Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 75

 

Д.Г, Ү.Н, О.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүгдэгч Ү.Н-ийн өмгөөлөгч Б.Мянган, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, 201721000095 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ү.Н-ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Г.

2. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто мехникийн мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ү-ийн Н нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан “Ховор амьтан агнах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт О-ы Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Г, Ү.Н нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Д.Г-ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Ү.Н-ийг ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Н-оос  6,500,000 төгрөг гаргуулж хохиролд 2,900,000 төгрөгийг төлүүлж, үлдэх 3,600,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Н, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ү.Н-ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Н-ийг гэмт хэрэг үйлдэхдээ 42-58 УБН улсын дугаартай “Ниссан экстрал” загварын тээврийн хэрэгсэл ашигласан боловч уг тээврийн хэрэгсэл Г.Г-ийн өмчлөлд байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6,500,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Н-оос гаргуулж, хохиролд 2,900,000 төгрөгийг төлүүлж, үлдэх 3,600,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Г.Г болох нь тогтоогдсоор байхад Ү.Н-оос тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,500,000 төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Н-ийн өмгөөлөгч Б.Мянган хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж ял шийтгэсэн. Өмгөөлөгч Д.Хуягбаатарын гомдлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдвол тухайн эд хөрөнгийг хураан авч гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт явцуу утгаар нь ойлгож, тухайн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байгаа нь тодорхой байсаар байтал тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Б.Батсүх хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд тухайн хэргийг үйлдээгүй талаар мэдүүлж байсан. Шүүгдэгч Д.Г нь бичиг үсэг мэдэхгүй. Хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд тухайн хэргийг үйлдээгүй талаараа мэдүүлсэн ч шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээс тэнсэж хянан харгалзсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор  Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ү.Н, Д.Г нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин шүүхийн Ү.Н-оос тээврийн хэрэгслийн үнэ болох 6,500,000 төгрөгийг гаргуулан үүнээс зэрлэг гахайны үнэнд 2,900,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 3,600,000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн 9 дэх заалтыг хүчингүй болгох саналтай байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл нь хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ оногдуулах зохицуулалт бөгөөд уг зүйлийн 1, 2, 5 дахь заалтыг баримтлан зөөвөрлөсөн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулсан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгөд хамаарахгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г, Ү.Н, О.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрээс ховор амьтан болох  1 тооны зэгсний зэрлэг гахайг зохих зөвшөөрөлгүй агнасан,

шүүгдэгч Ү.Н нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Д.Г-ийн агнасан 1 тооны зэгсний зэрлэг гахайг 42-54 УБН улсын дугаартай “Ниссан Экстрал” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч О.Б-ийг энэ хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэж прокуророос ялласан боловч түүний мэдүүлэг нь яллагдагч Д.Г, Ү.Н нарт холбогдох хэрэгт ач холбогдолгүй, ховор амьтан болох зэгсний гахайг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн хэргийн талаар мэдэх зүйлгүй тул тухайн хэрэгт худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгах үндэслэлгүй болно. Эд мөрийн баримтыг үрэгдүүлсэн, эсвэл ашигласан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл энэ нь тусдаа эрүүгийн хэрэг бөгөөд Д.Г, Ү.Н нарт холбогдох хэрэгт нэгтгэн шалгах шаардлагагүй. Иймээс түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г, Ү.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Г-ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Ү.Н-ийг ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Д.Г, Ү.Н нарт холбогдох хэргийг тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгохоор хуульчилсан бөгөөд ингэхдээ мөн зүйлийн 1-д зааснаар хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан.

Хэрэв дээрх тээврийн хэрэгсэл, хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар хуульчилсны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ү.Н-оос тээврийн хэрэгслийн үнэ болох 6,500,000 төгрөгийг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Харин гахайн нөхөн төлбөрийг гахайг тээвэрлэсэн Ү.Н-оос бус хууль зөрчин агнаж байгаль-экологид шууд хохирол учруулсан Д.Г-оос гаргуулах нь үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээх зарчмуудад нийцэх тул Д.Г-оос 2,900,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Ү.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд гахайн нөхөн төлбөрт төлсөн 2,900,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6,500,000 төгрөгнөөс хасч, үлдэх 3,600,000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-оос хууль зөрчин агнасан гахайн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа түүний мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэлийг хэвээр үлдээхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ү.Н-оос 2,900,000 төгрөг төгрөг гаргуулсан 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ү.Н-ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар гаргасан гомдлын Ү.Н-ийн хариуцан төлөх төлбөрийг багасгах тухай хэсгийг хүлээн авч бусдыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр магадлалд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Н-оос 3,600,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж,

8 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Г-ийн эзэмшлийн 17-77 ХОҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Ү.Н-оос 2,900,000 төгрөг төгрөг гаргуулсан 5 дахь заалтыг хүчингүй болгон “Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зэгсний гахайн нөхөн төлбөрийн хэмжээг тооцож шүүгдэгч Д.Г-оос 2,900,000 төгрөг гаргуулж Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ү.Н-ийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                     

     ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН