнд 2,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна.
5. Талийгаач Х.Мөнхбилэг нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.
7. Талийгаач нь авто ослын улмаас цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хх-ийн 56-60/
Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Дэлгэрсайханы биеэс авсан гэх цусанд 0,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Согтолтын зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 72-73/
Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/236 тоот дүгнэлтэд:
1. Хьюндай Портер маркийн 67-12 ДОР улсын дугаартай автомашины жолооч Х.Мөнхбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Хьюндай Портер маркийн 15-20 ДОА улсын дугаартай автомашины жолооч Н.Дэлгэрсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Hyundai porter маркийн 15-20 ДОА улсын дугаартай автомашины жолооч Н.Дэлгэрсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 90-91/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/
- Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/
- Хохирогчийн оршуулгын зардлын болон бусад хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 25-34/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-55, 61-65/
- Химийн лабораторид шинжилгээ илгээх бичиг, шинжилгээний хариу /хх-ийн 66-67/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 697 тоот дүгнэлт /хх-ийн 70-71/
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний автомашины хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 82-86/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 113/
- Шүүгдэгчийн хохирол төлсөн баримтууд /хх-ийн 105-109, 121-122/
- Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ /хх-ийн 119-120/
- Шүүгдэгч Н.Дэлгэрсайханы Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 118/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг Галын гол гэх газарт өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн 15-20 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг зөрчсөний улмаас Хьюндай портер маркийн 67-12 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж Х.Мөнхбилэгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Хүрэлбат, гэрч Б.Золжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 115 тоот дүгнэлт, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/236 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол тогтоосон акт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, химийн лабораторид шинжилгээ илгээх бичиг, шинжилгээний хариу зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Дэлгэрсайханыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Н.Дэлгэрсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Н.Дэлгэрсайханы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч Чилэнгэр овогт Нямын Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Дэлгэрсайханы үйлдлийн улмаас Х.Мөнхбилэгийн амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Хүрэлбат нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “Н.Дэлгэрсайханаас нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байна. Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан нь хохирогчийн оршуулгын зардал болон бусад зардалд нэг үхэр, 15,700,000 төгрөг /хх-ийн 105-108, 121-122/, Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны 05 тоотын 1 өрөө орон сууц зэргийг шилжүүлэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чилэнгэр овогт Нямын Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нямын Дэлгэрсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрсайханд тэнссэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрсайханд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Дэлгэрсайханд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА