Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 01877

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3-1Б тоотод оршин суух, Сартуул овогт Дорлигийн Сувдхүү /РД:ВЛ78120304/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө 4 дүгээр хороолол, 71 тоотод байрлах, Овоотэл ХХК /РД:5314275/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгч Б.Амгаланбаатар, Э.Намжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сувдхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Сувдхүү нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Овоотэл ХХК-д менежерийн ажилд анх орсон. Үүнээс хойш 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тасралтгүй сайн ажиллаж ирсэн. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын 13 дугаартай тушаал гарч, Д.Сувдхүүг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Гүйцэтгэх захирлын тушаалд ...менежер ажилтай Д.Сувдхүүд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот тушаалаар цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 10 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан тул... гэжээ. Компанийн зүгээс надад нэг ч удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан талаар танилцуулж, хэлж байгаагүй бөгөөд эхлээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул сунгахгүй гэж ажлаас хална гэж байснаа сүүлдээ сахилгын шийтгэл удаа дараа ногдуулж байсан үндэслэлээр ажлаас халсан байна. 2019 оны 02 дугаар сарын цалинг авахад миний цалингаас суутгал хийсэн байсан бөгөөд яагаад мөнгө суутгасан талаар нягтлангаас асуухад чиний таньдаг хүмүүс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ресторанд шинэ жил тэмдэглэхдээ 2 цаг хэтрүүлээд, цагын тооцоогоо хийгээгүй, тэр 2 цагын мөнгийг цалингаас чинь суутгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед маргаан гаргаад яахав гээд орхисон. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халах тушаалдаа сахилгын шийтгэл ногдуулсан хэмээн худал бичсэн байна. Би компанийн захирал Б.Энхцэцэгт 2019 оны 03 дугаар сард ...би хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын 8 цагаар ажилламаар байна. Байнга өдөр бүр 11 цаг ажиллах хүндрэлтэй байна... гэж хэлсэн. Гэтэл захирал уурлаад тэгвэл үйлчлэгчээр ажилла, тэгвэл ажлын 8 цагаар ажиллаж болно эсвэл олон юм ярилгүй менежерээр уртгасан цагаар ажилла гэсэн. Ингээд би арга буюу тэгвэл би дикритээ авах хүртлээ уртасгасан цагаараа менежерээрээ ажиллаж байя гэж хэлээд тохиролцсон. Гэтэл 2 хоногийн дараа 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан талаар тушаал үзүүлсэн. Энэ үед би жирэмсэн учраас маргаад яах вэ гэж бодоод маргаагүй. Иймд Д.Сувдхүү намайг Овоотэл ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1,113,630 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжэээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн байгууллагад 2018 оны 12 дугаар сараас эхлэж ажилд орсон. Энэ хугацаанд огт сахилгын шийтгэл авч байгаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Сувдхүүд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Сувдхүүд 21 нас хүрсэн хүнд согтууруулах ундаагаар үйлчилж болохгүй гэж сануулж байсан ч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоох, үл биелүүлэх гэж заасны зөрчиж, 21 нас хүрээгүй хүнд согтуураалах ундаагаар үйлчилсний улмаас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авагдсан. Мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.9-д заасан ...ажил үүргээ цалгардуулах, ажилдаа хайнга хандах гэж заасныг зөрчсөн. Дээрх зөрчлүүдийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д.Сувдхүүд үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд цалингаас зохих суутгалыг суутгасны дараа Д.Сувдхүү нь ямар нэгэн өргөдөл, гомдол гаргалгүй шийтгэлээ хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д.Сувдхүүд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.3, 8.2.3, 8.2.4 дэх заалтуудыг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг танилцуулсан бөгөөд Д.Сувдхүү нь сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Ажилтан Д.Сувдхүү нь дээрх байдлаар сахилгын зөрчлүүдийг давтан гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон бөгөөд ажил олгогчийн зүгээс цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул Д.Сувдхүүд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сувдхүү нь хариуцагч Овоотэл ХХК-д холбогдуулан тус компанийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1,113,630 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Сувдхүү нь Овоотэл ХХК-ийн менежерийн ажилд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад тус компанийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай тушаалаар ажлаас халагдсан болох нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн түр гэрээ, тус компанийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай тушаал, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Судвхүү нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гарсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Овоотэл ХХК нь эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...Д.Сувдхүү нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, мөн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлд хамаарч байгаа тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Сувдхүү нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Овоотэл ХХК-ийн захирлын 04 дугаартай тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр захирлын 10 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийн тус тус хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт нэг сахилгын зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэжээ.

 

Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Сувдхүү нь өмнө нь гаргасан сахилгын 2 удаагийн зөрчилдөө захирлын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 дэх хэсэгт заасан сануулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн бөгөөд энэхүү 2 удаагийн сахилгын шийтгэл хүлээсэн байдал нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай Д.Сувдхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Сувдхүүгийн гаргасан 2 удаагийн сахилгын зөрчилд тус бүр арга хэмжээ авсан хэрнээ дахин 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнд сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулсан гэж үзэхээр байх тул хариуцагч Овоотэл ХХК-ийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай Д.Сувдхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасныг ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах үндэслэлд хамааруулсан байх бөгөөд энэ хуулийн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатайгаас гадна тус бүрд нь заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаарддаггүй онцлогтой.

 

Гэтэл хариуцагч Овоотэл ХХК нь нэхэмжлэгч Д.Сувдхүүд 2 удаагийн сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдлаа түүнийг ажлаас халах үндэслэл болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Овоотэл ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай тушаалаар Д.Сувдхүүд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь Д.Сувдхүү нь ажилгүй байсан хугацааны цалинд 1,113,630 төгрөгийг нэхэмжилж байх ба түүний 1 өдрийн цалин 31,818 төгрөг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Сувдхүү нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт ажлын 35 хоног ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хугацааны цалинд 1,113,63 төгрөгийг хариуцагч Овоотэл ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Д.Сувдхүүд олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сувдхүүг Овоотэл ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1,113,630 төгрөгийг хариуцагч Овоотэл ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч Д.Сувдхүүд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сувдхүүгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Овоотэл ХХК-д үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Овоотэл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 31,277 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА