| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-02-20 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
2023 02 20 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З-т холбогдох эрүүгийн 23250000000*** дугаартай хэргийг 2023 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.З
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.З нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл худалдааны төв”-ийн авто зогсоолоос хүн хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг П.А-аар Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн Баянталын 7 дугаар гудамжид хүргүүлж буухдаа хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох Самсунг А-50 загварын 64 gb багтаамжтай гар утсыг гараас нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Г.Зын шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос сонсгосон ялыг мөн хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- хохирогч П.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 00 цаг 10 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Төгөл худалдааны төвийн зогсоол дээр таксинд явах гээд зогсож байхад хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн богино куртиктэй, шөвгөр бор царайтай, 25-30 орчим насны, 170 см өндөртэй залуу таксинд суугаад Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын Дэнж баг руу өгсдөг замын ойролцоо буух үедээ гар утсаар чинь ярьчихаад өгье гэхээр нь хэлсэн дугаар руу нь залгаж байхад миний гараас миний эзэмшлийн Самсунг загварын гар утсыг булааж зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13х/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ/5473 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20х/,
- Г.Зт мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 26х/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27х/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Г.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл худалдааны төв”-ийн авто зогсоолоос Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн Баянталын 7 дугаар гудамж руу хүн хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг П.А-аар хүргүүлэн буухдаа П.А-н гараас нь булаан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ/5473 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Г.З-ын үйлдлийн улмаас Д.А-т 350,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч П.Аийн “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 00 цаг 10 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Төгөл худалдааны төвийн зогсоол дээр таксинд явах гээд зогсож байхад хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн богино куртиктэй, шөвгөр бор царайтай, 25-30 орчим насны, 170 см өндөртэй залуу таксинд суугаад Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын Дэнж баг руу өгсдөг замын ойролцоо буух үедээ гар утсаар чинь ярьчихаад өгье гэхээр нь хэлсэн дугаар руу нь залгаж байхад миний гараас миний эзэмшлийн Самсунг загварын гар утсыг булааж зугтаасан...” гэсэн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.З-ын бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.З нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл худалдааны төв”-ийн авто зогсоолоос хүн хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг П.А-аар Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн Баянталын 7 дугаар гудамжид хүргүүлж буухдаа хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох Самсунг А-50 загварын 64 gb багтаамжтай гар утсыг гараас нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Г.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Г.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн” гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.
Шүүгдэгч Г.Зын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч П.А нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Г.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зыг 7 /долоо/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ