| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
2023 01 10 2023/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц,
Шүүгдэгч Н.З нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.З-д холбогдох эрүүгийн 222500625**** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.З
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.З нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэр 36-р точка гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,
улмаар үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-47 тоот гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын 653,7 грамм жинтэй түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.З мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Манай гэрээс хураан авсан ургамлыг би 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Жаргалант сум 36 дугаар Точка гэх газар руу найз Дэмбэрэлдашнямын төмс хураалтад туслах гэж очоод тухайн ургамлыг ганцаараа түүсэн юм. Би тэр үед 200 төгрөгийн торны тал хэмжээтэй нойтон ургамлыг түүгээд өөрийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы *-** тоот эзэнгүй байшиндаа аваачиж 6-7 хоног хатааж байгаад өөрийн оршин суух Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-47 тоот гэртээ авч ирж дээгүүр нь чимхдэг жижиг гялгар уутанд хийж гутлын саванд хадгалсан...Иштэй ургамлыг 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 25-09 тоот эгчийндээ очоод гарч яваад гудамжид ургасан байхаар нь 1 ширхгийг зулгаагаад гэртээ авч ирж хадгалсан...Coca cola гэсэн бичиглэлтэй ундааны саванд байх тал хэмжээтэй өвс мэт зүйл нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Улаантолгойгоос түүсэн өвсний үлдэгдэл байгаа юм...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67х/,
- Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Н.З Орхон аймаг Булган сумын нутаг дэвсгэр Оросын булаг гэх газар “White” нэртэй шоуг зохион байгуулж байсан, шоуны үеэр гэрийн үнэ болох мөнгийг төлөх гэтэл мөнгө нь хүрэхгүй байна гэхээр нь би Н.Зын эзэмшлийн 5700625192 тоот дансруу 400,000 төгрөгийг Family tegshee гэх утгатай шилжүүлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64х/,
- Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-16х/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 17-21х/,
- Хаан банкны 5700625192 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23х/,
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 24х/,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 25-27х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4939 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
2. ФА95101319 Н.З 2022.09.24 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.
3. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-34х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4940 дугаартай шинжээчийн “... 1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүр, тугалган цаас зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Зиплок түгжээ бүхий гялгар ууттай тугалган цааснаас /2ш/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “1”-“16” гэж дугаарласан ургамал мэт зүйл “2-1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3-1” гэж дугаарласан “Coca cola” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна.
3. “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 40,0 гр, цэвэр жин нь 37.4 гр, дээж авсны дараах цэвэр жин 37.2 гр,
“2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 31,7 гр, цэвэр жин нь 29,1 гр, дээж авсны дараах цэвэр жин 28,9 гр,
“3” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 40,7 гр, цэвэр жин нь 38,1 гр, дээж авсны дараах цэвэр жин 39,7 гр,
“4” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 30,6 гр, цэвэр жин нь 28,1 гр, дээж авсны дараах цэвэр жин 27,9 гр,
“5” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 37,3 гр, цэвэр жин нь 34,7 гр, дээж авсны дараах цэвэр жин 34,3 гр,
“6” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 43,7 гр, цэвэр жин нь 41,0 гр, дээж авсны дараах цэвэр жин 40,6 гр,
“7” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 31,0 гр, цэвэр жин нь 28,5 гр, дээж авсны дараах цэвэр жин 27,9 гр,
“8” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 37,8 гр, цэвэр жин нь 35,2 гр, дээж авсны дараах цэвэр жин 34,9 гр,
“9” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 33,9 гр, цэвэр жин нь 31,2 гр, дээж авсны дараах цэвэр жин 30,7 гр,
“10” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 36,2 гр, цэвэр жин нь 33,5 гр, дээж авсны дараах цэвэр жин 33,2 гр,
“11” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 38,8 гр, цэвэр жин нь 36,3 гр, дээж авсны дараах цэвэр жин 36,1 гр,
“12” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 45,9 гр, цэвэр жин нь 48,8 гр, дээж авсны дараах цэвэр жин 42,6 гр,
“13” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 31,6 гр, цэвэр жин нь 29,0 гр, дээж авсны дараах цэвэр жин 28,7 гр,
“14” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 35,1 гр, цэвэр жин нь 32.4 гр, дээж авсны дараах цэвэр жин 32,1 гр,
“15” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 36,9 гр, цэвэр жин нь 34,2 гр, дээж авсны дараах цэвэр жин 33,9 гр,
“16 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 2,8 гр, цэвэр жин нь 0,3 гр, дээж авсны дараах цэвэр жин 0,1473 гр,
“3-1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 166,2 гр цэвэр жин нь 115,6 гр, дээж авсны дараах жин нь 115,3 гр,
“2-1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 31,2 гр, цэвэр жин нь 26,3 гр дээж авсны дараах жин нь 26,1 гр тус тус байна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 38-51х/,
- Н.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75х/,
- Н.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74х/, суурь боловсролын гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Зыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар Н.З нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэр 36-р точка гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-47 тоот гэртээ хадгалсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.З нь хориглосон Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь шүүгдэгч Н.Зын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, Хаан банкны 5700625192 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4939, 4940 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамрааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтанд заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтанд байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.
Иймээс сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүсэн, олж авсан, орон байрнаас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт байлгахыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Н.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлзээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Зыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Уг гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Н.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Н.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч: “нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Зын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг ууттай ургамал, 20 ширхэг жижиг гялгар уут, А6 бичигтэй жижиг гялгар уут 1 ширхэг, гялгар ууттай мөнгөлөг цаас 1 ширхэг, Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай ургамал зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Наранбаярын Н.Зыг 3 /гурав/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг ууттай ургамал, 20 ширхэг жижиг гялгар уут, А6 бичигтэй жижиг гялгар уут 1 ширхэг, гялгар ууттай мөнгөлөг цаас 1 ширхэг, Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай ургамал /нийт ургамлын жин 653,7 грамм/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ