Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч Э.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх  Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүйсэрлэг овогт  Энхбаатарын Оргилд холбогдох эрүүгийн 2321000000049 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 2-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүйсэрлэг овогт  Энхбаатарын Оргил /РД: ЖЛ75050211/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Оргил нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнж хорооллын 5-8 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Баатарцогттой үл ялих зүйлээр маргалдаж архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Оргил шүүх хуралдаанд “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

Хохирогч Ц.Баатарцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны  өглөө 10 цагийн орчим ...Эрдэнэбат бид 2 авсан архиа ууж дуусаж байхад манай нутгийн Оргил гаднаас орж ирээд бид хоёртой хамт сууж архи ууж эхэлсэн. Тэгээд удалгүй архи дуусахаар нь би дэлгүүр явж нэг шил архи авчраад бид 3 уусан. Архи ууж байхдаа Оргил надад хандаж би Дорнод аймгийн бүх барилга дээр ажиллаж байсан гэхээр нь би түүнд “чиний барилга барина гэж юу байдаг юм бэ” гэж уурлангуй хэлэхэд Оргил уурлаад ширээн дээр байсан архины шилийг авч миний толгой руу цохиж хагалсан. Тэгээд миний зүүн нүд рүү өшиглөхөөр нь Эрдэнэбат салгаж холдуулсан. ...Би одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Өвчин намдаах эм тариа хэрэглэсэн. Тухайн эм тариаг Оргил надад авч өгсөн. Одоо надад Оргилоос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 11/

Гэрч Д.Болортолийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оргил гаднаас орж ирээд тэр хоёртой хамт сууж архи ууж, хэсэг юм ярьж сууж байгаад юунаас болсон гэдгийг нь мэдэхгүй байна гэнэт босож ирээд ширээн дээр байсан архины шилийг аваад Баатарцогтын толгой руу цохиж хагалаад нүүр рүү нь өшиглөхөөр нь би гүйж очоод тэр хоёрыг салгаж холдуулсан. Энэ үед манай нөхөр бие засаад гаднаас орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Шүүгдэгч Э.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байхад нутгийн  найз Эрдэнэбат миний гар утас руу залгаад манайд хүрээд ирэх үү, найз нь маргааш ажлаар хот явна гэхээр нь гэрээсээ гараад 14 цагийн орчим Эрдэнэбатын гэрт очсон. Намайг очиход Эрдэнэбат, түүний эхнэр Болортоль, найз Баатарцогт нар  архи уугаад сууж байсан. Тэгээд би ууж байсан архинаас нь хамт уугаад дуусахад Баатарцогт гараад дахин нэг шил архи авчирсан. Ингээд авчирсан архийг нь уугаад талдаа орж байхад Баатарцогт босоод миний ар талын орон дээр хэвтэж байгаад миний нуруунаас нудраад байхаар нь би Баатарцогтод хандаж боль л доо хөгшөөн гэж хэлэхэд Эрдэнэбат надад чи Баатарцогтыг хаагаад байгаа юм биш үү жаахан хажуу  тийшээ болчих гэхээр нь сууж байсан газраасаа хөдлөөд хажуу тийшээ болсон. Гэтэл Баатарцогт дахин миний нуруу руу нудраад байхаар нь би гарыг нь татахад Баатарцогт өндийж ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад ширээн дээр байсан архины шилийг аваад түүний толгой руу цохиход Баатарцогтын толгой хагарч цус гараад Эрдэнэбат эхнэрийн хамт бид хоёрыг салгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 тоот дүгнэлтэд:

1. Ц.Баатарцогтын биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36-38/

- Шүүгдэгч Э.Оргил, хохирогч Ц.Баатарцогт нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 47-48/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Э.Оргил нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Э.Оргилыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Оргилд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Оргил нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд  согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Дэнж хорооллын 5-8 тоотод хохирогч Ц.Баатарцогттой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж архины шилээр толгойнд нь цохиж биед нь зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Оргилын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ц.Баатарцогт, гэрч Д.Болортоль нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.Оргилд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Энхбаатарын Оргилыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Оргил нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Э.Оргил хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч Э.Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Оргилын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Баатарцогтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Э.Оргилыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Хүйсэрлэг овогт  Энхбаатарын Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбаатарын Оргилыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оргил нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА