Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 178

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “НД ” ХХК /РД:................/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө ..................давхар

Хариуцагч: ******* овогт Э.Х  /РД:................./, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, ............................. тоот

Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол 31 685 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г , хариуцагч Э.Х , иргэдийн төлөөлөгч Г.Алтантуяа, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “НД ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд Э.Х  нь “NORTHBENZ” маркийн ******* улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Монгол улсын замын Хөдөлгөөний дүрмийн 7.7 “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрснөөр “НД ” ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан “МХХ ” ХХК-ийн эзэмшлийн, осол болох үед иргэн Б.Г ийн жолоодож явсан “ZOOMLION” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 31 685 050 төгрөгийн хохирол учруулсан. “НД ” ХХК нь “МХХ ” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу 31 685 050 төгрөгийг даатгуулагч “МХХ ” ХХК-д олгож, хохирлыг бүрэн барагдуулсан. “НД ” ХХК нь даатгалын гэрээний үүргээ биелүүлж даатгуулагчид 31 685 050 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд даасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасныг тус тус үндэслэн иргэн Э.Х оос бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол 31 685 050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Х  нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд Нордбенз маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заагдсан заалтыг зөрчиж манай “НД ” ХХК-д даатгуулсан “МХХ ” ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж нийт 31 685 050 төгрөгийн хохирол учруулсан. Манай “НД ” ХХК нь “МХХ ” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу 31 685 050 төгрөгийг даатгуулагч “МХХ ” ХХК-д олгож хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд “НД ” ХХК нь даатгалын гэрээний үүргээ биелүүлж даатгуулагчид 31 685 050 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч Э.Х оос бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол 31 685 050 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн яриад байгаа зүйлийг зөрчлийн хэрэг үүсгэж шүүхэд хянан шийдвэрлэгдээд хариуцагчийн буруу гэдэг нь тогтоогдсон байгаа. “МХХ ” ХХК нь манай компанид 100% даатгуулсан байсан болохоор даатгалаасаа мөнгөө авъя гэсэн хүсэлтийн дагуу манайх мөнгийг нь шилжүүлсэн. Бид хохирлыг нь барагдуулсан болохоор эргээд мөнгөө авах ёстой. Хариуцагч осолд гэм буруутай гэдэг нь тогтоогдсон байгаа. Үүнийгээ өөрөө мэдэж байгаа байх гэв.

Хариуцагч Э.Х  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э овогтой Э.Х  миний бие “НД ”-аас нэхэмжилсэн 31 685 000 төгрөгийг төлбөрийн чадамжгүй учир төлөх боломжгүй. Орлогогүй барьцаалах хөрөнгөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Э.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уулзвараар эргээд туслах замын 4 эгнээг хаагаад, төв замын 3 эгнээг хаагаад миний машины толгой тэгшрээд чиргүүл тэгширч байхад араас ирж мөргөсөн. Цагдаа нар ч мэдэж байгаа. Тийм болохоор би энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Миний буруу биш. Миний машиныг тэгширсэн хойно араас ирж мөргөсөн. Миний машиныг мөргөсөн машинд нь бичиг баримт ч байгаагүй, жолоочид нь жолоочийн үнэмлэх ч байгаагүй. Тэр машинаас ганц даатгалыг нь л авсан. Цагдаа нар ганц миний бичиг баримтыг, жолоочийн үнэмлэхтэй хураагаад аваад явсан. Би одоо ажил төрөл хийдэггүй, төлөх боломж байхгүй. Би тухайн үед хүний машин унаж явсан юм. Өөр тайлбар байхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “НД ” ХХК нь Э.Х од холбогдуулан бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол 31 685 050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Э.Х  нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд Норд бенц маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дэх хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд ...зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас иргэн Б.Г ийн жолоодож явсан, “МХХ ” ХХК-ийн эзэмшлийн Зуумлион маркийн ******* улсын дугаартай автомашин болон замын хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргаж, ******* улсын дугаартай автомашинд 31 685 050 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, техникийн шинжилгээ хийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлт, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан, зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирол учирсан Зуумлион маркийн ******* улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгч “НД ” ХХК-ийн “МХХ ” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээгээр “Машин механизмын даатгал”-д даатгуулсан байх бөгөөд, гэрээний дагуу “НД ” ХХК нь “МХХ ” ХХК-д автомашинд учирсан хохиролд 31 685 050 төгрөгийн нөхөн төлбөр олгосон ба талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд “МХХ ” ХХК-ийн эзэмшлийн Зуумлион маркийн ******* улсын дугаартай автомашинд учирсан хохирол төлбөрийг гэм хор учруулсан буруутай этгээд болох Э.Х  нөхөн төлөх үүрэгтэй байна. Харин нэхэмжлэгч “НД ” ХХК нь гэм буруутай этгээдийн өмнөөс “Машин механизмын даатгал”-ын гэрээнд заасан үүргийнхээ дагуу хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ”, Даатгалын гэрээний 9.8-д “Даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилнэ” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь буруутай этгээд болох хариуцагч Э.Х оос нөхөн төлбөрт олгогдсон 31 685 050 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь “...араас ирж мөргөсөн, миний буруу биш, би тухайн үед хүний машин унаж явсан, төлбөрийн чадваргүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч Э.Х  нь бусдын өмчлөлийн автомашиныг жолоодож явсан гэх боловч тухайн осол гаргасан үйлдэлд жолооч Э.Х  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхаас гадна шаардах эрхтэй этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар автомашины өмчлөгч болон эзэмшигч хэнээс нь ч шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Хариуцагч Э.Х  нь 2019 оны 05 сарын 27-ны өдөр өмгөөлөгч Ц.Баярмаатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, өмгөөлөгч Ц.Баярмаа нь “харуцагч болон ар гэрийнхэн нь өмгөөлөгчгүйгээр оролцох, өмгөөлөгчөөс татгалзахаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгч миний биеийг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү” гэх тайлбар гаргасан байх ба хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орно, дахин өмгөөлөгч авахгүй гэх тайлбар гаргасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Х оос 31 685 050 /гучин нэгэн сая зургаан зуун наян таван мянга тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НД ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 376 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х оос улсын тэмдэгтийн хураамжид 316 376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НД ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН

                    ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ

                                                                           С.ӨЛЗИЙ-ОТГОН