| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00269/и |
| Дугаар | 01668 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 01668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн, 3 дугаар хороо, 3-30 тоотод оршин суух, Очирбатын Энхтүвшин /РД:ЧЖ69120908/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдох,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын зорчигчийн вагон депогийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №Б-947 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас цалингаас хассан 592,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, Б.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, Б.Чинбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч О.Энхтүвшин нь 1988 оноос 1993 он хүртэл УБТЗ-ын Суудлын вагон депод вагоны үйлчлэгчээр ажиллаж, ажиллаж байх хугацаандаа 1999 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг Вагоны инженерээр суралцан төгсөж ирээд УБТЗ-ын Суудлын вагон депод 1999 оноос 2001 он хүртэл вагоны засварчнаар ажиллаж байгаад 2001 оноос эхлэн өнөөг хүртэл галт тэрэгний даргаар ажиллаж байна.
2018 оны 10 сарын 04-ний өдрийн О.Энхтүвшин даргын удирдаж байсан 275 дугаар чиглэлийн галт тэргэнд УБТЗ ХНН-ийн зорчигч тээврийн албаны байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Шалгалтын дараа 2018 оны 10 сарын 16-ны өдрийн галт тэрэгний байцаагчийн албан шаардлага гаргасан. Энэ албан шаардлагын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б-947 дугаартай тушаалаар О.Энхтүвшинд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч байгаа. Учир нь:
Зорчигч тээврийн албаны байцаагчийн албан шаардлагад тодорхой хэд хэдэн зөрчил тусгасан байдаг. Гэвч зөрчил гаргасан гэх галт тэрэгний үйлчлэгч, мастерууд зөрчил гаргаагүй, зөрчлийг баримтжуулаагүй гэх гомдлыг удаа дараа гаргадаг. 2018 оны 10 сарын 04-ний өдөр гарсан гэх зөрчлийн талаар хяналт шалгалт хийсэн байцаагчаас гэрчийн мэдүүлэг авахад УБТЗ ХНН-ийг төлөөлж, зөрчил ирүүлэх эрх бүхий албан тушаалтан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 10 сарын 04-ний өдөр УБТЗ ХНН-ийн эрх бүхий албан тушаалтнууд зөрчил илрүүлсэн. Албан шаардлагын талаарх мэдэгдлийг Зорчигчийн вагон депогийн дарга Ш.Гантулгад явуулсан. Тус байгууллагын ерөнхий инженер, инженер нар нэхэмжлэгчийн үр дүнгийн шагналыг 25 хувиар бууруулж, хариуцлага тооцсон. Гэтэл 2018 оны 11 сарын 01-ний өдөр шуурхай хурал хийж, О.Энхтүвшингийн 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шуурхай хурал хийсэн этгээдүүд ажил олгогчийг бүрэн төлөөлөхгүй, О.Энхтүвшингийн гаргасан зөрчлийг бүрэн тодруулаагүй байж арга хэмжээ авсан гэж Үйлдвэрчний эвлэлийн хороо албан шаардлага хүргүүлсэн. Уг албан шаардлагыг хүлээн авч, тус байгууллагын Ерөнхий инженер өмнөх хурлын шийдвэрийг цуцалж, дахин шуурхай хурал хийх шийдвэр гаргасан. 2018 оны 11 сарын 13-ны өдөр шуурхай хурал хийсэн. Хурлаар О.Энхтүвшинд 2019 оны 1 сараас сахилгын шийтгэл оногдуулсан. УБТЗ ХНН-ийн удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга н.Ганболд дахин шуурхай хурал хийж, энэ асуудал шийдэгдэж дуусах хүртэл О.Энхтүвшингийн ажлын байрыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. О.Энхтүвшинг 7 хоног ажил хийлгээгүй. О.Энхтүвшинд 4 удаа сахилгын шийтгэл оногдуулж, түүний хууль ёсны эрх ашгийг хохироосон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг зөрчсөн. 2018 оны 10 сарын 13-ны өдрийн Б/947 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгочхоод байхад энэ тушаалыг мөрдөнө гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Б/947 дугаартай тушаалд орлогч дарга А.Энхбилэг гарын үсэг зурсан. А.Энхбилэг ажил олгогчийг төлөөлөх эрхтэй байсан уу. Өмнөх хурал дээр А.Энхбилэг би ажил олгогчийг төлөөлнө, даргын эзгүйд орлож ажилладаг гэж ярьсан боловч н.Гантулга дарга УБТЗ ХНН-ийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр авсан. н.Энхбилэгт ямар эрхийн актаар ажил олгогч байх эрх шилжсэн нь тодорхойгүй. Хариуцагч тал өмнөх хурал дээр депогийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар даргын эзгүйд Ерөнхий инженер орлож ажиллах уу эсвэл орлогч дарга орлож ажиллах уу гэдгийг албаны дарга хуралдаж шийдвэрлэдэг. Албаны дарга хуралдаж, шийдвэр гаргасан гэжтайлбарласан. 2018 оны 11 сарын 12-ны өдөр албаны дарга н.Нарантуяагийн Зорчигчийн вагон депод илгээсэн 08297 дугаартай албан бичигт Зорчигчийн вагон депогийн дүрмийн 3.3-д Депогийн даргын эзгүйд Ерөнхий инженер орлоно гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэж ирүүлнэ үү гэсэн албан бичгийг Ерөнхий инженер н.Зоригоод хүргүүлсэн. Уг албан бичгээс даргын эзгүйд орлох албан тушаалтныг албаны дарга, аж ахуй нэгжийн дарга нар Ерөнхий инженер н.Зоригоог ажиллуулахыг тусгасан. 2018 оны 10 сарын 16-ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагад нойл үнэртдэг гэх мэт зөрчлүүд тусгагдсан. Гэтэл албаны байцаагч нар шалгалт хийх дүрэм журамгүй, вагонд ороод л шалгана, үзнэ харна гэж дураараа авирладаг. Байцаагч нар шалгах эрхтэй гэдэг ч вагоны үйлчлэгч, мастеруудын хууль ёсны эрх ашгийн хүрээнд гарсан зөрчлийг баримтжуулдаггүй. Ажилтнуудыг зөрчлийн актад гарын үсэг зур гээд л зуруулдаг. Иймд байцаагч нарын үйлдэл ажилтны хууль ёсны эрхийг хөндөж байна.
2018 оны 10 сарын 04-ний өдөр УБТЗ ХНН-ийн зорчигчийн вагоны байцаагч нар зөрчил илрүүлж, 10 сарын 23-ны дотор албан тоотоор зорчигч тээврийн албанд ирүүлэхийг даалгасан. Гэтэл 2018 оны 11 сарын 13-ны өдөр О.Энхтүвшинд сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. 2018 оны 10 сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл илрүүлсэн атлаа 2018 оны 11 сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг зөрчсөн байна. О.Энхтүвшинд оногдуулсан сахилгын шийтгэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан бүх заалтыг зөрчсөн. Ажилтан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн бол сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. Вагоны үйлчлэгчийн гаргасан зөрчилд галт тэрэгний дарга буруутай гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2, 131.3-д заасныг тус тус зөрчсөн. Ажил олгогчийн О.Энхтүвшинд оногдуулсан сахилгын шийтгэл хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгал хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд О.Энхтүвшинд авсан сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгасан 592,515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Энхтүвшингийн гаргасан зөрчилд авсан зорчигчийн албаны байцаагчийн акт үндэслэлтэй, хууль зөрчсөн зүйл байхгүй. Төмөр замын байгууллага Төмөр замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д зааснаар чанар, аюулгүй байдлыг байнга хангаж ажилладаг. Нэхэмжлэгч талын ажил олгогчийн чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагыг хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ажил олгогч О.Энхтүвшинд сахилгын зөрчил давхардуулан оногдуулаагүй, Зорчигчийн вагон депогийн даргын тушаал нэг л удаа гарсан. Тушаалыг давхардуулж гаргасан тушаал, шийдвэр байхгүй. О.Энхтүвшингийн гаргасан зөрчлийн мөрөөр, депогийн хэмжээнд хуралдсан хурлын шийдвэр байгаа. Хурлын шийдвэрүүд эрх зүйн үр дагаваргүй, хүчингүй болсон. Нэхэмжлэгч О.Энхтүвшин эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцоогүй, зөрчил илрүүлж акт тавьсан байцаагч нар хуралд оролцоогүй шалтгаанаар хурлын шийдвэр хүчингүй болсон. 2018 оны 11 сарын 01-ний өдрийн хуралд оролцох ёстой эрх бүхий албан тушаалтнууд бүрэн оролцож, нэхэмжлэгч өөрөө байсан. Хүчин төгөлдөр хурлын шийдвэрийг үндэслэж, О.Энхтүвшинд сахилгын шийтгэл оногдуулсан. Зорчигчийн галт тэрэгний байцаагчийн албан шаардлагад тусгагдсан зөрчлүүд гарсан гэдгийг зорчигчийн албаны продник, үйлчлэгч нар тодорхойлолт гаргасан. Огт болоогүй асуудлаар байцаагч нар акт үйлдээгүй. Галт тэрэгний дарга зорчигчийн албаны ажилтнуудыг удирдаж, тэдний ажил үүрэгт хяналт тавьж, галт тэрэгний аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдал хангаж ажиллахыг ажлын байрны тодорхойлолтод заасан. А/146 дугаартай тушаалыг үндэслэн зорчигчийн галт тэрэгний байцаагч нар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Байцаагч нар шалгалт хийхдээ юу дуртайгаа үздэггүй, А/146 дугаартай тушаалд зорчигчийн байцаагч нарыг галт тэрэгний ажилтнуудын бүхий л үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг заасан. Шалгалтын удирдамжийн 4.6-д галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын үйл ажиллагаа, зорчигчийн аюулгүй байдал, үйлчилгээнд хяналт тавихыг заасан. Байцаагч нар удирдамжийн дагуу ажилласан. Шалгалтын явцад вагоноос албан шаардлагад дурдагдсан зөрчлүүд илэрсэн. Зорчигчийн галт тэрэгний дарга аялалд гарахын өмнө болон аялалын явцад вагоны техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын ажил үүрэгт хяналт тавьж ажилладаг. Замын-Үүдээс хөдөлсөн 275 дугаар галт тэрэгний дарга О.Энхтүвшин ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг хэрэгжүүлж, хяналт тавьж байсан бол байцаагч шалгахаас өмнө актад дурдагдсан зөрчлийг илрүүлж, хяналт тавьж, вагоны мастерт засварын захиалга өгч зөрчил дутагдал арилгуулах эрхтэй байсан. Аяллын явцад ямар нэг эвдрэл гэмтэл гарвал вагон дарга мастерт мэдэгдэж, мастер засаж, бүртгэлийн дэвтэрт хийсэн ажлаа бүртгэдэг. Байцаагчийн тавьсан актад дурдагдсан зөрчлүүд мастерын ажлын тайлангийн дэвтэрт байдаггүй. Байцаагч нарыг шалгах хүртэл вагоны дарга О.Энхтүвшин үйлчлэгч нарын ажилд хяналт тавиагүй, ажил удирдагчийн хувиар вагоны бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, вагоны мастерт эвдрэл гэмтлийн талаар захиалга өгөөгүй болох нь вагоны мастерын ажлын дэвтрээс харагдана. Ажил олгогч ажилтанд хатуу шаардлага тавьдаггүй. Байцаагч нарыг галт тэргэнд үзлэг шалгалт хийхээс өмнө галт тэрэгний дарга эвдрэл гэмтлийн талаар мастерт захиалга өгч, эвдрэл гэмтлийг засах боломжгүй болох нь тогтоогдсон шалгалтын үеэр акт тавихгүй байх боломжтой байсан. Гэтэл шалгалт орж ирэхэд О.Энхтүвшин өрөөндөө байгаагүй, шалгалтын үеэр байлцаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Актад нойл үнэртэй байсан талаар тусгагдсан. Эрүүл ахуйн байцаагч воганы нойл үнэртэй эсэхэд шалгалт хийхгүй, эрүүл ахуйн байцаагч галт тэрэгний эрүүл ахуй, цагаан хэрэглэл, цай, сахар зэрэг үйлчилгээ эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Нэхэмжлэгч тал ажилтны хууль ёсны эрх ашиг зөрчиж байна гэлээ. Гэтэл ажил олгогчийн хууль ёсны эрх ашгийг маш их зөрчиж байна. Монголд улсын төмөр замын тээврийг УБТЗ ХНН дангаараа гүйцэтгэж байна. Зорчигчийн аюулгүй байдал, үйлчилгээний стандарт дээд зэргийн байх ёстой. Бид стандартын дагуу ажиллахын тулд хяналт шалгалт байнга хийдэг. 2018 оны 10 сарын 04-ний өдөр О.Энхтүвшингийн гаргасан зөрчил илэрсэн. Байцаагч албан шаардлагыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр зорчигчийн вагонд депод актаар хүргүүлсэн. 2018 оны 11 сарын 01-ний өдөр Удирдлагын зөвлөл хуралдаж, олонхын саналаар байцаагч нарын илрүүлсэн зөрчил үндэслэлтэй гэж үзээд О.Энхтүвшинд 2018 оны 11 сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. Зөрчил илрүүлсэн өдрөөс хойш биш, зорчигчийн вагонд депод зөрчлийн талаар мэдэгдсэн өдрөөс хойш зөрчил илэрсэн гэж сахилгын зөрчил оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна.
Сахилгын зөрчил оногдуулсан тушаалд орлогч дарга н.Энхбилэг гарын үсэг зурсан. Зорчигчийн вагон депогийн дүрмийн 3.3-д зааснаар байгууллагын даргын эзгүйд орлогч дарга н.Энхбилэг орлож ажиллаж байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 2.4-д зорчигчийн вагон депогийн даргын эзгүйд орлогч дарга, ерөнхий инженер 2-ыг аль нэгийг орлуулан ажиллуулахыг заасан. Депогийн даргын тушаалаар орлон гүйцэтгэх эрх шилжүүлэхгүй. Энэ асуудлыг байгууллагын дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулдаг. Мөнгө, санхүүтэй холбоотой баримтад гарын үсэг зурахдаа даргын орлон гүйцэтгэгчийг тушаал гаргаж томилдог. н.Энхбилэг мөнгө, санхүүтэй холбоотой баримтад гарын үсэг зураагүй, даргын хэрэгжүүлэх бусад ажилд орлож байсан. Вагон аялалд гарахын өмнө галт тэрэгний дарга, аяллаас бууж байгаа галт тэрэгний даргаас галт тэргийг хүлээн авч, L1 ажлын өдөр тутмын журналд галт тэрэг ямар нэг эвдрэл гэмтэлгүй, аялалд тэнцэнэ гэсэн тэмдэглэл үйлдэж, галт тэрэгний дарга вагон хүлээн авч аялалд гардаг. 2018 оны 10 сарын 04-ний өдөр О.Энхтүвшин L1 журналд 275, 276 дугаар галт тэргийг техникийн ямар нэг доголдолгүй, бүрэн бүтэн, аялалд тэнцэнэ гээд авч гарсан. О.Энхтүвшингийн ажил хүлээлцсэн бүртгэл актад тусгагдсан зөрчил аялалд гарахаас өмнө байгаагүй гэдгийг харуулж байна. Хэрэв аялалд гарахаас өмнө вагоны хаалга гурван байдлаар түгжигдэхгүй, эвдэрсэн байсан бол галт тэрэгний дарга L1 журналд энэ талаар бүртгэж, засвар хийгдсэний дараа вагоныг аялалд гаргах бүрэн эрх вагон даргад байсан. Нэхэмжлэгч тал вагоны хаалганы түгжээ угаасаа эвдрэлтэй, засвар авдаггүй байсан гэж тайлбарладаг. Тийм байсан бол энэ талаар вагоны мастерт мэдэгдэж, засуулсны дараа аялалд гарах боломжтой байсан. Зөрчлийн актад билетгүй зорчигч тээвэрлэсэн гэдэг. Нэхэмжлэгч тал билетгүй зорчигчийг цагдаа байсан гэж өөрийгөө өмгөөлдөг. Албан томилолтгүй бол бүх зорчигч тасалбар авдаг. Тухайн үед галт тэрэгний үйлчлэгч н.Батцэнгэл зорчигч тасалбар аваагүй байсан талаар тодорхойлолт бичиж өгсөн. Зорчигчийн байцаагчийн албан үүрэгт тасалбаргүй зорчигч илрүүлж, хяналт тавихыг заасан. Байцаагч нарын албан шаардлагад дурдсан зөрчлүүд бодит, үндэслэлтэй тул О.Энхтүвшинд оногдуулсан сахилгын шийтгэл холбогдох хууль дүрэм зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар:Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Энхтүвшин нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Зорчигчийн вагон депогийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №Б-947 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 592,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Энхтүвшин нь 2001 оноос эхлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Зорчигчийн вагон депод галт тэрэгний даргаар ажиллаж байх ба Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б-947 дугаартай тушаалаар түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа... О.Энхтүвшинийг Галт тэрэгний даргын ажлын байрны тодорхойлолтын 10, 12-т заасны дагуу вагоны техникийн болон цэвэрлэгээ ариун цэврийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллаагүй, мөн билетгүй зорчигч вагонд явахад нь хяналт тавиагүй зэрэг нь Улаанбаатар төмөр замын зорчигчийн галт тэрэгний байцаагчийн албан шаардлагаар тогтоогдсон гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.2, 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр зэргийг үндэслэл болгожээ.
Нэхэмжлэгч О.Энхтүвшин нь дээрх сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба үндэслэлээ...зорчигчийн галт тэрэгний байцаагч нарын албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг гаргаагүй, ... сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн, ... тушаал гаргах эрхгүй этгээд тушаал гаргасан... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Хэргийн 63 дугаар талд авагдсан Зорчигчийн галт тэрэг шалгах удирдамжаар Зорчигчийн галт тэрэгний байцаагч Г.Отгонжаргал, Ц.Амарсанаа нар нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд 275 дугаар чиглэлийн галт тэргэнд хяналт шалгалт хийхээр томилогдож, галт тэрэг шалгасан тухай илтгэх хуудсыг тухай бүр бичиж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх талаар акт албан шаардлага албан бичгийг 1 хоногийн дотор бичиж албаны дарга, орлогч дарга, ахлах байцаагч нарт танилцуулахыг үүрэг болгожээ.
Энэхүү удирдамжийн дагуу Зорчигчийн галт тэрэгний байцаагч Г.Отгонжаргал, Ц.Амарсанаа нар нь О.Энхтүвшингийн хариуцан ажиллаж байсан Өргөн-Сайншанд чиглэлийн 275 дугаар чиглэлийн галт тэргэнд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалтыг хийж, вагонуудын ариун цэврийн өрөө бохир, вагоны хаалгыг 3 байдалд түгжээгүй, вагоны хаалгыг гадны хүнээр онгойлгуулсан, согтуу зорчигч суулгасан гэх зөрчлийг илрүүлэн, Зочигчийн галт тэрэг шалгасан тухай илтгэх хуудас бичиж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 03/10-01 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Зорчигчийн вагон депогийн дарга Ш.Гантулгад хүргүүлсэн байна.
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зорчигчийн вагон депод ВЧДИ-2 албан тушаалтай Т.Гантулга /инженер албан тушаалтай/ удирдан хурал хийж, тус хурлаар галт тэрэгний дарга О.Энхтүвшингийн гаргасан сахилгын зөрчилд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг захиргаанд танилцуулахаар шийдвэрлэсний дагуу Зорчигчийн вагон депогийн орлогч дарга А.Энхбилэг нь Б-947 дугаартай тушаалаар О.Энхтүвшинд сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.
Ажил олгогч байгууллага болох Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Зорчигчийн галт тэрэгний байцаагч Г.Отгонжаргал, Ц.Амарсанаа нараар дамжуулан нэхэмжлэгч О.Энхтүвшингийн гаргасан гэх сахилгын зөрчлийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр илрүүлсэн байх ба уг сахилгын зөрчилд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Зорчигчийн вагон депогийн дүрмийн 3.2, 3.3-д Зорчигчийн вагон депог Зорчигчийн вагон депогийн дарга удирдана. Депогийн даргын эзгүй үед орлогч дарга, ерөнхий инженерийн аль нэгийг зорчигч тээврийн албаны даргатай зөвшилцсөний үндсэн дээр орлуулан ажиллуулна гэж, мөн дүрмийн 4.1.6-д зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг Депогийн даргын эрх хэмжээнд хамааруулсан байна.
Хариуцагч байгууллага нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд депогийн дарга Ш.Гантулга нь эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөтэй байсан тул түүний үүргийг орлогч дарга А.Энхбилэг гүйцэтгэж байсан. Орлогч дарга А.Энхбилэг нь дүрмээр даргын эзгүйд түүний үүргийг гүйцэтгэх эрхтэй этгээд тул заавал бичгээр даргын үүргийг түр гүйцэтгэх тушаал гаргадаггүй... гэж тайлбарлаж, энэхүү тайлбараа нотлохоор депогийн дарга Ш.Гантулгыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлөвчтэй гэх эрүүл мэндийн магадлагааг ирүүлсэн. Энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байна.
Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн албаны дарга Д.Нарантуяа нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08/297 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээрээ Зорчигчийн вагон депогийн Ерөнхий инженер Х.Зоригоод ... О.Энхтүвшингийн гаргасан зөрчилтэй холбогдуулан сахилгын шийтгэлийг тушаалаар ногдуулж, хувийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлэхийг үүрэг болгосон байхад орлогч дарга А.Энхбилэг нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х.Энхтүвшинд сахилгын шийтгэл ногдуулсан Б-947 дугаартай тушаалыг гаргасан байна.
Дээрх байдлаас үзвэл Зорчигчийн вагон депогийн дарга чөлөөтэй байсан эсэх, чөлөөтэй байсан бол түүний эзгүйд байгууллагын өдөр тутмын ажил удирдах, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг орлогч дарга А.Энхбилэгт өгсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар зорчигч тээврийн албаны даргатай зөвшилцсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл орлогч дарга А.Энхбилэгийг нэхэмжлэгч О.Энхтүвшинд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй этгээд гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Мөн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлыг зорчигчийн вагон депогийн ВЧДИ-2 албан тушаалтай Т.Гантулга /инженер албан тушаалтай/ удирдан хуралдуулсан байх ба ВЧДИ-2 албан тушаалтай Т.Гантулга нь байгууллагын хурлыг удирдан хуралдуулж, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг санал болгох эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр Зорчигчийн вагон депогийн орлогч дарга А.Энхбилэгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б-947 дугаартай О.Энхтүвшинд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Энхтүвшинд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсны дагуу түүний цалингаас нийт 592,515 төгрөгийг суутгасан болох нь хариуцагч байгууллагын нягтлан бодогчийн гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Зорчигчийн вагон депогийн орлогч дарга А.Энхбилэгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б-947 дугаартай О.Энхтүвшинд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож хариуцагчаас 592,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Зорчигчийн вагон депогийн орлогч дарга А.Энхбилэгийн гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б-947 дугаартай О.Энхтүвшинд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас 592,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Энхтүвшинд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас улсын тэмдэгтийн хураамжид 88,715 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА